Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01657

 

О.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02149 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1915 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: О.Г

           Хариуцагч: Р.Зд холбогдох

           Нийт 4.815.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Я.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.З нь 2015-02-20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэрийн зам дээр О.Гын жолоодож явсан Тоёота карина маркийн 21-78 ТӨВ улсын дугаартай авто машиныг өөрийн унаж всан машинаар мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Р.З нь Баян чандмань сумын автын байцаагчид “машины хохирлыг бүрэн барагдуулна” гэж баталгаа бичиж өгөөд 2 хоногийн дараа “би чамд дүүгийнхээ машиныг өгье, чиний машиныг би авъя” гээд ачаад аваад явсан. 2015-02-28-нд Бор нуур сумаас Улаанбаатар хот орж Р.Згийн санал болгосон машиныг очиж үзэхэд Тоёота рав маркийн машин үзүүлсэн ч тэр  нь  хаалга байхгүй, задалчихсан, дугуй байхгүй машин үзүүлж доромжилсон. Дараа нь төрсөн ахындаа дагуулж очин Сонота-5 маркийн, зүүн талаасаа мөргүүлсэн, бүрэн бус машин үзүүлэхэд нь би аваагүй. 2015-03-09-ний өдөр  уулзахад миний машиныг засаж өгнө гэж амласан. Сүүлдээ уулзах боломжгүй, олдохгүй болсон. Р.Згийн хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гарган авто машиныхаа үнийг нэхэмжилсэн. Би уг авто машиныг 2013 онд н.Бүжинлхам гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн үед иргэний үнэмлэхгүй байсан учраас дүү А.Доржбаатарын иргэний үнэмлэхээр түүний нэр дээр гэрээ хийж машинаа авсан юм.  Машин дүү А.Доржбаатарын нэр дээр бүртгэлтэй  ч миний өмч юм. Р.З нь 2015-02-20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хохирлоо барагдуулаагүй, машиныг засаж өгөөгүй, хуурч мэхэлсэнээс хохирч байгаа бөгөөл  “үнэлгээ хийлгэх шаардлагагүй, машиныг машинаар төлнө” гэж хуурч мэхлэн намайг төөрөгдөлд оруулж, авто машины хохиролд үнэлгээ гаргуулах боломжийг хаасан. Үүнээс болж үнэлгээ бодитоор тогтоогдох боломжгүй байна.Иймд машины үнэ 3.4 сая төгрөг, хот хооронд машины араас хөөцөлдөж явсан зардал 439.000 төгрөг, нотариатын болон бусад  зардал 22.300 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 500.000 төгрөг, Хөрөнгө эстимейт ХХК-д төлсөн 50.000 төгрөг, тээврийн зардал 84.000 төгрөг нийт 4.815.300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-3,179,190/

  Хариуцагч  хариу тайлбартаа: 2015-02-20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэрт авто зам дээр осол гаргасан. Тухайн үед би автомашиныг засч өгөх санал тавьсан боловч О.Г нь шинэ машин авна гэсэн. Энэ асуудлаас хойш би 2-3 машин үзүүлсэн боловч аваагүй. Одоо би өөрийнх нь машиныг засчихсан, машинаа ав гэхэд авдаггүй. Тухайн үеийн ослын газрын актад дурдсан гэмтлийн дагуу автомашинд засвар хийсэн гэжээ. /хх 44/

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан Р.Згаас 1 800 000 төгрөг гаргуулан О.Гт олгож, нэхэмжлэлээс 3 015 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Р.Згаас 140 000 төгрөг гаргуулж  О.Гт, 50 000 төгрөг гаргуулж шинжээч “Форвард моторс” ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Згаас 43 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Гт олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн 1915 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баатар хяналтын гомдолдоо: “...магадлалд “Хариуцагч нь... мөнгөн төлбөр төлөхөөс татгалзаж, өөр авто машинаар сольж өгөхөөр тохиролцсон боловч биелүүлээгүй, автомашиныг засуулсан гэж тайлбар гарган маргаж байна. Хариуцагчийн тайлбар ... үндэслэлгүй болох нь нотлогдсон болно” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь хэргийн дотор авагдсан доорх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Хэргийн 68-р хуудсанд байгаа хариуцагч Р.Згийн цагдаад хандан хохирол барагдуулах тухай “баталгаа” гэсэн бичгэнд “Би О.Г хохирогчид хохирлыг бүрэн төлнө...” гэж бичсэн байна. Энэ бичигт Р.З хохирлыг автомашинаар сольж барагдуулах тухай нэг ч үг өгүүлбэр алга байна. Автомашины ослоос болж О.Гын машинд ямар гэмтэл, эвдрэл үүссэн болохыг хэргийн газарт үзлэг хийсэн байцаагч О.Халиуны тэмдэглэлд тоёото карина машины эвдрэл нь зүүн кирло, зүүн урд гупер дугуй” гэж тогтоосон байна. Эдгээр учирсан гэмтлийн хохирлын үнэлгээг 2016.08.29-ний өдөр гаргасан “Итгэлт-Эстэймент” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нийт 424.500 төгрөг гэж үзсэн байна. Энэхүү 424.500 төгрөг бол ослоос болж эвдэрсэн хохирогч О.Гын суудлын машины хохирлын нийт хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирогч О.Гт учирсан хэргийн бодит хохирол юм. Энэ хохирлыг О.Золзаяа арилган хариуцах үүрэгтэй болохоос хохирогчийн машины бүх үнийг төлөх үндэслэлгүй билээ. Яагаад гэвэл ослоос болж учирсан автомашины эвдрэл, хохирлын хэмжээг шүүх хэрхэн тодорхойлж тооцохыг Улсын Дээд шүүхийн 2006.05.29-ний өдрийн 27-р тогтоолын 5-р заалтанд “...Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, гэмтсэнийг засан сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно...” гэж тайлбарласан байдаг. Энэ тайлбарыг шүүх зөрчиж, хохирогч О.Гын ослоос болж эвдэрсэн машины нийт үнэ 1.800.000 төгрөгийг хариуцагч Р.Згаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Р.З нэхэмжлэгч О.Гын машины эвдэрсэн эд ангийг нь засаж бүрэн бүтэн болгохоор хэргийн газраас авч явсан байхад, шүүх “... өөр авто машинаар сольж өгөхөөр... авч явсан” гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа юм. Яагаад гэвэл хэргийн материалын 41-р хуудсанд хохирогч О.Гын машиныг засаж бэлэн болгосон, мөн ослоос уг машинд тухайн үед үүссэн эвдрэлийг болон хуучин ослоос өмнө машинд үүссэн байсан эвдрэлийг харуулсан фото зургууд 42-43-р хуудсанд авагдсан байхад, шүүх О.Золзаяаг хохирогчийн машиныг засч, гэм хор учруулахаас өмнөх байдалд оруулаагүй, буцааж өгөөгүй, удаан хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулаагүйгээс уг машины ердийн байдлаар ашиглах боломжгүй болгосон, хэвийн болгоход их хэмжээний зардал гаргахаар байгаа гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагч Р.З хохирогчийн машиныг засаад ирж ав гэхээр ирж өгдөггүй, машиныхаа аккумулятор, түлхүүр зэргийг О.Г авч явчхаад, машиныг асаах боломжгүй болгосон гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн баримт хурлын тэмдэглэлд авагдсан байдаг. Өөр машин санал болгоход хохирогч О.Г голоод авахгүй гэдэг бөгөөд зөвхөн анхнаасаа л машины бүхэл үнийг мөнгөөр авах сонирхолтойгоос болж түүний машин айлын хашаанд удаан хугацаанд гадаа байсан билээ. Шүүхээс томилсон “Хөрөнгө Эстэймент” ХХК, “Форвард моторс” ХХК-ний шинжээч нар хохирогч О.Гын машины зах зээлийн үнийг болон ослоос хойш үүссэн гэмтэл эвдрэлийг тогтоосон байхад шүүх үүнийг хариуцагчийн гэм бурууг нотлох баримт, уг машиныг ердийн байдлаар ашиглах боломжгүйг харуулсан нотолгоо гэж буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шинжээчийн 2017.04.11-ний өдрийн 17/30-р дүгнэлтэнд байгаа “...тоёото карина маркийн 21-77 ТӨВ гэсэн суудлын авто машинд гидрийн шингэн, урд тормозны наклад, хөргөлтийн шингэн, аккумулятор, кундоктор зэрэг эд анги байхгүй учир асааж үзэх боломжгүй гэсэн нь уг машины асаах эд анги бөгөөд аккумуляторыг хохирогч О.Г өөрөө авч явсан, бусад нэр бүхий шингэн нь “их зардал” гарах үндэслэлгүй, шинжээчид эдгээр эд анги, шингэний үнийг их зардал” гарна гэж дүгнээгүй байхад шүүх “их зардал гарна” гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн нь буруу юм. Шүүхийн магадлалын 1 дэх заалтаар “228-р зүйлийн 228.1, 499-р зүйлийн 499.1 гэснийг “497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1” гэж өөрчилж, анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 101-р шийдвэрийг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-г хэрэглэхдээ хариуцагч Р.З бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг “өмнө байсан байдалд нь сэргээх” хуулийн дагуу хохирогч О.Гын машины учирсан эвдрэлийг зассан, үүнийг нотолсон баримт хэргийн материалд авагдсаныг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль хэрэглэсэнд гомдолтой байна. Хэргийн 41-43-р хуудсанд хохирогчийн машины эвдрэлийг засаж сэргээсэн фото зураг, эд анги, худалдан авсан баримт зэргээр гэмт хэрэг үйлдсэнээс үүсэж хохирлын хэмжээнд гэм хорыг Р.З арилгасан байхад, шүүх үүнийг баримтлалгүйгээр үгүйсгэж, хохирогч нь машины нийт үнийг төлөхөөр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс дээрх гомдлыг хянан үзэж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        О.Г 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Р.Згаас машины үнэ 3.4 сая төгрөг, нотариатын болон бусад зардал 22.300 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 500.000 төгрөг, Хөрөнгө эстимейт ХХК-д төлсөн 50.000 төгрөг, хот хооронд явсан зардал 439.000 төгрөг, тээврийн зардал 84.000 төгрөг нийт 4.815.300 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан.

        Анхан шатны шүүх хариуцагчаас машины үнэ 1.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчээс мөнгөний хэмжээг хэвээр үлдээсэн байна.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт хариуцагч Р.З нь 96-19 УБН улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа, О.Гын жолоодож явсан 21-78 ТӨВ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан үйл баримт нотлогджээ.  

        Тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан этгээд хохирлыг арилгах үүрэгтэй. Хариуцагч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахдаа адил чанарын өөр автомашинаар өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгчийн автомашиныг өөрийн эзэмшилд авсан ч үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

        Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг  буруутгах  үндэслэлгүй буюу шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1915 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ