| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/02727/И |
| Дугаар | 210/МА2024/02017 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02017
2024 11 22 210/МА2024/02017
М.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/04353 дугаар шийдвэртэй,
М.М-гийн нэхэмжлэлтэй, Б.А-дхолбогдох
17,551,048 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2017 оноос БНСУ-д ажиллаж амьдарч байгаад 2022 оны 7 сард Б.Атай танилцаж тэр оныхоо 9 сард нэг гэрт орж хамтын амьдрал эхлүүлсэн. Тухайн үед Б.А нөхрөөсөө салсан ганц бие гэж хэлсэн тул би түүнд итгэн өөрийн эхнэр хэмээн хүлээн зөвшөөрсөн байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч эхнэр, нөхрийн харилцаатай байж хамт амьдрах хугацаанд бүх асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэдэг байсан. Гэвч Б.А өөрийн бага хүүхдээ асрах нэрийдлээр 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол руу буцсан.
Тэрээр намайг Монголд хамт амьдарья гэж ятгасан тул би Солонгос улсад 8 жилийн турш бий болгосон, бүтээсэн амьдрал, карьер, ажлаа хаяж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монголд ирсэн. 2024 оны 2 дугаар сар хүртэл бид гэр орноороо орж гараад цаашид орох оронтой болоод нэг гэртээ орно гэж төлөвлөсөн байхад Б.А нь үл ойлгогдох шалтгаанаар надаас бүх харилцаагаа тасласан. Улмаар түүнийг хүүхдүүдийнхээ аавтай нэг гэрт хамт амьдарч байгаа болохыг олж мэдсэн. Тэрээр Монголд ирснээс хойш хүүхдүүдийнхээ аавтай холбоотой байсан эсхүл Солонгос улсад надтай хамт амьдарч байхдаа л нөхрөөсөө салсан гэж худлаа хэлээд намайг ашиглаж байсан гэж үзэхээр байна.
1.2. Би Солонгос улсад Б.Атай хамт амьдарч байх хугацаанд болон Монголд ирснээс нь хойш түүний хэлсэн мөнгө болгоныг өөрсдийн ирээдүйн хамтын амьдралаа бодон шилжүүлдэг байсан. Үүнд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,538,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 120,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 271,100 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, нийт 17,751,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 550,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 732,872 төгрөгийг би авч ашигласан тул хасаж тооцоход 16,468,228 төгрөг болсон. Мөн би Монголд ирэхдээ вон болон ам.доллар авч ирээд Б.Атай хамт очиж солиулан түүний данс руу 31,576,820 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Б.Аын данснаас миний дансанд 29,900,000 төгрөг шилжүүлж, 1,082,820 төгрөгийг өөрийн дансандаа авч үлдсэн.
Иймд хариуцагч нийт 17,551,048 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 2010 оноос хойш БНСУ-д ажилладаг байсан. М.Мтай 2020 оны 4 дүгээр сард танилцаж байх үед би гэр бүлтэй бие давхар байхад М.М болон түүний эхнэр н.Марал нар салгасан. Энэ үеэс хойш хүүгийнхээ аавтай хамт амьдарсан удаа байхгүй. Би М.Мтай 2022 оны 7 дугаар сард БНСУ-д уулзаж хамтран амьдарч байхад санхүүгээ тус тусдаа барьдаг байсан тул мөнгө өг гэж гуйж байгаагүй. Би байнгын цагийн ажил хийж, мөн Deriv syntetic index дээр арилжаа хийж мөнгө олдог байсан. М.М нь хүүхэд гадуурхах, хүүхэд руу орилох, хардах, хүүхдийг төрсөн эцэгтэй нь уулзуулахгүй байх, гэрлэлтээ цуцлуулаагүй зэрэг олон шалтгааныг тэвчиж чадаагүй тул салах шийдвэрт хүрсэн.
2.2. М.М Монголд ирээд манай гэрт хамт амьдарч байхдаа хоол хүнс байрны төлбөр төлж байгаагүй. Бид ирээдүйд хамт амьдарна гэж төлөвлөсөн байсан учраас өөрөө унах гаальтай шинэ машин ав гэж шаардсаны дагуу Toyota sai маркийн автомашиныг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 25,100,000 төгрөг, машинтай холбоотой даатгалд 722,678 төгрөг, засвар оншилгоо 150,000 төгрөг, өвлийн 4 дугуй 1,150,000 төгрөг, шалавч 115,000 төгрөг, нийт зардал 27,237,6787 төгрөгөөр авахад 10,000,000 төгрөг нэмэрлэсэн. Үүнийг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буцааж өгсөн. М.М нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр миний машиныг авч яваад осол хийж зүүн талын хоёр хаалга болон их биеийг сэвтүүлсэн. Засварын зардал болох 650,000 төгрөг нь надад хамааралгүй. Машин мөргөлдүүлснээс болж машины үнэлгээ тухайн үед авч байсан үнээс 5,000,000 төгрөгөөр буурч хохирсон. БНСУ-д ажиллаж байхдаа цагийн ажлын мөнгөө бэлнээр аваад М.М-гийн Хаан банкны дансаар Монгол руу мөнгө шилжүүлж авдаг байсан. 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар М.Мтай холбоотой болон түүний Төрийн банкны 330000831501 тоот данс руу нийт 33,493,3727 төгрөг тухай бүрд шилжүүлсэн тул ямар ч өр төлбөрийн үлдэгдэл байхгүй.
М.М нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 550,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 732,872 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 180,000 төгрөгийг хүний данс руу хийлгэсэн. Мөн Төрийн банк дахь 330000831501 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 570,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 4,999,000 төгрөг, 4,999,000 төгрөг, 4,999,900 төгрөг, 4,999,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,999,000 төгрөг, 4,999,000 төгрөг, 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, Төрийн сангийн ********* тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 236,400 төгрөг, 79,200 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн хүүхэд болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан болно. Энэ мэтчилэн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан мөнгө болон надад учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй байхыг хүсэж байна. М.М Солонгост спортоор хичээллэж тэмцээнд ордог байхад зардлыг нь би төлдөг байсан. Би үүнд өглөгтэй биш авлагатай, мөн түүнээс мөнгө гуйж авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 1,081,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,469,128 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 30,516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт анх ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй буюу хариуцагч нь мөнгийг аваад нэхэмжлэгчид буцаан өгнө гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Атай хамт амьдарна гэдэгт итгэдэг байсан учраас түүний хувийн хэрэгцээнд нь болон орон сууц авахад зориулж байрны урьдчилгаа цуглуулахын тулд машин аваад дараа нь байр авах болохоороо машинаа зарна гэж тохиролцож их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч мөнгө явуулсны дараа машин болон байр худалдаж авсан үйл баримттай талууд маргадаггүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тодорхой зорилготой хариуцагчид мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор машин худалдаж авсан болох нь тодорхой байна.
Гэтэл шүүхээс мөнгө шилжүүлсэн үйл баримт тодорхойгүй, хариуцагч нь мөнгийг аваад нэхэмжлэгчид буцаан өгнө гэж тохирсон үйл баримт байхгүй гэж дүгнэсэн нь няцаагдаж байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид өгсөн мөнгийг мөнгөөр нь буцаан авна гэж тохиролцоогүй ч түүний явуулсан мөнгөөр хариуцагч автомашин худалдан авч ирээдүйд дундын хөрөнгө бүхий орон сууцтай болох зорилготой байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн нэр дээр тодорхой хөрөнгө бий болгох зорилгоор түүнээс мөнгө хүлээн авдаг байсныг илтгэх боловч цаашид тэд хамт амьдрах боломжгүй болсноор нэхэмжлэгч өөрийн хүсэж байсан машин, орон сууцыг авах боломжгүй болж бусдад өөрийн мөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн, харин хариуцагч авсан мөнгөний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
4.2. Шүүхийн шийдвэрт ...тэдний хоорондын хувийн харилцааны хүрээнд хариуцагчийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс хамтын амьдралын хэрэглээ, амьжиргааны зардалд хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаар зохигчдын хэн аль нь баримтаар нотлож чадаагүй тул тэдний хооронд ямар нэгэн үүрэг үүссэн гэж үзэхээргүй байх ба нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө авч байсан болохоос өгч байсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарт дурдсан нэхэмжлэгчид өгсөн гэх мөнгө дандаа нэхэмжлэгчийн бусдаас авах ёстой байсан мөнгө бөгөөд хариуцагчийн дансаар л өөрт шилжүүлэн авсан.
Нөгөөтэйгүүр, хариуцагч тал өөрийн хүлээн авсан мөнгөнд тодорхой тайлбар хэлдэггүй, энэ нь авах ёстой эсхүл авах ёсгүй мөнгө байсан эсэхийг ч тодорхой тайлбарлаагүй. Хариуцагч өөрийн татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч тал түүнд шилжүүлсэн мөнгөний эх үүсвэр, зорилгыг тодорхой тайлбарласан. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч ийнхүү шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Б.А нь М.Мгаас өмнө БНСУ руу яваад ажиллаж, амьдарч байсан тул өөрийн хүчээр бий болгосон 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй. Уг нөхцөл байдлаас үзэхэд Б.А нь М.Мгаас заавал орон сууцны төлбөр авах шаардлага байгаагүй. Талуудын хооронд үүссэн үл ойлголцлоос болж М.М нь Б.А-дөс санаж өөрийнхөө шилжүүлж байсан мөнгийг нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан баримтаар М.Мгаас Б.А-дшилжүүлсэн мөнгийг Б.А нь М.Мн данс руу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтаас үзэхэд хариуцагч Б.А нь М.Мд төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин Б.Аын авсан автомашиныг М.М ашиглаж байгаад осол гаргаж, автомашинд хохирол учруулсан. Гэвч тухайн автомашиныг Б.А өөрийн мөнгөөр янзлуулсан тул М.Мд төлөх төлбөргүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.А-дхолбогдуулан 17,551,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНСУ-д, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад тус тус хамтын амьдралтай, хувийн харилцаатай байсан талаар маргахгүй байна.
3.2. БНСУ-аас хариуцагч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч М.М нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус Монгол Улсад ирсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
3.3. Нэхэмжлэгч М.М нь Төрийн банк дахь өөрийн ********** тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,200,000 төгрөг, 400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Б.Аын ХААН банк дахь ******** тоот дансанд, мөн ХААН банкны ********* тоот данс руу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг төрсөн өдрийн мэнд хүргэе охиноос нь гэсэн гүйлгээний утгатай, ************ тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөгийг хаалга машин гэсэн гүйлгээний утгатай, ********* тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөгийг машин засвар гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн. /хх7-12/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 14 удаагийн шилжүүлгийн мөнгийг хариуцагчид ямар зорилгоор шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй буюу хариуцагч нь мөнгийг аваад нэхэмжлэгчид буцаан өгнө гэж тохирсон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
4.1.Учир нь хэрэгт авагдсан баримтууд болох мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтуудыг талуудын хамтын амьдралтай байсан цаг хугацаа болон талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдний тусдаа амьдарсан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Тодруулбал, энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хамтын амьдралтай байх хугацаанд ахуйн хэрэглээний зардалд зарцуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч нь дурдсан хугацаанд автомашин худалдан авахад нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,200,000 төгрөг, 400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
4.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...Toyota sai маркийн автомашиныг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 25,100,000 төгрөгөөр худалдан авахад М.М нь 10,000,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүнд буцааж шилжүүлсэн гэжээ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 6,550 ам.долларыг солиулж 22,466,500 төгрөг, 2,600,000 воныг солиулж 9,110,400 төгрөг, нийт 31,576,820 төгрөгийг Б.Аын ХААН банк дахь ******** тоот дансанд шилжүүлэн авч, хариуцагч 4,999,000 төгрөгөөр 5 удаагийн, 4,999,900 төгрөгөөр нэг удаагийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийж 1,081,920 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж дүгнэсэн. Энэ шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
4.3. Хариуцагчийн нэхэмжлэгчид 33,493,3727 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гүйлгээтэй харьцуулан дүгнэвэл анхан шатны шүүхийн дүгнэсэн 31,576,820 төгрөгийг Б.Аын ХААН банк дахь ********* тоот дансанд шилжүүлсэнтэй холбоотой, харин үлдэх төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан төлбөртэй хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.
5. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн вон, ам.доллар солиулсны зөрүү 1,081,920 төгрөг дээр нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 13,800,000 төгрөгийг нэмж, нийт 14,881,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/04353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...1,081,920 гэснийг ...14,881,920 гэж, ...16,469,128 гэснийг ...2,669,128 гэж,
2 дахь заалтын ...30,516 гэснийг ...232,360 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 240,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ