| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0008/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/08 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/08
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 1817002370116 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д.М /РД:............, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ............тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Онцгой байдлын газар аврагч, гал сөнөөгч ажилтай, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.М нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 240/433 дугаартай километрийн шонгийн орчимд Д.Т-ын өмчлөлийн 03-77 ГСА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Д.Т-ын жолоодон явсан 26-88 ДГО улсын дугаартай “Beiben” маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байх үед араас нь мөргөж зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Т-н өмчлөлийн 03-77 ГСА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашинд 6.000.000 төгрөгний хохирол, Ц.Ө-ын өмчлөлийн 26-88 ДГО улсын дугаартай “Beiben” маркийн автомашины 21-87 ГЧ улсын дугаартай чиргүүлд 262.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 240/433 дугаартай километрийн шонгийн орчимд Д.Т-ын өмчлөлийн 03-77 ГСА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Д.Т-ын жолоодон явсан 26-88 ДГО улсын дугаартай “Beiben” маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байх үед араас нь мөргөж зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Т-ын өмчлөлийн 03-77 ГСА улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашинд 6.000.000 төгрөгний хохирол, Ц.Ө-ын өмчлөлийн 26-88 ДГО улсын дугаартай “Beiben” маркийн автомашины 21-87 ГЧ улсын дугаартай чиргүүлд 262.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
2. Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой унтаж байтал шөнө 00 цагийн үед хүн хаалга тогшихоор нь тайлж өгөхөд манай найз М байсан. Тэр орж ирээд Баянтал орох гэсэн юм хань болоод яваад өгөөч хүнтэй уулзчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд хувцасаа өмсөөд түүнтэй хамт Баянтал сумруу явахаар түүний 03-77 ГСА улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй тэр өөрөө машинаа бариад би хажуу талд нь суугаад 00 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Цаг хараагүй тэгэж багцаалдаж л байна. Тухайн үед манайд хүн байгаагүй, би гэртээ ганцаараа унтаж байсан. Манай эхнэр оюутан эчнээгээр хотод сурч байсан болохоор эзгүй байсан. Би тэр өдөр 2 найзтайгаа архи уучихаад 14 цагийн үед унтаад 18 цагийн үед босч хоол идчихээд буцаад унтаж байхад М шөнө 00 цагийн үед ирж намайг сэрээсэн. Тэр өдөр М-тай би огт уулзаагүй. М манайд ирэхдээ эрүүл архи дарс уусан зүйлгүй байсан. М ер нь миний мэдэхээр архи уулгүй нилээн удаж байгаа. Сүүлийн хэдэн сар уугаагүй. Тэгээд бид 2 засмал замаар хойшоо Баянтал руу явсан. Гэрээс нойрмог гарч ирсэн болохоор халуун паартай машинд суугаад нойр хүрээд суудал дээрээ засмал замд ороод л унтсан. Тэгээд л тэрнээс цааш юу болсныг огт санахгүй, мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт маргааш нь сэрсэн. Миний элгэнд хагалгаа хийсэн гэж байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад хотруу төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 11 сарын 30-ны өдөр эмнэлэгээс гарсан. Осол болсныг огт мэдээгүй, унтаад явж байсан болохоор юу болсныг мэдээгүй, осолд ороод би ухаан алдаад маргааш нь сэрсэн. Одоо биеийн байдал хэвийн болсон. Гадуур эмчилгээ хийгдэж байгаа. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй. Яагаад гомдолгүй гэж хэлж байна гэхээр М миний багын найз байгаа юм. Хамт явж байгаад ийм зүйл боллоо. Осол аваар ямар санаатай болдог. зүйл биш дээ. Тийм учраас найздаа ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 хуудас/.
4. Гэрч Д.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 35 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөрийн эзэмшлийн 26-88 ДГО улсын дугаартай, 21-87 ГЧ дугаартай чиргүүлтэй “ Beiben Nord Benz” маркийн машинтайгаа сэндвичэн барилгын материал, цаасан хайрцаг, хөргүүр зэрэг эд зүйлийг Улаанбаатар хотруу тээвэрлэж хүргэж өгөхөөр Н гэх хүний хамт хөдөлсөн. Тэгээд Говьсүмбэр аймгийн төвөөр 00 цаг болж байхад дайран өнгөрсөн бөгөөд замын цагдаагийн постноос хойш байдаг Чойрын үдэлтийн хаалга өнгөрөөд засмал замын хажуугаар 219/454 дэх км шонгийн орчимд хойд чиглэлд урсгалдаа 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт машин урагш түлхэгдэх шиг болж араас машинд хүчтэй мөргүүлсэн. Тэгээд толиндоо хартал машины чиргүүлийн ар хэсгийг мөргөсөн машин зүүн гар талруугаа буюу ертөцийн зүгээр баруун тийш эргээд эсрэг урсгалруу ороод зогсож байгаа харагдсан. Тухайн үед хойноос урагш чиглэлд 100 орчим метрийн зайнд өөдөөс машин ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машиныг зогсоох арга хэмжээ авч баруун гар талруугаа дарж засмал замынхаа зүүн гар талруу замаас гаргаж зогсоосон. Тэгээд би машинаас буугаад намайг мөргөсөн машинруу явж очиход гал гарч эхэлж байсан бөгөөд зөрж өнгөрч байсан том тэрэгний жолооч буугаад ирчихсэн галын хор барьчихсан галыг унтраах гээд үзээд байж байсан. Машин нь хамарнаасаа шатаж эхэлж байсан. Тэгээд галын хор бариад байж байсан машины жолооч эмнэлэг цагдаа дуудсан. Миний машины чиргүүлийн арын хэсгийг мөргөсөн машин нь цагаан өнгийн Верна аксент маркийн 03-77 ГСА улсын дугаартай машин байсан. Машин дотор жолоочоос гадна 1 хүн байсан. Жолоочийн биеийн байдал гайгүй байх шиг байсан. Хажууд нь сууж явсан хүний нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Ил харагдаж байсан нь л тийм байсан. Тэгээд жолооч гэх залуу нь хажууд явсан залуугаа зөв талын хаалгаар буруу талын суудал дээрээс татаж гаргасан. Тэгээд өөрөө машин зогсоогоод эмнэлэг явсан…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 23-24 хуудас/
5. Гэрч С.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 26-88 ДГО, 21-87 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй Норд бенз маркийн ачааны автомашинтай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Замын -Үүдээс Улаанбаатар хотруу ачаа буулгахаар уг машины жолооч Т-ын хамт явж байтал Говьсүмбэр аймгийн үдэлтийн хаалга гэх газраас хойд зүгт явж байтал машин доргих шиг болж, түрж байгаа юм шиг мэдрэмж төрж байтал жолооч Төгсжаргал чиргүүлний араас жижиг тэрэг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод хартал манай машины араас нь мөргөсөн жижиг тэрэг хөндөлсөөд зогссон байсан. Тэгээд Т бид 2 машинаас буугаад очтол тухайн үед авто замаар зөрж явсан цагаан өнгийн Волева маркийн ачааны машины жолооч нэг залуутай очсон байсан. Манай машины араас мөргөж зогссон машин шатаж байсан. Тэгээд бид нар галыг унтраах гэж оролдоод эмнэлэг, гал унтраах ангируу ярьсан. Осол гаргасан машины жолооч нь машинаас гараад зам дээр гар өргөөд хамт явсан залууг нь жолооч бид 2 өргөөд зам дээр зогссон машинд суулгаж өгсөн. Тэгээд гадаа хүйтэн байсан болохоор би өөрийнхөө машинд очоод суусан…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25-26 хуудас/
6. Гэрч З.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”2018 оны 11 сарын 19-ний өдөр М бид 2 миний 78-13 ГСА улсны дугаартай Портер машинаар Шивээгийн уурхайгаас нүүрс ачаад М-ын хөдөө гэрт хүргэж өгөхөөр явж байгаад замд машины нум хугараад бид 2 хугарсан чигээр нь явсаар байгаад Мэндбаярын хөдөө гэрт нь очиж нүүрсээ буулгачихаад хоол идчихээд Чойрт 16 цагийн үед ирсэн. Тэгээд бид дэнжид манай хашаанд хугарсан нумаа янзалсан. Нум янзалж байхад манай хадам эгч У замын баруун талд машин эвдэрчихлээ гээд намайг дуудахаар нь М бид 2 миний машинтай явж эгчийг машинтай нь чирээд хөдөө гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн. Тэгээд эргэж ирээд М манай хашаанаас 03-77 ГСА улсын дугаартай машинаа унаад явсан. М-ыг явуулчихаад гэртээ ороод цаг харахад 19 цаг 45 минут болж байсан. Тэгээд тэр өдөр түүнээс хойш уулзаагүй. Шөнө нь аваарт орсон байсан. М тэр өдөр надтай хамт явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрөө бол архи уугаад байдаггүй. Мэндбаяр миний мэдэхээр 2018 оны 2 сараас хойш архи уугаагүй. Өмнө нь бол уудаг байсан. М-ын хувийн зан байдал гэвэл хүнд их тусархуу, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүн байгаа юм. Ажлын хамт олондоо нэр хүнд сайтай, нөхөрсөг зан чанартай, миний итгэлт найз байгаа юм” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 31 хуудас/
7. Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 сарын 20-ны өглөө манай нөхөр Т надруу яриад Чойр өнгөрөөд явж байтал шөнө миний машины араас жижиг тэрэг орчихлоо, 2 хүнийх нь биеийн байдал муу байгаа юм шиг байна би өөрөө цагдаа дээр байна. Машины чиргүүл жоохон эвдэрсэн бусдаар зүгээр гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 32 хуудас/
8. Гэрч Д.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “03-77 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг би 2018 оны хавар 04 сарын сүүлээр худалдаж авч өөрийн нэр дээр болгож байсан. Машиныг 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Монголд явж байсан машин авсан. Энэ машин нь миний машин бөгөөд манай төрсөн дүү М бид 2 ээлжилж унадаг юм. Ер нь ихэвчлэн манай дүү М Чойр дээр унадаг юм. Тухайн машиныг манай дүү М 2018 оны 11 сарын 20-ны шөнө унаж яваад осолд орсон байсан. Осолд орсны улмаас миний машины ихэнх хэсэг шатсан байсан. Одоо ямар ч засвар авахааргүй болсон. Машины бичиг баримт нь машин шатахад хамт шатсан байсан. 03-77 ГСА улсын дугаартай машинтай холбоотой ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Нэгэнт миний төрсөн дүү унаж яваад осолд орсон болохоор тээврийн хэрэгслийн талаар нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 33 хуудас/
9. Гэрч Д.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М нь миний хамгийн бага дүү байгаа юм. Тэр 7 хүүхэдтэй айлын хамгийн бага нь байгаа юм. Нийтэч, хүнд их тусархуу зантай, ажил төрөлдөө сайн цаг баримталдаг, хүний үгнээс гардаггүй дуулгавартай, эгч ах нарын үгэнд маш сайн ордог. Хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газарт 12 дахь жилдээ аврагч гал сөнөөгчөөр ажиллаж байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй байж байгаад салаад 4-5 жил болж байна. Одоогоор ганц бие бөгөөд төрсөн эгч Д-гийн гэрт Сүмбэр сумын 3-р баг 6-70 тоотод амьдарч байна.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 34 хуудас/
10. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний төрсөн дүү М нь 2018 оны 11 сарын 20-ны шөнө 03-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осолд орсон байсан. Ослын улмаас унаж явсан машин нь бараг бүхэлдээ шатаж дууссан байсан. Дүү М-ыг осолд орсон гэж сонсоод тэр шөнө 02 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд манай дүү шоконд оросн байдалтай байсан. Биеийн байдлыг нь асуухад өөдөөс тамхи байна уу гэж асуугаад байсан. Би тэгээд М-аас чи архи дарс хэрэглэсэн юмуу гэхэд 2 пиво уусан гэж хэлж байсан. Өөр зүйл ярихгүй байсан. Унаж явсан машин нь манай төрсөн дүү Тасбаярын машин байсан. М нь миний хамгийн бага дүү байгаа юм. Айлын бага хүүхэд болохоор жоохон эрх өссөн гэхдээ жоохон хүүхэд шиг эрхлээд байдаггүй. Ааш зангийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. Архи уух нь уудаг байсан. Гэхдээ сүүлийн 1 жил орчим архи дарс хэрэглээгүй. Одоо ганц бие эхнэр хүүхэдтэй байгаад салсан…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 35 хуудас/
11. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой М надруу залгаад ойр зуурын юм ярьж байгаад тасалсан. Хаана байгаагаа бол хэлээгүй. Би ойлгохдоо Чойрт байгаа юм байна гэж ойлгосон. Надруу ирлээ энэ тэр гэж яриагүй. Надруу ярихдаа эрүүл согтуу байсныг нь мэдээгүй. Зүгээр л ярьж байсан. Архи пиво уусан гэж юм яриагүй. Тэр оройн нэг л удаа ярьсан дахиж яриагүй. Осолд орсныг нь маргааш өглөө мэдсэн…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 36 хуудас/
12. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 316 дугаар дүгнэлтэнд: “Д.-Т ын биед гэмтэл тогтоогдсонгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 39 хуудас/
13. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 317 дугаар дүгнэлтэнд: “С.Н-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 41 хуудас/
14. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаар дүгнэлтэнд:
Б.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 5-р сегмент хэсгийн ханзарч урагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт, ходоодны хананы урд хананы цус хуралт, баруун 5-р хавирганы хугарал, баруун нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, толгойд баруун зулай хэсгийн язарсан шарх гэмтэл учирчээ.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
Хэвлийн битүү гэмтэл элэгний доод 5-р сегмент хэсгийн ханзарч урагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралт гэмтлүүд нь нэг доор үүсэх бөгөөд “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Ходоодны урд хананы цус хуралт нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Баруун 5-р хавирганы хугарал гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Баруун нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Тархи доргилт гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Толгойн баруун зулай хэсгийн язарсан шарх гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь хэвлийн битүү гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ./1-р х.х-ийн 96 хуудас/
15. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаар дүгнэлтэнд: “Д.М-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ.
16. Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12688 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд “Э” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах гэжээ.
17. Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12686 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд “М” гэж хаягласан цусанд 1.1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах гэжээ.
18. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаярын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ¹4 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- 26-88 ДГО улсын дугаартай Beiben маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- 03-77 ГСА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 66 хуудас/
19. “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 70 хуудас/
20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / х.х-ийн 3-15, 71 хуудас/
21. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл / х.х-ийн 16 хуудас/
22. Ял шийтгэлийн тэмдэглэл / х.х-ийн 83 хуудас/
23. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газрын албан тодорхойлолт / х.х-ийн 86. 105 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Д.М-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Хохирогч Б.Э нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, гэм хорын байдал, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Д.М-ыг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М-т хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэргэлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Д.М-т оршин газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй гэснийг дурдсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Д.М-т хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ