Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04420

 

2016 оны 06 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04420

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 13 дугаар гудамжны 178 тоотод оршин суух, Сутай овогт Гомбосүрэнгийн Додьгүү /РД-ЧБ82030519/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 41 дүгээр байрны 23 тоотод оршин суух, Хиргис овогт Пүрэвдоржийн Баярмаа /РД-ГМ90050701/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Додьгүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Додьгүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 8 дугаар сарын сүүлээр эхнэр, 5 хүнтэй нийлж 7-лаа Карказ ХХК-д ажил хийсэн юм. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч П.Баярмаа тус компанитай байгуулж, бид П.Баярмаатай тохиролцон ажилласан. Бид ажлаа дуусаад хариуцагчаас мөнгөө нэхэхэд санхүүжилт орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс Карказ ХХК-иас хөлсөө нэхэхэд гэрээ хийсэн П.Баярмаад өгсөн гэсэн. Ингээд хариуцагчаас мөнгөө авах гэсэн боловч олдоогүй учир компанийн барилгын инженерээс гэрийн хаягийг нь авч Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаягтаа байхгүй гэх үндэслэлээр буцаагдсан.

Дараа нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт дутуу байна гэж нэхэмжлэлийг буцаасан учир П.Баярмааг эрж олоод ажлын хөлсөө нэхэхэд 3 хоногийн дотор мөнгийг чинь өгье гэж хэлээд бичиг хийж, гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулж өгсөн. Ингээд хэлсэндээ хүрээгүй учир дахин шүүхэд хандах гэхэд саяхан төрсөн нялх биетэй байгаа, ажил хийж чадаагүй байна, мөнгийг чинь удахгүй өгнө битгий шүүхэд өгөөч гэж гуйхаар нь хугацаа өгч явсаар өдийг хүрсэн.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа санхүүжилт орж ирээгүй тул мөнгийг өгөх боломжгүй гэж худал мэдүүлсэн байна.

Би П.Баярмаагаас 1,200,000 төгрөгийн цалин авах ёстой байсан. Гэтэл би 2-3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, 70,000 төгрөг тушаасан. Хариуцагч бүгдийг нь нийлүүлээд 1,500,000 төгрөг төлнө гэсэн баталгаа бичиж, нотариатаар батлуулсан.

Иймд хариуцагч П.Баярмаагаас 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 4 жилийн өмнө Г.Додьгүүг туслан гүйцэтгэгчийн ажилд зуучилсан. БНХАУлсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгад шаврын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийж, ажил олгосон. Тухайн үед ажил гүйцэтгэлийн мөнгөнөөс 1 сая төгрөг эхлээд ав, маргааш үлдэгдэл 1,200,000 төгрөг ав гэхэд авахгүй гээд явсан. Маргааш нь 1,200,000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд байж байтал хөрөнгө оруулагч нар нутаг буцаж, одоог хүртэл уг барилга нь баригдаж дуусаагүй байна. Уг мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Додьгүү нь П.Баярмаагаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...хөрөнгө оруулагч нар нутаг буцаж, одоог хүртэл уг барилга нь баригдаж дуусаагүй байна. Уг мөнгийг төлөх боломжгүй... гэж тайлбарладаг. /хх-13 дугаар хуудас/

Шүүх хариуцагч П.Баярмааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, түүнд холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад Г.Додьгүү, П.Баярмаа нар ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-4, 13 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч П.Баярмаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Төлбөр төлөх тухай баримтыг үгүйсгээгүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ. /хх-4 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч П.Баярмаагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Додьгүүд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 31,250 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагчаас 38,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүх, хариуцагч П.Баярмаад хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт, нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ нь талуудын тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчимд харшлахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч П.Баярмаагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Додьгүүд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 31,250 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч П.Баярмаагаас 38,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Додьгүүд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД