Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00065

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/04914 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Талууд 100,000,000 төгрөгийн жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба ******* ХХК-ийн зүгээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг авахыг хүссэн тул бид уг мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус компанид шилжүүлсэн. Ингэхдээ төлбөрийг зээлийн гэрээний дагуу зээл олгов гэх утгатай шилжүүлсэн хэдий ч талуудын хүсэл зориг нь жонш бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөр болгосон. Гэтэл хариуцагч тал тухайн тохиролцооны дагуу нийлүүлэх байсан жоншийг манай компанид огт нийлүүлээгүй.

Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актын 6-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-нд 25,000,000 төгрөгийн өглөгтэй болно гэж баталгаажуулсан.

Иймд, хариуцагчаас жонш худалдах, худалдан авах гэрээ нь цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК-тай ******* ХХК нь хамтран ажиллаж жонш бэлтгэн нийлүүлдэг байсан. Сүүлд 2021 оны 10, 11 сард тохирсны дагуу Чойр дахь гаалийн баталгаат талбай дээр 400 тн жонш буулгаж бэлтгэж өгсөн. Ингээд захирал ******* нь урьдчилгаа 25,000,000 төгрөг шилжүүлсэн байсан боловч хөдөө явж байгаад зуурдаар нас барсан байсан. Тус компани дээрх жоншийг хүлээн аваагүй ба бид жил орчим хадгалаад талбайн түрээсийн мөнгө 12,000,000 төгрөг төлөөд өөр хүнд зарсан.

 ...Манай гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх боловч бар кодыг хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй, сүүлд үлдсэн жоншоо ******* компанид худалдсан, ингэхдээ тус компаниас ******* компани руу талбайн түрээсийн төлбөр 4,000,000 гаруй төгрөгийг шууд төлүүлсэн юм. Түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөгийн заримыг өөрсдөө, зарим хэсгийг бусдаар төлүүлсэн учраас баримтыг гарган өгөх боломжгүй байна.

 Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн тул хасаад үлдэх 13,000,000 төгрөгийг төлөх, эсхүл 13,000,000 төгрөгийн жонш нийлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь хариуцагчийн гаргаж өгсөн Талбайн түрээсийн төлбөр болох 8,166,290 төгрөгийн баримтыг үнэлээгүй үндсэн нэхэмжлэлээс хасаж тооцоогүй тул дээрх баримтаар гаргаж өгсөн мөнгийг хасаж тооцуулах,

Тайхар орд ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02/05 тоот гэрээний дагуу жонш худалдан авагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол худалдагч талд учирсан хохирлыг барагдуулахаар заасан тул худалдагч талын бэлтгэсэн жоншийг хүлээн авахгүй хугацаа хэтрүүлсэн хариуцлагаа нэхэмжлэгч тал хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 8,166,290 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул дээрх мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 12,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр З.Нармандахтай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ. /хх.9-11/

 

Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэдийгээр хуулийн этгээдээс иргэнд зээл олгох агуулгатай гэрээ байгуулсан боловч ******* ХХК болон ******* ХХК нар жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд уг актын 6-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2021 оны 11 дүгээр 04-ний өдрийн гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-нд 25,000,000 төгрөгийн өглөгтэй болно гэжээ /хх.8/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

5. Талуудын тайлбараар худалдагч ******* ХХК нь худалдан авагч ******* ХХК-нд тохиролцсон жонш худалдах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх худалдан авагч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн байхад нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай хуулийг баримтлаагүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх талбайн түрээсийн төлбөрт 8,166,290 төгрөг төлсөн баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь,

 

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг нийлүүлэх зорилгоор талбай түрээслэн жоншийг буулгасан, мөн хадгалалт болон түрээсийн төлбөрт нийт 8,166,290 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч тал энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

6.2. Түүнчлэн хариуцагчийн гаргаж өгсөн талбайн түрээсийн төлбөр төлсөн гэх эдгээр баримтууд дээр дурдсан үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байхын сацуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж зааснаар нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. /хх.34-38/

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/04914 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 145,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.МАНДАЛБАЯР