Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/36

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-н А-д холбогдох эрүүгийн 1917000370028 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны 07 дугаар сарын 15-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг,........ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Н-н А /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр дэлгэр” гэх газар байх гэртээ хамтран амьдрагч Б.А-г үсдэх, толгойн ар дагз хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр дэлгэр” гэх газар байх гэртээ хохирогч Б.А-г үсдэх, толгойн ар дагз хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Ө хойд айлын хүүхэдтэй тоглоно гэхээр нь миний хүү ээжээрээ хувцсаа өмсүүлчих гэж хэлсэн. Тэгээд хүүхдийн хувцас өмсгөхдөө уурлаад байхаар нь аятайхан өмсгөөч гэж хэлсэн. Тэгсэн хүүхдээ өчигдрөөс хойш гингэнээд байх юм гээд 2-3 удаа цохихоор нь хүүхэд зодоод гэж маргалдсан. Тэгээд босож ирээд хэрэлдээд өөдөөс дайраад байсан. Ээж гаднаас орж ирээд боль яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд би хүүхдээ авч явсан. Ирээд хойд айлд төв явах унаа ирнэ гэж байна гэсэн. Тэгсэн манай хүн би явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи явж яах гээд байгаа юм бэ, ээж явна гэсэн гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болж маргалдаад өөдөөс дайраад байхаар нь түлхчихсэн. Өөдөөс самардах гээд байхаар нь үснээс нь бариад авсан. Үсийг нь татахад уначихсан юм. Уначихаар нь би ар дагз руу нь 2 удаа өшиглөсөн гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр А-г зодсон асуудлаар цагдаагийн   байгууллагад шалгагдаж байна. Манайх сүмбэр сумын 6-р багийн нутаг “Өвөр дэлгэр” гэх газарт нутагладаг юм. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай 3 настай хүү Өсөхбаяр хойд айлынхаа үеийн хүүхэдтэй очиж тоглоё гэсэн. Би хүүдээ хандаад ээжээрээ хувцсаа өмсүүлчих гэж хэлсэн. Манай эхнэр А хүүгийн хувцсыг өмсүүлж байгаад юунаас болоод уурласан талаар нь мэдэхгүй, хүүдээ хандаад чи гиншээд байх юм муу ёртой гэдэг нь үхэж далд орооч гээд хүүгээ түлхсэн. Манай хүү уйлаад байсан чинь дахиад хөл рүү нь хэдэн удаа гарынхаа алгаар цохиод уйлахаа боль гэхээр нь миний уур хүрээд А-д хандаад чи хүүхэд зодлоо гээд түлхсэн чинь газар шалан дээр унасан. А босож ирээд над руу дайрахаар нь би үснээс барьж аваад доош нь дарсан. Тухайн үед манай ээж гэрийн гадаа хороо цэвэрлэж байсан орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд намайг боль гээд загнасан. Би хүүгээ аваад хойд айлд очоод орхичихоод буцаад гэртээ ирсэн. Манай эхнэр гэртээ хүүхдийнхээ хувцсыг угаагаад сууж байсан. Би хойд айлд Чойр явах унаа ирж байгаа гэнэ ээж явахгүй юм болов уу гээд А-д хэлсэн чинь А би явна гэсэн. Би А-д хандаад чи явж яах гээд байгаа юм бэ, мөнгө төгрөг байхгүй байж гэж хэлсэн. А надад хандаад чи надад мөнгө олж өг би явна гээд байсан. Тэгэхээр нь би А-д хандаад чи малаа яачихаад явах гэж байгаа юм гэсэн. Тэгээд А-тай маргалдаж байтал А уурлаад над руу дайраад ирэхээр нь үснээс нь бариад доош нь дарсан. А миний баруун чихнээс бариад татаад байхаар нь газар унагаагаад толгойн ар дагз хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед 11 цаг болж байсан. Тэгээд чанга чанга дуугараад маргалдаж байтал манай ээж гаднаас юу болоод байгаа юм бэ гээд ороод ирсэн. А чам шиг гуйлгачин надад юу авч өгсөн юм бэ гээд над руу орилоод байсан. Тэгээд А утсаар ээж аавтайгаа намайг ирж ав, эд нар намайг зодоод байна гээд уйлаад яриад байсан. А-н ээж аав нь цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд би гадуур мал ахуйгаа янзлаад байж байтал 2 цаг гарны дараа цагдаагийн хүмүүс ирсэн. Манайх Чойроос 50 километр газарт хөдөө байдаг юм. Тэгээд А бид хоёрыг хоёууланг нь цагдаа дээр авчирсан. А бид хоёрыг муудаж байхад манай ээж Н, манай 3 настай хүү, 1 нас гарантай охин нар байсан, өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутагт байх “Өвөр дэлгэр” гэх газарт гэртээ байж байтал манай том хүү Ө хойд айлдаа очиж тоглоно гэсэн. Манай нөхөр А хувцсыг нь өмсүүлээдэх гэсэн. Тэгээд хүү Ө-хаа хувцсыг нь өмсүүлж байтал гиншээд уйлагнаад байхаар нь би хүүдээ хандаад ээж нь дээлийг нь янзлаад өгье гэсэн чинь үгүй гээд байсан. Тэгэхээр нь би хүүдээ хандаад өчигдрөөс хойш гиншээд байхын, муу ёрын гэдэг нь гай дуудаад, эсвэл чи өөрөө үхэж далд орохгүй гээд баруун хөлийнх нь өвдөг дээр нь гарынхаа алгаар 2 удаа зөөлхөн тоншоод авсан. Тэгтэл А чи хүүхдээ зодлоо гээд уурласан. Тэгэхээр нь би наад хүүхэд чинь өчигдрөөс хойш гиншээд байгаа биздээ гэсэн чинь А-д уурлаж босож ирээд намайг газар түлхээд унагаасан. Би газар уначихаад босоод А-д уурлаад өөдөөс нь дайрсан чинь А-д намайг үсдээд бариад авсан. Тэгтэл манай хадам ээж Н гаднаас орж ирээд А-г боль гээд болиулсан. А-д хүүгээ хойд айлд хүргэж өгнө гээд гараад явсан. А-д хойд айлд хүүгээ хүргэж өгчихөөд ирэхдээ хойд айлд Чойр явах унаа ирнэ гэж байна гэхээр нь би Чойр явна гэсэн. Тэгээд А-той маргалдсан. А намайг үсдээд бариад авсан. Би А хандаад чи ямар овоо юм бэ гэж хэлээд зүүн талынх нь чихнээс бариад татсан чинь А намайг татаж газар унагаагаад мөн 2 удаа толгойны ар дагз хэсэг рүү өшиглөсөн. А-д намайг үсдээд тавихгүй болохоор нь зүүн гарын сарвуу орчимд нь самардсан. Хадам ээж гаднаас орж ирээд А-д хандаад чи айлын хүүхдийн толгой тархи руу битгий цохиод бай гээд болиулсан. Тэгээд нөхөртэйгээ маргалдаж байгаад өөрийнхөө аав ээж рүү болон дүү О руу утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Манай дүү цагдаад мэдэгдсэн байна лээ. Тэгээд нилээн байж байгаад Говьсүмбэр аймгийн цагдаагаас хүмүүс очоод А-д бид хоёрыг Чойр луу авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүргэн А-х Сүмбэр сумын 6 дугаар баг “Өвөр дэлгэр” гэх газарт хөдөө байдаг юм. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай охин Б.А ээж рүүгээ утсаар яриад А намайг зодоод байна гэсэн. Тэгээд манай эхнэр А-г наашаа машинд суулгаад явуулчих гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр өдөртөө дахиад зодлоо гэсэн. Тэгээд охин О руу залгаад цагдаагийн дугаар олоод цагдаа дуудаадах, А А-г зодоод байна гэж хэлсэн. Манай охин О цагдаад дуудлага өгсөн байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Улаанбаатар хотод байдаг юм. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай ээж над руу залгаад А А-г зодоод байна гэнэ. Чи Говьсүмбэр аймгийн Цагдаагийн утсыг олоод залгаад дуудлага өгөөдөх гэж хэлсэн. Би А эгч рүү залгаад ярих гэсэн чинь уйлаад ярихгүй байсан. Тэгээд 102 дугаар луу залгаад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн утасны дугаарыг олоод дуудлага өгсөн. Тэр өдөртөө цагдаа нар очиж А А нарыг Говьсүмбэр аймгийн цагдаа дээр авчирсан байсан. Би Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш шинжээч эмчид үзүүлсэн. А эгч толгой өвдөөд байна гэж тухайн үед хэлж байсан. А ах А эгчийн толгой дагз хэсэг рүү өшиглөсөн гэж байсан. А ах хүүхдээ өмөөрөөд А эгчтэй муудалцсан гэсэн. Би хажууд нь байгаагүй болохоор өөр зүйл сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-н биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай дүгнэлтэд:

- Н.Ариунболдын биед духанд, хамрын угт, баруун чихэнд, баруун гарын бугуйнд, зүүн сарвууны ар талаар зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.А үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, А-той сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хар бор ажил болон мал маллах ажилд сайн. Огцом ууртай, уур нь хурдан гардаг. Хүнд хар буруу санаад байхгүй. Манайхтай хамт байхдаа эхнэр бид хоёрын үгэнд сайн ордог байсан. Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А ахын хувьд түргэн ууртай. Уур нь хурдан гардаг. Цайлган зантай юм шиг санагдсан. Хүнд хар буруу санаад байдаггүй. Ажил хөдөлмөрт сайн. Мал ахуйгаа сайн малладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

2.4. Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/

 

2.6. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Иймд шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ