| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0061/э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.М-т холбогдох 1916000530055 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... регистрийн дугаартай, Боржигон овгийн Өлзийгийн Мөнхбаяр гэв.
Шүүгдэгч Ө.М нь 2018 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах хохирогч Н.Нийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси эс-6 маркийн гар утсыг авч хохирогч Н.Нт 200 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.М нь 2018 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах хохирогч Н.Нийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси S-6 маркын гар утсыг авч хохирогч Н.Нт 200 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.М гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ө.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2019 оны 8 сарын сүүлээр Э гэдэг залуутай уулзаад хоёулаа нэг юм ууя гээд М-с зээлье гээд ороход гэртээ байгаа гэсэн. Гэрт нь ороход зээгээ тэврээд хэвтэж байсан. Дуудаад сэрээгүй. Тэгээд гарах гэтэл хаалганы хажууд нэг цагаан өнгийн утас байхаар нь авсан. Тэгээд дэлгүүрт нэг шил архины барьцаанд тавьсан. Дараа нь Э тэр чинь хулгайн утас байна мөнгийг нь өгсөн гэсэн. Би ч гэсэн Э-д мөнгийг нь өгсөн. Ийм буруу хэрэг хийснээ ойлгож байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2008 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Өөрийн ажиллуулдаг “Өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрт худалдаа хийгээд байж байгаад өдөр гэртээ ороход миний өөрийн барьдаг цагаан өнгийн S6 маркын гар утас алга болсон байсан. Манай нөхөр, хүү 2 камер шүүж үзэхэд 2 хүн явж байгаад нэг нь гадаа үлдээд нэг нь дотогш ороод гарч ирж байсан. Тухайн үед зургийг нь аваад хүмүүсээс хайгаад олоогүй. Маргааш өдөр нь гэртээ байж байтал манай танил Ж залгаад танай хүүхдийн зурагтай утас манай дэлгүүрт тавигдсан байна гээд би очиж авсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ9/,
Гэрч Ц.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр М гэх Улаанбаатар хотоос ирсэн настайвтар хүнтэй хамт архи ууж байгаад дүүдээ үнэтэй гар утас бэлэглэнэ гэхээр нь аваад “Тэмүүлэн” дэлгүүрт 10.000 төгрөгөөр бодож үлгээгээд 1 шил архи авч уусан юм. Би хулгайн утас гэж мэдээгүй. Дараа нь “Өгөөж” дэлгүүрээс яриад манай утас байна чи хулгайлсан гэхээр нь би аваагүй Мөнхбаяр авсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ13/,
Гэрч М.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай аавын гэр буюу “Өгөөж” дэлгүүрийн 2 давхарт байх гэрээс цагаан саарал өнгийн S6 маркын утас алга болсон. Гэр лүү хүн ороод аваад явчихсан байсан. Гэрт хүн байгаагүй. Хяналтын камер дээр тухайн үед нэг нь гадаа зогсоод нөгөө нь дотогш ороод явж байгаа харагдаж байсан. Тухайн утас дээр миний зураг байсан болохоор төв гудамд байдаг дэлгүүрийн эгч маргааш өглөө нь залгаад танай утас манай дэлгүүрт тавигдсан байна гээд очиж утсаа авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25/
Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр одоо өдрийг сайн санахгүй байна. Түмний дэлгүүрт худалдаа наймаа хийгээд зогсож байхад 18-19 цагийн хооронд байх 2 архи уудаг бололтой хүмүүс орж ирээд гар утас маргааш хүртэл тавиад ганц архи өгчих гээд гуйгаад байхаар нь бага зүйл байна гэж бодоод өгчихсөн юм. Хажууд нь явж байсан Шинэ-Алтай захын барилгын материалд зардаг эмэгтэйн нөхөр болох настайвтар хүн нь миний гар утас байгаа юм. Хүн залгавал битгий аваарай манай эхнэр залгаад байгаа юм гээд ярьж байсан. Цагаан өнгийн утас асаалттай байсан. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд тухайн утас дуугараад байхаар нь хартал Өгөөж дэлгүүрийн Ч-н эхнэртэйгээ авахуулсан зураг харагдсан. Энэ бол тэр хоёрын утас биш байна гэж бодоод Ч-тай ярихад өчигдөр утсаа алдсан гээд ирээд авсан... 8500 төгрөгийн 1 шил архи, 1500 төгрөгийн 1 ундаа нийлээд 10.000 төгрөгөнд утсыг тавьсан байсан. Э нь хэд хоногийн дараа 10.000 төгрөгийг авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.М нь хохирогч Н-н гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрсэн болох нь хохирогч Н-н “...Манай нөхөр, хүү 2 камер шүүж үзэхэд 2 хүн явж байгаад нэг нь гадаа үлдээд нэг нь дотогш ороод гарч ирж байсан. Тухайн үед зургийг нь аваад хүмүүсээс хайгаад олоогүй. Маргааш өдөр нь гэртээ байж байтал манай танил Жаргалмаа залгаад танай хүүхдийн зурагтай утас манай дэлгүүрт тавигдсан байна гээд би очиж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ч нарын мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд хохирогчийг таньдаггүй, тэдний гэрт орох ямар нэгэн ажил байгаагүй байдлаар тогтоогдсон байна гэж үзэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.М нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Ө.Мт хэргийн материалыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан, хэрэг танилцуулсаны дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шинжээч Ш.Ю-с мэдүүлэг авсаныг оролцогчид танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ө-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА