| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05588/И |
| Дугаар | 210/МА2025/00037 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00037
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. 2024 оны 8 сарын 15-ны шөнө 4 цагийн орчимд хүүхэд минь намайг дээд айлаас ус алдаж байна гэж сэрээсэн. Таазны шохой норж, шалаар ус болж, турба даган ус урсаж байв. Манай таазны замаск ховхорч унан 6 м.кв талбайг замаскдах шаардлагатай болж хохирсон. 100 айл явж үнэ судлахад 1 уут замаск 12,000, 6 м.кв 2 уут орно гэсэн. Түрхэх үнэ нь 200,000 төгрөг, тарган цавуу, зүлгүүр, шпатл гэх мэттэй нийлээд 250,000 төгрөг доод тал нь болохоор байна. Улсын тэмдэгтийн хураамж 8,100 төгрөг төлсөн, нотариатаар батлуулах, зураг угаалгах, унаа утасны гээд олон хохирол учирч байгаа ч засварын 250,000 төгрөгөө нэхэмжилж байна.
1.2. Дээд айл 2024 оны 9 сарын 05-ны өдөр мөн гал тогооны өрөөний бохирын шугам нь бөглөрсний улмаас манай гал тогоо буюу засаж жижиг өрөө болгосон өрөөний дээрээс ус алдаж манай таазны замаск, обойг гэмтээж хохирол учруулсан. Тухайн айл нь уг хоолойг гялгар уутаар ороосон байгаагаас харахад ус алдаж байгааг мэдсээр байж засуулалгүй санаатай ус алдуулж манайхыг 650,000 төгрөгөөр хохироолоо. Иймд нийт 900,000 төгрөгийн хохирлыг маань тухайн айлаар төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Манайхаас ус алдсан зүйл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг ноцтой зөрчин шүүх хурал дээр ямар ч мэтгэлцээн явагдсангүй. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар маш худал зүйлсийг сүүлийн үгэндээ хэлж байхад түүнийг няцаах, тайлбар хэлэх ямар ч боломжийг надад өгөөгүй.
Шүүгч миний нэхэмжлэл бүхий хавтаст материалтай огт танилцаагүйгээр шүүх хуралд орж ирсэн байсан. Шүүх хурал дээр ийм юм байна, тийм юм байна гэж хэлээд хуудсуудыг эргүүлээд үзээд байсан. Нэмэлт нэхэмжлэл гаргаад дахин тэмдэгтийн хураамж төлж нийт 2 тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхад 1-ийг нь л хэлээд байсан зэргээс тодорхой харагдаж байсан. Анх нэхэмжлэл гаргаснаас /2024.08.26/ 82 хоног, нэмэлт нэхэмжлэл гаргаснаас /2024.09.10/ 67 хоног, шүүх хурал 2024.11.15-нд болсон байхад сөхөж ч харалгүйгээр шүүх хуралд орж ирсэнд нь маш их гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1 хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн.
Би 100 айл яваад материал, ажлын хөлсний үнэ судалж, хохирол учирсан өрөөнүүдийн хэмжээг метрлэн, схем зургийг зурж, метрлэсэн хэмжээнүүдээ тавьж, дэлгэрэнгүй бодолтоо бичиж /хамгийн хямд 1 боодол нь 18,000 төгрөгийн обой, уут нь 12,000 төгрөгийн замаскаар бодсон/ өөрт учирсан хохирлоо нотолсон. Нэгдүгээрт одоо засварын улирал биш, хоёрт би мөнгөө авч байж засвараа хийнэ гэдгээ шүүх хурал дээр хэлсэн. Засвар хийгээд падаан хавсаргадаг, эсвэл шинжээч томилуулж чадсанд нь буюу мөнгөтэйд, нь үйлчилдэг хууль биш биз дээ энэ хууль чинь. Өөрийнхөө боломжоор л нотолно шүү дээ. Миний нотолсон байдал таалагдахгүй байгаа бол мөнгөө төлөөд, шинжээчээ томилуулах бүрэн эрх нь хариуцагчид байсаар, байтал шүүгч өмнөөс нь миний нотолгоог үндэслэлгүй гэж тооцож өгсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрт: Техникийн комиссын тодорхойлолт *******ийн нэр дээр гарсан байхад ******* намайг өргөдөл гаргасан. Өмчлөх эрхтэйгээ нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй хэмээн буруутгасан. Би 34-47 тоотын /*******, *******/ өмчлөгч нь мөн бөгөөд шүүх нь Монгол улсын Засгийн газрын 2024.05.15-ны өдрийн Цахим шилжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 215-р тогтоолыг зөрчин төр өөрт байгаа мэдээллийг надаас шаардах эрхгүй ба энэ буруутгалаа бүр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийнхээ нэг болгосон нь илт хууль бус явдал юм. Намайг өмчлөгч нь мөн гэдгийг мэдэж байж л анх нэхэмжлэл гаргахад хүлээж авсан биз дээ?, мэдэж байж л шүүх хурал хийсэн биз дээ?, тэгснээ гэнэт шүүхийн шийдвэрт ийм юм бичээд эрүүл ухаантай хүн ажиллаж байна уу? 34-47 тоотын өмчлөгч 4 хүн байдаг ба өрхийн тэргүүнээр ОСНААУГ-н харьяа ХҮТ-д бүртгэлтэй байдаг тул тухайн тодорхойлолт *******ийн нэрээр гарсан.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хууль дээдлэх ёс, шударга ёсонд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3.1 Хэрэгт цугларсан баримтаар 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч З.Соёбын өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоот хаягт байрлах орон сууцнаас ус алдаж, нэхэмжлэгч *******ын өмчлөлийн тус байрны 47 тоот хаягт байрлах орон сууцанд хохирол учирсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчид үйлчлэх төвийн техникийн комиссын тодорхойлолтоор тогтоогдсон. /х.х-ийн 4, 11/
Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч *******ос өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Талуудын хэн аль нь өөрсдийн орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх боловч энэ талаар маргаагүй байна.
3.2 Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний өмчлөлийн орон сууцнаас ус алдаагүй гэж маргасан боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд тус тус зааснаар баримтаар нотлоогүй, түүний өмчлөлий орон сууцнаас ус алдсан талаарх Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчид үйлчлэх төвийн техникийн комиссын тодорхойлолтыг няцаагаагүй байна.
Тодруулбал, хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д тус тус зааснаар өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх үүрэгтэй.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар хариуцагч *******ыг гэм буруугүй гэж үзэхгүй.
3.3 Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцанд ус алдсаны улмаас 900,000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, хавтаст хэргийн 5, 12 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн өөрийн хийсэн тооцооллыг үндэслэсэн нотлох баримтгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөрт учирсон бодит хохирлоо баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж, 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож нэхэмжлэлээ тайлбарласан, шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгчид хариуцагчаас асуух асуулт байна уу гэх асуултад байхгүй гэж хариулсан, мөн нэмэлт тайлбар гаргасан зэргээс үзвэл шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна. /х.х-ийн 31-33/
5. Мөн нэхэмжлэгчийн ...техникийн комиссын тодорхойлолтод *******ийн нэр дээр гарсан байхад ******* намайг өргөдөл гаргасан, өмчлөх эрхтэйгээ нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх төрийн мэдээлэлд байгаа баримтыг өөрөө авах боломжтой байсан гэсэн гомдлыг хүлээн авахгүй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд өөрсдөө бүрдүүлэх боломжгүй тохиолдолд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн шүүх бүрдүүлнэ.
Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүх эрх тэгш субъектуудын хооронд үүссэн хэрэг маргааныг хараат бус буюу хөндлөнгийн байр сууринаас хянан шийдвэрлэх тул өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй. Тиймээс нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны өмчлөгч гэдгээ нотлох ёстой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
6. Түүнчлэн дээр дурдсан хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 ...хоногийн дотор шийдвэрлэнэ гэж, 71.2-т Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан.
Тухайн нэхэмжлэлд анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/16671 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ЗТ2024/01575 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж, улмаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдэрлэжээ. /х.х-ийн 7, 26-27, 34-36/
Тодруулбал, анхан шатны шүүх тухайн маргааныг хуульд заасан хугацаа буюу /60+30/ 90 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариуцагч, түүний өмгөөлөгч нар маш худал зүйлсийг сүүлийн үгэндээ хэлж байхад надад үүнийг няцаах, тайлбар хэлэх ямар ч боломж өгөөгүй гэх гомдлыг тус тус хүлээн авахгүй.
7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР