Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Шарнууд овогт Н  гийн П  д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1937000070014 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эх, эмэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, Шарнууд овогт Н  гийн П  . /РД:     /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Н.П   нь 2018 оны 9 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Босго” гэх нэртэй газарт бэлчиж явсан Я.Батцоожийн эзэмшлийн 1 тооны адуу хулгайлж хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Шүүгдэгч Н.П  ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 захь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Н.П  ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын үед би “Шар ширэг” гэх газарт байсан. Уг хас тамгатай ягаан зүсмийн үрээ морь шар ширэгт морь дагаад хүрээд ирсэн байсан. Би 2 км орчим газар зайдан унаж ирээд адууны захад тавьсан. Намайг уг адууг барьж авч байхад харсан үзсэн хүн байхгүй. Хүний адууг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Н.П  ын хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: Цэцэг сумын Хажинга багийн Шар ширэг гэх газар Атар гэдэг хүний хонгор морьтой хамт хас тамгатай ягаан зүсмын үрээ морь явж байхаар нь барьж аваад унаж явсан.

      Би хэний адуу гэдгийг нь мэдэхгүй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын иргэн Баяраа аажаа гэдэг хүн ягаан үрээ сургалж харж яваарай гэж захиж байхаар нь мөн юм болгоод барьж авсан, гар утасаараа зургийг нь аваад фэйсбүүк  хаягаар нь явуулсан тэгэхэд биш байна гэж байхаар нь 1 хоног аргамжиж байлгаж байгаад Хадаа гэдэг ахынхаа адууны захад тавьсан. Би одоо тэр ягаан зүсмийн үрээ хаана байгааг нь мэдэхгүй байна. Намайг тэр ягаан буурал үрээг барьж авахад харсан хүн байхгүй, харин унаж явахад Т.Мөнхжаргал.Б.Хадаа, Д.Буманцэнд, Я.Батцоож нар харсан...” гэх мэдүүлэг,        

         Хохирогч Я.Батцоожийн  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгаас нэг тооны ягаан саарал даага тус аймгийн Сүхбаатар сумаас 1.300.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр даагыг хурдан удмын угшилтай гэж байсан. Худалдаж аваад Ховд аймгийн Цэцэг суманд байх өөрийн адуундаа аваачиж тавьсан. 2018 оны 04 дүгээр сард уг даага малын бэлчээрт явж байгаад хулгайд алдагдсан. Түүнээс хойш бид өөрсдөө эрж хайгаад олоогүй. 2018 оны 12 дугаар сард алдсан дааганы талаарх мэдээллийг бумцэнд гэдэг хүн өгсөний дагуу цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний алдсан адуу ягаан буурал зүсмийн даага байсан, одоо байсан бол 3 настай хязаалан үрээ байх ёстой байсан. Миний даага баяр наадамд уралдаж медаль авч байгаагүй битүү даага байсан. Гэхдээ хурдан удмын угшил сайтай болохоор нь худалдаж авсан юм. Н.П   миний даагыг олж өгнө, олдохгүй бол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бэлэн мөнгөөр хохирол барагдуулна гэж ярьж тохиролцсон. Өөрт учирсан хохиролоо барагдуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг,

          Гэрч Б.Мөнхбаярын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Я.Батцоож нь 2017 оны 3 дугаар сард ягаан буурал эр даага зүүн аймгаас авч ирсэн. Намайг тэжээгээд өгөөч гээд тэжээлийг авч ирж өгөөд би сумын төвд өөрийнхөө хашаанд 1 сар орчим тэжээж байхад Я.Батцоож хөдөө адуунд тавина гээд өөрөө аваад явж байсан юм...” гэх  мэдүүлэг,

          Гэрч Н.Батчулууны хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Я.Батцоож ягаан буурал үрээгээ 2018 оны 6 дугаар сард алдсан талаар надад тухайн үед утсаар холбогдож хэлж байсан. 7 сард бас утсаар залгаад сураглаж байгаач гэж захиж байсан...” гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Бумцэндийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.... Би Я.Батцоож гэх хүнтэй нэг нутгийн нэг багийн хүмүүс байгаа юм. Я.Батцоожид ягаан буурал үрээ байдаг талаар би мэдэхгүй. Гэхдээ Я.Батцоож ягаан буурал үрээ алдсан талаар надад сураглаж байгаач гэж 2018 оны 6 дугаар сард захиж байсан. Тэгсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэр “Шар ширэг” гэх газар би адуу хайж явахад Цэцэг сумын Хажинга багийн иргэн Н.П   хас тамгатай ягаан буурал үрээ унаж явахад нь би тааралдаж чи хэний үрээ унаж яваа юм бэ? гэж асуухад Н.П   Говь-Алтай аймгийн Тонхил сумын Баяраа аажаа гэдэг хүний үрээ байгаа юм намайг аваад ир гэж хэлж байсан гэсэн зүс болон тамга нь таарч байсан. Харин би тэр үед Я.Батцоож надад захиж байсныг мартсан байсан. Дараа нь Я.Батцоожийн хайж байсан үрээтэй адилхан байсныг санасан...” гэх  мэдүүлэг,

          Гэрч Н.Мөнхбаярын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Н.П  тай холбоо барих нь бүү хэл хэдэн жил уулзаагүй. Адуу мал алдсан хайж сураглаж байх талаар ч ярьж байгаагүй. Миний жинхэнэ нэр бол Н.Мөнхбаяр юм. Харин Тонхил сумын Зүйл багийнхан болон Цэцэг сумын намайг таньдаг хүмүүс Баяраа аажаа гэж авгайлдаг...” гэх мэдүүлэг

         Гэрч Б.Бэхбаярын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын эхээр Н.П   нь дэлтэй ягаан буурал хязаалан үрээ авч ирээд манай адуунд тавиад 10 дугаар сарын 10-ны үед салаад явсан...” гэх мэдүүлэг,

                - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл

                - гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл,

- эд зүйлийн үнэлгээ

                 -хохирлын хүснэгт

                 - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

                 - мал үнэлсэн тухай тайлан зэрэг  болно.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.П    нь 2018 оны 9 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Босго” гэх нэртэй газарт бэлчиж явсан Я.Батцоожийн эзэмшлийн 1 тооны адуу хулгайлж хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.П  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Я.Батцоож өөрийн алдсан ягаан буурал зүсмийн адууг хурдан удмын угшилтай тул 1.300.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн Ховд аймгийн Булган сумын эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын хязаалан үрээг 2000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүгдэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч дахин үнэлгээ тогтоолгохоор гаргасан хүсэлтийг Прокурорын шатанд хангаж шийдвэрлэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний Ховд салбарын үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцоож 2019 оны 03 дугаар сарын байдлаар хязаалан үрээний зах зээлийн үнэ цэнэ 1000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн байна.

            Шүүгдэгч Н.П   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж шүүхэд баталгаа гаргаж өгсөн бөгөөд хохирогч Я.Батцоож нь ...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бэлэн мөнгөөр хохирол барагдуулна гэж Н.П  тай ярьж тохиролцсон. Өөрт учирсан хохиролоо барагдуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.П   түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Хоёр. Шүүгдэгч Н.П  д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.П   нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Б.Жавзан, Б.Бөхбаяр, Л.Бямбацоо нар мэдүүлсэн ба түүний өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.П  ыг бусдын нэг тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хуулийн шудрага ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.П  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар  ...тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх... үүргийг хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн 1937000070014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг өөрт нь буцаан олгох, хэргийн улмаас шүүгдэгч Н.П  ын эзэмшлийн 2 тооны адуу битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөглөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

               1.Шүүгдэгч Шарнууд овогт Н  гийн П  ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.П  ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.П  д тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчвөл бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П  аас 1000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Я.Батцоожид олгосугай.

            6. Шүүгдэгч Н.П   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдаж,  хохирол төлөгдөх хүртэл хугацаагаар шүүгдэгч  Н.П  ын эзэмшлийн 2 тооны адуу битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           7. Шүүгдэгч Н.П  ын      дугаартай иргэний үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

          9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Н.П  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.