| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/03496/И |
| Дугаар | 210/МА2025/00064 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00064
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/04671 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 53,510,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, хариуцагч *******тай 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг гэрээгээр зээлийн хүүнд ******* УНН улсын дугаартай автомашиныг авахаар тохиролцсон юм. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч тал үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийг төлсөн ба зээлийн хүүнд дээрх ******* УНН улсын дугаартай автомашиныг тооцон надад шилжүүлж өгсөн.
Гэтэл зээлдэгч нь үндсэн зээл болох 43,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ миний бие хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 673,500 төгрөгийг нэмж зээлсэн байсныг үндсэн зээлд оруулан тооцож, үндсэн зээлийн хэмжээг 43,673,500 төгрөг, мөн 10 сарын хугацаатай сарын 5 хувийн хүү төлнө гэсэн ба урьдын адил зээлийн хүүнд ******* УНГ Приус 41 маркийн автомашиныг авахаар болсон юм.
Хариуцагч нь зээлийн хүүнд өгөхөөр тохиролцсон ******* УНГ машиныг надад шилжүүлж өгсөн хэдий ч үндсэн зээлээс 3 удаагийн төлөлтөөр 8,000,000 төгрөг төлсөн байна. Одоо зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээлд 35,673,500 төгрөг болон гэрээний 2.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам алдангийг шаардаж байгаа бөгөөд зээлийн гэрээний хүүг автомашинаар тооцон авсан тул хүү нэхэмжлэхгүй.
Алдангийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусаж байгаа болно. Ингээд төлбөл зохих үндсэн зээлээс тооцоход нэг өдрийн алданги 178,367 төгрөг, үүнийг хугацаа хэтэрсэн 4 сар 25 хоногоор тооцвол нийт 22,295,875 төгрөг болж байна. Иймд, хариуцагчаас үндсэн зээл 35,673,500 төгрөг, алданги 17,836,750 төгрөг, нийт 53,510,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******аас 50,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс 7,000,000 төгрөгийг бэлэн өгөөд ******* УНН улсын дугаартай автомашиныг зээлийн хүүнд тооцож өгсөн ба 43,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс цар тахал хөл, хорио гээд өгч чадаагүй явсаар 8,000,000 төгрөгийг төлсөн.
******* өөрийн биеэр надтай уулзаж та надад өөрийн нэр дээр машин аваад өг, ББСБ төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуулаад явна гэхэд нь ******* УНГ приус маркын автомашины урьдчилгааг тэрээр өөрөө гаргаад үндсэн зээл болон хүү бүгд 33,064,860 төгрөг төлж, нэр дээр нь шилжүүлж өгөөд нэмээд 2,500,000 төгрөг, 500,000 төгрөг бэлэн өгсөн ба нийлээд 43,864,860 төгрөг өгсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 53,510,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч *******аас 425,501 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/04671 дугаартай шийдвэр нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Монгол Улсын Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.6, 18.7, 30 дугаар зүйлийн 30.1-т тус тус заасныг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
*******ын хувьд 2021 онд зээлийн гэрээ байгуулсан ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдсан тул уг үйл баримт хамаарахгүй. Мөн барьцаат зээл гэж байхгүй. Байнга ашиг олох зорилго байхгүй ба ******* нэг удаа мөнгө зээлсэн. Хариуцагч тал үндсэн зээлээ төлж чадахгүй байсан учраас хоёр тал харилцан тохиролцоод хүсэл зорилгоо илэрхийлээд явсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,510,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийн хүүнд аралын, гэрчилгээний, ******* УНН улсын дугаартай, хар өнгийн тоёотай приус маркийн тээврийн хэрэгслийг өгөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон /хх.12/,
3.2. Мөн талууд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг 43,000,000 төгрөг болохыг зөвшөөрч, зээлдэгч нь үүнийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх /хх.11/,
3.3. Үүний дараа зохигч нар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн гэрээний үлдэгдэл 43,000,000 төгрөг дээр 673,500 төгрөгийг нэмж өгч, зээлдэгч тал 43,673,500 төгрөгийг 6 сарын хугацаанд буцаан төлөх, зээлийн хүүг автомашинаар тооцож, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх /хх.14/,
3.4. Улмаар талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг дүгнэж, зээлийн хүүнд аралын, гэрчилгээний, ******* УНН улсын дугаартай, хар өнгийн тоёотай приус маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцож зээлдүүлэгчид өгсөн, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг тээврийн хэрэгслээр тохиролцож, ******* УНГ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 11,872,000 төгрөгийг урьдчилгааг зээлдүүлэгч төлж, үлдэгдэл 22,800,000 төгрөгийг зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлэх замаар төлж уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцож, тухайн өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 43,673,500 төгрөгийг 10 сарын хугацаанд, сарын 4 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ /хх.15/
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан баримт болон зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 673,500 төгрөгийг *******т өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна. /хх.5, 7/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч ******* нь 50,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөг, мөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд ******* УНН улсын дугаартай, хар өнгийн тоёотай приус маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр тооцож зээлдүүлэгч *******д төлсөн, түүнчлэн нэмж авсан 673,500 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 43,673,500 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 35,673,500 төгрөг үлдсэн талаар маргаангүй.
6. Харин зохигч нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 6 сарын хугацааны зээлийг хүүг тээврийн хэрэгслээр тооцож өгөхөөр тохирсон байх боловч энэхүү тохиролцоо нь зээлдүүлэгч *******ын худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр 22,800,000 төгрөгийг зээлдэгч ******* нь зээлийн хүүнд тооцож түүнд төлнө гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Тодруулбал, дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлдүүлэгч ******* нь ******* УНГ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг авахад урьдчилгаанд 11,872,000 төгрөгийг төлөх, зээлдэгч ******* нь үлдэх 22,800,000 төгрөгийг ББСБ-аас зээлж төлөх замаар дээрх автомашиныг зээлдүүлэгчид өгөхөөр тохирсон нь тухайн 22,800,000 төгрөгийг тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иймд, хариуцагчийн нэхэмжлэгчийн авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт төлсөн 22,800,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 35,673,500 төгрөгөөс хасаад 12,873,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
7. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
Тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд зааснаар зээлийг буцаан төлөх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 178 хоногийн алданги 11,457,415 /12,873,500х0.5%х178 хоног/ төгрөг болж байх тул дээр дурдсан хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг багасгаж 6,436,750 төгрөгөөр тогтооно.
Иймээс хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 12,873,500 төгрөг, алданги 6,436,750 төгрөг, нийт 19,310,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулна.
8. Зохигч нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, талуудын хороонд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө үүссэн байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй учир энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/04671 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 19,310,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...*******аас 425,501 гэснийг 254,501 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР