Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 937

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Гэрч Н.Энхцацрал,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч нар Ж.Энхтуяа, Г.Сүхээ,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч нар Б.Цолмон-Эрдэнэ, О.Баяраа, Б.Тэнгис,

Шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч нар Г.Энхтүвшин, Г.Нарантуяа, Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00517 0285 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.М .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн    тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Б .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ХХК-д хөдөлмөр аюулгуй байдлын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

         Шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “...Миний бие багаасаа Б.Б , М.Н  хоёртой найзууд. Бид нарт хэрэг үйлдэх талаар анхнаасаа үгсэн тохиролцсон зүйл бол байхгүй. Манай ээж 2018 оны 3 дугаар сард хөхний хорт хавдартай болсон бөгөөд яаралтай хагалгаанд орохоор болсон тул мөнгөний хэрэг гараад М.Н оос 3 сарын сүүлээр 15 сая төгрөг зээлсэн. М.Н ид мөнгийг нь өгөлгүй явсаар байгаад 11 сард байраа алдлаа гэхээр нь би М.Н ид ахаасаа 2.000.000 төгрөг зээлээд, машинаа ломбарданд тавьж, увуулж цувуулж төлсөөр байгаа 9.900.000 төгрөгийг төлсөн юм. Мөн 9 дүгээр сард 2.500.000 төгрөгийг төлсөн байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг М.Н  дуудахаар нь яваад очсон. Тэгэхэд цагдаагийн надад ийм хэрэгт холбогдсон гэж хэлээд бариад авсан. Надад үгсэн хувилдаж хийсэн хэрэг байхгүй. Мөрдөн байцаагч намайг байцаахдаа “чи энэ хэргийг хийсэн биз дээ, энэ хэргийг үйлдсэн” гэж маш ихээр тулгаж, дарамталж байсан. “Ээж, эхнэрийг минь хүртэл энэ хэрэгт оролцуулна гэж, мөн энэ хоёроос тусгаарлана” гэж намайг Төв аймагт хүртэл шилжүүлэн хорьж байсан. Энэ бүх байдлаа би баригдсан өдрөөсөө эхлэн байцаагчдаа хэлсэн. “Би энэ асуудалд хэлмэгдэж байна” гэж хэлж байсан боловч энэ бүгдийг прокурор болон мөрдөн байцаагч хүлээж аваагүй. Намайг шууд гэм буруутай гэж үзэж миний эсрэг бүх ажиллагааг хийсэн байна. Иймд эрхэм шүүгчээ таныг энэ хэргийг үнэн зөвөөр нь харж шийдэж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Миний бие ийм хэрэгт холбогдсондоо их харамсаж байна. Бид 3 энэ гэмт хэргийг анхнаас нь сэдэлтэй, ийм зүйл үгсэн тохиролцоогүй. М.Н  надад “Бээжин хамт явж барилгын материал авахад хэл устай юм чинь  туслаад өгөөчээ” гэж хэлэхэд нь би “за” гэж хэлээд хамт явсан. Тэгээд бид хоёр хамт явсан. Тэгтэл М.Н  очоод “барилгын материал авч чадахгүй боллоо, мөс авмаар байна” гэсэн. Уул нь М.Н  эндээс явахдаа надад тэгж хэлээгүй мөртлөө тэнд очоод “мөс авмаар байна гэж гуйгаад чи олж өгч чадах уу” гэсэн. Би урьд нь Шанхайд сурдаг байсан болохоор тэнд байдаг найзуудтайгаа холбогдон яаж хэрхэн олох вэ гэж судалж байгаад олсон. Тэгээд анх авахдаа мөсийг мөн байна уу, биш байна уу гэдгийг би өөрөө урьд нь хэрэглэж үзсэн учир хэрэглэн үзэж мөн байхаар нь худалдаж авсан. Тэгээд Эрээнд ирээд бид хоёр буудалд бууж би Хятадын хууль чанга гэдгийг мэддэг учир М.Н ид “хил нэтрүүлж чадахгүй шүү” гэж хэлж М.Н ийн араас тусдаа хил гарсан. Би шөнө 04 цагт цагдаад баригдаад өглөө 10 цаг хүртэл байцаагдсан. Би энхний удаа байцаалт өгөхдөө “би байцаалт өгмөөргүй байна” гэж хэлсэн чинь намайг зодсон. Тэгээд “чи яагаад байцаалт өгмөөргүй байгаа юм бэ” гэхэд нь би “ерөөсөө ойлгохгүй байна, юу болоод байгааг мэдэхгүй шоконд ороод байна” гэсэн чинь намайг 4 удаа цахилгаан бороохойгоор толгой дээрээс цохисон. Мөн байцаагч нар нь хэдэн талаас дарамталсан. “Нөгөө хүн чинь ингэж хэлээд байна, чи ингэж хэлсэн үү” гэж хэлээд дарамтлаад байсан. Хоёр дахь удаагаа байцаалт өгөхдөө “чи өмнөх байцаалттайгаа адилхан байцаалт өгөх үү” гэхээр нь би “байцаагчаа би яг үнэнээ хэлэхэд яг юу гэж байцаалт өгсөнөө санахгүй байна” гэсэн. Тэгэхэд байцаагч “яагаад чи санахгүй байна вэ” гэхэд би танд хэлсэн шүү дээ. Би “юмаа санахгүй байна, намайг битгий шахаад байгаачээ, би шоконд ороод байна” гэж хэлсэн. Тэгээд хоёр дахь удаагаа байцаалт өгөхдөө үнэн байцаалт өгсөн юм.” гэв. 

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н  мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 18-нд буюу урагшаа явдаг өдрөө Б.М аас мөнгөө аваад би болохоор “Хангал констракшн” гэдэг амины орон сууц барьдаг компанид ажилладаг. Ихэвчлэн барилгын материалаа урдаас татан авдаг байсан. Тэгээд би Б.Б д хэлж “хамт яваад бараа авахад туслаад өгөөчээ” гэж хэлэхэд зөвшөөрөөд бид хоёр урд очиход бараа авах мөнгө хүрэхгүй, үнийн дүнд зөрүү гарсан тул авч чадахгүй буцаад явах гэж байхад Б.Б ээ надад тиймэрхүү санал тавьсан. Тэгээд хар тамхи байдаг гэсэн яриа өрнөж, энэ хэрэг рүү орох болсон. Би болохоор энэ хар тамхи гэж ямар зүйл байдаг, мөн татаж хэрэглэж үзэж байгаагүй. Тэр өдөр намайг ирэхэд шууд цагдаа нар зодож нүдээд надаас 3 удаа мэдүүлэг авсан. Мөн “найзуудыгаа барьж өг” гэж хэлсэн. “Б.Б ээг буюу цугтаа явсан хүнээ барьж өг” гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед Б.Б ээ над руу ярьж таарсан. Тэгээд би Б.Б ээг барьж өгсөн. Тэгээд барьсны дараа цагдаа нар намайг дахин зодоод “та нар худлаа яриад байна” гэж зодсон. Би хэргээ анхнаас нь үнэн зөвөөр хэлсэн. Тэгээд мэдүүлгээ эргээд уншингуут миний ярьж байсан мэдүүлэг биш байна. Тухайн үед надад 3-4 цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Тэгж зуруулж байхдаа намайг “уншиж танилц, энэ тэр” гэж огт хэлж байгаагүй. Надад “өмгөөлөгч авах уу” гэж хэлж байгаагүй зүгээр л намайг зодсон. Тэгээд ийм хүнд байдалд орсон болохоор би тухайн үед яг юу гэж хэлснээ ч санахгүй байна. Тэгэхдээ би ийм мэдүүлэг өгөөгүй гэж бодож байгаа. Тэгээд цагдан хоригдож байх хугацаанд би мэдүүлгээсээ буцаад “наадах зүйлийг чинь би зарж үрдэгийг ч мэдэхгүй дээ” гэж хэлэхэд намайг “чи мэдүүлгээсээ буцах юм бол насаар чинь гаргахгүй, үүнийг зарж үрдэгийг мэдэхгүй гэж хэлсэн чинь намайг батлан даалтанд гаргахгүй насаар чинь гаргахгүй байж чадна” гэж Нямрагчаа гэдэг хүн хэлж дарамт үзүүлсэн. Тэгээд тухайн үед манай эхнэр жирэмсэн гэр бүлийн байдал хүнд байсан болохоор би эхний мэдүүлэг үнэн зөв гэж хэлсэн.” гэв.

       

         Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Энхцацрал мэдүүлэхдээ: “....Хүүхэдтэйгээ уулзах гээд уулзалтын бичиг авах гэж байцаагчтай уулзахад “таниас мэдүүлэг авъя” гэхэд нь би мэдүүлэг өгсөн гэв. Тэгээд би зөвшөөрөл аваад хүүхэдтэйгээ уулзсан. Урьд нь Г.Сүхээ өмгөөлөгчөөсөө ийм зүйл сонссон байсан юм. Тэгээд Б.Б тэй уулзахад “М.Н , Б.М  хоёр намайг хэргээ даачих, тэгвэл чамд машин тэргээ зараад 40 сая төгрөг өгье” гэж байна гэсэн зүйл ярьсан юм. Би тэгэхээр нь “тийм юм ерөөсөө байхгүй” гээд яриулаагүй. Тухайн үед би өөрөө юм ойлгохгүй байсан. Тэгээд өмгөөлөгч нар л ингэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод байцаагчтай хоорондоо ярьсан юм болов уу гэж бодсон. Гол нь тухайн үед миний ухаан санаа муу байх үед өмгөөлөгч нар ийм зүйл ярьж байгаа юм. Тэгээд манай хүүхдийг л хэрэгт оруулж байгаа юм байна гэж ойлгосон.” гэв. 

 

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-15/, Б.Б ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-17/, М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-40/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 47 дугаар байрны 30 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-48-54/, Тоёота кроун маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/, Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-66/, Б.М ыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-67-68/, Б.М ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-76/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг 28-5 дугаар байрны 1500 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77-85/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128-131/, М.Н ийн зээлийн гэрээ /1хх-154/, Б.Б ий дансны хуулга /1хх-208-225/, Б.М ын дансны хуулга /1хх-226-238/, М.Н ийн дансны хуулга /1хх-238, 2хх-34/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-35-38/, Б.М ын 99179070, М.Н ийн 99712828 дугаарын утасны орсон гарсан ярианы лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-39-67/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-69-71/, гэрч Э.Ундралын өгсөн мэдүүлэг /2хх-95/, гэрч Н.Энхцацралын өгсөн мэдүүлэг /2хх-101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12294, 12344, 12343, 12295, 93, 12335 дугаартай дүгнэлт /2хх-134-135, 140, 145-146, 150-151, 156-159, 180/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /2хх-233/, Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенц /2хх-233/, М,Нямдоржийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /3хх-45-47/, М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-43-47, 52-59, 201/, Б.Б ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-62-64/, Б.М ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-65-66/, мөрдөн шалгах нууц ажиллагааны лавлагаа /3хх-148-153/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /1хх-8/, гэрч Ё.Отгоны өгсөн мэдүүлэг /2хх-87/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 113, 114, дүгнэлт /2хх-170, 147/, Б.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-223/, Г.Нарангаравын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-224/, Б.Б ий мэргэжлийн үнэмлэхний хуулбар /2хх-245/, Ж.Баатарын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-228/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-134-135/, гэрч Н.Энхцацралын өгсөн мэдүүлэг /2хх-100-102/, Н.Золбаярын өгсөн мэдүүлэг /2хх-103-104/, гэрч Ж.Баатарын өгсөн мэдүүлэг /2хх-105-107/, гэрч Д.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /2хх-109-110/, гар утсанд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73-76/, нэгжлэг хийх мөрдөгчийн санал /1хх-77/, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол /1хх-78/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-128/, гэрч Б.Онолбаярын өгсөн мэдүүлэг /1хх-189/, банкны дансны хуулга /1хх-221/, гэрч Э.Ундралын өгсөн мэдүүлэг /2хх-94/, зээлийн дансны хуулга /3хх-2/, Б.М ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-4/, Б.М ын хувийн байдлын тухай баримтууд /3хх-5-17/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /4хх-24/, нууц ажиллагааны магадлагаа /4хх-26-28/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-152, 136, 242/, М.Н ийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-242/, М.Н ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-239/, гэрч Д.Мягмаржавын өгсөн мэдүүлэг /2хх-91/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /3хх-41, 43-44/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх-109, 72, 107/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-126/, шинээр иргэний шүүхийн шийдвэр буюу Нарангаравтай гэрлэлт цуцлуулсан гэсэн 2 хуудас материал, М.Н ийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас, Б.М ын хувийн байдалтай холбогдууласан ээжийнх биеийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурооос шүүгдэгч Б.М ын эзэмшлийн “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан тээвэрлэсэн, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхэд ашигласан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна.

 

Гэтэл уг машиныг тухайн хэрэг үйлдэхэд ашиглаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсонгүй. Иймд Эрүүгийн хуульд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Н ийн сэжигтнээр өгсөн: “...Би Б.М тай уулзаж “мөнгө зээлээч гэхэд мөнгө байхгүй байна, харин мөнгө байвал хурдан эргэлдүүлэх бизнес байна” гэж надад хэлэхээр нь “би ямар бизнес юм” гэхэд “нэг ашигтай бизнес байгаа тэгэж байгаад хэлье” гээд тодорхой хариу өгөөгүй. Б.Мандахаяр “чамд 15 сая төгрөг олдох уу, хэрэв олдох юм бол байрны өр болох 3 сая төгрөгийн өрийг чинь дараад дээр нэмж 5 сая төгрөг өгнө” гэхээр нь “найзад нь тийм их мөнгө байхгүй” гэсэн чинь “чи байраа банк бус санхүүгийн байгууллагад тавьчихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд Б.М тай хамт хоёр хоног гадуур зээл судалж үзэхэд зээл олгох банк бус сангийн байгууллага олдоогүй. Харин фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлнэ” гэсэн зар хараад холбогдох утсаар нь холбогдож ярьж уулзаа байраа тавиад зээл авах хүсэлтээ хэлэхэд манай байрыг очиж үзээд15 сая төгрөг зээлэхээр болоод зээлсэн. Би байраа барьцаалж зээлсэн 15 сая төгрөгийг аваад би байрны 8 хувийн зээл болох 3.5 сая төгрөгийг авч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тушаагаад үлдсэнийг нь Б.М т өгсөн....Тэгээд би Б.М ыг өдөр шөнөгүй хоргоогоод байсан чинь “би ямар ч байсан мөнгө олно, тэгээд хөл дээрээ зогсоё, чи урагшаа яваад мөс гэх нэршилтэй мансууруулах бодис аваад ир, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 өдөр яваарай” гэж хэлсэнээ “чи ганцаараа явж чадах болох уу” гэхээр нь би “Б.Б ээгээс тусламж гуйя цаадах чинь хэлтэй юм чинь болох байлгүй” гэж хэлсэн...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.М  “мөнгө бүтсэнгүй, маргааш яг бүтнэ, чи өнөөдөр явж бай би өглөө эрт мөнгө шилжүүлнэ” гэж хэлсэн. Бээжинд очоод Б.Б ий буудаг гэх “Хөгжлийн буудал” гэх нэртэй буудалд буусан...Тэгээд буудлаас гараад бид хоёр явж байгаад нэг хар арьстай хүнтэй уулзахаар болсон. Тухайн үед би өөрт байсан буюу Б.М ын өгсөн мөнгийг Б.Б д өгсөн. Харин Б.Б  нөгөө хар арьстай хүнтэй уулзаж мөсөө авчихаад буцаж буудал руугаа явсан. Б.Б  мөсийг хил нэвтрүүлсэн. “Б.М  мөс аваад ир, бусад асуудлыг би зохицуулна” гэж хэлсэн. Ер нь бол Б.М  урдаас мөс авч ирж зарвал мөнгөө дор нь олно гэх яриаг байнга ярьдаг байсан.” /3хх-45-17/ гэх мэдүүлэг,

 

М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-52-59/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ий сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Б.М  минйи ээжийн нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 4 дүгээр хороо, 10-27 тоот хаягтай байрыг “Бид” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж надаас зээлж авсан. Тэгээд цувуулж өгсөөр байгаад 9.000.000 төгрөгийг Б.М  надад өгсөнөөс 5.000.000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагад өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг би үрсэн. Ингээд Б.Н бид хоёр Б.Мандбаяраас хэрхэн мөнгө авах талаар ярьж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр санаж байна М.Н  бид хоёр Б.М тай уулзаад “өр ширээ яах бэ, одоо байраа алдахад хүрээд байна” гэхэд Б.М  “гурвуулаа БНХАУ-с мөс авч ирж зарья” гэж хэлэхэд нь “мөнгө яаж босгох бэ, бид хоёрт мөнгө байхгүй” гээд салцгаасан. Тэгээд хэд хоногийн дараа Б.М , М.Н  хоёр уулзаж ярилцсан байсан бөгөөд Б.М  нь М.Н ид хэлэхдээ “би ээжийн тэтгэврийн зээлийг авчихлаа, чи өөрөө мөсөнд явж чадах уу, 20 грамм мөс аваад 10x10 нь авья” гэсэн байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Н  бид хоёр вагоноор урагшаа явсан. М.Н  бид хоёр “Санлитун” гэх газар руу таксидаж очоод We чатын people nearby гэх нөхцлийг ашиглаад хар арьстай хүнтэй холбогдоод мөсөө авсан. Тэгээд бид хоёр машинаар хил гарахаар болоод М.Н  түрүүлээд гарсан би араас нь 30 минутын дараа гарсан. М.Н ийг хар тамхичид дунд таньж мэдэхгүй, намайг гадарлаж магадгүй учир бид хоёр тусдаа гарсан.” /3хх-61-64/гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ундралын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М.Н  БНХАУ руу ажлаар ганцаараа явна гэж хэлсэн. Урд өмнө нь ажлынхаа хүмүүстэй барилгын материал татах гэж хэд хэдэн удаа явж байсан болохоор нөхрөөсөө яг ямар ажлаар хэн хэнтэй хамт явах гэж байгаа талаар нь асуугаагүй. 2018 оны 3 дугаар сард байх нэг хүнээс өөрийнхөө нэр дээр байдаг байраа барьцаалаад 15 цаг төгрөг зээлээд найздаа өгсөн гэж ярьж байсан. Ямар шалтгаанаар мөнгө зээлж найздаа өгсөн талаар мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байхад хүн хаалга тогшихоор нь хаалга тайлсан чинь Б.М  ганцаараа байсан. Гэрт орж ирээд М.Н ийг асуусан бөгөөд “Нямка ирсэн үү, утсаа авахгүй байна, ирээгүй юм уу, чи нэг утас руу залгаад үз дээ” гэхээр нь би өөрийнхөө утаснаас М.Н ийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн чинь Б.М  “М.Н ийг над руу залгавал хэлээрэй” гээд гараад явсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б тэй байнга утсаар яриад байсан. Яг юуны талаар ярьж байгааг нь сонсоогүй, ямар ч байсан надаас нуугдаж яриад бас учир битүүлэг юм яриад байсан.” /2хх-94-95/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхцацралын өгсөн: “...Б.Б  надад хэлэхдээ М.Н той хамт БНХАУ руу хамт яваад ирье орчуулга хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Тэгээд Бээжинд очсоны дараа М.Н  надаас хар тамхи зардаг хүнээс асууж байгаад олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би буусан буудлынхаа хүмүүсээс асууж байгаад хар тамхи авсан. Би яг хичнээн грамм хар тамхийг хэдэн төгрөгөөр авсаныг хараагүй. Тэгээд бид хоёр маргааш нь Монгол руу буцсан. М.Н  өөрөө хар тамхиа авч явсан. Хилээр яаж авч гарсаныг нь мэдэхгүй байна. Энэ хэргийг бүгдийг нь Б.М  өөрөө зохион байгуулчихаад одоо намайг хэрэгт ганцааранг нь холбогдуулж үлдээх гээд байна гэж ярьсан. Мөн Б.М  гэдэг залуу “чи хэргээ даагаад явчих, шүүхээр шийдүүлсэний дараа чамайг хугацаанаас өмнө суллуулж авна” гэж хэлсэн гэсэн. Би энэ бүхнийг сонсоод сэтгэл санааны гүн дарамтанд байна. Ганц хүүгээ шоронд явуулмааргүй байна.” /2хх-100-102/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12294 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээсэнд метамфетамин /methabphetamine/” илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин /methabphetamine/” нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /2хх-133-134/ гэх дүгнэлт,

Шинжээчийн 12294 дугаартай дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-135/,      

 

-Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-11-17, 23-27, 28/,  

-М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-29-44/,

-Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-63-69/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-72, 73-76/,

-Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-79-85/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1хх-128-131/,

-Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /1хх-154-159/,

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-162-163/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-166/,

-Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн Б.М ын дансны хуулга /1хх-207-250, 2хх-1-42/,

-“Мобиком”-ын ярианы хуулга /2хх-44-66/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /2хх-69/,

-Монгол Улсын олон улсын гэрээ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” /3хх-29-35/,

-“ХААН” банкны дансны хуулга /3хх-212-226/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-50-54/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/,

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-239, 243, 3хх-4/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан: “...Тухайн гэмт хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, прокурорын зөвшөөрлийг аваагүй, эрүүдэн шүүсэн” гэх тайлбаруудыг тус тус гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүсэн бэлдмэлийг ойлгох ба уг бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг тээвэрлэсэн гэж ойлгоно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалах гэж үзэх ба уг бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нийгмийн хор аюул ихтэй эдийн засгийн зохион байгуулалттай гэмт

хэрэг гэж үздэг.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Н нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Н нарыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны

1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Б.Б , Б.Н нарын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 91 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулахаар тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй "Мөс", цагаан өнгийн гуурс, Толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг эд мөрийн баримтууд даавууг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан болно.

 

“Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгож шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Мөн шүүгдэгч Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.М ыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

           Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн    3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн

1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн

2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.М , Б.Б , Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М ын цагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Б.Б , Б.Н нарын цагдан хоригдсон 91 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй "Мөс", цагаан өнгийн гуурс, Толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг эд мөрийн баримтууд даавууг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  6. Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгосугай.

 

  7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М , Б.Б , Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

    10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М , Б.Б , Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,  

                                     ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС