Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 38

 

 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Халзад  овогт Ж  ын Д  ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1937000000026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт нарын хамт, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, РД:      , Халзад  овогт Ж  ын Д  .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  Ж.Д    нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Хишгээгийн амбаарын цоожийг эвдэн орж 5 ширхэг гэрийн бор эсгий, 40 метр цагаан ямбуу, 50 кг гурил зэрэг 900.000 төгрөгний үнэтэй эд зүйлсийг хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч Ж.Д  ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  өгсөн ”...Би Мөст сумын Улаантолгой багийн иргэн Б.Хишгээгийн хашаанд байх амбаараас 2019 оны 4 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед гэрийн бор эсгий 5 ширхэг, 50 кг-н гурил 1 уут, цагаан өнгийн 40 м даавуун ямбуу зэрэг эд зүйлүүдийг амбаарын цоожыг хадаар цохиод онгойлгож авсан. Тэгээд авсан юмнуудаа ганцаараа зааж өөрийнхөө амбаарт аваачаад тавьчихсан. Амбаараас эд зүйл зөөж байхад надаас өөр ямар ч хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

                 Шүүгдэгч  Ж.Д  ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2 малчин залуутай хамт 2 шил архи уусан. Орой гэртээ жаахан халамцуу ирээд эхнэр хаалгаа тайлахгүй болохоор эхнэр хүүхдээсээ эмээгээд айлын амбаарт орж унтсан. Хишгээгийн амбаарын цоожийг нь хадаар цохиж онгойлгосон. Өглөө 5 цагийн үед босоод гэртээ орж цай уучихаад гараад уг амбаарт байсан эд зүйлсийг хэнд ч мэдэгдэхгүй далд хийсэн. Өөрийнхөө амбаарт зөөж оруулсан. Эхнэртээ хэлэхээс айсан учир хэлээгүй. Манай эхнэр мэдвэл аюул болох байсан. Тухайн үед айлын амбаарын цоож цохисондоо бантаад эд зүйлийг нь авчихсан. Тэгээд эвдэрхий цоожийг зүүгээд орхисон.

                  ...Тухайн үед би уг эд зүйлсийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Олон нийтийн байцаагчдаа ч энэ тухай хэлсэн. Хохиролыг нь бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,  

             Хохирогч Б.Хишгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт Хар дэнжийн 5 тоотод хашаанд ганц гэр байдаг. Би 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг руу ахмадуудын амралтанд явсан. Би урьд өдөр нь амбаараа цэвэрлэсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой аймгаас ирээд айлд хоночихоод маргааш өглөө нь Х.Пүрэвдорж миний ачааг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд амбаарт орох гэтэл амбаарын цоож онгойхгүй байхаар нь хажуу айлын Шонхоо гэх залууг дуудаж амбаарынхаа цоожыг онгойлгуулж ороход дотор нь байсан гэрийн эсгий, цагаан ямбуу, гурил алга байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч М.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөөнөөс ирэхэд ээжийн амбаарт байсан эсгий, гурил, будаа, цагаан даавуу алга болчихсон байна гэж ээж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдэж бүртгүүл гэж хэлээд хөдөө явсан. Бор эсгий 5 метртэй 5 ширхэг, 40 м орчим цагаан ямбуу даавууг би Улаанбаатар хотоос 2018 оны 11 сард авчираад ээжийн амбаарт хийчихсэн байсан. Нарантуул захаас худалдаж авсан. Худалдаж авахад Мөст сумын Хужирт багийн иргэн Б.Бямбацогт гэж хүн хамт явсан...”гэх мэдүүлэг,

           Гэрч  Н.Рэнцэнноровын  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн /хоч шонхоо/ “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б.Хишгээ эгч хашаан дээгүүр намайг дуудаад манай амбаарын цоож онгойхгүй байна чи онгойлгоод өг гэхээр нь очоод амбаарыг нь онгойлгож өгсөн. Тухайн үед тэр цоожруу түлхүүр хийгээд эргүүлээд онгойлгох гэсэн боловч онгойхгүй байхаар нь гараараа хүчтэй татаад онгойлгосон...” гэх мэдүүлэг

          Гэрч Х.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ”... 2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой Б.Хишгээ бэргэн аймгаас ирээд манайд хоноод маргааш өглөө нь би жаахан ачааг нь гэрт нь хүргэж өгчихөөд байж байтал үдээс хойш Б.Хишгээ бэргэн манай амбаарт хулгай ороод гэрий бор эсгий 5 ширхэг, 50 кг гурил, 10 кг цагаан будаа, цагаан даавуу гэх мэт зүйлүүд алга гэж хэлсэн тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... “ гэх мэдүүлэг,

             -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл

             - гэрэл зургийн үзүүлэлт

             - эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл

             - эд зүйлд үзлэг хийж  хураан авсан тэмдэглэл

             - гэрэл зургийн үзүүлэлт

             - эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл

             - үзлэг хийж хураан авсан тэмдэглэл

             - гэрэл зургийн үзүүлэлт

             - эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол

             - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл

             - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

             - эд зүйлийн үнэлгээ

             - Хохирлын хүснэгт  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.Д    нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Хишгээгийн амбаарын цоожийг эвдэн орж 5 ширхэг гэрийн бор эсгий, 40 метр цагаан ямбуу даавуу, 50 кг гурил зэрэг 900.000 /есөн зуун мянга/ төгрөгний үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Х.Пүрэвдорж, М.Ганзориг, Н.Рэнцэнноров,  хохирогч Б.Хишгээ нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Д  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хулгайлах  гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

         Шүүгдэгч Ж.Д   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 900.000 төгрөг төлсөн гэх ба хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Ж.Д  ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хэргийн улмаас шүүгдэгчийн эзэмшлийн хөлдөөгч, зурагт битүүжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар тооцож, эд хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн гэрийн бор эсгий 5 ширхэг, Ургац нэртэй 5 кг ууттай гурил 1 ширхэг, 40 м урттай, 1м 68 см өргөнтэй цагаан ямбуу даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Хишгээд буцаан олгож, ногоон өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Халзад овогт Ж  ын Д  ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Халзад овогт Ж  ын Д  ид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д  ид оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.Д   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэргийн улмаас шүүгдэгчийн эзэмшлийн хөлдөөгч, зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 33 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, битүүжилсэн гэрийн бор эсгий 5 ширхэг, Ургац нэртэй 50 кг ууттай гурил 1 ширхэг, 40 м урттай, 1м 68 см өргөнтэй цагаан ямбуу даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Хишгээд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгчийн        регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д  ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.