Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/202

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Х.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 1938003320196 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн нутаг дэвсгэр Сод-Эрдэм сургуулийн урд талын хөрсөн зам дээр Тоёота Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.4, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р зүйлд заасныг тус тус зөрчиж 45-14 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж Х.Нэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн нутаг дэвсгэр Сод-Эрдэм сургуулийн урд талын хөрсөн зам дээр Тоёота Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.4, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р зүйлд заасныг тус тус зөрчиж 45-14 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж Х.Нэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003320196 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр би хүүхдээ сургуулиас нь аваад гэрлүүгээ харих замдаа Сод-Эрдэм сургуулийн урд талд өөдөөс ирж яваа мотоцикльтой хүнтэй мөргөлдчихсөн. Би тэр мотоциклийг миний баруун гар талаар зөрөөд өнгөрлөө гэж бодоод зүүн гар тал руугаа дартал мөргөчихсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сод-Эрдэм сургуулийн урд талын замаар өгсөөд явж байхад урд машин чиглээд хүрээд ирэхээр нь би аминдаа зөрөөд өнгөрөх санаатай замаасаа баруун гар талруугаа гартал нөгөө машин чиглэсэн чигтээ хүрч ирээд намайг мөргөчихсөн...Саяхан зураг авхуулсан. 21 хоноод эргэж ирж үзүүл гэсэн. Одоогоор гипсээ аваагүй байна. Авах болоогүй гэж хэлсэн...Хохиролд 1.250.000 төгрөг төлсөн... ” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Э.Н-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сод-Эрдэм сургуулийн урд талд явж байгаад ээж мотоцикль унаж явсан хүнтэй мөргөлдсөн. Осол болсны дараа буугаад харахад мотоцикльтой өвөөгийн хөл нь хугарчихсан гээд босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

      Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай:

      1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн нутаг дэвсгэр Сод-Эрдэм сургуулийн урд талын хөрсөн замд Т.Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэслийг жолоодож явсан жолооч Ц.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.4-т заасан “Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.”, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай:

      1. Х.Нбиед баруун шилбэ болон тахилзуур ясны олон сэлтэрхийт ил хугарал, зүүн тавхайн чигчий хурууны 3-р шивнүүр ясны зөрөөтэй хугарал, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, гадна дунд хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      3. Х.Нбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

      Итгэлт Эстимэйт ХХК-ний техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан /хх-ийн 34-35-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49, 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003320196 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн нутаг дэвсгэр Сод-Эрдэм сургуулийн урд талын хөрсөн зам дээр Тоёота Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.4, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р зүйлд заасныг тус тус зөрчиж ... улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж Х.Нэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.Номин-Эрдэний /хх-ийн 17-18-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

 Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

       Итгэлт Эстимэйт ХХК-ний техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Х.Нэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчид 1.250.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Х.Ннь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Эээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938003320196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Эийн №951006 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Этээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Эт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938003320196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Эийн ... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 1938003320196 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Ннь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Эээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР