Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 158/2023/0003/З |
Дугаар | 001/ХТ2024/0048 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0048
Ц.Б-ын нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Хурлын даргад тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 158/ШШ2023/0045 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/0037 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0098 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Д нарыг оролцуулан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага (эцсийн байдлаар): “Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
2.Хэргийн нөхцөл байдал: Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б-ыг огцруулах тухай саналыг хуралдаанд хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэнийг тэмдэглээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг үндэслэн Хурлын дарга Ц.Б-ыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.
3.Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 10 дугаар хуралдаан хууль бус явагдсан, сумын иргэдийн нийт эрх ашиг сонирхлыг хөндсөн, тэдний төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан, улс төрийн шалтаг шалтгаанаар төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгосон, Хурлын даргыг хууль бусаар огцруулсан, нэр бүхий төлөөлөгчдийн хууль бус үйлдэл нь ... хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг буруутай албан тушаалтнаас гаргуулах ...” гэж тодорхойлон, “Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд хууль зөрчсөн болон ёс зүй, нийгмийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн асуудал гаргаагүй, ... ” гэж маргасан.
4.Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э-гаас “... Нэр бүхий төлөөлөгч нараас Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал хүргүүлж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулан нэмэлтээр хэлэлцүүлэхээр болсон нь хууль зөрчөөгүй, тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэх тайлбарыг гаргасан.
5.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан маргаан бүхий тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан Зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэх эрх, үүрэг нь тухайн Хурлын даргад буюу нэхэмжлэгчид өөрт нь тухайн цаг хугацаанд хадгалагдаж байхад нэхэмжлэгч энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны нийт төлөөлөгчдөөс санал нэгтэйгээр баталсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаад “... хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д заасан тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй, ... 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаан 21 төлөөлөгчийн 76.19 хувийн ирцтэй хуралдан төлөөлөгч Б.Д-аас гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэж, маргаан бүхий тогтоол гарсан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан Зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлах, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэхтэй холбоотой хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.
7.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч М.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0098 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч М.Д нараас “Анхан шатны шүүх дүгнэхдээ маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч /Ц.Б/-ийн буруутай үйлдэл буюу түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг хуралдуулж асуудлыг шийдвэрлүүлээгүй хэрнээ өөрөө хуралдааны явцад уг саналыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой тул хамтын зарчмаар асуудлыг шийддэг байгууллагын хувьд асуудлаа зөвтгөн шийдвэрлэ гэсэн агуулгатай гэж ойлгож байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэж үзсэн атлаа өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас маргаан бүхий акт гарсан байхад нэхэмжлэлийг ханган шийдсэн нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй гэж үзэж байгаа ба үүнийг хяналтын журмаар шийдвэрлүүлэх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн энэ заалтыг нэг мөр хэрэглэхэд нийтлэг ач холбогдолтой гэж үзлээ.
8.1.Давж заалдах шатны шүүх ... нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь маргаан бүхий акт гарах болсон үндэслэлд бодитой дүгнэлт хийлгүй нутаг дэвсгэрийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг Зөвлөлийн үүргээр хязгаарлаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна, ... хууль журамд зааснаар асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа олохын оронд өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлөөр хэлэлцүүлээгүй асуудлыг шууд хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, хэлэлцүүлчихээд миний эрх ашиг хөндөгдлөө гэж маргаан үүсгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тухайн үед Хурлын даргын албан тушаал хашиж байсан Ц.Б-т хурлын дэгээ хэрэгжүүлээгүй төлөөлөгчийг эсрэг санал өгснөөр тооцох, ... хуулийн 43 дугаар зүйлд зааснаар иргэдийн Хурлын төлөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр хуралд санал оруулах зэрэг хуулийн боломжийг ашиглах эрх нь байсан.
8.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоотод дурдсан “нээлттэй орхисон” гэдгийг яаж ойлгох, хуралдаан хойшилсон 14 хоногийн хугацаанд асуудлыг зөвлөл хэлэлцэх, төлөөлөгчидтэй ярилцаж нэг шийдэлд хүрэх боломжтой эсэхийг тогтоож чадахгүй (тухайн нөхцөлд хурлын даргын зүгээс ямар нэг ажиллагаа хийгээгүй) байх тул нэг мөр болгон шийдвэрлүүлж жишиг тогтоолгох шаардлагатай байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжсэнээс хойш ийм маргаан цөөн боловч гарч хууль хэрэглээний хувьд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа тул энэхүү магадлалыг хянуулах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.
8.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4-т “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд мөн хуулийн 18-р зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасан тухайн шатны хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэжээ. Хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн энэ зүйл заалт нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн зүйл заалттай тохирохгүй хүчингүй болсон хуулийн заалт байх тул хуулийг буруу хэрэглэн хянажээ.
8.4.Дээрх нөхцөл байдлуудыг хянан ... 10 дугаар хуралдаанаар хэлэлцсэн маргаан бүхий асуудал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдлээс хамааралтай, 2 шатны шүүх нэг үндэслэлээр дүгнэлт хийсэн хэрнээ өөр өөрөөр үнэлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийн заалт хэрэглэж хянасан зэргийг анхааран үзэж, хууль хэрэглээний алдааг залруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
11.Нэг.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг нэгдүгээр хавсралтаар баталсан; нэр бүхий 8 төлөөлөгч[1]-өөс “Хурлын даргыг огцруулах тухай” саналыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хурлын дарга Ц.Б-т өргөн мэдүүлсэн хэдий ч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй, учир нь хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн асуудлыг оруулахтай холбогдуулан санал зөрөлдсөний улмаас зарим төлөөлөгчид танхимаас гарч явснаар хуралдааны ирц хүрэлцэхгүй болсон, үүнтэй холбогдуулан тус хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
12.Энэхүү хуралдаан хойшлогдсон хугацаанд санал хүргүүлсэн нэр бүхий төлөөлөгчдөд Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар албан бичгээр Хурлын даргыг огцруулах тухай саналыг хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй талаарх хариуг өгч, улмаар мөн өдрийн 56 дугаар албан бичгээр дээрх хойшлуулж, нээлттэй орхисон хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үргэлжлүүлэн хуралдуулах бөгөөд тус хуралдаанд идэвхтэй оролцохыг мэдэгдсэн; үүний дараа нэр бүхий 10 төлөөлөгч[2]-өөс дахин 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хурлын даргыг огцруулах тухай саналаа өргөн мэдүүлсэн байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Хурлын даргыг огцруулах тухай саналыг оруулахыг Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэнээр хуралдаанаар хэлэлцэж, Хурлын дарга Ц.Б-ыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай 10/03 дугаар тогтоолыг гаргасан байна.
13.Нэхэмжлэгч талаас хяналтын шатны шүүх хуралдаанд “... хуралдаан үргэлжилж байх явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад бие дааж Хурлын Зөвлөлийг хуралдуулах боломж байгаагүй, ... 2022 оны 11 дүгээр сарын 04, 14-ний өдөр нэр бүхий төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал гаргадаг боловч энэ нь нэг санал, эсхүл хоёр санал, эсхүл Хурлын Зөвлөл хуралдуулах, хуралдаан зарлах зэргийн аль нь болох нь тодорхойгүй байдаг. Энэ саналыг авч хэлэлцээгүй нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шийдвэрлэх асуудал биш, ... тухайн санал нь ажлын сүүлийн өдөр гарсан бөгөөд судалгаа, тооцоо байхгүй, хууль зүйн үндэслэлгүй байсан ...” гэж тайлбарлаж байна.
14.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална”, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1-д “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:” гээд 4.1.6-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах” гэж тус тус заасан.
15.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь зохицуулалт нь хэлэлцэх асуудлыг Хурлын төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх зүйл тодорхой байхыг шаардсан буюу өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй гэсэн агуулгатай бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг удаа дараа хурлын даргад өргөн мэдүүлсээр байхад уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурал хойшлогдож, 21-ний өдөр товлон зарлагдах хүртэлх хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг зарлан хуралдуулах боломжтой байхад холбогдох ажиллагааг хийгээгүй, хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй тул энэ 47.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
16.Иймд, давж заалдах шатны шүүхийн “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д заасан тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй ...” гэх дүгнэлт үндэслэлгүй, мөн маргааны үйл баримт гарах үед хүчингүй болсон хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.
17.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудал нь нийт төлөөлөгчдийн олонхын саналын үндсэн дээр сонгогдох (томилогдох), чөлөөлөгдөх, огцруулах зарчмын үндсэн дээр шийдвэрлэгддэг төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.
18.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу нэр бүхий төлөөлөгчдөөс “хурлын даргыг огцруулах” асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан, тухайн саналын үндэслэл, шалтгааны талаар шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөх буюу тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй (political question буюу улс төрийн асуудал); харин тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах учиртай тул энэ хүрээнд хянасныг дурдах нь зүйтэй.
19.Иймээс давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын “... хуралдаан хойшилсон 14 хоногийн хугацаанд асуудлыг Зөвлөл хэлэлцэх, төлөөлөгчидтэй ярилцаж нэг шийдэлд хүрэх боломжтой эсэхийг тогтоож чадаагүй, ... давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн энэ зүйл заалт (Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн б, 24 дүгээр зүйлийн 24.3) нь одоо хүчин төгөлдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн зүйл заалттай тохирохгүй, хүчингүй болсон хуулийн заалт байх тул хуулийг буруу хэрэглэн хянасан ...” гэх хяналтын гомдол үндэслэлтэй.
20.Хоёр.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр гаргасан хяналтын гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга бүхий “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлын шаардлага гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.
21.Маргаан бүхий Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй, түүнийг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хэлэлцүүлээгүй гомдлын шаардлагыг хяналтын шатны шүүхэд гаргах боломжгүй, энэ үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
22.Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч М.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/0037 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 158/ШШ2023/0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч М.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ