Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1111/ШШ2017/0011

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Ц.Дашцэрэн, гуравдагч этгээд С.Туяацэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө.Оюунболдын нэхэмжлэлтэй Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох “2017 оны 03 сарын 07-ны өдрийн 06 тоот “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын “Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Туяацэцэгийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, дээрхи тогтоолын дагуу хүргүүлсэн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 55 дугаар Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нямжаргалд “Санал дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр С.Туяацэцэгийг томилуулахаар санал хүргүүлснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Оюунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өлзийхутаг овогтой Оюунболд нь Баянхонгор аймгийн Заг сумын төвд оршин суудаг, тус нутагт байнга оршин сууж амьдарч байгаа билээ. Би дунд сургуулиа төгсөөд цэргийн алба хааж ирээд орон нутагтаа Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд жолооч, соёлын төвд хөгжмийн багш, 1998 оноос Заг сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад 2005-2007 Эрдэнэт хотод Иргэний боловсрол, Улс төрийн дээд сургуулийг “Нутгийн удирдлагын менежмент мэргэжлээр дипломын боловсрол эзэмшсэн.

Төгсөж ирээд Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2008 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна.

Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх үүргээ биелүүлж Улаанбаатар хотод “Улаанбаатар Эрдэм судлал” дээд сургуульд 2008 онд элсэн 2012 онд төгсөн “Захиргааны эрхзүйч” мэргэжлээр төгссөн.

Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байгаагүй, нутгийн удирдлагын хурлын ажлын албаны бүхий л бичиг хэргийн ажил, өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдрийг хүрч байгаа билээ.

Намайг ажилд орох үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд зааснаар хурлын төлөөлөгч нарийн бичгийн дарга байж болно гэсэн заалтын дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч намайг ажилд томилж байсан юм. Үүнээс хойш миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй өдий хүрсэн.

Гэтэл 2017 оны 01 сард миний ажиллаж байгаа ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлана гэж Баянхонгор аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс үүрэг өгсний дагуу 2017 оны 02 сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт зарлахад нь би тухайн шийдвэрийг хүндэтгэн үзэж тус шалгалтанд орсон.

Ингээд шалгалтанд ороход миний ажлын байран дээр 5 хүн өрсөлдөж миний бие 69.3 оноо, манай сумын 1-р багийн Засаг даргаар ажиллаж байгаад багийн сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Туяацэцэг нь 70.3 оноо авч бас нэг иргэн н.Дэмбэрэл гэх хүн тэнцсэн.

Хэдийгээр миний орон тоог зарлаж миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан ч гэсэн би үүнийг эсэргүүцэлгүйгээр төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзэж тус шалгалтанд тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд тэнцэх юм байна гэсэн үнэлгээг зохих журмын дагуу авч ажлын байраа хамгаалсан юм.

Гэтэл 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 06 тоот “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор миний ажиллаж байгаа Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, улмаар 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 55 дугаар албан бичгээр Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нямжаргалд “Санал дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлэхдээ С.Туяацэцэгийг нэр дэвшүүлж тухайн албан тушаалд томилуулахаар санал болгож, улмаар “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшүүлсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг авлигатай тэмцэх газарт хянуулж хариу ирүүлсний дараа томилгоог хийж, ажлын 5 өдөрт багтаан Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд ирүүлнэ үү гэсэн албан бичгийг хүргүүлжээ.

Миний бие нь тус албан тушаалд 9 дэхь жилдээ ажиллаж байгаа, ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, тухайн ажлын байран дээр зарлагдсан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн ажлын байраа хамгаалан ажиллаж байгаа жирийн нэгэн төрийн албан хаагч.

Энэ ажил, албан тушаал дээр миний бие төрийн албаны сонгон шалгаруулалтанд тэнцэн тухайн албан тушаал эрхлэх болзлоо хангасан байхад намайг заавал чөлөөлж, өөр хүнийг томиуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

С.Туяацэцэгийг төрийн албаны нөөцөд бүртгэсэнтэй би маргахгүй, харин түүнийг миний ажиллаж байгаа ажил дээр томилуулахаар нэр дэвшүүлж, санал хүргүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Энэ үйл ажиллагаа нь миний Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэлт баталгаанд халдсан үйлдэл болоод байна.

Иймд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 06 тоот “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын “Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Туяацэцэгийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, дээрхи тогтоолын дагуу хүргүүлсэн, 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 55 дугаартай Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нямжаргалд “Санал дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр С.Туяацэцэгийгтомилуулахаар санал хүргүүлснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Оюунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ө.Оюунболд нь Баянхонгор аймгийн Заг сумын төвд оршин суудаг. Тус сумын дунд сургууль төгсөж, цэргийн алба хааж ирээд, орон нутагтаа АДХ-н гүйцэтгэх захиргаанд жолооч, соёлын төвд хөгжмийн багш, 1998 оноос Заг сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад 2005-2007 онд Эрдэнэт хотод Иргэний боловсрол, Улс төрийн дээд сургуулийг “Нутгийн удирдлагын менежмент мэргэжлээр төгсөж, дипломын боловсрол эзэмшсэн.

Төгсөж ирээд Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2008 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн мэргэжил, мэдлэгээ дээшүүлэх үүргээ биелүүлж, Улаанбаатар хот дахь “Улаанбаатар Эрдэм судлал” дээд сургуульд 2008 онд элсэн 2012онд төгссөн “Захиргааны эрх зүйч” мэргэжлээр сурч төгссөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авч байгаагүй. Тухайн үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурлын төлөөлөгчийн нарийн бичгийн дарга байж болно гэсэн заалтын дагуу тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч намайг ажилд томилж байсан юм. Түүнээс хойш миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй өдий хүрсэн. Гэтэл 2017 оны 01 сард миний ажиллаж байгаа ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлана гэж Баянхонгор аймгийн төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс үүрэг өгсний дагуу 2017 оны 02 сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт зарлахад нь би тухайн шийдвэрийг хүндэтгэн үзэж тус шалгалтанд орсон.

Ингээд шалгалтанд ороход миний ажлын байран дээр 5 хүн өрсөлдөж миний бие 69.3 оноо авч, сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаад багийн сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн С.Туяацэцэг нь 70.3 оноо авч мөн н.Дэмбэрэл гэж иргэн тэнцсэн.

Гэтэл 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 06 тоот “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх” тухай тогтоолоор миний ажиллаж байгаа орон тоон дээр, 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 55 тоот албан бичгээр Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нямжаргалд “Санал хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлэхдээ С.Туяацэцэгийн нэрийг дэвшүүлж тухайн албан тушаалд томилуулахаар санал болгож, улмаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшүүлсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг авилгатай тэмцэх газарт хянуулж хариу ирүүлсний дараа томилгоог хийж, ажлын 5 өдөрт багтаан Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлнэ үү гэсэн албан бичгийг хүргүүлжээ.

Миний бие нь тус албан тушаалд 9 дэх жилдээ ажиллаж байгаа, ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, тухайн ажлын байран дээр зарлагдсан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн ажлын байраа хамгаалан ажиллаж байгаа жирийн нэгэн төрийн албан хаагч. Би төрийн албаны сонгон шалгаруулалтанд тэнцэн тухайн албан тушаалыг эрхлэх болзлоо хангасан байхад намайг чөлөөлж, өөр хүнийг томилуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үйл ажиллагаа нь Үндсэн хуульд заасан миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэлт баталгаанд халдсан үйлдэл болоод байна. Иймд:

1. 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 06 тоот “Нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх” тухай тогтоолын Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Туяацэцэгийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах

2. Дээрхи тогтоолын дагуу хүргүүлсэн, 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 55 тоот Заг сумын Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нямжаргалд “Санал дүгнэлт хүргүүлэх” тухай албан бичгээр С.Туяацэцэгийг томилуулахаар санал хүргүүлснийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж оролцож байна гэжээ.

 Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14, 14 “в”-д “энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд ирүүлнэ” гэж заасан.

Заг сумын ИТХТ-ын дарга Т.Нямжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/8 тоот албан бичгээр Заг сумын ИТХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалга ирж Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4.17-т “Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь энэ журмын 9-ийн "а", 14-ийн "в"-д заасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаар болон бусад холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” зааснаар нийтэд зарлаж сонгон шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Заг сумын ИТХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад нийт 5 иргэн бүртгүүлсэн.Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоол “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 6.1-т “Комисс шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн сонгон шалгаруулалтад оролцогчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай болон энэхүү зааврын 5.1-д заасны дагуу үйлдсэн нэгдсэн жагсаалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай саналаа Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд харъяаллын дагуу гаргана” гэж заасан.Тус ажлын байранд өрсөлдсөн иргэдийн оноог хүснэгтээр үзүүлвэл:

Сонгон

шалгаруулалтад

оролцогчийн

нэр

Ерөнхий шаардлагын

үнэлгээ /35 оноо/

 

Удирдах ур чадварын

түвшингийн үнэлгээ /40 оноо/

 

 

Ярилцлага /25 оноо/

 

Нийт оноо

 

Нийт

Оноогоор

 эзлэх

 байр

Боловсрол

Туршлага

Мэргэшсэн

байдал

Сорилгын

 шалгалт

Бичгийн шалгалт

Мэдээллийн

Технологийн

Ур чадвар

 

 

 

Өгвөл зохих

дээд оноо

10

15

10

220

110

10

25

100

 

А

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Д.Ганзориг

3,4

115

-

Тэнцээгүй

2

С.Туяацэцэг

3,3

115

 

18.5

5,5

6

22

70.3

1

3

Б.Амардэлгэр

3,3

115

110

Тэнцээгүй

4

Ө.Оюунболд

3.28

115

110

13.5

6

6

15.6

69.3

2

5

Н.Дэмбэрэл

3.3

115

110

12

4

6

12

62,3

3

Иймд хамгийн өндөр оноо авсан иргэн С.Туяацэцэгийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн “а” дах заалт, 10 дугаар бүлгийн 39 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах заавар”-ын 6.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Заг сумын сумын ИТХТ-н нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж тухайн албан тушаалд томилуулахаар санал болгосон. Заг сумын ИТХТ-ээс ИТХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй, захиалга ирүүлэхгүй байсан нь Монгол Улсын Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14 “в" дэх заалт “энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлынбайрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд ируүлнэ”, 38 дах заалт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” -ыг тус тус зөрчсөн.Хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж С.Туяацэцэгийг нэр дэвшүүлсэн тул Б.Оюунболдын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны жинхэнэ албан тушаал байдаг. Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын ажлын алба нэг нь Төрийн захиргааны албан тушаалтан байдаг учраас заавал сонгон шалгаруулалтад орж, тодорхой шаардлага хангасан оноо, үйлчилгээг авч тэнцсэн байж уг албан тушаалд ажиллах хуулийн заалт байдаг. Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/08 тоот албан бичгээр Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан, Төрийн удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай журмын дагуу сонгон шалгаруулалтыг 2017 оны 02 сарын 24-ний өдөр явуулахаар зохион байгуулсан. Нийт 5 хүн бүртгүүлсэн. Сонгон шалгаруулалтын анхны үед шат нь сорилын шалгалт байдаг, үүнд хамгийн өндөр оноог С.Туяацэцэг, дараагийн оноог Ө.Оюунболд, н.Дэмбэрэл нар авч ярилцлагын шалгалтад орох эрхийг авсан. Энэ дагуу байр эзэлсэн хүмүүсийг оноог баталгаажуулж, сум бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. Төрийн албаны салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолыг гаргаж, нөөцөд бүртгэсэн. Шалгалтын явцад ямар нэгэн маргаан гараагүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн аргаар Ө.Оюунболдыг 2 дугаар байранд оруулсан асуудал байхгүй. Төрийн албаны тухай хуулийн заавар, журмын тусгай нэгдсэн жагсаалтыг үйлдэж хамгийн өндөр оноо авсан 1 хүний мэдүүлэг зөвшөөрөгдсөн тохиолдолд ажилд томилно гэсний дагуу бүх зүйл хууль, дүрэм, журмын дагуу явагдсан. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Туяацэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар овогтой Туяацэцэг нь 32 настай. Заг сумын Баянбулаг багийн иргэн. 2017 оны 02 сарын 23-ны өдөр зарлагдсан Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтанд нийт 5 хүн оролцсоноос миний бие хамгийн өндөр оноог буюу 70,3 оноог авч тэнцсэн билээ. Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлийн 8 жил төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдаагүй мөн энэ ажлыг энэ хугацаанд хийж байсан Ө.Оюунболд нь 2012 онд сургууль төгссөн гэж байна. Энэ хооронд төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Төрийн удирдах албан хаагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хамгийн өндөр оноог авсан миний бие хуулийнхаа гадуур энэ ажлыг хийх боломжтой гэж үзэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж миний эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд багийн Засаг даргын сонгуулт ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуульд өрсөлдөөгүй. Заг сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалт сүүлийн жилүүдэд зарлагдаагүй нилээд хэдэн хүн хүлээлттэй байсан. Тэгээд сонгон шалгаруулалт зарлагдаж, би шатгалтанд орсон хүмүүсээс хамгийн өндөр оноог авч тэнцсэн. Ө.Оюунболдын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл миний эрх, ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэж өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаадлагыг хүчингүй болгож, хуулийн дагуу намайг ажлын байран дээр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Нэхэмжлэгч шүүх нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байхдаа хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн гэж маргаж байгаа боловч Төрийн албаны төв зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 466 дугаар “Өргөдөлийн хариу хүргүүлэх” тухай албан бичгээр “Иргэний нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх хянан шидвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд асуудлыг төрийн байгууллага давхар шийдвэрлэх шаардлагагүй байх тул асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна .” гэсэн байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т ...”Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” , 93 дугаар зүйлийн 93.1-т ...”Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.3-т заснаар Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.....гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Оюунболд нь 2008 оноос өнөөдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар нийт 9 жил ажиллаж байгаа , тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт огт зарлаж байгаагүй,нэхэмжлэгч Ө.Оюунболдыг Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, халсан захиргааны акт өнөөдрийг хүртэл гараагүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд энэ нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ө.Оюунболдын орон тоог сул орон тоо гэж үзэж,нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн ,халсан шийдвэр гаргаагүй байхад Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтанд Ө.Оюунболд орж тэнцэж ,хоёрдугаар байранд орсон нь нэхэмжлэгч өөрөө Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоо нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт гэж заасан сул орон тоо гарсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна гэж шүүх үзлээ.

Тус орон тоонд анх удаа сонгон шалгаруулалт зарлаж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулж, сонгон шалгаруулалтанд оролцсон оролцогч нараас С.Туяацэцэг 70.3 оноо, Ө.Оюунболд 69.3 оноо авч хамгийн өндөр оноог С.Туяацэцэг авсан гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 07- ны өдрийн 06-ны өдрийн Нөөцөд бүртгэж нэр дэвшүүлэх тухай тогтоолын намайг нөөцөд бүртгэж, Туяацэцэгийг нэрийг дэвшүүлсэн заалт нь миний эрхийг зөрчсөн.Иймд энэ надад хлбогдох заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар өгөхдөө... “ нэхэмжлэгч би энэ орон тоон дээр олон жил ажилласан надад ажлын дадлага туршлага байгаа тийм учраас би давуу эрхээр уг орон тоонд үргэлжлүүлэн ажиллана”... .гэсэн нь Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагад нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт...” Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. “...гэж зааснаар Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн албанаас зрхион байгуулсан сонгон шалгаруулалт хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байранд орсон Туяацэцэгийг Баянхонгор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн орон тоонд нэрийг дэвшүүлсэн нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх талаар гомдол гаргаагүй гэдэг тайлбар шүүхэд гаргасныг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Оюунболдоос Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасхойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ