Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00008

 

 

******* зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* зөвлөлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Гэм хорын хохирол 13,486,885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар тус аймгийн ******* *******ыг төрийн албанаас халсан. Тус захирамжийг эс зөвшөөрч ******* шүүхэд хандсанаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор ******* аймгийн Засаг даргын 2019 оны Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

1.2. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга ******* нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн *******ыг ******* аймгийн *******ар томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас төрд хохирол учирсан.

1.3. Энэ хугацаанд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хассан ба шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилох боломжгүй болсон.

******* нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1671 дугаар магадлалаар ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс *******од ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,130,910 олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13,486,885 төгрөгийг *******од ажилгүй байсан хугацааны олговорт олгосон байна.

1.4. Иймд Стандарт, хэмжил зүйн газрын дарга ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу *******од олгосон 13,486,885 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ******* зөвлөлийн Төрийн сангийн ******* тоот дансанд олгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт 2016 оноос дэд дарга, 2019 оны 4 дүгээр сараас газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2023 оны 1 дүгээр сараас чөлөөлөгдсөн.

2.2. ******* аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар тус аймгийн ******* *******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь хууль бус болохыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоож, *******ыг ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Стандарт, хэмжил зүйн газар, түүний дарга буюу хариуцагчийн гаргасан ямар нэгэн захиргааны актыг шийдвэрлээгүй, хариуцагчид үүрэг болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

2.3. Төрийн өөр чиг үүрэг бүхий албан тушаалтны гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас төрд учруулсан хохирлыг тухайн актыг гаргаагүй өөр албан тушаалтнаас гаргуулах хуулийн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хууль бус шийдвэрийг гаргасан буруутай этгээд буюу ******* аймгийн Засаг даргаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд Стандарт, хэмжил зүйн газар нь ******* аймгийн Засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас хохирол хүлээсэн байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,054,290.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн ******* тоот дансанд олгож, үлдэх 6,432,594.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******ээс 127,819 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан маш тодорхой агуулгад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* тухай хуулийн дагуу шүүхээс хууль бус хэмээн тогтоогдсон, төрийн албан хаагчийг ажлаас халсан шийдвэрийг гаргасан этгээдээс төрд учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй талаар, тухайн хууль бус шийдвэрийг гаргаагүй хариуцагч нь ******* аймгийн Засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг хариуцах хуулийн үндэслэлгүй талаар тодорхой тайлбарласан боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий, хууль ёсны дүгнэлт хийсэнгүй.

4.2. ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь зохицуулалтаар төрийн албан хаагчийг хууль бусаар халсны улмаас төрд учруулсан хохирлыг тухайн хууль бус шийдвэрийг гаргасан, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх, чиг үүргийг төрийн албаны төв байгууллага буюу нэхэмжлэгчид олгосон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хууль бусаар халснаас бусад үндэслэлээр ******* зөвлөл нь төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан бол тухайн хохирлыг арилгасан төрийн байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба төрийн албан хаагчийг хууль бусаар халснаас бусад тохиолдолд ******* зөвлөл нь төрийг төлөөлөн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

4.3. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбар гаргасан. Энэхүү тайлбарын 5.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан хохирол гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй. Нэгэнт нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл болон 13 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл, харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул тус хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Улсын дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хэргийн харьяаллыг тогтоосон, уг тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр заасан. ******* зөвлөл нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан нь харьяаллыг зөрчөөгүй.

5.2. Төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь ******* аймгийн Засаг дарга гэдгийг захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тодорхойлсон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилдаа эгүүлэн томилогдох байсан төрийн албан хаагчийг тухайн албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь ажилд нь эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасантай холбоотойгоор мөн шүүхийн шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн.

Хэдийгээр хариуцагч ******* нь ажлаас халах шийдвэр гаргаагүй ч Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан тушаалтны хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг цаг алдалгүй биелүүлэх үүрэгтэй ба тухайн ажил үүргээ хийж гүйцэтгээгүй эс үйлдэхүйг гаргасан.

5.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ******* нь ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлт өгсөн боловч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа учир ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэсэн хариуг хариуцагч өгсөн байдаг. Хэрэв Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтанг эгүүлэн ажилд нь томилсон бол ******* төрд учирсан хохирлыг хариуцахгүй. Гэвч өөрийн гаргасан эс үйлдэхүйтэй холбоотойгоор хохирлыг нэмэгдүүлсэн нь *******ий буруутай үйлдэлтэй холбоотой.

5.4. ******* зөвлөл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхийг ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгүүдэд тодорхой заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* зөвлөл нь хариуцагч *******д холбогдуулан төрд учирсан хохиролд 13,486,885 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар *******ыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалаас халсан нь хууль бус болохыг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/0024 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор тогтоож, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн, үүний дараа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1671 дугаартай магадлалаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэн 13,486,885 төгрөгийг *******од олгосон үйл баримт тогтоогджээ.

3.2. Түүнчлэн, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгүүлж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон, үүнээс хойших ажилгүй байсан хугацааны олговор шаардаагүй байна.

3.3. Дээрх үйл баримтууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд талуудын маргааны зүйл нь хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн эсэх асуудал болжээ.

4. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд хуульд заасан хариуцлага хүлээх учиртай.

4.1. Стандартчилал, техникийн зохицуулалт, хохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг ******* тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө. гэж зохицуулсан.

Хариуцагч ******* нь 2019 оны 4 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сарыг хүртэл Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байх тул стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн болох талаарх шүүхийн дүгнэлт зөв.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нь эрх бүхий албан тушаалтны хувьд ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар *******ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий этгээд байна.

Энэ тохиолдолд хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй тул ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэлдээ гэм буруутай байна. Иймд хариуцагч нь дээрх гэм буруутай эс үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт нийцжээ.

4.3. Нэхэмжлэгч нь гэм хорын улмаас төрд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардсан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэж дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний хувьд буруу боловч хохирлын хэмжээг 7,054,290 төгрөгөөр тогтоосныг буруутгахгүй. Учир нь:

Хариуцагч нь *******ыг ажлаас халах шийдвэрийг гаргаагүй боловч уг хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгах үүрэг бүхий этгээдийн хувьд үүргээ гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших хугацааны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Уг хугацааг анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 143 өдрөөр тооцож, хохирлыг 7,054,290 төгрөгөөр тодорхойлсон нь талуудын зарчимд нийцсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолд гаргасан гомдолд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс хариу өгсөн өдрөөс эхлэн хохирлын хэмжээг тооцож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй болно.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан хэдий ч төрийн албан хаагчийг хууль бусаар халсны улмаас төрд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллага төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

Иймд энэхүү маргааны хувьд ******* зөвлөл төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй орхино. Учир нь:

6.1. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Дээрх тогтоолын үйлчлэх хугацаа болоогүй байхад нэхэмжлэлийг гаргасан байх тул харьяалал зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

7. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйн улмаас түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зохигчийн төлөөлөгч нарын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/04051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА