Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/04288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******т холбогдох,

 

Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Улсын их хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо, зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2 дахь шат 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан. Тус нээлттэй сонсголын үеэр Түр хорооны дарга, хууль зүй, дотоод хэргийн сайд ******* нь дараах байдлаар манай компанийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан гэж үзэж байна. Үүнд:

1.1.Сайд ******* нь хэлэхдээ: ...******* дарга, түүний гэр бүлийн хүн нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1,000,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал... гэж манай компанийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй хүмүүстэй холбож, биднийг улс төрийн өндөр албан тушаалаар дамжуулан өөрсдөдөө давуу байдал үүсгэн нүүрсний хулгай хийсэн мэдээг олон нийтэд зарласан болно. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө хийгдсэн сонсголын дүрс бичлэгийн 03 цаг 08 минут 55 дахь секундэд дурдагдсан байгаа.

1.2. ...******* ГХОХХК нь 425,638,5 тонн... нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна... гэж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш хийгдсэн сонсголын бичлэгийн 00 цаг 09 минут 15 дахь секундэд дурдагдсан байна.

1.3. ...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд, гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон... Жолооч нар нь байсан, Компаниуд нь байсан, тэд нарын хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан. ...Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон... гэсэн мэдэгдэлдээ ******* ГХОХХК-ийг хамааруулан Түр хорооны гишүүд болон олон нийтэд зарласан. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш хийгдсэн сонсголын дүрс бичлэгийн 04 цаг 43 минутад дурдагдсан.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд Түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Гэтэл Улсын их хурлын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд, хянан шалгах түр хорооны дарга *******ын хэлсэн дээрх үгнүүд нь бүрэн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн явдал биш. Харин ******* ГХОХХК гэх тухайлсан нэг компанийг гаалийн албан татвараас зайлсхийж, бүрдүүлэлтгүйгээр хилээр нүүрс гаргадаг нүүрсний хулгай гэдэг нь мафи болохыг бид баталж тогтоосон гэж гүйцэт судлагдаагүй, эцэслэн шийдэгдээгүй асуудлыг хуралдаан даргалагчийн давуу эрхээ урвуулан ашиглаж манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж, Монгол Улсын их хурлын хянан шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт Түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, дүнг Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Түр хороо нь үүссэн асуудлаар нотлох баримт цуглуулж, шинжээчдийн багийн тусламжтайгаар шалгалт хийн урьдчилсан дүгнэлт гаргаж Улсын их хуралд танилцуулах үүрэгтэй болохоос хэн нэг этгээдийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, нийтэд зарлах эрх бүхий байгууллага биш юм.

Мөн түүнчлэн хариуцагч ******* нь Түр хорооны сонсгол, Монгол Улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын дэг сахиулах чиг үүрэгтэйгээр оролцож байснаас бус хэргийн үйл баримтыг тогтоох, гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш юм. Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2‑т бусдын ...ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ... гэж заасан.

******* ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуулийн дагуу Монгол улсад маш их хэмжээний татвар төлдөг, шилдэг татвар төлөгч 100 аж ахуй нэгж байгууллагын нэгээр шалгарч байсан, олон мянган иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа. ******* ХХК нь бие дааж нүүрс олборлон хилээр гаргадаг компани биш. Харин нүүрсийг олборлож гадагш нь экспортод гаргадаг компани бол Эрдэнэс тавантолгой ХК юм. Манай компани Эрдэнэс тавантолгой ХК‑ийн захиалгын дагуу зөвхөн нүүрсийг тээвэрлэдэг, аливаа нэг гаалийн бүрдүүлэлт хийдэггүй, зөвхөн энэ барааг А цэгээс Б цэгт хүргэж өгдөг үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл өнөөдөр нүүрсний сонсгол гэсэн нэрийдлээр хариуцагч ******* нь иргэдийг төөрөгдүүлж бүхэл бүтэн 5,000,000 тонн нүүрс хулгайлаад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж өөрийн имижийг өсгөж, Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээ хууль бусаар ашиглаж энэхүү мэдээллийг хийсэн.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2‑т зааснаар ******* ГХОХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж хууль зүйн дотоод хэргээс сайд, Улсын их хурлын гишүүн *******т нэр төр гутаасан, үндэслэлгүй мэдээг анх тараасан хэлбэрээр буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан няцаахыг үүрэг болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

1. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1‑д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл явдалд шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Ард түмний бүрэн эрхт байдал гэдэг нь аливаа эрх мэдлийн жинхэнэ эх сурвалж нь ард түмэн байх, нийтлэг эрх ашгаа хуулийн хүрээнд өөрсдөө бие даан шийдвэрлэх эрхээр хангагдсан байхыг илэрхийлнэ. Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн. Хорин долдугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ, Хорин наймдугаар зүйлийн 28.2-т хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүлгийн нэр бүхий гишүүдээс бүрдсэн Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан болно.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн Хорин наймдугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт хянан шалгах түр хороо, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох, баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй гэж заасан бөгөөд хянан шалгах түр хорооны дүгнэлт, тайлан, илтгэл нь Улсын Их Хуралд тайлагнах шинжийг агуулсан, улс төрийн хяналт учраас шүүхэд хэрэг маргаан үүсгэх шууд үр дагавар үүсгэхгүй бөгөөд Улсын Их Хурал тайлагнах хэлбэрээр мэдээллийг олон нийт, хууль хяналтын байгууллага, этгээдэд нээлттэй болгох үүрэгтэй юм. Ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хэрэгжүүлэх хүний болон иргэний эрхийг хамгаалах, хууль ёс, эрх зүйн дэг журмыг бэхжүүлэх зорилготой юм. Төр засгийн ажиллагаанд хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, алдаа дутагдлыг олж илрүүлэх, шалтгаан нөхцөлийг шинжлэх, засах, хариуцлага тооцох боломжийг хууль тогтоох эрхийн хүрээнд хангах цогц арга хэмжээ юм. Гаргасан хууль, бусад шийдвэрийнхээ биелэлтийг хангах зорилгоор ард түмний төлөөллийн дээд байгууллага Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл явдлыг ердийн шүүх хянан хэлэлцэх асуудал нь Үндсэн хуулийн эрх зүйн, Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилах онол, арга зүйн хүрээнд шийдвэрлэх учиртай.

2. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Улсын Их Хурал ...126 гишүүнтэй байна, хорин есдүгээр зүйлийн 29.2-т Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал нь хувь хүнийх нь хувьд хамгаалах биш, харин нийтийн эрх зүйн шинж чанартай бөгөөд нийтийн ашиг сонирхол үйлчлэх, Улсын Их Хурлын гишүүний хийж буй төрийн чиг үүргийн дагуу эрх зүйн хамгаалалтыг нэмэгдүүлж, парламентын үйл ажиллагааг чөлөөтэй, эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг үүсгэдэг. Ингэхдээ парламентын институцийг зохих ёсоор үйл ажиллагаа явуулахад чиглэж парламентын эрх мэдэл хараат бус байдлыг хангахын зэрэгцээ Улсын Их Хурлын бүрэн бүтэн, бие даасан байдал буюу үнэт зүйлийг хадгалахад гол зорилго нь оршино. Түүнчлэн уг эрх нь ард түмнийг төлөөлөх эрхээс үүдэлтэй давуу эрх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа юм.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй гэж заасан. Улсын их хурал бол нэг гишүүд бүрээс бүрдсэн, хамтын удирдлага, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг ард түмний төлөөллийн дээд байгууллага юм. Улсын их хурлын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал хураах, хууль тогтоох зэрэг эрх нь парламентын бие даасан байдлын үндсийг бүрдүүлж, сонгогчдын эрх ашгийг төлөөлөх, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоно.

...Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн асуудлаар Үндсэн хуулийн шүүх биш ердийн шүүх Улсын Их Хурал дээр хуулийн хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэл дээр дурдсан хянан шалгах түр хороо нь Улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түр хорооны тайлан, санал, дүгнэлтээ Улсын их хуралд танилцуулснаар татан буугдан Улсын их хурлын 9 дүгээр тогтоол гарсан. Улсын Их Хурлын тогтоол нь бүх нийтээр дагаж мөрдөх хэв шинжтэй бөгөөд уг тогтоолын 2 дахь хэсэгт хийсэн хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус зөвшөөрсүгэй гэж заасны дагуу тус гэмт хэргийн шинжтэй асуудлыг хянан шалгах түр хорооноос тус байгууллагуудад Улсын Их Хурлын 16/469 тоот албан бичгээр шилжүүлсэн бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг юм. Иймд, Иргэний хэргийн шүүх нь тус түр хорооноос хуулийн байгууллагад шилжүүлсэн үйл баримтыг шүүн хэлэлцэж, урьдчилан гэмт хэргийн гэм буруутай асуудал яригдаагүй байхад үнэлж дүгнэж, шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй байна.

4. Уг асуудал нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй холбогдох Үндсэн хуулийн жишиг буюу пресидент болох үр дагавартай гэж үзэж байгаа учраас талууд нухацтай хандах шаардлагатай. Иймд, нэхэмжлэлд тусгасан асуудал нь дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу иргэний хэргийн шүүхийг харьяалан шийдэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд асан,*******т холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээ шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

- УИХ-ын гишүүн ******* нь Монгол Улсын их хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжилж, гүтгэхээс бусад тохиолдолд нийтийн сонсголын үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор цугларсан нотлох баримтад ... үндэслэн өөрийн санал, шүүмж, үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхээргүй... (шүүхийн шийдвэрийн 11 дэх талын 9 дэх хэсэгт),

-нээлттэй сонсголын үеэр хариуцагчийн хэлсэн, нэхэмжлэгчийн үндэслэл болгосон мэдээлэл нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан гэх, уг мэдээллийн улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг нь доройтуулсан гэх нөхцөл баримтаар тогтоогдсонгүй ... (шүүхийн шийдвэрийн 11 дэх тал) гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл бүхий биш байна.

 

1.1. УИХ-ын гишүүн *******ын ******* ХХК-ийг гүтгээд буй гаалийн албан татвараас зайлсхийх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21 2-т ... ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол ... няцаах үүрэг хүлээнэ. гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс Түр хорооны нээлттэй сонсголын үеэр хийсэн мэдэгдлийнхээ үнэн зөвийг хуульд заасны дагуу нотлоогүй, нотолж чадаагүй учир уг мэдээлэл нь бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжилж, гүтгэсэн гэж үзэх үндэслэл болох тул УИХ-ын гишүүн *******ын хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн эрх, баталгаанд хамааралгүй болно.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа түр хорооны тайлан, санал дүгнэлтийн талаарх УИХ-ын тогтоолоор хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалган шийдвэрлүүлэхийг Монгол улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус зөвлөсүгэй гэж заасны дагуу тус асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг юм гэжээ.

******* ХХК нь *******ын хариу тайлбарт дурдсанчлан Монгол улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаагүй талаарх холбогдох баримтуудыг шүүхэд гарган өгсөн болно.

 

1.2. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч ******* нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг зориудаар гутаагаагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг гуйвуулан, хариуцагчид ашигтай байдлаар зориуд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан нэр төр гэдгийг хуулийн этгээдийн хувьд ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ гэж тайлбарладаг ба гутаасан мэдээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, электрон шуудан, хурал цуглаан дээр албан тоотоор буюу амаар өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж хууль зүйн хувьд ойлгодог.

Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн нэр төр буюу ажил мэргэжлийн талаарх эерэг үнэлгээ хэрхэн муудсан болох нь зөвхөн тухайн этгээдэд л мэдрэгдэж, нөлөөлөх зүйл тул үнэн зөв, бодитой биш мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдад хүргэгдсэн явдал нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх хангалттай үндэслэл болно.

Мөн, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсгийн зохицуулалтыг задлан авч үзвэл, нэр хүнд гутаасан эсэхийг тогтоохдоо шүүхийн тайлбарлаж, шаардаад байгаачлан худал мэдээ тараасан этгээдийн үйлдэл зориуд байсан эсэхийг тогтоох, үүний улмаас нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан байхыг шаарддаггүй.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Топ-100 ААН-ийн жагсаалтад 2021 онд 93 дугаар байрт, 2022 онд 24 дүгээр байрт, 2023 онд 48 дугаар байрт тус тус шалгарч, улсын төсөвт сүүлийн 5 жилд 60 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн хуулийн этгээдийн хувьд МҮОНРТ, ТВ8, ТВ9 зэрэг бүх мэдээллийн сувгаар нүүрсний хулгайч гэж цоллуулсан нь компанийн нэр хүнд гутаагдах хангалттай үндэслэлийг бий болгосон.

Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд түр хорооны даргын хэлсэн үг, үйлдэл хор нөлөө үзүүлж байна гэх дүгнэлт (шүүхийн шийдвэрийн 11 дэх тал), болон хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Нүүрсний сонсголын тайланг хэлэлцсэн УИХ-ын чуулган-ы тэмдэглэлээр тус тус тогтоогдоно.

 

Хоёр. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй тухайд

Хариуцагч ******* нь УИХ-ын хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсголын үеэр ******* ХХК нь 425638,5 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна гэж нэхэмжлэгч компанийн нэрийг онцлон тусгасан хүснэгтэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь тодорхой болсон... Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон гэж хэлснийхээ хувьд уг мэдээллийн үнэн зөвийг өөрөө нотлох үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй ба шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ч нээлттэй сонсголын үеэр хийсэн мэдээллийнхээ үндэслэл, үнэн зөвийг нотлоогүй.

Харин нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс нүүрсний хулгай хийгээгүй болохоо дараах баримтуудаар нотолсон ч шүүх эдгээрийг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал:

 

2.1. УИХ-ын 2023 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны нээлттэй нүүрсний сонсгол нь Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай /2021/ хуулийн 33.1-т заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор хийгдсэн.

Гэтэл бодит байдал дээр уг сонсголоор шинжлэн судалсан нотлох баримтууд нь бүрэн бус, хангалтгүй байсан болох нь Түр хорооны тайлангийн 3.16-д Хянан шалгалтын хугацаанд Тавантолгой ХК-иас нүүрс борлуулалтын гэрээ тус бүрээр дүгнэсэн актыг ирүүлээгүй, пүүний программын дата, нягтлан бодох бүртгэлийн программаас гаргаж буй мэдээлэл иж бүрэн бус, шаардлага хангахгүй байв. (хуудас 16) гэх тайлбараар нотлогдсон ба хариуцагч нь гүйцэт судлагдаагүй, эцэслэн тогтоогдоогүй асуудлаар нэхэмжлэгчийн нэр төрд халдсан байна.

Түүнчлэн нүүрсний сонсголын үеэр нийтэд танилцуулагдсан тайлан, мэдээ баримт нь алдаатай байсан бөгөөд дахин тулгалт хийхэд ямар нэг зөрүү үүсээгүй болохыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн (хавтаст хэргийн 79 дэх хуудас) ба, нэхэмжлэгчийн зүгээс уг чуулганы бичлэгт үзлэг хийлгэж, баталгаажуулсан болно (хавтаст хэргийн 102 дах хуудас).

 

2.2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг гэж, 3.1.6-д "татвар төлөгч" гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг хэлнэ" гэж, 7.1-д "Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлнэ... тус тус заасан.

Тус зохицуулалтын дагуу нүүрс тээврийн үйл ажиллагааны хувьд гаалийн татвар төлөгч нь нүүрс борлуулагч буюу Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК нар байх бөгөөд тээврийн компаниуд нүүрс худалдан авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу нүүрсийг тээвэрлэх, буулгах үүргийг л хүлээдэг (хавтаст хэргийн 47, 52 дах хуудас).

Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн хувьд зөвхөн тээвэрлэлтийг л хийж гүйцэтгэдэг ба гаалийн бүрдүүлэлтийг Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК нар хуулийн дагуу хийж гүйцэтгэдэг тул татвар төлөх, бүрдүүлэлт хийх процесс нь нэхэмжлэгчид хамааралгүй болно.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа тээврийн компани нь хариуцагч *******ын хэлээд байгаачлан Гаалийн татвараас зайлсхийж, гаалийн бүрдүүлэлтгүйгээр хууль бусаар улсын хилээр нүүрс гаргах боломжтой эсэх талаар холбогдох нотлох баримтууд болон хуулийн зохицуулалтад дүн шинжилгээ хийлгүйгээр дүгнэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлохтой холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүх ямар баримтад үндэслэн УИХ-ын гишүүн *******ын хэлсэн мэдээлэл нь үнэн зөв бөгөөд нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

 

Гурав. Шүүх хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасан тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ын тус компанийн нэр хүндэд халдсан мэдэгдлийг буулгасан дүрс бичлэгийг тэмдэглэлийн хамт нотлох баримтаар гарган өгч, шүүхээр үзлэг хийлгэн баталгаажуулсан.

Гэтэл шүүхээс дээрх баримтыг үнэлж, дүгнэхдээ ...УИХ-ын гишүүн ******* нь нээлттэй сонсголыг даргалан явуулахдаа нэхэмжлэгч ******* ХХК, түүний хамаарал бүхий компани, хүмүүстэй холбоотой зарим мэдээллийг хийсэн байх ба ... (шүүхийн шийдвэрийн 8 дах тал, 4.1) гэж хариуцагч уг гүтгэсэн агуулгатай мэдээллийг хэлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн хэр нь ... УИХ-ын гишүүн ******* нь 2024.01.16-ны өдөр УИХ-д танилцуулсан Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтдээ нэхэмжлэгч ******* ХХК-ийн талаар тухайлан дурдагдаагүй байна гэжээ (шүүхийн шийдвэрийн 9 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дах талуудад).

Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагч ******* нь ******* ХХК-г нүүрсний хулгай хийсэн гэмт бүлэглэл, мафийн нэг хэсэг гэсэн мэдэгдлээ амаар хэлсэн боловч энэ талаараа бичгээр гаргасан тайландаа дурдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр төрд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн агуулга бүхий хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

3.2. Мөн шүүхийн шийдвэрийн 10 дах талын 8 дах хэсэгт УИХ-ын гишүүн *******ын ******* ХХК 425,638.5 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан ...Монгол Улсын тээврийн компаниуд гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна.... татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой болсон .... гэж хэлснийг бусад агуулга буюу мэдээллийн хам сэдэвтэй нь холбож харах нь зүйтэй гэж шүүх дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ******* ******* ХХК-г их хэмжээний нүүрс улсын хилээр бүрдүүлэлтгүй гаргасан бөгөөд татвараас зайлсхийх мафийн нэг хэсэг гэж гүтгэж хэлснийг хариуцагчийн хийсэн мэдээлэл нь сонсголын процесс ажиллагааны нэг хэсэг байх ба гутаасан мэдээний шинжид нийцээгүй гэж дүгнэсэн байгаа нь хариуцагчийн үйлдлийг хүчээр зөвтгөсөн гэж үзэхээр байгаа ба хараат бусаар шийдвэр гаргасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Учир нь, УИХ-ын хянан шалгах Түр хороо нь үүссэн асуудлаар нотлох баримт цуглуулж, шинжээчдийн багийн тусламжтайгаар шалгалт хийн, хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэгтэй ба ******* нь Түр хорооны даргын хувьд ...сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, дэг сахиулах чиг үүрэгтэйгээр оролцож байснаас бус хэргийн үйл баримтыг тогтоох, гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг дээдлэх, хууль сахих нийтлэг үүрэгтэй болно.

Гэтэл хариуцагч ******* нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд үргэлжлүүлэн халдаж, шүүхэд нөлөөлөх оролдлого хийсэн болох нь хариу тайлбараа шүүхэд ирүүлэхээсээ өмнө фэйсбүүк хуудастаа нийтэлж, олон нийтийн уур бухимдлаар дамжуулан турхирах оролдлого хийсэн үйлдлээр нь нотлогдож байна.

Дөрөв. Шүүхийн харьяаллын асуудлаар:

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хянан шалгах түр хорооны дүгнэлт, тайлан, илтгэл нь УИХ-д тайлагнах шинжийг агуулсан улс төрийн хяналт учраас шүүхэд хэрэг маргаан үүсгэх шууд үр дагавар үүсгэхгүй гэж, мөн гаргасан хууль, шийдвэрийнхээ биелэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн явдлыг ердийн шүүх хэлэлцэх эсэх асуудал нь Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдэх учиртай гэж, Иргэний хэргийн шүүх нь түр хорооноос хуулийн байгууллагад шилжүүлсэн баримтыг шүүн хэлэлцэж, гэм буруугийн асуудал яригдаагүй байхад шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй гэх зэргээр тус маргааны шүүхийн харьяалалтай маргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс УИХ-аас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, нээлттэй сонсгол хийсэн үйл баримттай маргаагүй бөгөөд гагцхүү тус сонсголын үеэр хуралдааныг даргалан явуулж буй УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд гэх статустай этгээд гүйцэт судлагдаагүй, хууль хяналтын байгууллагаас гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоогоогүй асуудлаар олон нийтэд нэр заан мэдээлэл хийж, хулгайч, мафи гэж цоллон компанийн нэр төрд халдсан асуудлаар нь шүүхэд хандсан болно.

Түүнчлэн ******* ХХК нь дээрх асуудлаар МУ-ын Үндсэн хуулийн цэцэд хандсан бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан эсэх, эсхүл худал мэдээ тараах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь Иргэний хууль, Эрүүгийн хууль, холбогдох процессын хуулиар зохицуулж буй тул уг асуудлыг Цэц харьяалан шийдвэрлэхгүй ...Үндсэн хуулийн шүүх маргаан бүхий актыг бүх шатны ердийн шүүх хянан шийдвэрлэсний дараа хянан шийдвэрлэж болно гэж үздэг ...УИХ-ын гишүүн дүгнэлт болон бусад холбогдох баримтыг нягтлалгүйгээр олон нийтэд тараасны улмаас өргөдөл гаргагч, түүний нөхрийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсаныг холбогдох шүүх тогтоосны дараа тус үйлдэл, эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх боломж бүрдэх юм гэсэн хариуг аваад байгаа болно.

Иймд, шүүхээс хариуцагч *******ын ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан халдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгаанд хамаарахгүй асуудлаар гүтгэн доромжилсон явдлыг хууль зөрчөөгүй, нэр төрд халдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд цаашид ч энэ төрлийн асуудлаар буруу жишиг тогтоосон явдал гэж үзэхээр байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/04288 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******,*******т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 тоот тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог 6 сарын хугацаатай байгуулсан ба тус түр хорооны даргаар *******,******* сонгогджээ. /1.х.х-ийн 112/,

 

Улмаар тус хянан шалгах түр хороо нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нүүрсний сонсгол гэх тодотголтой нээлттэй сонсгол зохион байгуулсан байна.

 

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /2021 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.1-д Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог заавал байгуулна гэж заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7-д тус тус зааснаар Улсын Их Хурал нь хянан шалгах түр хороо байгуулах, хяналтын сонсгол хийх гэх зэрэг замаар хянан шалгах бүрэн эрх хэрэгжүүлнэ.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримтаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан сонсголд хянан шалгах түр хорооны дарга, *******,******* нь

 

...сая н.******* дарга, түүний гэр бүлийн хүн н.Амгалан нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал... гэж,

 

мөн ...******* ХХК нь 425638.5 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна гэж,

түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явагдсан сонсголд ...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон...Жолооч нар нь байсан, компаниуд нь байсан, тэдний хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан... Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой ил болсон гэж тус тус хэлсэн нь ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит мэдээлэл тараасан эсэх талаар зохигчид маргажээ. /1.х.х-ийн 99-104/

 

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд бусдын нэр төрийг гутаах, доромжлох сэдэл санаа агуулсан эсэхээс үл хамаарч, тэрхүү мэдээллийн улмаас нэхэмжлэгчид заавал эдийн болон эдийн бус хохирол учирсан байхыг шаардахгүйгээр тараасан мэдээ бодит байдалд нийцээгүй бол тухайн этгээд няцаах үүрэг хүлээнэ.

 

6. Анхан шатны шүүхийн хянан шалгах түр хорооны дарга, *******,*******ыг 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан түр хорооны зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хянан шалгалт хийх, нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсголд ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6.1. Нийтийн сонсголын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т нийтийн сонсгол /цаашид сонсгол гэх/ гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.

 

Тодруулбал, нийтийн сонсгол нь дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хаалттай явуулахаас бусад тохиолдолд олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахаас өмнө санал сонсох, мэдээлэл авах ажиллагаа бөгөөд зөвхөн нэг талын буюу зохион байгуулж буй этгээдийн мэдээ, мэдээлэл, байр суурийг илэрхийлэхгүй, үүнд иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага гэх зэрэг салбарынхан оролцож өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж болно.

 

Энэ талаар Нийтийн сонсголын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д Сонсголд оролцогч дараах эрх эдэлнэ гэж, 15.1.1-т энэ хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх гэж тус тус заасан.

 

Хэрэгт цугларсан баримтаар 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан нээлттэй сонсголд ******* ХХК-ийн төлөөлөгч нар гэрчээр оролцож, өөрт хамааралтай асуудлаар асуултад хариулж, өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, тус сонсголд зөвхөн нэг талын буюу хянан шалгах түр хорооны мэдээллийг нийтэд түгээгээгүй байна.

 

Иймд, хянан шалгах түр хорооны дарга, *******,*******ыг ******* ХХК-ийн тээвэрлэсэн нүүрсний хэмжээний талаар ашиг сонирхол нь хөндөгдсөн талыг сонсохгүйгээр бодит бус зөрүүтэй мэдээллийг олон нийтэд тараасан гэж шууд дүгнэхгүй.

 

6.2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /2021 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т хараат бус, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах зарчим гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон олон улсын байгууллагаас хараат бус мэдээллийн эх үүсвэрт тулгуурлаж, нягтлан үзсэний үндсэн дээр бодитой, иж бүрэн тооцоо, судалгаа, мэдээлэл, дүгнэлтийг үндэслэн ажиллахыг хэлнэ гэж заажээ.

 

Дээр дурдсанаар Улсын Их Хурал нь хянан шалгах түр хороо байгуулах, хяналтын сонсгол хийх замаар хянан шалгах бүрэн эрх хэрэгжүүлэхдээ ийнхүү хараат бус, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Түр хороо нь тусгай шалгалтын явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох бөгөөд дүгнэлт гаргах хугацааг тухайн шинжээчтэй тохиролцон тогтооно гэж зааснаар шинжээч томилж, томилогдсон шинжээчийг сонсголд оролцуулж, санал дүгнэлтийг нь сонсож, тайлбар авна.

 

Зохигчид 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан нээлттэй сонсголд хянан шалгах түр хорооноос томилогдсон шинжээч нар оролцож, ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээд болон нүүрс тээвэрлэлтийн талаар холбогдох дүгнэлтийг танилцуулсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Үүнээс үзвэл хянан шалгах түр хорооны дарга, *******,******* нь түр хорооны даргын хувьд шинжээчийн судалгаа тайланг танилцуулсан, дамжуулсан байхаас гадна шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байх тул ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргасан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

6.3. ******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тайлбар гаргах, зарим мэдээлэлд залруулга хийлгэх тухай хүсэлт, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шинжээч томилсон шийдвэр болон дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хянан шалгах түр хорооны дарга, *******,*******т өгч байжээ. /1.х.х-ийн 40-42, 44/

 

Тодруулбал, тус компанийн зүгээс 9,644 удаагийн тээвэрлэлтээр 1,131,792.45 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтэй гаргасан байж болзошгүй гэсэн тооцоог Цагаанхад талбайгаас хилийн наана шинээр байгуулсан терминал талбай болон тэрхүү терминал талбайгаас цааш хилийн боомт гэсэн чиглэлд хийгдсэн тээвэр, түүний тоон мэдээллийн нэгтгэл дутуу хийгдсэнээс болж үүссэн гэсэн тайлбарыг өгсөн байна.

 

Мөн нэхэмжлэгчийн тайлбараар Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Нүүрсний сонсголын тайлан зэрэг 15 асуудлыг хянан шийдвэрлэхэд 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан боловч дараа нь тулган шалгахад зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байна гэсэн.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд ...Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар ...2019-2021 онд зэрэгцүүлэлт, харьцуулсан судалгаа хийгээгүй бөгөөд 2022 оны мэдээлэлд зэрэгцүүлэлт хийхээр БНХАУ руу илгээсэн...Аудитын хамарсан хугацаанд 2 улсын гаалийн байгууллагын мэдээ болон хөндлөнгийн эх сурвалжийн мэдээ зөрүүтэй илэрхийлэгдсэн нь статистик мэдээлэлд 2019-2021 онд зэрэгцүүлэлт хийгдээгүй, түүнд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй, статистик мэдээ, тайланг Засгийн газарт хүргүүлж хэлэлцдэггүйтэй холбоотой байна гэжээ.

 

Үүнээс үзвэл талуудын хэн алинд ******* ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн хэмжээний талаар зөрүүтэй тоон мэдээлэл байсан бөгөөд энэ талаар нээлттэй сонсголд танилцуулагдсан байна.

 

Тиймээс хариуцагч нь хянан шалгах түр хорооны даргын хувьд томилогдсон шинжээчийн дүгнэлтэд итгэх эрхтэй учир түүнийг мэдээллийг нягтлах ёстой байсан, мөн нягтлан шалгаагүй байж худал мэдээлэл тараасан гэж буруутгах боломжгүй юм.

 

6.4. Харин 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явагдсан сонсголд хянан шалгах түр хорооны дарга, *******,*******ын хэлсэн ...Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон...Жолооч нар нь байсан, компаниуд нь байсан, тэдний хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан... Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой ил болсон гэсэн үгний хувьд ******* ХХК-ийн нэрийг тухайлан нэрлэж хэлээгүй байх тул манай компанийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн Улсын их хурлын гишүүн ******* нь Монгол улсын их хурлын тухай хууль /2020 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд нийтийн сонсголын үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор цугларсан нотлох баримт, эрх бүхий этгээд болох шинжээчээс танилцуулсан мэдээлэл, оролцсон гэрчүүд нараас авсан тайлбарт үндэслэн өөрийн санал, шүүмж, үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд хэргийг хянахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх процессын ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШТ2024/00256 тоот тогтоолоор хариуцагчийг солихоос өмнө хариуцагч Хууль зүй дотоод хэргийн сайд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэргийн материалтай танилцсан, шүүхээс тэдгээрт эрх, үүргийг тайлбарлан танилцуулснаас гадна хожим итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн байна.

 

Дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд шүүхэд ирэхгүй байгаа оролцогчид хэргийн материал танилцуулах, эрх, үүргийг тайлбарлан өгөх боломжгүй юм.

 

8. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/04288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР