Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1591

 

Х.**ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.**ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ТӨҮГ-т холбогдох,

 

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, **йн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.** нь хариуцагч байгууллагын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/87 тоот тушаалаар Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталсан мөртлөө Х.**ы гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Тушаалдаа орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг заагаагүй бөгөөд Х.** өөрөө хүсэлт гаргасан зүйл байхгүй. **йн салбар нэгж татан буугдсан, ажилтны орон тоо цөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Тус байгууллагын орон тоо 71 байсан, шинэ өөрчилсөн бүтцээр 89 болж нэмэгдсэн. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, Х.**ыг мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор “**” ТӨҮГ-ыг ***нд шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй, энэ тогтоолд тийм заалт байхгүй. Зөвхөн **йн дүрмийг баталсан 298 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. *** Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг зөрчиж 685 дугаар тогтоолоор **йн дүрмийг баталсан. Дүрэмдээ **йн орон тоог *** батална гэсний дагуу ** өөрөө орон тоогоо гаргаж захирлын тушаалаар ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. 4 газар, 4 хэлтэс, 71 ажилтантай байсныг 3 газар, 5 хэлтэс, 89 ажилтантай болгосон. Үүнээс харахад орон тоо цөөрсөн, хасагдсан гэх байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд ажиллах санал тавьсан гэх боловч бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хөдөө орон нутагт ажиллах боломжгүйг мэдсээр байж ийм санал тавьж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийг зөрчсөн. Тэгээд ч үндсэн ажилтны орон тоон дээр бус гэрээт ажилтны орон тоон дээр санал тавьсан нь буруу. Тухайн үед Х.** нь хуулийн мэдлэггүйгээс болж 6 сарын тэтгэмжийг олгож өгөөч гэсэн өргөдөл бичсэн нь үнэн. Засгийн газрын 58 дугаар хуралдааны тэмдэглэл нь орон тоог хасах үндэслэл болохгүй, эрх зүйн үр дагавар үүсгэх акт биш юм. 2 мэдээлэл технологийн ажилтны гүйцэтгэж байгаа үүрэг нь өөр, ажлын байрны тодорхойлолтоор ч өөр байна. Х.**ы хийж байсан программ хангамжийн ажил нь одоо ч хэвээр хадгалагдаж байна. 2 ажилтны нэгийг нь цомхотгож байгаа бол шинээр батлагдсан 1 мэдээлэл технологийн мэргэжилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах ёстой, гэтэл ингэж сонгон шалгаруулаагүй, яаж ажилтан авч ажиллуулсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “**” ТӨҮГ-аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуульд заасны дагуу болон Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэрлэсэн. Х.** нь 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэг маргаангүй хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан. Засгийн газрын 2015 оны 419 дүгээр тогтоол гарч, 298 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 58 дугаар тэмдэглэлээр манай байгууллагыг ***ны харьяанд шилжүүлэн, манай дүрмийг шинэчлэн батлахыг даалгасан. Үүний дагуу ***ны 685 дугаар тогтоол гарч “**” ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн баталсан. Уг дүрмийн 6.3-д “Үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг *** тогтооно” гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ***ны 778 тоот тогтоол гарч түүний хавсралтаар манай байгууллагын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоож зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Үүний дагуу өмнө байсан Захиргаа удирдлагын газрын харьяанд байсан Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг нь шинээр байгуулсан Тамгын газрын харьяанд оруулж нэгтгэсэн. Энэ бүтцийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний Б/16 тоот захирлын тушаал гарч ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. Тус жагсаалтаар 2 мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоог 1 ажилтан болгон бууруулж цомхотгосон. Ингэхдээ дотоод сүлжээ, сервер, техник хариуцсан мэргэжилтний орон тоог үлдээж, программ хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалыг тусдаа орон тоо болгон программ хангамжийн мэргэжилтэн байх шаардлагагүй гэж үзэн хасч, 1 мэдээлэл технологийн мэргэжилтэн ажиллахаар болж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж баталсан байдаг. Х.**д 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил нь цомхотголд орж байгаа тухай мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээлгэж өгсөн. Гэсэн ч бид орон нутагт орон сууцны борлуулалт, ашиглалт, түрээс хариуцсан ажилтнаар ажиллах санал тавихад хүлээж аваагүй бөгөөд тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сараар тооцож олгооч гэсэн өргөдлийг гаргасан. Нэгэнт эрхэлж байсан ажил албан тушаал нь үгүй болсон учир 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн захирлын Б/31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлж, 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Уг тушаалд Х.**ы гаргасан хүсэлтийн дагуу гэж бичсэн нь Х.** өөрийн гараар бичсэн өргөдлөө өгсөн байсан учраас тэгж бичсэн. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн зарим эрхийг харьяа байгууллагадаа шилжүүлэх эрхтэй. Үүний дагуу *** манай дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Байгууллага өөрийнхөө ажлын онцлог, эдийн засгийн үр ашгийг тооцон батлагдсан орон тооны хүрээнд ямар ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Мэдээлэл технологийн ажилтны орон тоон дээр заавал сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй, дотоод сүлжээ, техник хангамжийн мэргэжилтний ажил үүрэг үлдсэн учраас түүнд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй. Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн 5 ажилтнаас 2 орон тоо хасагдаж, 3 хүн нь үлдсэн, 1 хүн нь архивт орсон. Иймд захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.**ы, хариуцагч “**” ТӨҮГ-т холбогдох, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “**” ТӨҮГ-ын захирлын Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа ба хэргийг тал бүрээс нь судлалгүй өнгөц дүгнэсэн, маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэсэн зэргээр нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

“**” ТӨҮГ-ын захирлын 2016 оны Б/31 дүгээр тушаалд орон тоо хасагдсан гэсэн үндэслэл заасан боловч орон тоог хасах болсон шалтгаан нь үндэслэл муутай, яг ямар үндэслэлээр мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоог 1 болгон цөөрүүлсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байхад шүүх "орон тоог хассан байна" гэж баталгаажуулан дүгнэснээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Мөн Х.** нь мэдээллийн технологийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан нь “**” ТӨҮГ-ын захирлын 2014 оны Б/87 дугаар тушаал, 2016 оны Б/31 дүгээр тушаал, Х.**ы хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр дэх албан тушаалын бичилт зэргээр нотлогдсоор байтал шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг программ хангамжийн мэргэжилтэн хэмээн ажлын чиг үүргийг нь гуйвуулан нэршлийн хувьд тайлбарлаж, мэдээлэл технологийн мэргэжилтэн, программ хангамжийн мэргэжилтэн 2 нь хоёр өөр албан тушаал мэтээр хариуцагчид ашигтайгаар тайлбарлан нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан.

Хариуцагчийн шинээр баталсан гэх мэдээлэл технологийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод Х.**ы урьд гүйцэтгэж байсан ажлын байрны үндсэн чиг үүрэг хадгалагдсаар байхад түүнийг ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй юм. Х.**ы эрхэлж байсан программ хангамж хариуцсан мэдээлэл технологийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод "Сүлжээ, техник хариуцсан мэргэжилтэнг шаардлагатай үед орлох" гэж заасан байх ба харин техник харицсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод программ хариуцсан мэдээллийн технологийн мэргэжилтэнг орлох тухай заалт байхгүй байгаа юм.

Х.** нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж байсан нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хэрэв ажил олгогч мэдээлэл технологийн мэргэжилтний 2 орон тоог нэгтгэн аль нэгийг нь хасах болсон бол ижил албан тушаалд ажиллаж байгаа 2 мэргэжилтнээс сонгон шалгаруулах ёстой байсан. Гэтэл ямарч сонгон шалгаруулалт явуулаагүй, үзэмжээрээ нэгийг нь ажлаас чөлөөлж байгаа нь Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчсен төдийгүй Хөдөлмөрийн хуулиар хориглосон эрхэлсэн ажил албан тушаал, нас хүйсээр ялгавартай хандаж, нэгд нь давуу байдал тогтоож, Х.**ы хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Х.**д Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас чөлөөлөх мэдэгдэл, тэтгэмж өгсөнтэй талууд маргаагүй, харин мэдэгдэл, тэтгэмжийг өгөх болсон шалтгаан буюу ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь үндэслэлтэй эсэх дээр маргасан байхад шүүх ““**” ТӨҮГ-ын захирлын Б/31 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэн, мэдэгдэл тэтгэмж өгсөн үйлдлээр нь ажлаас халсан үндэслэлгүй тушаалыг зөвтгөн тайлбарласан нь шүүгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны агуулгыг бүрэн ойлгоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Мэдэгдэл болон тэтгэмж өгч байгаа үйлдэл нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсний улмаас үүсч байгаа үр дагавар байтал шүүгч ажлаас чөлөөлж буй нь үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүйн улмаас бусад үр дагаваруудыг зөвтгөн тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“**” ТӨҮГ-ын өмнөх бүтцээр Захиргаа, удирдлагын газар нь 14 орон тоотой, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтэс нь 5 орон тоотой ажиллаж байсныг нэгтгэн Тамгын газар болгон өөрчилж, орон тоог нэмэгдүүлэн нийт 24 орон тоотой байхаар бүтцийг баталсан нь хэрэгт авагдсан Засгийн газрын 298 дугаар тогтоолын хавсралт, ***ны 778 дугаар тогтоолын хавсралт зэргээр нотлогдож байгаа ба шүүгч энэ талаар судлаагүй, дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн чиг үүрэг хэвээр үлдсэн бөгөөд ***т ажиллаж байсан 5 ажилтны 4 нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байгаа тул тус хэлтсийг татан буулгасан гэж үзэх үндэслэлгүй юм. Харин Захиргаа, удирдлагын газартай нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Түүнчлэн хариуцагчаас Х.**ыг ажлаас чөлеөлөх үндэслэл болсон гэж шүүхэд тайлбарлаж буй ТӨХ-ны 778 дугаар тогтоолоор ТОСК-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахдаа урьд нь 71 орон тоотой байсныг нэмэгдүүлэн 89 орон тоотой байхаар баталж, үүн дээр гэрээт ажилтан авч ажиллуулж болох тухай дурджээ. Гэтэл “**” ТӨҮГ-ын захирлын 2016 оны Б/16 дугаар тушаалын хавсралтаас Байгууллагын зохион байгуулалтын бүтэц дэх ажил, албан тушаалын жагсаалтыг батлахдаа 84 ажлын байрны жагсаалт баталж, нэмж гэрээт 14 ажилтантай байхаар баталсан байна. Өөрөөр хэлбэл, ***ноос баталсан үндсэн орон тооноос 5 орон тоо нь одоо сул байгаа юм. Энэ бүгдээс харвал мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоог хасах нь үндэслэлгүй байсан бөгөөд ажил ологч өөрийн үзэмжээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь харагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судпаагүй, маргааны гол зүйлийг зөв тодорхойлоогүйн улмаас нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь судлалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Х.**ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.** нь хариуцагч “**” ТӨҮГ-т холбогдуулж тус газрын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцаг эс зөвшөөрч маргажээ.

 

“**” ТӨҮГ-ын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Х.**ы гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардаж авснаас хойш 1 сарын дотор буюу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 298 тогтоолын хавсралтаар “**” ТӨҮГ-ын дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг 4 газар, 4 хэлтэс, нийт 8 нэгж, 71 орон тоотой байхаар баталсныг Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дугаар тогтоолоор хүчингүй болгож ***ны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор “**” ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн найруулж, тус дүрмийн 6.3-т үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох байгууллага нь *** байх бөгөөд ***ны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаар тогтоол, түүний хавсралтаар “**” ТӨҮГ-ыг 3 газар, 5 хэлтэс, нийт 8 нэгж, орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоосон байна.

 

“**” ТӨҮГ-ын дүрмийн 6.9.4-т зааснаар үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж, албан тушаалтныг томилох, чөлөөлөх зэрэг нь захирлын эрх хэмжээнд хамаарах тул тус газрын ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар байгууллагын зохион байгуулалтын бүтэцийг өөрчилж, 89 орон тоотой болгосон боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан *** татан буугдаж, мэдээлэл, технологийн мэргэжилтний орон тоо 2 байсныг 1 болгож цөөрүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.**ы ажиллаж байсан мэдээлэл, технологийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаж байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс дуусгавар болгон цуцлахыг ажил олгогчийн зүгээс түүнд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, ажлаас халагдсаны тэтгэмжид 2 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 1 788 470 төгрөг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Хариуцагч нь “**” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч ашгийн төлөө байгууллага нь өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулалтын бүтэц, орон тоог өөрчилж, тогтоох эрх мэдлийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрийн хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2015/00350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА