Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25 210/МА2024/02030

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/03927 дугаар шийдвэртэй,

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н д холбогдох,

 

147,740,021 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.Ц, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Үйлдвэрлэлийн хоршоолол татан буугдсанаар У*******төв нь Нийтийн ахуй үйлчилгээний яаманд шилжсэн. Уг яам мөн 1991 онд татан буугдаж Н***** газрын баланст шилжсэн. Нийслэлийн Засаг 2000 оны А/41-р захирамжаар уг барилгад их засвар хийж, өөрчлөх тендер зарласны дагуу хуучин түрээслэгчид болох нийтдээ 23 компани тендерт шалгарсан. Н***** газраас Б ХХК-тай 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №12 тоот түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулж хийлгэх тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 7 дугаар корпусын ** дүгээр давхрыг 2000 оны 12 дугаар сарын сарын 01-ний өдрийн №08 тоот актаар 7,828,145 төгрөгийн хөрөнгө оруулалт, нэмэлт хөрөнгө оруулалтаар 4,316,410 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хөрөнгө оруулагчийн гэрчилгээ авсан.

Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн 4 дүгээр  корпусын 2 дугаар давхрын зүүн талын 162 м.кв байрыг А ХХК нь 2003 онд хөрөнгө оруулалт хийж эзэмшиж байсан бөгөөд нийтдээ 23,173,853 төгрөг, Нью тренд ХХК 13,000,000 төгрөг, манай компани 9,000,000 төгрөгийг тус тус бэлнээр төлж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газрын даргын 2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 226 тоот тушаалаар манайд шилжүүлсэн. Энэ корпуст оруулсан хөрөнгө оруулалт нийт 12,063,754 төгрөг болсон тул 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 9 тоот хөрөнгө оруулагчийн гэрчилгээ авсан.

1.2. Манай компани хөрөнгө оруулалтын гэрээний дагуу жил бүр түрээсийн гэрээ байгуулан 2020 оныг дуустал нийтдээ 232,528,400 төгрөгийн түрээс төлсөн. Тиймээс 2020 оны 03 дугаар сарыг дуустал түрээсийг нэмж төлж шүүхээс өргүй болохыг тогтоож Н***** газраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Манай компанийн дархан, оёдолчин, үсчингүүд өөрсдөө аж ахуйн тооцоогоор ажиллаж татвар, нийгмийн даатгалаа төлдөг байсан. Давхар түрээсийг Н***** газраас зөвшөөрөл авна гэж ерөнхий гэрээнд заасан боловч бид жил бүрийн 12 дугаар сард гэрээгээ дүгнэж зөрчилгүй хэмээн 2 тал зөвшөөрөлцсөн. Түрээсийн гэрээнд заасан төлбөрийг сар бүр НӨАТ төлдөг байснаас сүүлийн жилүүдэд Нийслэлийн төрийн санд тушаадаг болсон.

1.3. Биднийг урт цагааны барилгад их засвар шинэчлэн хийж байх 2000 оны үед Улаанбаатар хотод гурван өрөө байр 9-10 сая төгрөг, хоёр өрөө байр 6-7 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд тухайн үед гурван өрөө хоёр байр авах мөнгөө уг барилгад зарцуулсан. Манай компанийн оруулсан хөрөнгийг банкинд хадгалуулсан гэж үзээд арилжааны банкнуудын дундаж хүү болох улсын банкны бодлогын хүүгээр үнэлгээний компаниас тооцсоныг бид зөвшөөрсөн. Н***** газраас уг ажлыг хариуцаж байсан дэд дарга асан Д.Р элэгдлийг хасах нь зүйтэй гэж тохиролцсоны дагуу элэгдэл тооцох тухай холбогдох тогтоол, шийдвэрийг үндэслэн жилийн элэгдлийг 1.6 хувиар орлогоор тооцсон үнэлгээнээс хасч үнэлсэн.

1.4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 тоот болон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1390 тоот захирамжуудын барилга буулгах гол шалтгаан нь ашиглалтын шаардлага хангахгүй нурах аюултай гэсэн. Мөн 2011 онд мэргэжлийн хяналтын газрын төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон групп шалгалтаар 11 корпуст шинжилгээ хийж 3 талыг байцуулж хурлаар хэлэлцсэн албан ёсны дүгнэлтэд үндсэн хийц, суурь ашиглалтын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Хоршоолол нийгэмлэг ***********-ийн ** дүгээр корпусийг нураах актад материалыг ашиглах боломжгүй гэж бичсэн. Харин ШУТИС-ийн Барилгын сургуулийн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дунд зэргийн чанартай гэжээ. Эдгээрийн үндэслэн шүүхээс хүмүүсийн хөрөнгөнд аюул учрах нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Н************ хурлын 2023 оны 129 дугаартай Урт цагааны барилга байгууламж акталж бүртгэлээс хасах тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2023 оны А/1390 тоот захирамжаар ***********-ийн барилгыг акталж бүртгэлээс хассан.

Иймд урт цагааны барилгын их засвар, шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулсан тул нөхөн олговорт 141,740,021 төгрөгийг Н************ хурлаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөрөнгө оруулалтын гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч хөрөнгө оруулсан боловч хөрөнгөө нөхөж чадсан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 2000 оноос 2020 он хүртэл 20 жилийн хугацаанд тухайн оруулсан хөрөнгө нөхөн төлөгдөөгүй байх боломжгүй. Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээнд барилгад их засвар хийхэд зарцуулсан хөрөнгөө түрээсийн гэрээгээр эзэмшиж байх хугацаандаа өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох учраас түрээсийн гэрээнд заасан хугацаандаа төлж байх нь нэхэмжлэгчийн үүрэг байсан. Нэхэмжлэгч зарцуулсан хөрөнгөө өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох юм. Хэрэв ашиг олоогүй гэж маргасан бол түүнийгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч хүлээж ашиг орлого олсон эсвэл олоогүй гэдгийг тогтоох боломжгүй, гэрээнд хариуцагчийн хяналт тавих үүргийг заагаагүй.

2.2.Тухайн барилга Нийслэлийн өмчөөс хасагдахдаа бүхэлдээ 538,566,804.14 төгрөгийн үлдэх өртөгтэй байсан тул Б ХХК-ийн корпусын засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын үнэлгээ 141,740,021 төгрөг байх боломжгүй. Маргаан бүхий барилгын үйл ажиллагааг анх Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамжаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр урт цагаан үйлчилгээний барилгыг цаашид ашиглаж болохгүй тухай холбогдох дүгнэлтүүд гарсан тул зогсоосон. Улмаар Н************ хурлын 2023 оны 129 дүгээр тогтоолыг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор батлан гаргаж, тус барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан. 

Нийслэлийн өмчид засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийх эрх олгохдоо түүний ашиг олох үйл ажиллагаанд зориулсан байдал нь төрд ач холбогдолтой, ашигтай бус нэхэмжлэгчид ашигтай юм. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч эд хөрөнгөд засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийснийг эд хөрөнгийг хувьчлан авахтай холбон ойлгохгүй бөгөөд тус зардлаа шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Түүнчлэн, нөхөн олговор олгох асуудал хувийн өмчийг төр харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр хуульд зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт хийсэн гэх барилга Нийслэлийн өмч байсан тул нөхөх олговор олгох тухай асуудал яригдахгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н д холбогдох урт цагааны барилгын их засварт, шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулалтын нөхөн олговорт 147,740,021 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх болж өнгөрсөн үйл баримтад хамааралгүй хуулийн заалтуудыг хэрэглэж хэрэглэвэл зохих зарим хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Тодруулбал, нэхэмжпэгчийн Н тай 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болон 2003 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээгээр ***********-ийн барилгын 4 болон 7 дугаар корпусын 173.28 м.кв талбай бүхий хэсгийг ахуй үйчилгээ, оёдол, дарханы чиглэлээр ашиглахад зориулсан их засвар хөрөнгө оруулалтыг А талын батлагдсан зураг төслийн дагуу түүнээс хөрөнгө шаардахгүйгээр Б талын хөрөнгөөр хийлгэх, ажлыг гүйцэтгэх хугацаа, гэрээг цуцлах нөхцөл, гэрээт ажлыг дууссаны дараа хөрөнгө оруулагч уг обьектийг түрээсийн гэрээгээр төлбөртэйгөөр эзэмшүүлэх, эдгээр харилцаанд талуудын эрх, үүргийн харилцааг зохицуулсан.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн зөрчилгүйгээр бүрэн гүйцэтгэсэн 2000 онд нийтдээ 19,889,889 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд талууд үүнийг баталгаажуулж зохих актыг үйлдэж ажлыг хүлээн авсан. Энэхүү харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байсан бөгөөд гэрээний хувьд захиалагч болон гүйцэтгэгч манай 2 компанийн хооронд ямар нэгэн маргаангүйгээр хэрэгжсэний дээр анх зарласан тендрийн болзол болон энэ гэрээг үндэслэн хөрөнгө оруулагчдад цаашид тухайн обьектоо түрээсийн журмаар ашиглуулах гэрээ байгуулж эрх зүйн өөр харилцаанд шилжсэн. Дээрх баримт тайлбар бол шүүхийн шийдвэрт заасан дээрх 2 гэрээний дагуу хохирол нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт буруу болохыг батална. Үүний дараагаар манай компани 2023 оныг дуустал нийт 20 жилийн хугацаанд 232,528,400 төгрөгийн түрээсийн орлогыг оруулсан. Хөрөнгө оруулалтын ерөнхий гэрээнд зааснаар түрээсийн гэрээг жил бүр байгуулж түрээсийн төлбөрийн ямар нэг зөрчилгүй болох талаар 2 тал хамтарч акт үйлдэж аудитын дүгнэлтээр баталгаажуулсан.

Тухайн барилгад хөрөнгө оруулсан өмчлөгчийнхөө хувьд обьектийг буулгахдаа хөрөнгө оруулагч, хамтран өмчлөгчдийн өмчийн эрхийг зөрчин ногдох хөрөнгийн нөхөн олговрын асуудлыг орхигдуулсан зөрчлийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 сарын 19-ний өдрийн А/216 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1390 дугаар захирамжуудыг гаргаж албадан гүйцэтгэсэн ажиллагаагаар хэсэг өмчлөгчдийн эрхийг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд өмчлөгчөөс дээрх 2 удаагийн захирамж гараад 1-3 жил болж байгаагийн дээр 2020 оноос эхлэн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахаас татгалзсан үеэс миний өмчлөх эрх зөрчсөн гэж үзэж байгаа тул манай нөхөн олговрын хохирол нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй.

4.2. 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн өмчийн уг барилгад 7,826,145+12,063,754=19,889,899 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн өмчлөгч болохыг баталгаажуулж 8 болон 9 дугаартай хөрөнгө оруулагчийн гэрчилгээнүүдийг Өмчийн харилцааны газраас олгосон бөгөөд бидний хөрөнгө оруулалтыг Н***** газрын балансад бүртгэсэн. Энэүү 2 гэрчилгээ бол манай компани тухайн барилгын оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр өмчлөгч болохыг нотлох баримт юм. Иргэний хуулийн 10** дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289.2.5, 510 дугаар зүйлийн 510.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1,2, 3.1.4, 6.3, 6.4-т заасан заалтуудыг тус тус түрээслэгч тал зөрчсөн учраас оруулсан хөрөнгийнхөө нөхөн төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

4.3. Шүүх түрээсийн гэрээгээр харилцан ажиллаж байсан манай компанийн орлогоо аудитаар баталгаажуулсан бөгөөд балансад тусгасан орлогын баримтууд, хөрөнгө оруулагчийн гэрчилгээнүүд, үнэлгээний тайлан, Н тай хийсэн түрээсийн гэрээ, түрээслэгчтэй хийсэн тооцоо нийлсэн актууд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 112ний өдрийн 221/ШТ2023/0333 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар үнэлээгүй.

4.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1390 дугаартай захирамжид 1,214,246,918 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй Урт цагаан 11 корпус нь цаашид ашиглах жилийг тооцоогүй зөвхөн үлдэгдэл үнээр тооцсон нь сангийн яамны үнэлгээ хийлгэх аргачлалыг зөрчсөн нийт 538,566,804 төгрөгийн үнэлгээтэй гэсэн үлдэгдэл өртгийн үнэлгээг зориудаар гуйвуулж худал тайлбар гаргасаны дээр тухайн обьектийн зах зээлийн үнэлгээг бодитойгоор тодорхойлоогүй. Ийнхүү шүүхэд буруу ойлголт төрүүлж манай хөрөнгө оруулалтын аудитаар баталгаажсан зах зээлийн ханшны үнэлгээг буруутгах баримт болгосон. Манай нэхэмжилж байгаа 141,740,021 төгрөг зах зээлийн үнэлгээ бөгөөд үнэлгээг аудит, хөрөнгийн үнэлгээний газрын мэргэжлийн хараат бус үнэлгээчин тогтоосон. Биднийг урт цагааны барилгад хөрөнгө оруулж байсан 2000 онд Улаанбаатар хотод 3 өрөө байр 9-10 сая төгрөг, 2 өрөө байр 6-7 сая төгрөгийн ханштай байсан. Тухайн үед хоёр ширхэг 3 өрөө байр авах мөнгөө хөрөнгө оруулалтанд зарцуулсан бөгөөд одоогийн иймэрхүү байруудын зах зээлийн үнэлгээ 210 саяаас 380 сая төгрөгийн үнэтэй байгаатай харьцуулан үзэхэд тодорхой юм.

4.5. Түрээсийн гэрээнд зааснаар түрээсийн үнэд талбайн түрээс, дулаан, цэвэр, бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын зардал ордог бөгөөд түрээслэгчийн хувьд манай компани цахилгаан, урсгал засвар, харуул манаа, цэвэрлэгээ үйлчилгээ бусад төлбөр, хариуцсан хүмүүсийн цалинг хариуцдаг. Энэ нь түрээсийн төлбөрөөс ч илүү гардаг тул цэвэр ашгаар хөрөнгө оруулалтыг нөхөх боломжгүй. Түрээсийн үйл ажиллагаа явуулахад гарсан зардал, түрээсээс олсон орлогыг балансандаа тусгайлан тусгаж байсан. Тухайлбал, 2018-2019 оны балансын үзүүлэлтээр ** дүгээр корпуст 17,275,579 төгрөг, 7 дугаар корпуст 7,420,368 368 төгрөг, нийт 24,695,947 төгрөгийн түрээс төлж түрээсийн төлбөрөөс гадна обьектийн урсгал засвар тохижилт цэвэрлэгээ, цахилгааны төлбөр, гадна дотнын харуул манаа, цэвэрлэгээ үйлчилгээний 17,005,041 төгрөгийн зардал гаргаж зардлаас давсан 3,845,453 төгрөгийн орлогоос түрээс хариуцсан ажилтанг цалинжуулан ашиггүй ажилласан.

Компанийн 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан түрээсийн жилийн орлого 3,6 саяаас 5 сая төгрөгөөр баталгаажиж балансад тусгагдсан. Үүнээс түрээс хариуцсан ажилтны цалин өгөөд ашиггүй гарч байсан. Энд үйл ажиллагаа явуулдаг оёдолчид, дархчуул өөрсдөө бие даан аж ахуйн тооцоогоор ажиллан, татварын байгууллагатай мөн бие даан харьцдаг байсан. Нийслэлд өгөх түрээс, гарах зардлуудыг хуваан төлдөг. Манай компани ажлын байраа хадгалж, хэдэн хүнийг ажпын байраар хангаж ирээдүйд иргэний хуулийн дагуу тэргүүн ээлжинд хувьчилж авна гэсэн хүлээлтээр ажилласан. Шүүхээс хөрөнгө оруулагчийн оруулсан анхны хөрөнгийг ч нөхөн олгуулахаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг хэт хохироосон шийдвэр гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Б ХХК-ийн гаргаж буй шаардлага нь хохирол нөхөн төлүүлэх эсхүл нөхөх олговор гаргуулах аль нь болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой бус байна. Мөн нэхэмжлэгч манай байгууллагатай бус Н тай гэрээ байгуулж ажилласан атлаа Н************ хурлаас хохирол гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Ттухайн барилгын үйл ажиллагааг 2020 онд зогсоосон тул гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үйл баримтад анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н д холбогдуулан 147,740,021 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэргийн авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газар /тухайн үеийн нэршлээр/ нь Б ХХК-тай 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ******** гудамжинд байрлах, ***********-ийн барилгын ** дугаар блокийн ** дүгээр давхрын зүүн хэсгийн 65 м.кв талбай бүхий хэсгийг дэлгүүрийн зориулалтаар ашиглахаар хөрөнгө оруулалт хийж, өөрийн хөрөнгөөр засварлах, Нийслэлийн өмчийн газар уг 65 м.кв талбайг түрээсээр эзэмшүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх15-17/

 

3.2. Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газар /тухайн үеийн нэршлээр/ нь Б ХХК-тай 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжинд байрлах, ***********-ийн барилгын 4 дүгээр блокийн 2 давхрын баруун хэсгийн 160 м.кв талбай бүхий хэсгийг ахуй үйлчилгээ сургалтын зориулалтаар ашиглахаар хөрөнгө оруулалт хийж өөрийн хөрөнгөөр засварлах, Н уг 160 м.кв талбайг түрээсээр эзэмшүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх8-11/

 

3.3. Эдгээр гэрээний дагуу Б ХХК нь ***********-ийн ** дугаар блокийн ** дүгээр давхрын зүүн талын хэсэгт 65 м.кв талбай бүхий хэсэгт цахилгааны монтаж шинэчлэн сольсон, цэвэр бохир усны шугам татаж жорлон угаагуур тавьсан, хуучин хамар хана буулгаж төлөвлөлтөнд өөрчлөлт оруулж хамар хана өрсөн, барилгын гадна фасадыг гантиг хавтанцараар өнгөлсөн, шал шинээр хийсэн, хаалга шинэчлэн солих зэрэг заслын ажил хийж 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №08 дугаартай актаар, мөн 4 дүгээр блокийн 2 дугаар давхрын баруун талын хэсэгт халаалтын шугам хэсэгчлэн сольсон, жорлон угаагуур сольсон, хуучин хамар хана буулгаж төлөвлөлтөнд өөрчлөлт оруулж хамар хана өрсөн, хаалга шинээр солих, шал хулдааслах зэрэг ажил хийж, 2004 оны 0** дүгээр сарын 07-ны өдөр №01 дугаартай актаар тус тус Н т хүлээлгэн өгсөн. /хх13, 19/

 

3.4. Тус төвийн түрээсийн барилгад нэхэмжлэгч засвар хийж засан сайжруулсантай холбоотойгоор Н***** газраас 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай гэрчилгээгээр Б ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/4** дүгээр захирамжийн дагуу ***********-ийн ** дугаар блокийн ** дүгээр давхарт 7,826,145 төгрөгийн, мөн тус өдрийн 9 дугаартай гэрчилгээгээр 4 дүгээр блокын 2 дугаар давхарт 12,063,754 төгрөгийн тус тус хөрөнгө оруулалт хийснийг батламжилсан байна. /хх19-20/

 

Дээрх үйл баримтад талууд маргаангүй, харин ***********-ийн 4, 7 дугаар блокийг засан сайжруулахад гаргасан зардлыг одоогийн зах зээлийн ханшаар тооцох эсэх, уг зардлыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н т 2000 оны 0** дүгээр сараас 2020 оны 3 сарыг дуусталх хугацаанд тус төвийн ** дугаар блокийн ** дүгээр давхрын түрээсийн төлбөрт 80,792,000 төгрөг, 4 дүгээр блокийн 2 давхрын баруун талын түрээсийн төлбөрт 151,735,900 төгрөг, нийт 232,528,400 төгрөг төлсөн байх ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

4.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлоогүй байгааг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан талууд 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болон 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***********-ийн 4, 7 дугаар блокийг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах, түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, түрээсийн гэрээний харилцаа үүссэн болохыг нэмж дүгнэв. Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр ямар нэг ажлын үр дүн бий болгохоор тохиролцоогүй байх тул ...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан... гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.2. Хариуцагчийн зүгээс гаргасан ***********-ийн барилгын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамжаар зогсоож цаашид ашиглаж болохгүй талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул Н************ хурлын 2023 оны 129 дүгээр тогтоолоор тус барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.

 

4.3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний харилцаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамжаар ***********-ийн барилгын үйл ажиллагааг зогсоосныг мэдэгдсэнээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийг 294.1.2-т заасны дагуу дуусгавар болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт буруу байгааг дараах байдлаар залруулна.

 

5.1. Нэхэмжлэгч Б ХХК нь 2000 оноос 2020 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд ***********-ийн ** дугаар блокийн ** дүгээр давхрын зүүн тал болон 4 дүгээр блокийн 2 дугаар давхрын баруун талыг эзэмшиж, ашиглахаас гадна бусдад дамжуулан түрээсэлж түрээсийн төлбөрийг тогтмол хариуцагч Н т төлж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

5.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь болон нэр бүхий 9 компанийн хамт Нийслэлийн Засаг дарга, Н д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай ***********-ийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9926 дугаар шүүгчийн захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2486 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

 

5.3. Дээрх баримтуудаас үзвэл талуудын байгуулсан түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 3 сард дуусгавар болсон, нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 02 дугаар сард хандаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээг дуусгавар болгосонтой холбоотойгоор засан сайжруулсан зардал гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

6. Нэхэмжлэгч нь ***********-ийн ** дүгээр **** 2 дугаар давхрын баруун тал, *** дугаар корпусын *** давхрын зүүн талд хийсэн хөрөнгө оруулалт, их засварын зах зээлийн үнэ цэнийг Г ХХК-иар тогтоолгоход 141,740,021 төгрөгөөр үнэлсэн тул уг шинжээчийн дүгнэлтэд заасан 141,740,021 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

 

6.1. Гэтэл талууд 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ-ний 2.2-т Хэлцэл хийгч талуудаас хамааралгүйгээр хуульд заасан бусад зайлшгүй шалтгаанаар уг барилгын үндсэн гэрээ болон энэхүү гэрээний 2.1-д дурьдсан хугацаанаас өмнө буцаан авахад хүрвэл уг барилгын их засвар, хөрөнгө оруулалтанд гарсан баталгаажсан зардал буюу хөрөнгө оруулалтын төлөгдөөгүй үлдэгдлийг Б талд нөхөн төлж хохиролгүй болгоно гэж харилцан тохиролцсон.

 

6.2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардана гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр ***********-ийн ** дүгээр **** 2 дугаар давхрын баруун тал, *** дугаар корпусын *** давхрын зүүн талыг засаж сайжруулахад гаргасан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.3. Нэхэмжлэгч Б ХХК нь Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн ** дугаар блокийн ** дүгээр давхрын зүүн тал, 4 дүгээр блокийн 2 дугаар давхрын баруун талын хэсгүүдэд засан сайжруулалт хийж, 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болон 2004 оны 0** дүгээр сарын 07-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн, Н***** газраас 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 7,826,145 төгрөг болон 12,063,754 төгрөг, нийт 19,889,899 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг батламжилж гэрчилгээ олгосон байх тул уг хэмжээгээр нэхэмжлэгчийн ногдох хэсэг болон засан сайжруулсан зардлын хэмжээг тодорхойлох нь үндэслэлтэй.

 

6.4. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах нөхцөл байдал бий болсноос өөрөөр хариуцагчид шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээний ашигтай байдал бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс гаргасан зардлын улмаас маргааны зүйл болох тус төвийн барилгын үнэ цэнэ нэмэгдсэн, эд хөрөнгө сайжирч үнэ өссөн болохыг нотлоогүй учраас уг үнэлгээг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэ гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь ногдох хэсэг, засан сайжруулсан зардлыг хариуцагчаас нэхэмжлэл гаргах үеийн үнэлгээгээр шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.5. Мөн нэхэмжлэгч нь уг барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгч болно гэж тайлбарласан боловч хөрөнгө оруулалтын зардлыг батламжилж гэрчилгээ олгосноор хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлсон болохоос оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгч болсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Иймээс маргаан бүхий барилгыг засан сайжруулахад нэхэмжлэгчээс гаргасан зардал буюу хөрөнгө оруулалт 19,889,899 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,850,122 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/03927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч Н************ хурлаас 19,889,899 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдэх 127,850,122 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...57.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Н************ хурлаас 257,399 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 1** дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 896,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ