Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2017/0012

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-н нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 дугаартай “************** ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 19 дугаартай тушаалаар иргэдийг хүлээн авах төвийн операторч, мэдээллийн ажилтнаар томилогдон ажилласан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Нэмэгдэл олгох тухай” 86 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “*******-г ажилд томилох тухай” Б/77 дугаартай тушаалаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байтал бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан албан тушаалаас Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “*******-г ажлаас чөлөөлөх тухай” А/576 тоот захирамжаар чөлөөлсөн.

Миний бие уг захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл намайг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь тус хуульд зааснаар Тамгын газрын дарга байна. Гэтэл аймгийн Засаг дарга нь зөвшилцөх эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуулиар өөр олгогдоогүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь буруу юм.

Намайг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2-т аймгийн Засаг даргын Тамгын газар нь 7 хэлтэстэй байхаар заасан байна. Миний ажлын байр буюу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн нь тус тамгын газрын бүтэцэд хамаардаггүй, харин Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоолоор эрх зүйн байдал нь тодорхойлогдсон “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (цаашид “нэгдсэн төв” гэх) нь төрийн үйлчилгээг төвлөрүүлэн иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх чиг үүрэг бүхий, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зохион байгуулалтын нэгж юм.

Гэтэл дээрх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлсөн захирамжийг би авмагцаа Төрийн албаны салбар зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг 11 сарын 10-нд бичиг хэргээс нь өөрөө авсан. Мөн аймгийн Засаг даргад өгсөн албан бичгийн хариуг мөн өөрөө очиж 11 сарын 29-нд авсан.

Иймээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн “************** ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн томилж. ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, цалинг гаргуулж өгнө үү.” гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн Б/77 дугаартай “*******-г ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилогдсон. ******* нь 2015 оны 09 сард төрийн албаны шалгалтанд орж, нөөцөд бүртгэгдсэн байсан. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 тоот захирамжаар *******-г ажлаас чөлөөлсөн. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл **************ийн ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь тус хуульд зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга байна. Гэтэл аймгийн Засаг дарга нь зөвшилцөх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан *******-г ажлаас чөлөөлсөн гэдэг. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 7 хэлтэстэй байхаар заасан байна. Төрийн үйлчилгээний төвийн нэгдсэн төвийн мэргэжилтэн нь тус Тамгын газрын бүтцэд хамаарахгүй харин Монгол улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоолоор эрх зүйн байдал нь тодорхойлогдсноор Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь төрийн үйлчилгээг төвлөрүүлэн иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зохион байгуулалтын нэгж юм. Гэтэл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг ажлаас халах болон чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад дээрх үндэслэлээр *******-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн А/576 дугаартай “*******-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны ниймгийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******-г ажлаас чөлөөлсөн Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн А/576 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 тоот тушаалаар “Төрийн үйлчилгээний төвийн мэргэжилтнээр томилогдсон нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээ үзүүлэх журмын 1.7-д зааснаар “Нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ахлах ажилтан, мэргэжилтэн, менежерийг холбогдох хууль

тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх гэсэн заалтыг зөрчсөн тул анхнаасаа хууль бус томилогоо байсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/77 тоот тушаалаар томилогдсон “Төрийн үйлчилгээний төвийн мэргэжилтний ажил албан тушаал нь “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн мэргэжилтний орон тоо хасагдаж *******-н гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 дугаартай *******-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 дугаартай “*******-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

*******-г Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тушаалаар Иргэдийг хүлээн авах төвийн операторч, мэдээллийн ажилтнаар томилон хөдөлмөрийн гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаатайгаар томилон ажиллуулжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчлгээ үзүүлэх журам”-ын 1.7 дахь хэсгийг үндэслэн Ч.Л-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх”-өөр заасан бөгөөд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчлгээ үзүүлэх журам”-ын 1.7-д “Нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ахлах ажилтан, мэргэжилтэн, менежерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэсний дагуу аймгийн Засаг даргад Төрийн үйлчилгээний төвийн мэргэжилтнийг чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдсон боловч тэрээр уг шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах үүрэгтэй юм.

Захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Засаг дарга нь аливаа захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан атал энэ хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйл “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “сонсох ажиллагаа явуулах”, 29-д заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Нөгөө талаас *******-ийн ажиллаж байсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан төрийн захиргааны, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал болох нь ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон захирамж зэргээр нотлогдох төрийн жинхэнэ албан хаагч мөн тул Төрийн албаны тухай хуульд заасан үндсэн болон нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...*******-ийн ажиллаж байсан албан тушаал хасагдсан тул ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар тэтгэмж олгосон...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох”-оор заажээ.

Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон”-ыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан ажлын орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ. Гэсэн хэдий ч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн албан тухай хуулиудын зорилтыг харьцуулан үзэхэд төрийн албаны зарчим, төрийн албан тушаалд тавих шаардлага, төрийн албаны болзол журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа харилцааны хувьд нарийвчилсан хууль нь Төрийн албаны тухай хууль байх тул хууль хэрэглээний эх сурвалжийн хувьд Төрийн албаны хуулийг баримтлан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь орон тоо хасагдсан гэх шалтгаанаар төрийн захиргааны албан хаагч *******-г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг үндэслээгүй хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/576 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр.“Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/339 дүгээр “Баянхонгор сумд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах тухай” захирамжийн “Баянхонгор хотод байгуулах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагуудын үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ”-г баталсан хавсралтад **************ийн ажиллаж байсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний орон тоог батлаагүй, хассан байх ба энэхүү захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гурав. “Ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч ******* нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, нэг сарын 761 677 төгрөгийн цалин авдаг байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар нотлогдож байгаа, мөн шүүх нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацааны цалин буюу 6 162 658 /зургаан сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26, 29 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/356 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийн урьд эрхэлж байсан албан тушаал болох Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******-ийн ажилгүй байсан нийт 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацааны цалин буюу 6 162 658 /зургаан сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА