| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04825/И |
| Дугаар | 102/ШШ2016/04469 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/04469
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/04469 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 84 дүгээр байрны 112 тоотод оршин суугаа, Боржигон овогт Пүрэвдондовын Тунгалагтамир /РД-ТЗ83022168/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 45а-166 тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэбаярын Амарсайхан /РД-ЧМ86061478/-д холбогдох,
Зуучлалын гэрээний үүрэгт 1,347,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Тунгалагтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Тунгалагтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Австри луу гаргана гэсэн зарын дагуу Э.Амарсайхантай холбогдсон.
Тэгээд урьдчилгаа 1,100,000 төгрөг авна гэхээр нь өгсөн. Дараа нь манай нөхөртэй холбогдож 180 евро буюу 415,000 төгрөг авсан байсан. Сарын дараа виз гарна гэсэн боловч 2016 оны 3 дугаар сарын 17-нд бүтэхгүй байна гэсэн. Эхний үед утсаар холбогддог байж байгаад сүүлдээ бүр холбогдохоо больсон. Нэг удаа холбогдоход виз бүтэхгүй байна, мөнгийг чинь өгье гээд 600,000 төгрөг буцааж өгсөн.
Бид 1,100,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд заасан хугацаанд мөнгийг минь өгөөгүй учир гэрээнд заасны дагуу хэтрүүлсэн хоногт тутамд 0,5 хувийн алданги тооцон, 45 хоногийн алдангид 247,500 төгрөг болж байгаа.
Иймд Э.Амарсайханаас үндсэн зээл 1,100,000 төгрөг, алдангид 247,500 төгрөг, нийт 1,347,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Амарсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Тунгалагтамираас 1,100,000 төгрөг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, дараа нь 415,000 төгрөг дансаар авснаас 600,000 төгрөгийг буцаан дансаар өгсөн. Үлдэгдэл 915,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч болно. П.Тунгалагтамир нь манай ажил дээр очиж хүний нөөцтэй уулзан, намайг ажлаас халуулсанд гомдолтой тул үлдэгдлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Тунгалагтамир нь Э.Амарсайханаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,347,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 915,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлүүлсэнд гомдолтой, төлөхгүй гэсэн тайлбар шүүхэд ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд П.Тунгалагтамир нь Австри Улс руу гаргана гэсэн зарын дагуу виз гаргуулах зорилгоор Э.Амарсайханд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа хөлсөнд 1,515,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-1, 10, 16 дугаар хуудас/
Зохигчид өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож байгуулсан дээрх аман гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байх тул тэдгээрийн хооронд зуучлалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Талуудын гэрээний гол нөхцөл нь хариуцагч Э.Амарсайхан, нэхэмжлэгчид Австри Улсын визийг 1 сарын хугацаанд гаргаж өгөх, нэхэмжлэгч тал зуучлалын хөлсөнд 3000 евро төлөх байсан боловч уг зуучлалын ажиллагаа биелэгдээгүйн улмаас зохигч нар гэрээгээ цуцалж, нэхэмжлэгч урьдчилгаа хөлсөө буцаан авахаар тохиролцон, хариуцагч нь 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр зохигчдын хооронд байгуулсан зуучлалын гэрээ цуцлагдсан байна.
Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлсөнд төлсөн төлбөрийн үлдэгдлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Харин П.Тунгалагтамир, хариуцагч Э.Амарсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ. /хх-3 дугаар тал/
Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг тодорхой нэг зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх бөгөөд хүлээн авсан этгээд нь тохирсон хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөхийг үүргийг хүлээдэг.
Талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүсээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Бид Э.Амарсайханд мөнгө өгөөд 45 хоног болчихсон байсан, ... тиймээс ... өгсөн мөнгөнөөсөө өдрийн 0,5 хувийн алданги тооцоход 1,700,000 гаруй төгрөг болж байна, энэ мөнгө дээрээ зээлийн гэрээ байгуулна гэхэд Э.Амарсайхан 1,700,000 төгрөг төлье, 2 хоногийн дараа 2 хувааж өгнө гэж хэлээд зээлийн гэрээ байгуулсан ... гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна. /хх-16 дугаар хуудасны ар тал/
Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Амарсайханаас 915,000 /есөн зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тунгалагтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 432,500 /дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Э.Амарсайхан нь шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Амарсайханаас 915,000 /есөн зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тунгалагтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 432,500 /дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Амарсайханаас 26,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тунгалагтамирт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |