Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0513 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С гаргасан давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Б.Ц 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмалын хайгуулын ..... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0513 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын ......... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Харин 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ....... гектар талбай хуулиар хориглосон талбайтай давхцаагүй болохыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, нуурын гадаргуу дээр ургасан давс, мөсөн шүүг хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ашиглах боломжтойг зөвлөснөөс хойш 2018 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгээгүй, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэж тайлан хүлээлгэн өгөөгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн баримт өгөөгүй”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй” гэх үндэслэлээр “Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ....... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг буруутгахааргүй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасанд нийцсэн байна” гэжээ.

Гэтэл бид 2018 онд хайгуулын ажил хийх ямар ч боломжгүй, “хайгуулын ажил хийгээгүй юм чинь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй” гэж үзсэн.

Давс, шүүг зөвхөн өвлийн улиралд нуурын ус бүрэн хөлдсөний дараа олборлодог. Монгол орны өвлийн улирал дэлхийн дулааралтай холбоотойгоор харьцангуй дулаарсан. Тиймээс нуурын ус өвлийн дунд сар хүртэл бүрэн хөлдөхөө больсон.

Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа 2019 онд геологи хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нар баталсан. 2019 оны ажлын төлөвлөгөөг 2018 онд буюу урд онд нь батлуулж байж дараа жилийн ажил явдаг.

Жишээ нь Монгол Улсын төсвийг ч гэсэн урд онд нь баталдаг. Компани, аж ахуй нэгжүүд мөн ялгаагүй тэр зарчмаар явдаг. 2018 онд ажил хийх байсан бол 2017 онд ажлаа батлуулах ёстой. Хайгуул хийсний дараа нөхөн сэргээлтийн ажил яригдах ёстой.

Тэгээд ч хайгуулын ажлын үед манай компани байгаль орчинд хор хохирол учруулахаар нөхцөл байдал хэзээ ч гаргаж байгаагүй, сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагчийн албан бичиг ч үүнийг нотолно. Олон жил хайгуулын зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил болгон төлж байсан манай компанийн тусгай зөвшөөрлийг эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу цуглуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Ашигт малтмалын хайгуулын ....... тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ анх ........ гектар байснаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтайн улмаас давхцал бүхий талбайг буцаан өгч, тухайлбал хамгийн сүүлд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр ......... гектар талбайг буцаан өгснийг бүртгэн, ......... гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн байхад нэхэмжлэгчээс анхны буюу ....... гектар талбайн хэмжээгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалтын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 дүгээр албан бичгээр дээрх ......... гектар талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцаагүй болохыг тодорхойлсоны сацуу тус талбайд тогтоогдсон давс, мөсөн шүүний нөөц нь нуурын толин гадаргуу дээр байгаа тул зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатайг мэдэгдсэн, гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хариуцагчийн бичгийн тайлбараас үзэхэд үлдсэн буюу дээрх талбай бүхэлдээ “Б” нууртай давхцалтай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь 1-р хавтаст хэргийн 60, 66 дугаар талд авагдсан зурган мэдээллээр тогтоогджээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.О 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “…нууран дээр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй…” гэж хариулсан атлаа “нуурын хэсгийг хориглосон, хязгаарласан бүсийн талбайд хамаарна” гэх байдлаар тодорхой бус мэдүүлэг өгсөн;

Гэтэл Усны тухай хуулийн /2004 оны/ 3.1.3-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг;

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Усны тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг ойлгохоор, энэ нь Усны тухай хуулийн /2004 оны/ Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох тухай зохицуулалт бөгөөд эдгээрээс үзэхэд “Б” нууртай бүхэлдээ давхцалтай нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрх хуулийн үйлчлэлд хамаарах эсэхийг нэг мөр тодруулах нь зүйтэй.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдаан тэмдэглэлд ч нуур, цөөрмийн талаар хэлэлцэж байсан нь тусгагджээ.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 06/5121 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “…нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцаагүй…” гэсэн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мөн өдрийн 7/5288 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар дээрх тогтоолтой “бүхэлдээ давхцалтай” гэх байдлаар давхцлын талаар зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байх тул эдгээрийг тодруулан шалгах шаардлагатай.

Мөн маргаан бүхий шийдвэрээр “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байх тул” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байхад энэ талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 7/630 дугаар мэдэгдэлд дээрх шалтгаанаас гадна “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт дутуу” гэсэн үндэслэлээр тус тус хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн гэсэн нь ямар учиртай болохыг нягтлах нь зүйтэй.

Хэрэгт Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргаар батлуулсан 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө авагдсан байгааг тэмдэгдлэхийн сацуу чухам аль нь тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзах үндэслэл болсныг хариуцагчаас тодруулах шаардлагатай.

Шүүхийн шийдвэрт “…Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 дүгээр албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн үлдсэн буюу ....... гектар талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй болохыг тогтоох хүртэлх хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан…” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа харин үүнээс хойших хугацаанд хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгээгүй гэж буруутгахдаа яамны Усны нөөцийн хэлтсийн “Давст нуурыг ашиглуулах зөвлөмж”-ийг хэрхэн авч үзсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нуурын гадаргуу дээрх ургасан давс мөсөн шүүг зөвхөн өвлийн улиралд /11-1 сард/ гар аргаар хамж авч ашиглах боломжтой талаар уг зөвлөмжид заасан, иймд улирал, цаг агаарын хувьд 2018 оны зун, намар “Баруун шавар” нуурын мандалд нэхэмжлэгчээс хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН