| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02354/И |
| Дугаар | 210/МА2024/02064 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02064
2024 11 29 210/МА2024/02064
С.О ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
С.О ын нэхэмжлэлтэй,
Х ХХК -д холбогдох,
Хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Х банкны З салбарт өөрийн эзэмшлийн ********** тоот, охин О.У-ын ************ тоот хадгаламжийг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан. Тухайн үед 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 16,8 хувь байсан бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд банкнаас надад 10,733,793.51 төгрөг олгох байсан. Гэвч банкны ажилтан Б.Д нь хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны улмаас би 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүү авч чадалгүй хохирсон. Банкны ажилтан Б.Д нь өөрийн алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан. Үүнийг Х банкны Хуулийн газар шалгаад миний хохирлыг барагдуулахаар болсон. Би мөнгөө авах үед банкны дотоод хяналтын газрын дарга П.Г оролцож хуулийн газрынхаа шийдвэрийг өөр нэг дэд захирлаараа хүчингүй болгуулсан, дараа нь хуулийн газрын шийдвэрээс илүү мөнгө олгуулна гэсэн, би авах ёстой мөнгөө л авъя гэхэд тэр намайг дарамталсан.
Чингэлтэй дүүргийн шүүхэд хандахад тус шүүх банкнаас нотлох баримт гаргуулах үүргээ биелүүлээгүй. Миний нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №837 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны горимыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж шийдвэр гаргасныг Улсын Дээд шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд ирснээс хойш хууль зөрчсөн үйлдлүүдээ залруулах, банкнаас нотлох баримт гаргуулахыг шүүхээс шаардсан боловч шүүгч, шүүгчийн туслах нар хариуцагчаас нотлох баримт гаргуулах талаар ажиллагаа явуулаагүй, миний оролцоогүй, нотлох баримтгүйгээр шүүх хурал хийхийг удаа дараа оролдсон. Хэргийг улс төржүүлж, миний амь насанд заналхийлсэн тохиолдол гарч эхэлсэн тул аргагүй байдалд орсон тул шүүгчээс би татгалзсан, Т.Эгийн зөвлөснөөр нэхэмжлэлээ татсан. Шүүх хэргийг шийдвэрлэлгүй тогтоолоор буцаасан. Улмаар хохирлоо барагдуулахаар дахин нэхэмжлэл гарган 5,343,320 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд олгох ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320 төгрөгийг гаргуулна.
Тухайн үед Х банк ХК нь хууль хэрэгжүүлсэн, шүүх хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол би 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирлоо бүрэн барагдуулан тэр мөнгөө Х банк ХК-д хугацаатай хадгаламжид хадгалуулах байсан. Тиймээс 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 15,594,507 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсаныг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа 20,937,827 төгрөг нь дээр дурьдсан 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд олгох ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320 төгрөг, мөн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд олох байсан хүү 15,594,507 төгрөгийн нийлбэр 20,937,827 төгрөг болно. Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,639 төгрөг, шүүхийн нэгдсэн архиваас баримт гаргуулж, хувилуулахад төлсөн 20,000 төгрөгийг тус тус гаргуулна.
1.2. Миний ********** тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаар би хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадалгүй дутуу олгогдсон 5,343,320 төгрөг болон түүний уршгаар 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 15,123,266.12 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул Х ХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тодруулбал, би анх хадгаламжийн мөнгө дутуу байгаа талаар олж мэдээд банкинд хандахад хүүгийн зөрүү гээд хүү зөрүүтэй байгаа нь та анхнаасаа хүсэлтээ ингэж өгсөн гэж тайлбарласан. Түүнийг эс зөвшөөрсөн боловч үнэхээр хүү бодох хугацааг буруу тооцсоноос үүссэн гэж андуурч хөтлөгдсөн байсан. Цагдаад гомдол гаргахад Х банк ХК-аас одоо мэдүүлж байгаа шигээ хадгаламжийн хүүг гэрээний дагуу бодож олгосон гээд нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэн гаргаж эрүүгийн хэргийг хаалгасан. Улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хэрэгт авагдсан баримтуудыг дахин шалгуулахад хариуцагч нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэхдээ хадгаламжийн дэвтэрт өмнө нь бичигдсэн гүйлгээг дутуу орхисон, Нягтлан бодох бүртгэлтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан дэс дарааллыг алдагдуулсан, гэрээний нөхцөлийг алдаатай шивсэн, гүйлгээ хийхдээ аль сүлжээнээс хандсан болохоо нууцалсан, хадгаламжийн дансанд хийсэн орлогын гүйлгээний анхны баримтыг гаргаж өгөөгүй зэрэг нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгасан.
Х банк ХК нь миний хадгаламжийн дансны мөнгө дутсан данснаас мөнгө авсан гэх дүгнэлтийг эсэргүүцээгүй, зөвшөөрсөн. Миний хадгаламжийн данснаас мөнгө гаргасан гүйлгээний баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч банк гүйлгээний баримтыг гаргаж өгөхгүй байгааг тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлт гарсан банкинд таны хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх асуудлаар маргахгүй байгаа учраас энэ баримт чухал биш гээд П.Гыг сэжигтнээр, Б.Д-г гэрчээр татсан. П.Г нь УЕП-д програм хангамжид нэвтрэх эрхгүй учраас гүйлгээ хийх боломжгүй гэх агуулгатай гомдол гаргадаг, өөрийгөө хамаагүй гэснээс миний хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх хэргийг үгүйсгээгүй. Эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон. Шүүхэд гомдол гаргахадаа банкны миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх агуулгатай гомдол гаргахаар хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж байсан. Саналыг хүлээн авсан нэг өмгөөлөгч ...ажилтаны хайхрамжгүй байдлаас хүүг буруу бичсэнээс зөрүү үүссэн гэж гомдол гаргая. Шүүхийн шийдвэр баримт болон үлдэнэ. Тэгэхлээр банк хадгаламж эзэмшигчийнхээ данснаас мөнгө авсан гэх шийдвэр гаргахгүйн тулд асуудал үүсгэнэ. Эрүүгийн хэргийн явцад нотлогдсон асуудал тул эвлэрэх боломжтой. Гол нь хохирлоо барагдуулах асуудал учраас хэн хэндээ амар хэлбэрийг сонгоё гэснээр эхний нэмэжлэл бичсэн. Өмгөөлөгч дахин холбогдоогүй алга болсон. Давах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөх боломжгүй болсон. Дараа нь гүйлгээний нотлох баримт гаргуулах шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч банк шүүгчтэй хуйвалдаад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дараа нь миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулсан.
Х ХХК -д хандаж хохирлоо барагдуулах гэсэн боловч хэрэг хаагдсан тул хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Утсаар тайлбарлахад хэрэг нээлттэй бол бид хохирлыг барагдуулахаас татгалзахгүй байсан гэх агуулгатай зүйл ярьсан. Үүний дагуу хэргийн материалыг авч үзэхэд Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан миний биеийг гүтгэсэн баримт бүрдүүлээд хэргийг буцаасан байсан. Би 1992 онд энэ банкийг анх байгуулж байсан хун нь надад ажлын санал тавьж мэргэжлийн зөвлөгөө өгсөн хүн байдаг. Тэр хүний зөвлөсний дагуу би ажил мэргэжлээ зөв зохицуулсандаа үргэлж талархаж явдаг учраас мөн энэ банкны талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл гаргахаас зайлсхийж өмнөхийн адил банкны буруу биш харин банкны ажилтны хайхрамжгүй алдаанаас шалтгаалан мэдээлэл буруу бичигдсэнээс гэх агуулгатай гомдол гаргасан. Гэтэл банкны зүгээс эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж өгөөд хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтуудаа дурдан эсэргүүцэж эхэлсэнд эхлээд гайхсан. Учир нь эрүүгийн хэргийн материал авч үзвэл банкны ярьж байгаа зүйлс нь үндэслэлгүй болох нь тогтоогдох атал яагаад ингэж байгааг эхлээд ойлгоогүй. Зарим баримтыг эргэн үзвэл 2012 онд хууль зөрчиж байгаад надтай биеэр таарч байсан, Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан иргэний хэргийг будилаантуулсан, сүүлдээ миний амь насанд заналхийлсэн хэргийг зохион байгуулсан болзошгүй тухайн үед банкны хуульч байсан Ц.Г гэгч нь одоо захирал болчихоод дахин шүүхийг басамжлан хууль зөрчиж байгааг олж мэдсэн.
Эрүүгийн хэргийн материалыг үзвэл Нийслэлийн П-ын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд П-ын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан бүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Иргэний хэрэг шалгагдаж байхад П.Г нь хэд хэдэн удаа хэргийн материалтай танилцаж хуулж авч байсан баримт байх боловч шүүхэд өгсөн баримт устгагдсан хэргийн 2012 оны 1 дүгээр сард буцаасан байхад 5 дугаар сард Улсын ерөнхий прокурорын газраас татан авч байсан баримт байсан. Миний хувьд энэ асуудал нь улс төрийн асуудал биш дээр Б.М миний хүндэлж явдаг банкируудын нэг тул үнэхээр буруу ойлголт гарч болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тэр үеийн шүүгчид ямар ч ёс суртахуунгүй, хууль ёсыг уландаа гишгэсэн хүмүүс байсан учраас хэргээ түр татсан. Эрүүгийн хэргийн материалыг сонгуультай өрсөн хулгайлуулсан байж болзошгүй нотлох баримт олдсон гэсэн.
1.3. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хүргүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл тайлбараа ирүүлэхгүй, шүүхийн үйл ажиллагааг гацааж байгаагаас хугацаа сунжирсан. Тиймээс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нэмж 6,103,295.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Улмаар банк 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд миний мөнгийг шаардсан хугацаанд олгоогүйгээс 21,697,802.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсан.
Иймд 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 15,594,507.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 6,103,295.06 төгрөг, нийт хүү 21,697,802 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар миний хадгаламжаас дутуу олгосон үнийн дүн 5,343,320 төгрөг, нийт 27,041,122.06 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Тус банкинд С.О нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ********** тоот хадгаламжийн дансыг 2 жилийн хугацаагаар нээлгэж уг хугацаа дууссаны дараа 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******** тоот хадгаламжийн дансны хугацааг 6 сараар сунгуулахаар хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гаргасан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан. Банкнаас хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар харилцагчид мэдэгдэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй боловч 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар С.О т мэдэгдсэн. Харин С.О нь тус хадгаламжийн хугацааг 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусаж буйг мэдсэн боловч хадгаламжаа сунгуулах хүсэлтийг банканд гаргаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу ********** тоот хадгаламжийн дансыг хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн.
Хугацаатай хадгаламж нь 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж С.О тай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15.44 хувийн хүүгээр тооцож 4,256,776.64 төгрөг, хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 6 хувийн хүүгээр тооцож 2,274,160.83 төгрөг, нийт 6,530,937.47 төгрөгийн хүүг хадгаламжийн дансанд хууль болон гэрээнд заасны дагуу тус тус олгосон.
2.2. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8 дахь хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан. С.О ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлтэй танилцахад тэрээр тус банканд хадгалуулсан мөнгөө шаардаагүй, харин хүүгийн зөрүүг шаардсан байна. Зөрүү хүү шаардах эрх бий болгох харилцаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч С.О нь гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол гарснаас хойш 3 жил өнгөрсөн.
2.3. Банкны ажилчидтай холбоотой эрүүгийн хэрэг эхлээд хэрэгсэхгүй болгосон ч түүнийг үнэлслэлгүй гэж хэргийг сэргээсэн боловч 2011 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон. Банкны хувьд анхнаасаа 6 сарын хугацаатай хадгаламжаар тохирч гэрээ байгуулан гэрээний дагуу харилцагчид сар бүр хадгаламжийн дэвтэрт бичилт хийлгэж хүү олгож явсан нөхцөл байдал тогтоогдсон, банкны зүгээс хууль бусаар хадгаламжийн данснаас мөнгө авсан үйл баримтгүй. Нэхэмжлэгч анх мөнгөн хадгаламжийн гэрээ гэж шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдахад гэм хороор шаардсан. Гэм хор нь ямар нэг бодитоор нотлогдсон бичмэл нотлох баримтаар гэрчлэгдсэн зүйл байхгүй, харилцагчид ямар нэг хохирол учруулаагүй.
Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу тухайн харилцагчтай харилцаа тогтоож, хадгаламжийн харилцаа дууссан. Тухайн харилцагчийн хадгаламжийн дэвтрийн бичилтээс харахад тухайн хадгаламжаа 2009 оны 12 сарын 30-ны өдөр татан авсан. Мөн тухайн хэрэг 2011-2012 оны хооронд 3 шатны шүүхээр хэлэлцээд явахад эхний 2 шатанд хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Дээд шатны шүүхийн дүгнэлтээр дурдагдаад байгаа хуулбар байсан, хуульд заасан шаардлага журмын шаардлагыг ноцтой зөрчөөд хуульд заасан шаардлага хангаагүй баримт гэж үнэлсэн боловч бусад хэрэгт авагдсан баримтууд шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хадгаламжийн дэвтрийн бичилт, шинжээчийн дүгнэлт, Сангийн яам болон Монгол банкнаас тодруулга авсан бичиг зэргээр нотлогдож байна.
Иймд баримтуудын хүрээнд банк одоо нэхэмжилж байгаа шаардлагын хүрээнд хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Х банк ХК-д холбогдох, хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /262,639+112,602/ 375,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ ********** тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаас мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул тухайн үед дутуу олгогдсон мөнгө, түүнээс олох ёстой байсан орлогыг гаргуулна гэж өөрчилөн тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр болсон. Гэтэл гэрээний маргаан хэлэлцэх хурал болгон өөрчилсөн. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас өөрөөр буюу эрүүгийн цагдаа, Дээд шүүхийн тогтоол хүчинтэй байгаа асуудлаар маргасан мэтээр шүүх хуралдааны зарчмыг алдагдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг илт ноцтой зөрчсөн.
Учир нь Нийслэлиин П-ын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21041125 дугаартай тогтоолоор Х банк хадгаламжийн хүүг гэрээний дагуу олгосон гэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй, харин хадгаламжийн данс дахь мөнгө дутсаныг тогтоож намайг хохирогчоор тогтоосон. Мөн Дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 668 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүхэд буцаасан. Иигэхдээ хариуцагчаас гаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул дахин гаргуулахыг анхан шатны шүүхэд даалгасан. Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ, мөн шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж хуульд заасан боловч анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас хадгаламжийн дансны гүйлгээний баримтыг гаргаж өгөөгүй.
4.2. Хариуцагчаас 2022 онд ирүүлсэн тайлбартаа ...архивын материал устгагдсан тул нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж шүүхэд худал мэдүүлсэн. Энэ нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн баримтыг хуурамчаар үйлдэхдээ цахим хэлбэрээр хадгалагдаж байсан гүйлгээний баримтыг ашигласан байдлаар тогтоогдсон. Тэр гүйлгээний бүртгэлийн баталгаажуулалт, гүйлгээ хийсэн теллерийн нэвтрэх дугаар зэрэг өгөгдлүүдээрээ 2010 онд хэвлэсэн эрүүгийн болон иргэний хэргийн материалд авагдсан баримтаас зөрүүтэй, хадгаламж эзэмшигчийн дансны мэдээллийг үзэх, хэвлэж авах эрх бүхий субьект нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хадгаламжийн үйл ажиллагаанд ашиглагдах ёсгүй тамга дарсан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тавигддаг хуулийн шаардлага хангаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй хуурамчаар үйлдсэн баримт болох нь тогтоогдсон. 2022 оны 11 сард хариуцагч нь ********** дугаартай дансыг хаасан, холбогдох гүйлгээ бүртгэлийг архиваас хасч устгасан тул гүйлгээтэй баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар шүүхэд гаргаж байсан. Хариуцагч шүүхэд худал тайлбар гарган нотлох баримтыг гаргаж өгөхөөс татгалзаж байсныг давхар нотолсон. Иймд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 25.2.1, 38.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдлийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарахгүйгээр хэт нэг талыг барьж хууль ёсны бус үндэслэлгүй шйидвэр гаргасан.
4.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүнд:
-Шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй буюу хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаагүй. Учир нь шүүгч А.М, Ц.А нарын үйлдэхүй, эс үйлдэхүй нь нөлөөлөлд автсан эсвэл хэрэг шийдвэрлэх ажиллагаанаас сайн дураараа татгалзах шалтгаанаа санаатай нууж хариуцагчийн талд үйлчлэх зорилготой оролцсон гэж ойлгогдсон. Хариуцагч шүүх хуралдааны явцад гap утсаа ашиглаж хуралдааны мэдээллийг дамжуулж заавар авч байсан нь холбогдох хуулийг зөрчсөн.
-Хэргийн материалыг архиваас татуулах миний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн атлаа хариуцагч хүсэлт гаргаагүй байхад нь хэргийг будилуулах зорилгоор материалыг шүүхийн зардлаар авч ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.10-д заасныг зөрчсөн. Шүүгч А.М-ын санаачлага, шүүхийн төсвөөр бүрдүүлсэн баримтыг хариуцагч гаргасан гэж шүүхийн шийдвэрт худал бичсэн нь шүүгчид сонирхолын зөрчил, шүүхийн төсвийг зориулалтын бусаар ашигласан үйлдлээ нуун дарагдуулсан үйлдэл юм.
-Шүүгчид шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэгчтэй мэтгэлцсэн. Тодруулбал, шүүгч А.М-аас шүүх шинжилгээний дүгнэлт хоёр өөр байгаа асуудлаар мэтгэлцсэн. Тэрээр он сарын хувьд сүүлд гарсан нь хүчинтэй гэх агуулгатай тайлбар хийсэн. Би хариуд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар дахин шинжилгээ хийлгэж болдог, харин ингэхдээ анхдагч шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний обьектыг хүргүүлэх ёстой атал анхдагч шинжилгээнд ашигласан миний тэмдэглэлийн дэвтрийг авалгүй хийсэн, мөн дахин шинжлүүлэх хүсэлтээ гаргасан гэж хэлэх гэхэд тэрээр баримтыг үзмэгцээ мэтгэлцээнээ зогсоосон. Шүүгч Ц.А-ээс хариуцагч 2011 онд нотлох баримтаа гаргаж өгөөд гэм буруугүйгээ нотлоогүй шалтгааныг асуухад тэр мөн л доошоо хараад суучихсан. Гэтэл шүүгч Ц.А банк хадгаламжиин хугацаа дууссан гэж сануулсан, тэр үед яагаад сунгуулаагүй юм бэ гэж өөр асуулт тавьж надтай мэтгэлцэж эхэлсэн.
-Хувийн мэдээллийг цуглуулсан, хувь хүний эмзэг мэдээллийг шаардан дарамталж нэхэмжлэлээр далимдуулан миний хувийн нууцад хамаарах мэдээллийг цуглуулсан. Учир нь нэхэмжлэгч дансандаа хэдэн төгрөгтэй гэдгийг харуулсан баримтыг гаргуулсан. Шүүгч Ц.А дээрх мэдээллийг ашиглан мөнгөө эмчилгээнд хэрэглэх гэж байснаа нотлоогүй гэсэн. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5-д заасан заалтуудыг ноцтой зөрчсөн.
-Шүүгчид хариуцагч талд зөвлөгөө өгч шүүх хуралдаан дээр ярих асуудлууд, гаргах шийдвэрийн үндэслэлийг урьдчилан тохиролцсон байж болзошгүй зүйлс ажиглагдсан. Шүүгч Ц.А хэргийг хэрэгсэхгүй болголоо, тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй гэхээс өөр ямар ч зүйл хийлгүй хуралдааныг хаасан шүүх хуралдаан даралагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг таницуулан шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Хуралдааны үеэр яригдаагүй зарим зүйлс шийдвэрт бичигдсэн байгаа нь шийдвэрийг хуралдаанд оролцоогүй этгээд бичсэн байж болзошгүйг нотолж байна.
- Шүүгч Ц.А нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг нуун дарагдуулахын тулд хэд хэдэн хуулийг буруу тайлбарлан хүчээр зөвшөөрүүлж байгаад хэргийг шийдсэн. Үүнд: Хариуцагчийн хуулийн хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцуулах хүсэлтийг би удаа дараа гаргасан. Гэтэл шүүгч Ц.А нь шүүх хурал дээр ирээд зөвшөөрөхгүй гэж хэлж байгааг хугацаандаа тайлбар гаргасанд тооцно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
-Х банк ХК-ийн эрх баригч гүйцэтгэх захирал нь орлогч захирал Ц.Г т олгосон итгэмжлэлийг П.Н нарт дамжуулан олгосон нь холбогдох хууль болон Х банк ХК-ийн дүрэм, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн. Итгэмжлэл дамжуулан авсан этгээдийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэхгүй гэхэд шүүгч Ц.А итгэмжлэлийг гуравдагч этгээдэд дамжуулсан нь хууль зөрчөөгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч анх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний дагуу хадгаламжийн зөрүү хүүг шаардсан. Х банк ХК-ийн зүгээс тухайн хадгаламжийн хүүгийн зөрүүг гэрээний дагуу тооцож олгосон болохоо нотолж холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Мөн тухайн баримтанд хүүхдийн хадгаламжийн данс болон С.О ын хадгаламжийн дансны тухай мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг баримт нь устсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн хадгаламжийн хугацаа сунгуулах хүсэлт, мөнгөн хадгаламжийн гэрээгээр маргаан бүхий ********** тоот дансаа харилцагч 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хаасан, үүнээс хойш 10 жил өнгөрсөн тул манай архивт байх баримт устсан.
Үүнтэй холбоотой архивын үйл ажиллагааны журам, баримт устсан талаар гүйцэтгэх захирлын тушаал болон ажлын хэсэг байгуулсан тушаалыг шүүхэд гаргаж өгсөн. Маргаан бүхий дансны талаарх баримт цуглуулах хүсэлт, мөнгөн хадгаламжийн гэрээ устсан тул өмнө буюу 2011-2012 онд тухайн дансны хадгаламжтай холбоотой явагдаж байсан хэргийн материалыг шүүхийн архиваас татуулах хүсэлт гаргасны үндсэн дээр материалыг татаж авсан. Тухайн материалаас харахад маргаан бүхий данснаас хууль бусаар гүйлгээ гаргасан, мөнгө авсан гэх баримт байхгүй. Энэ асуудлыг Улсын Дээд шүүх 2 удаа нотолсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч 2011-2012 онд явагдаж байсан хэрэг нь Улсын Дээд шүүхээр хянагдаад анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Улмаар нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааснаар асуудал нь эцэслэгдэн нотлогдоогүй дууссан.
5.2. Нэхэмжлэгч хууль бусаар гүйлгээ хийсэн буюу гэм хороор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэлээ банк хууль бусаар мөнгө авсан эрүүгийн хэргээр нотлогдсон гэж хэлдэг боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн ярьж буй эрүүгийн хэргийн мэдээллийг харахад өөрийнх нь хохирогчоор тогтоосон гэх 21041125 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх захирамж нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэрэгсэхгүй болсон тогтоол гарсан. Тиймээс Х ХК нь С.О ын данснаас хууль бусаар мөнгө авсан болохыг нотолсон эрүүгийн хэрэг байхгүй. Х банк ХК-ийн зүгээс мөнгөн хадгаламжийн гэрээ, харилцагчийн хүсэлтийн дагуу тухай бүр хадгаламжийг 6 сарын хугацаагаар сунгаж хугацаа дууссаны дараа хугацаагүй хадгаламжинд шилжүүлсэн бөгөөд хүүг тооцож мөнгийг олгосон нь архиваас татуулсан хэргийн материал болон дансны дэвтрийн хуулбараар нотлогдсон.
Иймд Х банк ХК нь хууль бусаар харилцагчийн данснаас мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Х банк ХК-д холбогдуулан олгох ёстой хүүгээс дутуу олгосон 5,343,320 төгрөг, олох байсан хүү 15,594,507 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг, нийт 20,957,827 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,103,295 төгрөгөөр ихэсгэн, нийт 27,061,122 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШТ2024/00317 дугаартай тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг татуулах хүсэлт гаргасныг хангаж, Чингэлтэй дүүргийн шүүх /хуучнаар/-ийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн С.О ын нэхэмжлэлтэй, Х банкинд холбогдох, хадгаламжийн хүүгийн зөрүү болон хохиролд 5,503,320 төгрөг гаргуулах тухайн үндсэн, нэр төр сэргээлгэж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхэд ирүүлэхийг Шүүхийн тусгай архивт даалгаж шийдвэрлэсэн. /1-р хх185-189/
3.1. Шүүхийн тусгай архивын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/3353 тоот албан бичгээр шүүхийн тогтоолд заасан иргэний хэргийг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч талаас уг хэргээс ямар баримтыг хуульд нийцүүлэн авах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Иргэний хэргийн нотлох баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Нотолгооны хэрэгсэлд бичмэл нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл хамаардаг байна. Гэтэл дээрх архивын хэргээс ямар баримтыг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу нотлох баримтын шаардлага хангуулан бэхжүүлж авах талаарх хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргаагүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
3.2. Иймд анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэх боломжгүй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүх /хуучнаар/-ийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн С.О ын нэхэмжлэлтэй, Х банкинд холбогдох, хадгаламжийн хүүгийн зөрүү болон хохиролд 5,503,320 төгрөг гаргуулах тухайн үндсэн, нэр төр сэргээлгэж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргээс шаардлагатай баримтуудад үзлэг хийж, бэхжүүлэх ажиллагааг хийснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтанд тооцогдох учиртай.
4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Иймээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03711 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ