| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04317/И |
| Дугаар | 102/ШШ2016/04451 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/04451
| 2016 оны 06 .сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/04451 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамжны 46 тоотод оршин суух, эрэгтэй, Халзан овогт Батмонголын Ууганбаатар /РД-ЙЙ89103114/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 47б байрны 16 тоотод оршин суух, эрэгтэй, Балган овогт Батчулууны Ганзориг /РД-УУ89061954/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, хариуцагч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Ганзоригтой зээлийн гэрээ байгуулж 8 сая төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хугацаанд бүхлээр болон хэсгээр төлөхөөр заасан хэдий ч төлбөрийг огт төлөөгүй бөгөөд 8 сая төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй нь миний амьдралд хүндрэл учруулж байна.
Иймд Б.Ганзоригоос үндсэн зээл 8 сая төгрөг, зээлийн хүүд 3,200,000 төгрөг, алданги 4 сая төгрөг, нийт 15,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Ганзоригтой эвлэрлийн гэрээ байгуулсан.
Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,200,000 төгрөгийн 11,070,400 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,129,600 төгрөгийг Б.Ганзориг нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.
Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2015 оны 9 дүгээр сарн 20-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 60 дугаар байрны 2 тоот өргөтгөлийн байранд Кинг ломбарданд хамтран ажиллахаар тохиролцож хөрөнгө оруулсан мөнгө дээр зээлийн гэрээ байгуулсан.
Гэрээний үүргээ ёсчлон биелүүлж, ногдол ашгийг шилжүүлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч тал хөрөнгө оруулсан мөнгөндөө барьцаа гаргаж өгөхийг шаардаж, чадахгүй бол гэрээ цуцлах тухай хэлсэн. Би өөрт байсан дунд гарын алтан нуух, мөнгөн халбагатай бүтэн сийлбэртэй цагаан шүрэн хөөргийг барьцаа болгон өгсөн боловч бага байна гээд гэрээ цуцлах шаардлага тавьсан.
Ингээд бид тэр өдрөө гэрээгээ цуцалж, ногдол ашгаа зогсоож, 11 сарын 20-ны өдөр гэхэд хөрөнгө оруулалтын мөнгийг гаргаж өгөхөөр тохиролцсон.
Нэхэмжлэгч тал өөрийн биеэр ломбарднаас мөнгөө татна, хэрэв Б.Ганзоригт өгөх юм бол хуулийн дагуу таньд хариуцлага үүрүүлнэ гэх зэргээр тухайн үед ломбардад ажиллаж байсан С.Даваасүрэнг сүрдүүлсэн байсан.
Ингээд бид гурав тооцоо нийлж, ломбардад оруулсан мөнгөний үлдэгдэл болох 4,440,000 төгрөгийг нэхэмжлэгч нь миний оролцоогүйгээр шууд авахаар гурван талт тохиролцоо хийсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уулзахад тохиролцооны дагуу мөнгөө бүрэн авч дууссан гэж байсан.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бичихдээ огт мөнгө төлөөгүй, хүүгийн мөнгө нэг ч төгрөг аваагүй гэж бичсэн нь илт худал мэдүүлсэн, шүүхийг хүндлээгүй үйлдэл болсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн тул шүүхэд гаргах тайлбар байхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганбаатар нь Б.Ганзоригоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,200,000 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,200,000 /арван таван сая хоёр зуун мянган/ төгрөгийн 11,070,400 /арван нэгэн сая далан мянга дөрвөн зуун/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 4,129,600 /дөрвөн сая нэг зуун хорин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг Б.Ууганбаатарт 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Шүүх, зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос 81,023 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Б.Ууганбаатар нь Э.Цогхүүд шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдлэхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Ууганбаатарын нэхэмжлэлтэй, Б.Ганзоригт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,200,000 /арван таван сая хоёр зуун мянган/ төгрөгийн 11,070,400 /арван нэгэн сая далан мянга дөрвөн зуун/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 4,129,600 /дөрвөн сая нэг зуун хорин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг Б.Ууганбаатарт 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос 81,023 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |