Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,369,561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч ******* нь манай компанитай 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №01000504997 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/ ******* зам гудамж, ******* тоот хаягт байрлах, 46.30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* дүүрэг, 34 хороо, ******* /*******/ ******* зам гудамж, ******* тоот хаягт байрлах 63 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус тавьж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 36 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 40,369,561 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч ******* нь хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,669,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 341,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *******ад холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.10.18-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрийг сонсгон танилцуулах үедээ дурдсан боловч шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах үедээ шийдвэрт энэ талаар тусгаагүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч дээрхи 2024.10.18-ны өдрийн 183/ШШ2024/04176 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээийн үүрэгт 40,369,561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. ******* ББСБ ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгохоор тохирсон ба хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. /х.х-ийн 8, 9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

 

Зохигчид анхан шатны шүүх хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 36,669,561 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт талууд гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

4. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргээс гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/10559 тоот захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 40,369,561 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж иргэний хэрэг үүсгэсэн атлаа барьцаатай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.1. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах хөрөнгөөр хангахаар ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/ ******* зам гудамж, байр, 35 тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, 46.3 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, мөн хаягт байрлах 37 тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан. /х.х-ийн 10-11/

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан.

 

Нэгэнт зохигч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан, барьцаа гэрээ хүчин төгөлдөр учир мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04176 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/ ******* зам гудамж, байр, 35 тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, 46.3 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, мөн ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/ ******* зам гудамж, байр, 35 тоот хаягт байрлах, тоот улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...359,798 гэснийг 429,998 гэж, ...341,298 гэснийг 411,498 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.МАНДАЛБАЯР