| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0035/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Өлзий-Орших, Б.Гэршихбөртэ,
шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжав нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, А.Ц нарт холбогдох эрүүгийн 1817001720017 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, сургуулийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Б, /РД:............../
Монгол улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эх хүүхдийн үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасагт хүүхдийн мэс засалч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10-р хороолол, 7 дугаар хорооны ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, А.Ц /РД:........../,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нэбу” ХХК-ны ШТС-ын хажуугийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамд өөрийн өмчлөлийн 02-29 УБД улсын дугаартай “Lexus 470” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2004 оны Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нэбу” ХХК-ны ШТС-ын хажуугийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамд Т.М-ын өмчлөлийн 30-08 УНЧ улсын дугаартай “Toyota succeed” маркийн тэврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2004 оны Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Ц.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Нэбу ХХК-ны ШТС-ын хажуугийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамд өөрийн өмчлөлийн 02-29 УБД улсын дугаартай “Lexus 470” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2004 оны Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Нэбу ХХК-ны ШТС-ын хажуугийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамд Т.М-ын өмчлөлийн 30-08 УНЧ улсын дугаартай “Toyota succeed” маркийн тэврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2004 оны Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Ц.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг тээврийн хэрэгсэл 100 метрийн зайтай явж байсан. Түүнийг гаргаад дахин харахад хойд ард 200-300 метрийн зайтай нэг машин ирж байгаа нь харагдсан. Тэгэхэд нь би замд нийлж хөдөлгөөнд ороод явж байсан. Би хөдөө орон нутагт болон төвд олон жил автомашин барьж байгаа. Тухайн үед ирж байсан тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд харахад нөгөө машин нь хол зайтай харагдаж байсан. Тиймээс би амжиж ороод замд нийлсэн байсан.Төв зам руу ороод 15-20 метр явсан.Прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 60-80 км цагийн хурдтай явж байсан.Үзэгдэх байдал нь цаад талдаа хонхор наад талдаа тэгш тал байсан. Мөн тухайн ШТС-аас машин хөдлөөд буцаад зогсож байсан. Тэгэхэд нь би зогссон байна гэж бодсон. 200 орчим метрийн цаанаас харсан. Тухайн автомашин яг хөдлөөд тормосс гишгэж зогсолт хийсэн. Тэгэхэд нь би зогсчихсон байх гэж бодсон. Урдуур машин орж ирэхэд би тойрч гарсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Согтуурал шалгаад 0,6 гарахад би уг тоон үзүүлэлтийг гайхсан. Би эмнэлэгт очиж мэс заслын тосон түрхлэг түрхсэн байсан. Тэр нөлөөлсөн байх. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрөө эмнэлгийн хүн мөн 2 хүний биед гэмтэл учирсан тул прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “А.Ц нь миний нөхөр бөгөөд бид хоёр 1988 онд гэрлэлтээ батлуулсан. Би 2018 оны 07 сарын 27-ны өдөр Улаанбааатр хотоос Дорноговь аймаг орох гээд 12 цагийн үед миний нэр дээр байдаг 02-29 УБД улсын дугаартай Lexus 470 маркын машинтай хөдөлсөн. Машиныг манай нөхөр Ц жолоодоод хажуу суудал дээр нь би, арын суудал дээр Ц, А, Д нар сууж явсан. Бид нар Дорноговь аймаг орж наадам үзэхээр явж байсан. Тэгээд 16 цагийн үед Баянтал сумын харалдаа засмал замын баруун талд байдаг колонк өнгөрөх гээд явж байтал колонкоос төв замруу бид нарын зүүн гар талд саарал өнгийн жижиг тэрэг урдуур зам тавьж өгөхгүй ороод ирсэн. Тэгэхэд манай нөхөр Ц уг машины баруун талаар тойроод замын хөвөө хэсгээр давхиад уг машины баруун талаар нь гүйцэж түрүүлээд замруугаа орж чадалгүй хөндлөн давхиад засмал замынхаа зүүн хэсэгрүү гарч онхолдсон. Манай машин 1 бүтэн хөрвөөгөөд яг дугуйн дээрээ боссон байсан. Бид нарт зам тавьж өгөөгүй орж ирсэн. Саарал өнгийн жижиг тэрэг засмал замдаа урд чиглэлийн урсгалдаа орчихсон байсан. Тэгээд манай нөхөр машинаас буугаад хүмүүсийг машинаас гаргасан. Тухайн үед манай нөхөр 90-100км цагийн хурдтай явж байсан. Жолооч болон зорчигч нар согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй болсон…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-32 хуудас/
Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 27-ны өдөр би Дорноговь аймаг руу 12 цагийн үед өөрийн дүү Ц, түүний эхнэр М, төрсөн ах А, түүний эхнэр Д нарын хамт Ц-ын машинтай явсан. Машиныг Ц жолоодоод, түүний эхнэр М урд суугаад арын суудалд би дүү нарынхаа хамт суугаад явсан. Тэгээд бид нар Налайхын замд зогсоод хуушуур идээд хөдөлсөн. Тэгээд би машинд ороод унтаад өгсөн байсан. Тэгээд юу болсон талаар огт мэдээгүй нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. 2 хоногийн дараа ухаан орсон байсан. Осолд орсноо ч мэдээгүй. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-37 хуудас/
Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 12 цаг өнгөрч байхад Дорноговь аймаг орохоор нөхөр А-ийн ах Ц, түүний эхнэр М, нөхрийн дүү Д нарын хамт Ц-ын машинтай хөдөлсөн. Ц машинаа жолоодоод хажууд нь түүний эхнэр М суугаад арын суудалд бид 3 суугаад явсан. Тэгээд Баянтал сумын ойролцоо замаар явж байхад миний сууж явсан машины зүүн гар талаас саарал юм шиг өнгөтэй жижиг тэрэг ороод ирсэн. Тэгэхэд тэр машины буруу талаар нь тойрч гараад замынхаа зүүн гар тал руу машин онхолдсон. Тэгээд цаашаа юу болсныг би санахгүй байна. Машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг би хараагүй. Миний биеийн байдал одоо гайгүй болсон. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 27-ны өдөр Улаанбаатараас Дорноговь аймаг орохоор 02-29 УБД улсын дугаартай lexus 470 маркын машинд зорчиж яваад осолд орсон. Машинд М, Д, Ц бид хэд зорчиж явсан. Баянтал сумын ойролцоо засмал замаар явж байхад 16 цагийн үед замынхаа зүүн гар талаас мөнгөлөг саарал өнгийн дээрээ ачаатай Пробокс маркын машин орж ирээд урд чиглэлийн урсгалд бидний урдуур орсон. Тэгэхэд Ц түүнийг мөргөхгүй гэсэндээ баруун гар талаар нь тойроод засмал замын хөвөө хэсгээр гараад эргээд замруу орж чадалгүй зүүн тал руу онхолдсон. Машин нь бүтэн хөрвөөгөөд яг дугуйн дээрээ буусан. Тухайн үед манай машин 50 км цагийн хурдтай явж байсан. Би миллийг нь хараад явж байсан. Онхолдсоноос хойш юу болсныг би мэдэхгүй байна. Жолооч зорчигч нар эрүүл байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Би хувиараа хөөсөн чихэр зардаг бөгөөд Дорноговь аймгийн баяр наадмаар хөөсөн чихэр зарах санаатай 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймагруу явсан. Манай нөхөр Мөнхбаатар завгүй болохоор нь хотод үлдээгээд би найз Б-оор өөрийнхөө 32-08 УНЧ улсын дугаартай Toyota succeed маркын суудлын автомашиныг жолоодуулан явсан. Автомашинд Б бид хоёроос өөр хүн яваагүй. Тэгээд замдаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харалдаа замын хажууд байх шатахуун түгээх станц дээр зогсоод бензин авсан. Тэгээд төв засмал замд ороод нилээн явж байхад миний харснаар бид 2-н автомашины баруун гар талаар нэг автомашин орж ирж байгаа харагдсан. Манай автомашин угаасаа зөөлхөн явж байсан бөгөөд хажуугаар орж ирсэн машин урдуур дарж орж ирээд зам хөндлөн гараад нилээн хэдэн удаа бөмбөрөөд осолдсон. Тэгээд Балдорж машинаа замын баруун талруу шахаж зогссон. Осолд орсон машины араас өөрсдийнх нь хүмүүс өөр машинтай хүрээд ирсэн. Дараа нь манай жолооч Балдорж тэр машин руу очиход тэр машины хүмүүс Б-ийг чи яаж явсан юм бэ гээд байсан. Тэгсэн араас ирсэн танихгүй хоёр ч машины жолооч нар осол гаргасан жолоочийг чи түрүү асар хурдтай дайрчих гээд машин гүйцэж түрүүлсэн, чи хүний амь нас авч явж байж ингэж хурдтай явж болохгүй ш дээ гээд загинаж байсан. Бид нарын машинтай мөргөлдөөгүй учраас бид нарт санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57-58 хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ 2018 оны 07 сарын 27-ны өдөр би Баянтал сумын ШТС-д түгээгчийн ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэр өдөр 16 цагийн үед Пробокс маркын саарал өнгийн жижиг тэрэг ирж манай колонкоос бензин авсан. Түүнд бензин өгчихөөд эргээд өрөөндөө орж ирээд цонхоор харахад гадаа хуй салхи болж байгаа юм шиг шороо манарсан байдалтай байхаар нь би хүчтэй хуй салхи болж байна гэж бодоод байж байтал дотор нь тас хар зүйл данхагнаад хөдлөөд байсан тэгэхээр нь сайн хараад байж байтал дотор нь хар өнгийн машин онхолдоод 4 дугуйн дээрээ копуд нь сөхөгдөөд зогсч байгаа харагдсан. Би өрөөндөө байсан болохоор ямар нэгэн чимээ бол сонсогдоогүй. Тэгээд би эмнэлэг цагдаад дуудлага өгөхөд мэдээлэл авчихсан гэж байсан. Сумын эмнэлэгт би хэлж мэдэгдсэн. Осол болсон газар дээр би очоогүй....” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61 хуудас/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт наадам болно гээд манай эхнэр А наадам үзнэ гээд миний эзэмшлийн 32-08 УНЧ улсын дугаартай Toyota succeed маркын машинтай манай найз Балдоржоор машинаа унуулаад 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу явсан. Манай эхнэр машинаа унадаг тэр үед бага насны хүүхэдтэй байсан болохоор Балдоржоор бариулж явсан юм. Энэ хоёртой манай 1 настай бага хүү хамт явж байсан юм. Өөр хүн яваагүй. Би өөрөө ажилтай байсан болохоор зав болохгүй явж чадаагүй юм. Тэгээд тэр өдөр хэдэн цагийг нь сайн санахгүй байна манай эхнэр надруу яриад замд явж байхад урд нэг машин онхолдоод бид нар туслах гээд зогсож байна гэж хэлсэн. Ослын талаар хамт яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний машинд учирсан ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, мөргөлдсөн шүргэлцсэн зүйл байгаагүй. Тухайн машиныг би 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод танихгүй хүнд зарчихсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ Би 2011 оноос одоог хүртэл Ц эмчтэй хамт ажиллаж байна. Ц эмчийг эмч болсноосоо хойш буюу 2004 оноос хойш таньдаг болсон. Хувийн зан байдлын хувьд хүнд тусархуу, ахмад хүний хувьд залуу эмч нар бидний нөмөр нөөлөг болсон, хүнд ажилтай байх үед тусалж дэмжиж заавар зөвөлгөө өгдөг, хүн чанартай, өвчтөний төлөө хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй. Ажлынхаа төлөө бүх юмаа зориулж чаддаг. Хамт олондоо үлгэр жишээ болсон эмч хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 63 хуудас/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “А.Ц эмчтэй 2000 оноос одоог хүртэл хамт ажиллаж байна. Мөн АУИСургуулийг хамт суралцаж төгссөн. Хувийн зан байдлын хувьд хамт олонтой, нөхөрсөг харьцаатай, хамт олны дунд гарсан асуудлыг түргэн шуурхай ямар нэгэн асуудалгүйгээр хурдан шийдэж өгдөг. Хүн чанартай хамт олны дунд нэр хүнд сайтай хүн юм. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд сайн ажилладаг, эмнэлгийн ажилтан болон өвчтөн хооронд зөрчил маргаан гарсан тохиолдолд ямар нэгэн зөрчилгүйгээр түргэн шуурхай шийдэж өгдөг.Оношилгоо эмчилгээнд маш их тусалдаг. Манай эмнэлгийн тэргүүний ажилтан юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64 хуудас/
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Д.Б нь 2009 онд манай хүргэн болж байсан түүнээс хойш манай хашаанд 8 жил амьдраад ноднин нүүсэн. Хувийн зан байдлын хувьд даруухан их дуу цөөнтэй, тусч нөхөрсөг зантай, дүү нараа хүндэлж харьцдаг, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. Энэ хүний таксины мөнгөөр нь гэр бүл нь амьдарч байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 65 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9596 дугаар дүгнэлтэнд:
- Ц.М-ийн биед сээрний 9, 10-р нугалмын их биеийн шахагдсан битүү хугарал, баруун тавхайн 5-р хурууны ясны битүү хугарал, баруун шагайн үе, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шагайнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, тохой, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд сээрний 9, 10-р нугалмын их биеийн шахагдсан битүү хугарал, баруун тавхайн 5-р хурууны өлмий ясны битүү хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэжээ. /х.х-ийн 67 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9597 дугаар дүгнэлтэнд:
- А.Ц-ын биед хүзүүний 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархины баруун зулай,дагз хэсгийн цус хуралт, баруун дээд 4-р шүдний сэлтэрсэн хугарал, баруун өвдөг шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд хүзүүний 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар тархины баруун зулай, дагз хэсгийн цус хуралт нь 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ч.Э гэжээ. /х.х-ийн 70 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9598 дугаар дүгнэлтэнд:
- Д.Д-ийн биед хүзүүний 2-р нугалмын хугарал, зүүн дунд чөмөгний битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд хүзүүний 2-р нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн дунд чөмөгний битүү хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэжээ. /х.х-ийн 73 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9592 дугаар дүгнэлтэнд:
- А.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ч.Э гэжээ. /х.х-ийн 76 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9591 дугаар дүгнэлтэнд:
- А.Ц-ын биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ч.Э гэжээ. /х.х-ийн 79 хуудас/
Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэнд:
- А Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цаг, суурин газрын гаднах замд 80 км цаг, тууш замд 100 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. А.Ц-ын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өөрийн өгсөн мэдүүлэг болон дүрс бичлэгт тусгагдсан байна.
- 3208 УНЧ улсын дугаартай Т.succeed маркын тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
- А.Ц нь замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.., 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цаг, суурин газрын гаднах замд 80 км цаг, тууш замд 100 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг осол гарсан гэх үндэслэлтэй байна.
Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Р.О гэжээ.
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч эмч Ч.Э-оос авсан мэдүүлэгт: “Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгч цагдаагийн дэслэгч Н.Д-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ГССҮТ-ийн Хүзүү, нуруу нугасны гэмтлийн тасгийн 10-р өрөөнд очиж 51 настай эмэгтэй Н.М-ийн биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг хийж дүгнэлт гаргасан. Мөн ГССҮТ-ийн ХННГТ-ийн 09501 дугаартай өвчний түүхтэй танилцан дүгнэлтээ гаргасан. Уг өвчний түүхэнд сээрний 9, 10-р нугалмын их биеийн шахагдсан битүү хугарал, баруун тавхайн 5-р хурууны өлмий ясны битүү хугарал нь оношлогдсон байсан. Мөн тус өдөр ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн 11-р өрөөнд 59 настай эмэгтэй А.Ц-ын биед үзлэг хийж, мөн ГССҮТ-ийн ГТГТ-ийн 09502 дугаартай өвчний түүхтэй танилцан 9597 дугаартай дүгнэлт гаргасан. А.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Тархины баруун зулай, дагз хэсгийн цус хуралт нь жижиг хэмжээтэй байх тул мэс засал эмчилгээ шаардлагагүй, шимэгдүүлэх эмийн эмчилгээ хийнэ.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 88-89/
Нэмэлт шинжилгээ хийсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 641 дугаартай дүгнэлтэнд:
“Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан учир Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Р.О-ын гаргасан ¹12 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй юм.
- Lexus-470 маркын 02-29 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Toyota succeed маркын 32-08 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7.7 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Гарц”-ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир, “Зам тавьж өгөх”-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл,
-Уг зам тээврийн осол нь Lexus-470 маркын 02-29 УБД дугаартай автомашиныг жолоодож явсан А.Ц, Toyota succeed маркын 32-08 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б нарын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдлээс болж гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дүгнэлт гаргасан Цагдаагийн хошууч Б.Э, цагдаагийн ахмад Х.О, цагдаагийн ахмад Б.А гэсэн дүгнэлт /хх-ийн 92-93/
Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүрэлдхүүнтэй шинжээчийн 760 дугаартай дүгнэлтэнд:
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан учир Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Р.О-ын гаргасан ¹12 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй юм.
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан учир Улаанбаатар хотын цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Б.Э, цагдаагийн ахмад Х.О цагдаагийн ахмад Б.А нарын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй байна.
-02-29 УБД улсын дугаартай нь Lexus-470 маркын тээврийн хэрэгслийн жолооч А.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 02-29 УБД улсын дугаартай Lexus-470 маркын тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн үндэслэлгүй байна.
- 02-29 УБД улсын дугаартай Lexus-470 маркын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
-32-08 УНЧ улсын дугаартай Toyota succeed маркын тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Гарц”-ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир, “Зам тавьж өгөх”-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл,
- Уг зам тээврийн осол нь 02-29 УБД улсын дугаартай Lexus-470 маркын тээврийн хэрэгслийн жолооч А.Ц, 32-08 УНЧ улсын дугаартай Toyota succeed маркын тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн үйлдлээс болж гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан цагдаагийн ахмад Н.Ганбаатар, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар, цагдаагийн хошууч В.Б, цагдаагийн ахмад Л.Г, цагдаагийн хошууч Б.Б гэжээ. /хх-ийн 101-102/
Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 110-111/
02-29 УБД улсын дугаартай Lexus-470 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 32-08 УНЧ улсын дугаартай Toyota succeed маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 139, 142/
Шүүгдэгч нар нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-164/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1817001720017 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан. Хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нар нь авто тааврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруутай байна.
Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Энэ хэрэгт хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Б-ийн 789962, А.Ц-ын 234496 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Ц-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Ц-т хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, А.Ц нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б, А.Цэнджав нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт бичиг үгүй хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэснийг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн 789962 дугаартай жолооны үнэмлэх, А.Ц-ын 234496 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Д.Б, А.Ц нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, А.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ