Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01494

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01213 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1709 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Б.Ч

           Хариуцагч: Д.Э

           Хариуцагч: Д.Б

           45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Ч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ч, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2008 оны 8 дугаар сард С.М, Б.М нар надтай уулзаад блокны үйлдвэр байгуулах боломжийн санал тавьж, Д.Э, Д.Б нарыг танилцуулсан бөгөөд тэд нартай ярилцаад Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв болон 7000 м.кв газрыг 90 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би газар авах хөрөнгийг гаргахаар ярилцсан бөгөөд 5000 м.кв газар нь Д.Бгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 7000 м.кв газрын зөвшөөрөл нь удахгүй гарна гэсэн. Ингээд урьдчилгаа 20 сая төгрөгийг 2008-09-16-ны өдөр Д.Бд өгсөн. Бусад мөнгийг газрыг миний нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа өгөхөөр тохирсон. Гэтэл баримт бичиг нь гарахгүй байсан бөгөөд үүнийг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд  цувуулж нийт 25 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2009-03-04-ний өдөр өөрийн Ланд круйзер 100 маркийн машинаа 35сая төгрөгт тооцож өгсөн. Би нийт 71,5 сая төгрөг  өгсөн. Үлдэх 3,5 сая төгрөгийг бичиг баримтыг гаргаж өгсний дараа өгөх байсан. Д.Э, Д.Б нар нь бичиг баримт, газраа надад шилжүүлж өгөөгүй тул эрүүгийн хэрэгт шалгуулсан бөгөөд шалгагдаж байхдаа надад 27,5 сая төгрөг төлсөн. Иймд үлдэх 45 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: 2008-09-09-ний өдөр Б.Ч, н.Мангалжав, С.Мягмарсүрэн нар ирээд "Блокны үйлдвэр байгуулах гэсэн юм, газраа нийлүүлээч, хөрөнгө оруулъя, 40 хувийг та ззэмшинэ,  ашгаа хуваая" гэж ярьсан. 2008-09-16-ны өдөр газрыг үзээд 5000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б.Ч, Д.Б нар хийсэн боловч “Данхархансул” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. 2 газрыг биш, харин нэг газрыг 90 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон байхад 2-р тохирсон гэж цагдаад өгсөн. Тухайн үед 20 сая төгрөг, Ниссан патрол машиныг оролцуулж үнэ тохирсон. Бид нар төлбөрөө шаардаж байгаад цувуулж 36,5 сая төгрөг бэлнээр,  машин зэргийг 90 сая төгрөгний тооцоо дууссан. Үүнээс хойш 4 жил өнгөрсний дараа цагдаагаас дуудаж, бид хоёрт залилангийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд 2 удаа хэрэгсэхгүй болгосон. Б.Ч 2008-09-16 хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй, н.Мягмарсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж Д.Бд шилжүүлье, мөнгөө буцааж авъя гэсэн. Би цагдаад шалгуулж байхдаа 2014-04-17-ны өдөр Б.Чт баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш 28,5 сая төгрөгийг Б.Чийн эхнэр Болормаагийн данс руу 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Харин газрыг одоо болтол шилжүүлж өгөөгүй. Бид 2015 онд н.Мягмарсүрэнтэй холбогдож газрыг Д.Бгийн нэр дээр шилжүүлж өгөөч гэтэл, “Данхар хар сул” ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан байсан. Б.Ч газрыг чинь буцааж өгье гэж хэлээд 28 500 000 төгрөг авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01213 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э, Д.Б нараас 44 сая төгрөг гаргуулж Б.Чт олгож, нэхэмжлэлээс  үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1709 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тайлбар өгсөн Б.Мангалжав нь нэхэмжлэгч Б.Чийн төрсөн дүү бөгөөд түүний Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбараар 7000 м.кв газрыг зохигч нар нь өгч, авахаар тохиролцсон болохыг хангалттай нотлохгүй.  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 805-р тогтоолд  “... сэжигтэн Д.Э, Д.Б нар нь ... эзэмших гэрчилгээ нь гарсан 5000 м.кв газраа 90 000 000 төгрөгөөр зарсан ... тэр хүмүүст 7000 м.кв газар хөөцөлдөж байгаа гэж хэлтэл ... гэрчилгээ гараад ирсэн тохиолдолд ... үнийг нь тохиръё гэж байсан түүнээс биш тэр 7000 м.кв газрыг тэр хүмүүст зарсан асуудал огт байхгүй ...” гэж прокурор дүгнэж шийдвэрээ гаргаснаар дээрх баримт үгүйсгэгдэх юм. Гэтэл  шүүх Б.Мангалжавын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарыг нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлж, шийдвэр гаргасанд гомдолтой. Сонгинхайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 97 дугаар хариу мэдэгдэх хуудаст Д.Э, Д.Б нар нь Б.Чтой газар худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож 5000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн 87.500.000 төгрөгийн төлбөр авсан Б.Ч, Д.Э, Д.Б, О.Анар нарын мэдүүлэг, мөнгө хүлээлцсэн  баримт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргээр нотлогдсон  гэж дүгнэж   Б.Чт шийдвэрээ хүргүүлсэн. Үүнд 7000 м.кв газрын талаар огт дурдаагүй байдаг. Б.Мягмарсүрэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нар 7000 м.кв газрыг  Б.Чт шилжүүлэх тохиролцсон талаар огт мэдэхгүй гэж хариулсан байхад давж заалдах шатны шүүх  Б.Мягмарсүрэнгийн мэдүүлгээр  нотлогдсон гэсэн нь өрөөсгөл болно. Хариуцагч нар нь 7000 м.кв газрын эрхийг шилжүүлэх талаар Б.Чтой тохиролцоогүй нь нотлогдох боломжтой байхад шүүхээс “тайлбараа баримтаар нотлоогүй” гэж хариуцагч нарыг буруутгасныг зөвшөөрөхгүй байна. 5000 м.кв газрын эрхийг шилжүүлэн авсан “Данхархарсул” ХХК нь хэний эзэмшлийн компани болох талаар компаний дүрмийг гаргуулаагүй, Б.Ч тус компаний хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч мөн эсэхийг тодруулаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Б.Ч нь Б.Мангалжав, Б.Мягмарсүрэн нартай гадны хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах тохиролцоотой байсан ба хариуцагч нараас 5000 м.кв газрыг худалдан авах үедээ энэ тухайгаа хэлж өөрийн нэр дээр хийсэн гэрээгээ компаний нэр дээр шилжүүлэхээр хүсэл сонирхлоо илэрхийлж, хамтран ажиллах зорилгодоо нийцүүлэн газрын эрхийг “Данхархарсул” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Б.Ч нь  Б.Мягмарсүрэнд хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлдэг. Гэрч Б.Мягмарсүрэн “... бүх бичиг баримтыг Б.Чийн нэр дээр бүрдүүлсэн байсан боловч Б.Ч өөрөө “Данхархарсул” ХХК руу шилжүүлье гэсэн ... газар нь миний нэр дээр байдаг боловч бүх юмыг Б.Ч ах мэддэг ... би 2012 оныг хүртэл газрын төлбөрийг төлж ирсэн, газрын төлбөрийг төлж чадахгүй нь гэж Б.Ч ахад хэлж байсан, төлбөр төлөөгүй учраас газрын эрх цуцлагдсан ...” гэсэн тайлбар өгдөг. Газрын эрхийг “Данхархарсул” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, газрын үнийг бүрэн төлсөн нь Б.Чийн хүсэл, сонирхлын дагуу хийгдсэн ба хамтран ажиллах тохиролцоогоор /гэрээгээр/ Б.Ч нь Б.Мангалжав, Б.Мягмарсүрэн нарын өмнө газрын үнийг төлөх үүрэг хүлээсэн нь  нотлогддог. Иргэний хуулийн 492.2.1 үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн гэж заажээ. Хариуцагч нарын 2013-04- 17-ны өдөр хийсэн баримт нь Б.Чоос үндэслэлгүй авсан мөнгөө буцаан өгөх тухай баримт биш бөгөөд газрын төлбөрийг буцаан өгч, газраа буцаан авах тухай баримт байхад давж заалдах шатны шүүхээс талууд хоорондоо төлбөр барагдуулах гэрээ хийсэн мэтээр дүгнэсэн нь ташаа юм. Иймд  магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

         Б.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Э, Д.Б нараас 45 сая төгрөг гаргуулахыг шаардахдаа үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутагт байрлах 5000 кв.м, 7000 кв.м газрын 90 сая төгрөгөөр худалдан авч мөнгийг нь цувуулж өгсөн боловч бичиг баримтыг шилжүүлээгүй тул цагдаад хандаж 27.5 сая төгрөгийг буцааж авсан ...одоо  45 сая төгрөг үлдсэн байгаа..” гэж тайлбарласан байна.

       Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хоёр биш нэг газар буюу 5000 кв.м газрыг 90 сая төгрөгөөр 2009 онд худалдсан газрыг Данхархансул ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ гэснийх нь дагуу шилжүүлж өгсөн...олон жил болсны дараа маргаан үүсгэж байгааг зөвшөөрөхгүй... газрын төлбөрийг төлөөгүйгээс газраа хураалгасан юм билээ...” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

        Анхан шатны шүүх “...Чинзориг 5000 м.кв, 7000 м.кв газрыг шилжүүлэн авч 90.000.000 төгрөг төлөхөөр тохирсон...” гэсэн дүгнэлт хийсэн боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын тохиролцооны зүйл нь эзэмших, өмчлөх эрхтэй нэг эсхүл хоёр  газар байсан нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна. 

        Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид мэдүүлсэн байхад шүүх хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлан төлбөр гаргуулсныг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй гэж үзэх нөхцөл юм.

         Маргааны зүйлтэй холбоотой асуудалд С.Мягмарсүрэн, Б.Мангалжав нар оролцсон үйл баримтыг шүүх тодруулаагүй, талууд мэтгэлцээгүйгээс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцээгүй тул шийдвэр ,магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.     

        Шүүх хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийхдээ  зохигчдын хооронд  маргааны зүйлтэй холбоотой үүссэн харилцааг тодорхойлсны эцэст  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал  зохино.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1709 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 377.450 төгрөгийг  Д.Б, Д.Э нарт захирамжаар буцаан олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ