Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02029

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25 210/МА2024/02029

 

 

З.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/04404 дугаар шийдвэртэй,

З.Н гийн нэхэмжлэлтэй, З.Бд холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК -тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Улмаар намайг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/00916 дугаартай шийдвэрээр Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, /****/, Г.Л ий гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай, 85.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

Уг байранд З.Б 2018 оны 08 дугаар сараас хойш амьдарсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сараас байр чөлөөлөх шаардлага тавихад тэрээр байрнаас гарахгүй гэж элдвээр доромжлон заналхийлэн танхайрч харьцах болсон. Би З.Бийг өөрийн байранд амьдруулахдаа төлбөр авч байгаагүй.

Иймд Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, /****/, Г.Л ий гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай, 85.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг З.Бий хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний өв залгамжилж ирсэн Б дүүргийн ** дугаар хороо, ***** гудамж, ** тоотод байрлах газар болон хувийн сууцыг нэхэмжлэгч аваад гэр бүлтэй болохоор нь орон сууц өгнө гэж хэлсэн. Улмаар заарингийн найран дээр хоёр өрөө орон сууц бэлэглэж байна гээд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** хотхоны *** дугаар байр, *** тоот орон сууцыг надад өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч нь та хэд олуулаа 2 өрөө орон сууцанд давчуу байгаа тул Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, /****/, Г.Л ий гудамж, **а байр, *** тоот хаягт байрлах орон сууцыг өгье, миний нэр дээр бичиг баримт бүрэн гараагүй банкны мэдэлд байгаа чи өөрөө хөөцөлдөөд ордерыг нь өөрийн нэр дээр болгоод ав гэсэн. Тиймээс би байрны бичиг баримтыг хөөцөлдөж байтал орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н гийн өмчлөлийн Б дүүрэг, **дугаар хороо, *** дугаар хороолол /****/ Г.Л ий гудамж, **а байрны *** тоот 85.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч З.Бий хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч З.Н д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие хариуцагчаас 2024 оны 09 дүгээр 17-ны өдөр итгэмжлэл авсан бөгөөд шүүх хурал 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон. Шүүх хуралд орон сууцны өмчлөгч хэн болох нь эцэслэн тогтоогдоогүй, 2 шатны шүүхэд хэлэлцүүлэгдээд Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа тул Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г ХХК Д.Ц, У НҮТББ, X.Э, Н.Б, О.С нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхэд гаргасан гомдол гаргасан зэрэг баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй буюу талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. З.Н нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2022 онд орон сууцтай холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлж тус ондоо орон сууцны гэрчилгээ авсан. Харин З.Б гэх хамаатны хүнээ 2018 оноос өөрийн орон сууцанд түр хугацаагаар амьдруулахаар болсон. Сүүлд З.Бээс орон сууцаа буцаан авахаар удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөөгүй.

5.2.Шүүхээс хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Г ХХК болон Г ХК нарын хооронд үүссэн маргаанд З.Н , З.Б нар хамааралгүй байхад тухайн хэрэгтэй холбоотой баримт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх хэрэгт ач холбогдолгүй, З.Б, З.Н нарт хамааралгүй, Г ХХК, Г ХК нарын маргаантай холбоотой шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг шүүхийн журмаар гаргуулах үндэслэлгүй.

5.3. Хариуцагч анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж гомдол гаргасан. Шүүхээс талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж, хэргийн материалтай танилцуулсан. Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч З.Н нь өөрийн орон сууцаа З.Бий хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч З.Бд холбогдуулан Б дүүрэг, **дугаар хороо, 15 дугаар хороолол /****/ Г.Л ий гудамж, **а байрны *** тоот 85.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

4. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч З.Н нь Г ХХК -тай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, /****/ Г.Л ий гудамж, 71 дүгээр байр, 2 давхрын 93.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай заал, 2 дугаар орцны 14 дүгэр давхрын 81.2 м.кв орон сууцыг 235,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. /хх8-10/

 

4.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/00916 дугаар шийдвэрээр Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол /****/ Г.Л ий гудамж, **а байрны 2 дугаар орцны 2 давхрын 93.98 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр З.Н г тогтоож шийдвэрлэсэн. /хх3-6/

 

4.3. Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол /****/ Г.Л гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай, 85.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр З.Н г бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон. /хх-2/

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль, гэрээгээр эзэмших эрхгүй гэх байдал тогтоогдсон байх учиртай.

 

5.1. Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол /****/ Г.Л гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай, 85.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр З.Н г бүртгэсэн.

 

5.2. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байхаас гадна тэрээр уг орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

 

5.3. Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хувийн сууц болон газраар сольсон тул орон сууцыг чөлөөлөхөөс татгалзсан бөгөөд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204138395 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол /****/ Г.Л гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай, 85.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6.1. Учир нь шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/24752 дугаар захирамжаар Г ХК -ийн нэхэмжлэлтэй, Г ХХК , Д.Ц, У ТББ, Х.Э, Н.Б, О.С нарт холбогдох иргэний хэргийн шийдвэр, магадлал, Улсын Дээд шүүхэд гаргасан гомдол зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэхгүй, мөн З.Б уг хэргийн оролцогч биш тул хэрэгт хамааралгүй гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/04404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ