Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01640

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01640

 

 

 

Б ХХК, Б.Анарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэртэй

Б ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй, Г.М-д холбогдох

Б ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ЮБЭцентр барилгын зүүн урд талд татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч, үүний улмаас манай компанийн өмчлөлийн ЮБЭцентр барилгын булан шатаж 24,387,677 төгрөгийн хохирол учирсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах явцад Г.М нь ...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 40 минутын үед ажлаасаа гараад ЮБЭцентрийн зүүн урд талын буланд тамхи татаад тамхины ишийг хогийн сав руу няслаад хаясан. Маргааш өглөө миний тамхи татаад зогсож байсан газрын ойролцоо зогсож байсан автомашин шатсан, барилгын зүүн урд талын булан шатсан байдалтай байсан. ЮБЭцентрийн хүмүүс бичлэг харуулсан, бичлэгийг үзэхэд тамхины ишээ нясалж хаясны дараа 4 орчим минутын дараа гал гарч байгаа бичлэг байсан, хохирлыг төлөх талаас нь арга хэмжээ авна гэж өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэвч хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй, мөн ноцтой хохирол учраагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, харин хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан.

Иймд хариуцагч Г.М нь бусдын эд хөрөнгөд илт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тул манай компанид учруулсан 24,387,677 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ЮБЭцентрийн зүүн урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 9999 улсын дугаартай, цагаан өнгийн приус-20 маркийн автомашинаа байрлуулаад ажилдаа орсон. Улмаар ажил үүргээ гүйцэтгээд явж байтал автомашин чинь шатаж байна гэж хүн залгасан тул яваад очиход машин шатаад дууссан байсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаад Г.М нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн автомашин шатаж, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашинд 6,679,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээ хөлс 400,000 төгрөг, нийт 7,079,000 төгрөгийн хохирол учирсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,329,000 төгрөг болгон багасгаж байна.

Иймд Г.Маас автомашинд учирсан хохирол 5,329,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа ЮБЭцентр барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн сав байрлах хэсэгт шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана иш цементэн дээр унасан.

Тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учраагүй. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй.

Иймд дээрх дурдсан үндэслэлийг харгалзан Б ХХК, Б.Анарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Маас 12,193,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, 5,329,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,193,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөг, нэхэмжлэгч Б.А-гийн төлсөн 128,214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Маас 210,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, 100,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Г.Мын тамхиа унтраалгүй хогийн бункер руу чиглүүлэн шидсэн үйлдлийн улмаас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гал гарч нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, дүгнэлттэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн тогтоолд ...хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлууд тодохой бус нөхцөлд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Үүнд: хэргийн газрын үзлэгээр UBH төвийн гадна фасадны зүүн урд өнцөгөөс унжсан байдалтай зэс утасны үзүүрээс дээж авсан тухай тэмдэглэгдсэн ба энэ талаар тодруулах, шүүх хуралдаанд оролцсон шинжээч М.Б нь тамхины ишийг няслахад цементэн дээр шатамхай материал байхгүй бол унтарна, шатамхай материал байсан бол цогшоод асах боломжтой гэж хариулсан ба гал гарсан газар дээр шатамхай бодис байсан эсэхийг тодруулах зэрэг гал гарсан бүхий л шалтгаан нөхцөл, хариуцагчийн үйлдлийг тодруулж дүгнэлт хийхээр дүгнэсэн.

Гэтэл шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ дээрх алдаа дутагдлыг засварлаж, ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн баримт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 75/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Г.М тамхины иш шидсэн үйлдэл гал гарахад хүргэсэн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг гаргахын тулд камерын бичлэг, иргэний хэргийн материалд үндэслэсэн гэх боловч камерын бичлэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш байрлалтай хэсгийг харуулсан, тус хэсэгт хариуцагч нь тамхины ишээ шидсэн бичлэг буусан. Харин түүнээс хойш 5 орчим минутын дараа гал ассан, гал асах шалтгаан нөхцөл юу байсан болох нь бичлэг болон бусад баримтаар тогтоогддоггүй. Энэхүү шинжээч нар дүгнэлтийг гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэгийг ашиглаагүй, шинжээчээс асуусан асуулт нь Г.Мын үйлдлийн улмаас тус гал түймэр гарсан уу гэсэн асуулт байснаас бус гал түймэр гарахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн эх үүсвэрийг тодорхойлоход чиглээгүй. Тиймээс шинжээч нар дүгнэлт гаргахдаа хариуцагчийн үйлдлийг буруутгахад чиглэсэн хариултыг өгсөн.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтэд ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан гэж дүгнэдэг боловч үнс, нурамд шинжилгээ хийгээгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 9/63 дугаар бүхий албан бичигт ...танай байгууллагаас ирүүлсэн мөрдөгч Э.Т-ийн 2018 оны 06 сарын 05 өдрийн 180902525 дугаартай хэргийн мөрдөгчийн тогтоолд дурдагдсан асуултууд нь шинжилгээтэй холбоотой асуулт байхгүй, шинжилгээнд ирүүлсэн үнс нурамны дээж шаардлага хангахгүй. Дээрх тогтоолын асуултыг шинжилгээтэй холбоотой асуултаар солих, дээжийг шаардлагатай хэмжээгээр ирүүлсний дараа шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой болохыг үүгээр уламжлая... гэсэн хариу өгсөн. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 75/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тухайн үед шинжээчид хүргүүлж байсан үнс нурамны дээжэд шинжилгээ хийгээгүй, мөн дээжийг тухайн үед шинжилгээ хийж болохуйц шаардлагатай хэмжээгээр хүргүүлсэн эсэхийг шүүх тодруулж үзээгүй.

Харин 2018 оны 05 сарын 30-ны өдөр мөрдөгч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Мэдээлэл шуурхай албаны галын шинж онцгой байдлын ахмад М.Б хэргийн газраас: UBH төвийн гадна фасадны зүүн урд өнцгөөс унжсан байдалтай зэс утас үзүүрт N цэгийг авч унжсан утасны үзүүр хэсгээс тасдаж дээж авав, 99-99 улсын дугаартай шатсан цагаан өнгийн приус-20 автомашины багаж /дээш/ хэсгээс к тэмдэглэгээгээр тэмдэглэж автомашины цахилгаан утас байж болзошгүй шатсан зэс утсыг дээж болгон авав гэж бичсэн. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд галын үнснээс гадна 2 утсыг дээж болгон авсан. Тэмдэглэл хэсэгт дээж болгон авсан 3 шинжилгээний объект нь галын эх үүсвэр байх боломжтой гэдгийг харуулна. Гэтэл 3 объектод дүгнэлт гаргаагүй, харин зөвхөн хариуцагчийн тамхи шидсэн үйлдлийг бичлэгт буулгаж, тухайн бичлэгээр тогтоогдохгүй үйл баримтыг төсөөлөн бодож, ил галын эх үүсвэрээр буюу хариуцагчийн тамхины ишнээс гал гарсан гэж дүгнэж, тус дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх нь эргэлзээтэй.

Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар гал түймэр гарсан тохиолдолд галын акт, тэмдэглэл гарах журамтай боловч галын дүгнэлт, акт, тэмдэглэл гараагүй. Харин хэзээ хойно зөвхөн бичлэг болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах нь хариуцагчийн гэм бурууг тогтооход хангалттай биш. 2020 оны 02 дугаар сарын 75/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-д гал гарсан цэг болон хэрэгт авагдсан сиди бичлэг дэх Г.Мын тамхины иш шидэх үед зогсож байсан газар хоорондын зай 5.5 метр байсан гэж бичсэн. Шүүхээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Г.М-ын зогсож байсан гэх газраас хогийн сав байсан гэх газар хүртэл 7м, 50см байв гэж бичжээ. Үүнээс үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 75/1277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гал түймэр гарсан цэг, Г.М-ын тамхины иш шидэх үед зогсож байсан газар хоорондын зай 5.5 метр байсан гэсэн дүгнэлт нь үзлэгийн тэмдэглэлд дурдсан зайтай 2 метрийн зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гэм бурууг тогтоохдоо үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэсэн. Гэтэл энэхүү үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан зай зөрүүтэй байгааг тодруулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хэрэг гарах үеийн камерын бичлэгийг хэрэгт хавсаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс камерын бичлэгт гал  гарсан цэг рүү харж байгаагүй, гал гарсан цэгийг бичээгүй гэж маргадаг. Гэтэл гал гарсан цэгийн хажууд камер байсан болох нь тогтоогдоно. Шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн бичлэгийг үндэслэж гараагүй бөгөөд тухайн үеийн нөхцөл байдал болон хэргийн газрын үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Хариуцагч тал жижиг хогийн сав байсан бөгөөд энэ  хогийн савыг шидсэн тамхины иш онох боломжгүй гэж маргасан. Тухайн үед хэр хэмжээний том хогийн сав байсан эсэх нь тодорхойгүй байсан тул энэ талаар тодруулах шаардлага гаргасан. Бодит байдал дээр тухайн үед Г.М-аас гадна олон хүн тамхи татсан. Тус камераар UBH барилга болон урд нь байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний төв хоёрын дунд байгаа нарийн замыг бүхэлд нь харуулж байгаа бөгөөд энэ замаас өөр талаар хүн орох боломжгүй.

Бусад камерын бичлэгт өртсөн хүмүүс гал гарсан цагийн эсрэг талд тамхи татаж байгаа болох нь камерын бичлэгт тодорхой харагдана. Түүнчлэн, гал гарсан хугацаанд Г.Маас өөр хүн тухайн газраар өнгөрөөгүй болох нь бичлэгт тодорхой харагддаг. Мөн тамхины ишнээс биш цахилгааны утас ил гарсан байх үндэслэлтэй гэж хариуцагч тал маргадаг боловч барилгын гадна цахилгааны ямар нэгэн утас байдаггүй. Харин шатсан камерын хананы цаанаас гарч ирсэн цахилгааны утас унжсан байдалтай байсан. Г.Мын тамхиа хогийн цэг руу шидсэн зай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн үзлэгээр зөрүүтэй гарсан. Учир нь үзлэгийн явцад Г.М тамхиа шидсэн зайгаа буруу зааж өгсөн бөгөөд шүүх Г.Мын тамхины иш шидсэн зайнаасаа хол зогссон, ойрхон зогс гэж шаардах боломжгүй. Хариуцагч гал гарсан газраас 7 метрийн зайд зогсож байна гэж шүүхийн үзлэгээр тогтоогдсон баримт биш. 2020 оны шинжээчийн дүгнэлтээр Г.М цэгээс 5 метр зайтай зогсож байсан болох нь тогтоогдсон гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК гэм хорын хохиролд 24,387,677 төгрөгийг, Б.А5,329,000 төгрөгийг тус бүр хариуцагч Г.Маас нэхэмжилснийг тэрээр эс зөвшөөрч, гал гарсанд гэм буруугүй гэж маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ЮБЭцентр барилгын зүүн урд талд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гал гарсны улмаас тус төвийн барилгын булан, Б.А-гийн эзэмшлийн тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл шатсан үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 6-9, 84-85 дугаар тал дахь прокурорын тогтоол, хэргийн газрын болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1-р хх6-9, 84-85

 

3.1. Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, /14210/ 23 тоот хаягт байршилтай, 19500 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 9999 улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.Абүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа зэрэг баримтаар нотлогджээ. /1-р хх230-231, 2-р хх112/

 

3.2. Тухайн өдөр гал гарснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна фасад, агуулахад 24,387,677 төгрөгийн, нэхэмжлэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэлд 5,329,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 11-17, 137-141 дүгээр тал дахь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

 

Иймээс нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар галд шатсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм хор учруулсан буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч Г.Мын зүгээс миний тамхины иш шидсэн үйлдлээс болж гал гараагүй гэж гэм буруугийн талаар маргасан.

 

4.1. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.М-ыг татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай тогтоолоор шалгавал зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлиийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хаасан. /1-р хх6-9/

 

4.2. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газар үзлэг тухайн газраас шатсан материалын үнс, ЮБЭцентрийн гадна фассадны зүүн урд өнцгөөс унжсан зэс утасны үзүүр хэсгээс, автомашины цахилгааны утас байж болзошгүй шатсан зэс утаснаас тус тус дээж авсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн үнс нурамны дээж шаардлага хангаагүй учир дүгнэлт гаргаагүй талаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны 9/63 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Үнс нурамны дээжийг дахин шинжилгээнд явуулсан талаар баримтгүй байна.

 

4.3. Мөн ЮБЭцентрийн гадна фассаднаас унжсан зэс утаснаас дээж авч хэргийн материалд шийдвэрлээгүй талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот албан бичгээр шүүхэд хариу ирүүлсэн.

 

4.5. Түүнчлэн, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоолгохоор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ш-05 тоот шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот болон 2019 оны 12 дугаар сарын *** тоот дүгнэлтүүд гаргасан боловч эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхаас гадна уг дүгнэлтүүд нь хариуцагч Г.М-ын болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан болохыг эргэлзээгүйгээр тогтоохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /1-р хх 95-96, 125-126, 2-р хх 59-60/

 

4.6. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн камерын бичлэгийн CD-ийнд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон шүүхээс тус CD-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18:43:39 цагаас 18:43:40 цагийн хооронд Г.М /бор өнгийн костюм пиджактай залуу / татсан тамхиа хяналтын камерын зүгт дээшээ няслаад явсан, 18:48:02 цагаас камерын харагдах орчин муудаж утаа мэт зүйл мананцарлаж гал гарсан эдгээр цаг хугацаанд Г.М-ыг явснаас хойш өөр бусад хүмүүс тухайн газрын хажуугаар тамхи татаж өнгөрөх, татсан тамхиа хананд унтрааснаар бичигджээ.

 

4.7. Гэтэл хариуцагч Г.М-ын няслаж шидсэн тамхины иш хаана унасан талаар хяналтын камерт бичигдээгүй байна. Ийнхүү камерын бичлэгт шидсэн тамхины иш хогийн саванд эсвэл бетонон шал дээр унасан эсэх талаар бичигдээгүйгээс гал юунаас хэрхэн үүссэн талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5.1. Хариуцагч Г.М-ын болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар түүнийг гэм буруугүй гэж үзнэ. Гэм буруугүй этгээд бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Г.М-д холбогдох Б ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК, Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн ...шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, шинжээч нар дүгнэлт гаргахдаа тусгай мэдлэг ашиглаагүй, гал гарсан шалтгаан нөхцөл юу байсан болох нь бичлэг болон бусад баримтаар тогтоогдоогүй... гэх давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.М-д холбогдох, Б ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК, Б.Анарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 408,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ