| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04290/И |
| Дугаар | 102/ШШ2016/04421 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2016/04421
2016 оны 06 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04421 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 47/2, 3 дугаар давхарт оршин байгаа Ричфинанс ББСБ ХХК /РД-5779014/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байр, 45 тоотод оршин суух, эмэгтэй, Булганынхан овогт Мидэрийн Энхжаргал /РД-ОЙ74102016/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,955,600 төгрөгийг барьцааны эд хөрөнгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхжаргал нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус Банк бус санхүүгийн байгууллагатай 0421 тоот зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4.5 хүүтэйгээр зээлж авсан.
М.Энхжаргал нь зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд утсаар холбогдоход би төлнө, зээлийн хугацаагаа сунгая, мөнгө удахгүй орж ирнэ гэдэг.
Мөн зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн барьцаанд LSRR482010 /2177011076/ гаалийн бичигтэй хөдөө аж ахуйн зориулалттай дугуйт тракторыг барьцаалж, Бэлхэд айлын хашаанд хадгалуулсан боловч зөвшөөрөлгүйгээр гэрээний үүргээ зөрчин, биднийг мэхлэн хадгалуулсан айлаас авч явсан.
Өнөөдрийн байдлаар М.Энхжаргалын зээлсэн 18,000,000 төгрөгийн хүү, алданги нь нийт 29,955,600 төгрөг болсон байна.
Иймд М.Энхжаргалаас нийт 29,955,600 төгрөг, барьцаанд тавьсан LSRR482010 /2177011076/ гаалийн бичигтэй хөдөө аж ахуйн зориулалттай дугуйт тракторыг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ричфинанс ББСБ ХХК-иас 18,000,000 төгрөгийг сарын 4.5 хүүтэй зээлж авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан боловч санхүүгийн алдагдалд орж, эргэн төлөгдөх хугацаа хэтэрснээр хүү болон торгуулийн алданги болох 29,955,600 төгрөгийг төлбөрт орсон болно.
Одоо миний хийхээр төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаанаас орж ирэх орлогоос зээлдүүлэгч талын төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талтай харилцан тохирох хүсэлтэй байна.
Барьцаанд тавигдсан хөдөө аж ахуйн зориулалттай трактор нь харилцан итгэлцлийн үндсэн дээр надад байсан ба хөдөө ажиллуулахаар газар шорооны ажилд явуулсан. Одоо элэгдлийн улмаас эвдэрч хөдлөх боломжгүй байгаа. Харилцан тохирч чадвал нэхэмжилсэн төлбөрийг заасан хугацаандаа төлж дуусгана гэжээ.
Хариуцагч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ричфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Мөн барьцааны эд хөрөнгө болох гаалийн бичигтэй универсал тракторыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК нь хариуцагч М.Энхжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,955,600 төгрөг, барьцааны зүйл болох LSRR482010 /2177011076/ гаалийн бичигтэй хөдөө аж ахуйн зориулалттай дугуйт тракторыг тус тус шаардан шүүхэд ханджээ.
Шүүх хуралдааны үеэр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 29,955,600 төгрөг, барьцааны зүйл болох LSRR482010 /2177011076/ гаалийн бичигтэй хөдөө аж ахуйн зориулалттай дугуйт тракторыг тус тус Ричфинанс ББСБ ХХК-д гаргаж өгөхөөр болсон байна.
Шүүх хариуцагчийн дээрх зөвшөөрлийг хуульд нийцсэн, бусдын эрхийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулин гэх/ 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,728 төгрөгийг улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 307,728 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Ричфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Энхжаргалд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 29,955,600 /хорин есөн сая есөн зуун тавин таван мянга зургаан зуун/ төгрөг мөн барьцааны зүйл буюу LSRR482010 /2177011076/ гаалийн бичигтэй хөдөө аж ахуйн зориулалттай дугуйт тракторыг тус тус нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК-д гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 307,728 төгрөгийг гаргуулан Ричфинанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД