Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 22 210/МА2024/02016

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ХХК

Хариуцагч Л.Б

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.М

 

Үндсэн шаардлага: 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, орон сууц болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг шаардлага: ******************** орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

 

Бие даасан шаардлага: ****************тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот хаягт байрлах 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.О, У.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэжмлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б ХХК нь Л.Б-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, ****************өрөө үл хөдлөх хөрөнгө худалдсан. Гэрээгээр нийт үнийг 196,500 ам.доллар бөгөөд 50 хувь болох 98,250 долларыг гэрээ байгуулахад төлөх, үлдэгдэл 50 хувь болох 98,250 долларыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах, гэрээний 3.1.3-д гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги гүйцэтгэгч талд төлөх, талууд төлбөр тооцоо дууссан тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан.

1.2. Өсөх зоос ХХК болон М ХХК-ийн захирал Ч.Ч нь өөрийн найз Л.Бд тус орон сууцыг авч өгч байгаа, бүх төлбөрийг би хариуцан төлж дуусгана гэж хэлсэн. Б ХХК-ний захирал З.М нь Л.Бтай гэрээ байгуулснаас хойш Л.Б, Ч.Ч нар бэлэн мөнгөний зарлагын баримтаар гэрээний төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол банкны 1,890.43 ханшаар 10,579.60 ам.доллар буюу 20,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1889.95 ханшаар 10,582.29 ам.доллар буюу 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,944.06 ханшаар 8,230.20 доллар буюу 16,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,949.09 ханшаар 5,643.66 ам.доллар буюу 11,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,012.16 ханшаар 1,490.94 ам.доллар буюу 3,000,000 төгрөг, нийт 36,526.69 доллар буюу 70,000,000 төгрөг, газрын төлбөрт 9,996.61 ам.доллар буюу 18,000,000 төгрөг, Л.Бгийн худалдаж авсан байрны дотоод засалд монгол төгрөгөөр 13,503,000 төгрөг, нийт 46,523.29 ам.доллар буюу 101,503,000 төгрөг төлсөн.

2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкны долларын ханш 1,887.83 ам.доллараар тооцоход нийт 370,958,595 төгрөг төлөхөөс түүний төлсөн 101,503,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 149,976.71 ам.доллар буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ханш 3,521.54 ам.доллараар тооцоход 528,148,983 төгрөг болох бөгөөд үүнээс засварын 13,503,000 төгрөгийг хасахад 514,645,983 төгрөг болсон. Гэрээний 3.1.3-д захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 74,988.36 ам.доллар буюу 264,074,509 төгрөг болсон.

1.3. Л.Б нь авто машины зогсоолыг анх түрээслэнэ гэж түлхүүрийн авч яваад түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул чөлөөлөх шаардлага тавихад худалдаж авсан гэж худлаа хэлсэн. Тэрээр 2015 оноос хойш манай компанийн гараашийг хууль бусаар эзэмшиж байна. Сүүлдээ байр худалдаж авсны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоол үнэгүй дагалдуулж өгсөн гэж хуурамч бичиг баримт үйлдэн нотариатын тамга даруулсан. Гэвч орон сууц худалдан авсан урамшуулалд автозогсоол үнэ төлбөргүй өгөх талаар ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл хийгээгүй. Харин цагдаагийн шалгасан материалаас автозогсоол дээр хийсэн хуурамч бичгийг олж мэдээд тухайн номер дугаарын нотариатчийг олж уулзахад ийм бичиг батлаагүй, батлах ёсгүй гэж хэлсэн. Хэрэв манай компани тус автозогсоолыг 2015 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж байсан бол тухайн байршил дахь түрээсийн зах зээлийн үнэ ханшаар хамгийн багаар нь бодит байдлаар тооцоход нийтдээ 18,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан.

Иймд хариуцагч Л.Бгаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 514,645,983 төгрөг, алданги 264,074,509 төгрөг, автомашины зогсоолоос олох байсан орлого болох хохирол 18,000,000 төгрөг, нийт 796,720,492 төгрөгийг гаргуулж, *************, Дайчин хөшөө, 1 байрны зоорийн давхарт байрлах 7 тоот 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнө.

1.4. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасны дагуу захиалагчид шилжүүлэн өгөх, захиалагч нь гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн боловч хариуцагч Л.Б одоог хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөхгүй гэж маргаан үүсгэн биднийг хохироож байгаа тул гэрээг цуцалж, ***************, дайчин хөшөөний 4-1 тоот орон сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, орон сууцаа буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, З.Мгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206053284 дугаарт бүртгэлтэй, ***************, дайчин хөшөөний 4-1 тоот, 131 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай улсын эрхийн бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Л.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хууль бусаар автозогсоол ашигласны хохиролд 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би Б ХХК-тай 2013, 2014 онуудад ********, Дайчдын хөшөө, 1-2 тоот 131 м.кв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1,500 доллароор тооцон дотоод засалтай, гал тогооны тавилгатай байрыг захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг М XXK-ийн захирал Ч.Ч бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцсон. Ч.Ч надад өглөгтэй байсан тул тус байрны төлбөрт миний өмнөөс төлбөрийг хийж байсан бөгөөд илүү гарсан төлбөрийг надад дэмжлэг болгон төлсөн. Б ХХК-аас байрыг барьж дууссаны дараа талбайн хэмжээнд Инженер геодези ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд 127.02 м.кв талбай байна гэж тогтоосон. Энэ актыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр хэмжилтээр тогтоосон актыг үндэслэн тооцож нийт 300,320,920 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

2.2. 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан П.Ч захирлыг ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдлийг Б ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр М ХХК-ийн захирал Ч.Чад хүргүүлсэнээр 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш П.Чтой төлбөр тооцоо хийгээгүй. З.М нь надтай ярихдаа П.Ч манай компаниас гарсан учраас одоо хоёулаа гэрээгээ шинэчилж хийе, гэрээ шинэчилэн хийхэд зөвхөн захирлын нэр л өөрчлөгдөнө гэж хэлээд гэрээ шинэчилж хийх талаар хүсэлт бичгээр бичээд өг гээд тэр даруй 1 хувь бичүүлж авсан. Харин З.Мгийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн миний хүсэлтийн дор ямар нэг юм бичээгүй, бичсэн талаар надад мэдэгдээгүй, хүсэлтийн дор бичсэн бичвэрийг хараагүй. 2013 оны гэрээний дагуу П.Ч, Б.Э нарт өгсөн 147,241,000 төгрөгийг тооцоо нийлэхдээ оруулж тооцно гэж хэлэхэд нь үнэмшиж 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус компанийн захирал З.Мтай гэрээг шинэчилэн байгуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Б ХХК-ийн захирал З.М, түүний ээж Б.Э нарт байрны төлбөр тооцоог үргэлжлүүлэн төлсөн.

2.3. Б ХХК-ийн удирдлагууд төлбөрийг авахдаа байрны төлбөрт, газрын үнэ, ажилчдын хоолны зардал, бусдад өгөх төлбөрөө төлүүлэх, Б.Эийн хүү З.Мгийн дүү тус байшингийн дотоод засалд зарцуулсан зардал зэргийг биднээр төлүүлж байрны зардалдаа суутган тооцно гэж авч байсан. 2013 онд байгуулсан гэрээгээр 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр гардуулна, 2014 онд байгуулсан гэрээгээр Б ХХК тус орон сууцны барилгыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгахаар гэрээнд заасан. Би З.М, түүний ээж Б.Э нартай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дахин хэлцэл бичгээр хийж өөрөө засвар, засал тохижилтын мөнгөө гаргаад байрны төлбөрт тооцохоор, мөн байрны үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлж байрны түлхүүр гардаж авснаар бэлнээр төлөхөөр бичгээр хэлцэл хийсэн. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Э, П.Ч, Ч.Ч, М ХХК-д тухайн үед ажиллаж байсан Г.Буурч нар байлцаж тооцоо нийлж үзэхэд 3,000,000 төгрөг дутуу гээд З.Мгийн дансанд Г.Буурчаар гүйлгээ хийлгүүлж тооцоо нийлсэн актыг 2 хувь бичүүлж П.Ч, Б.Э, Л.Б, Ч.Ч нар гарын үсэг зурсан, харин Б.Э нь охин З.М захирал учраас З.М зурна, би З.Мгаар зуруулаад авчирч өгье гээд 2 хувь актыг авч яваад алга болсон.

Дээрх үйл явдлаас үзвэл гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч З.М ажлаа дуусгаж байрыг бидэнд хүлээлгэн өгч чадаагүй гэдгээ мэдээд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт хэлцэлээр өөрчлөлт оруулсан. Гэрээний үүргийн дагуу надтай хариуцлага, алданги тооцох боломжгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа З.М, түүний ээж Б.Э нар байрны ордер гаргаж өгнө гээд байрны дотор, гаднаас зураг авч яваад өөрийн нэр дээр 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ гаргуулж авсан.

2.4. Гэрээний үүрэгт 796,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй. Учир нь байрны төлбөрт Б ХХК-ийн захирал П.Чт 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 147,700,000 төгрөг бэлнээр төлсөн. Мөн орон сууцны газартай холбоотой төлбөрийг иргэн Л.Ө төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 18,000,000 төгрөгийг М ХХК-ийн захирал Ч.Ч төлсөн. Түүнчлэн, Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Э, захирал З.М нарт нийт 76,000,000 төгрөг бэлнээр төлсөн. Харин би дотоод засал, гал тогооны тавилгад 58,620,920 төгрөг зарцуулсан. Мөн Б.Эийн хүү, З.Мгийн дүү Ч.Ч захирлаас 30,000,000 төгрөг бэлнээр гарын үсэг зуралгүй авсан. Улмаар тус байрыг зах зээлийн үнээс даруй өндөр үнэтэйгээр надтай гэрээ байгуулсан, анхны захиалагч гээд Б ХХК-ийн захирал урамшуулалд нь автозогсоолыг дагалдуулж өгсөн.

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн дийлэнхийг бэлнээр төлсөн бөгөөд эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байгааг нэхэмжлэгч тал зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, гэрээний хэрэгжилт дууссан боловч нэхэмжлэгч тал эхлээд гэрээний төлбөрийн асуудлаар маргаж эхэлсэн, дараа нь төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн шалтгаанаар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, гэрээний дагуу төлбөрөө бүрэн шилжүүлсэн. Харин худалдагч буюу гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ эс биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр этгээдийн нэр дээр гаргуулсан нь миний эрхийг зөрчсөн. Мөн би орон сууц болон автозогсоолыг хууль бусаар олж аваагүй, харин гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль ёсны өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Э, П.Ч нар М ХХК-ийн байранд ирээд Л.Бтай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд захирал П.Ч гарын үсэг зурж, Б.Э тамга дарсан. Энэ гэрээгээр 196,500 ам.доллар буюу 320,300,895 төгрөгийг Л.Б нь Б ХХК-д төлөхөөр, Б ХХК 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар, мөн Л.Бд урамшуулалд 1 автомашины зогсоолыг үнэгүй дагалдуулж өгөхөөр харилцан тохиролцсон.

3.2. Байрны талбайн хэмжээнд мэргэжлийн компаниар хэмжилт хийлгүүлэхэд 127.02 м.кв талбай байна гэж тогтоосныг Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Э хүлээн зөвшөөрсөн тул хэмжилтээр тогтоосон актыг үндэслэн тооцож нийт 127.02x1500$=190.530$ буюу 310,569,616 төгрөгийг Б ХХК-дбүрэн төлсөн. Б.Э, П.Ч нарт нийт 147,700,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд М ХХК-ийн байранд биечлэн ирж Б.Э төлбөрийг тоолж аваад П.Ч баримт дээр гарын үсэг зурдаг авдаг байсан. Мөн Б ХХК-ийн захирал З.М компанийн данс өгдөггүй, хувийн дансаа эсхүл ээж Б.Этэй хамт ирээд бэлнээр мөнгө авдаг байсан.

3.3. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Э, охин З.Мгийн хамт М ХХК-ийн байранд ирээд Б ХХК-ийн захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор охин ажлаа хариуцах болсон тул гэрээнд өөрөө гарын үсэг зурах ёстой гээд гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг надаар бичүүлээд уг хүсэлтийн доор З.М ямар нэг юм бичээгүй. Харин төлбөрт өгсөн 147,700,000 төгрөгийг гэрээнд оруулж байгуулах байх байсан. Тухайн үед Л.Б нь 2013 онд байгуулсан гэрээний үнийг бүхэлд нь 2014 оны гэрээнд бичсэн байхыг хараад З.М, Б.Э нараас 2013 оны гэрээний дагуу төлөгдсөн төлбөрүүдийг хасахгүй яагаад бүтнээр бичиж байна гэж асуухад тэд гэрээнд зөвхөн захирлын гарын үсэг өөрчлөгдөнө, байр барьж дуусаад тооцоо нийлсэн актад төлсөн мөнгөнүүдийг чинь оруулан тооцно гэж хэлэхэд итгэж гэрээнд гарын үсэг зурсан. 2014 онд байгуулсан гэрээнээс хойш З.М, Б.Э, Б.Эийн хүү н.Базаргүр нарт нийт 106,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн.

3.4. Л.Бгийн эхнэр хүнд өвчтэй, түрээсийн байранд амьдарч байсан тул байшиндаа хурдан орохын тулд байраа хурдан барих талаар Б.Эт хэлэхэд дотоод засал, гал тогооны тавилгаа чи өөрөө авчих эдгээрт гарсан зардлыг байрны төлбөрт тооцно гэж хэлсэн. Энэ тухай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлцэл бичгээр хийсэн. Хэлцлээр ... санхүүг хоорондоо акт үйлдэж үлдэгдэл мөнгийг бэлнээр түлхүүр авч хүлээлцэж өгнө гэж тохирсон. Анх 2013 онд гэрээ байгуулах үед тухайн газар маргаантай байсан. Газрын төлбөрийг төлж өгөөч, төлбөрийг байрны төлбөрт тооцно гэж Б.Э гуйсан тул Ч.Ч газрын эзэмшигч Ц.Өлзийбаярт 18,000,000 төгрөгийг төлж, газрын гэрчилгээг Б.Эт авч өгсөн. Энэхүү төлбөрийг байрны төлбөрт оруулж тооцсон. Дээрх хэлцлийн дагуу Л.Б гал тогтооны тавилга, дотоод заслын материалыг авч өгч дотоод заслыг хийлгүүлсэн боловч тог цахилгаангүй байранд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр орсон ба 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М ХХК-ийн байранд Б.Э, Л.Б, Ч.Ч, Г.Буурч нар байлцаж тооцоо нийлж үзэхэд 3,000,000 төгрөг дутуу байсныг тухайн өдөрт нь Б.Э З.Мгийн дансыг өгсөөр Г.Буурчаар төлүүлсэн.

Тооцоо нийлсэн актыг 2 хувь үйлдэж Ч.Ч гарын үсэг зурж, хавсралтаар төлбөрийн баримтуудын хуулбарыг Б ХХК-ын ерөнхий захирал Б.Эт өгч гарын үсэг зуруулах гэсэн боловч охин захирал учир охин тооцоо нийлсэн актад гарын үсэг зурна гэж хэлээд зураагүй. Маргааш нь Л.Б Б.Эт тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримтын хуулбаруудыг өгөхөд охин ажил дээр алга, ирэхээр нь зуруулна гээд 2 хувь тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримтын хуулбарыг Б.Э аваад үлдсэн. Тооцоо нийлсэн актаа авахаар олон удаа Б.Э, З.М нар руу залгасан боловч утсаа аваагүй, мөн олдохгүй нэлээд удсан ч З.Мтай холбогдож тооцоо нийлсэн актыг авъя гэхэд З.М барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа нэг мөр гарын үсэг зураад өгнө гэж хэлсэн. Мөн эрүүгийн журмаар шалгах явцад мөрдөгч Л.Б, З.М нарыг нүүрэлдүүлэхэд 2 хувь тооцоо нийлсэн актыг Л.Бгаас авсан уу, байгаа юу гэхэд З.М нь байгаа авчирч өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл авчирч өгөөгүй.

Гэтэл З.М өөрийн нэр дээр уг байрыг аваад барьцаанд тавьж байсан. Б ХХК түүний эзэд нь тухайн орон сууцыг барих газар маргаантай, өөр бусад газар орон сууц барина гэж бусдаас их хэмжээний мөнгө авсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан зэрэг маш олон зөрчлүүдтэй байсан. Түүнчлэн, 2014, 2015 онуудад дөнгөж инженерийн шугам сүлжээ, холбоо, цахилгаан тоног төхөөрөмжийн гэрээг байгуулж байсан нь хэргийн баримтаар нотлогдоно. Л.Бгаас Б ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн байхад З.М өөрийн нэр дээр маргаан бүхий байрны гэрчилгээг гаргуулан хууль бусаар өмчилж байна.

Иймд Л.Бг ********, Зайсан /17020/ Дүнжингаравын зам гудамж, 19/2 байр, 2 тоот 3 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд З.М бие даасан шаардлагадаа:

Би Б ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Л.Бтай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр ***************, дайчин хөшөөний 4-1 тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1,500 ам.доллараар үнэлж, гэрэний нийт үнэ 196,500 ам.доллар байх ба 50 хувь болох 98,250 долларыг гэрээ байгуулахад, үлдэгдэл 50 хувь болох 98,250 долларыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Улмаар Л.Бгийн гуйлтаар ****************өрөө орон сууцанд түүнийг амьдруулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахгүйгээр 8 жилийн хугацаанд орон сууц, автомашины гражийг үнэ төлбөргүй ашигласан.

Иймд ***************, дайчин хөшөөний 4-1 тоот 131 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Л.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.4, 106 дугаар зүйлий 106.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Л.Бд холбогдуулан гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, орон сууц болон автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Мгийн ***************, Зайсан, Дүнжингаравын гудамж, 19/2 байрны 2 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож орон сууцыг хариуцагч Л.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ***************, Зайсан Дүнжингаравын зам гудамж 19/2 байр зоорийн давхарын 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг хариуцагч Л.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар хариуцагч Л.Бгийн нэхэмжлэгч Б ХХК, З.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Л.Бг ***************, Зайсан, Дүнжингаравын гудамж, 19/2 байрны 2 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, зоорийн давхарын 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,141,553 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Мгийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,577,690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Л.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Мд, нэхэмжлэгч Б ХХК-иас1,759,454 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Хариуцагч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаар маргаж байх бөгөөд гэрээний үүрэгт 101,503,000 төгрөг төлөгдсөн талаар нэхэмжлэгч маргадаггүй гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ, мөн хуулийн 225.5-т Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь Б ХХК-тай 2014 онд байгуулсан гэрээнийхээ үүргийг 2024 оны байдлаар биелүүлээгүй, гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргахад гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх боломжтой.

Мөн үүргээ биелүүлэхгүй талаар мэдэгдэж байсан нь гэрээний үүргийн гүйцэтгэл цаашид хангагдах боломжгүй болсныг илэрхийлнэ. Тиймээс шүүх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх гэрээг цуцлахтай холбоотой гаргасан асуудлаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч тал гэрээг цуцлах үндэслэлээ нэхэмжлэлдээ дурдаагүй, харин зөвхөн төлбөрөө бүрэн төлөөгүй гэж маргадаг. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах буюу татгалзаж болохгүй үндэслэлд хамаарахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт уг хэсэгтэй холбоотой гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.2 дахь хэсэг хууль зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 225.5 дахь хэсэгт заасныг үгүйсгэж байна. Тодруулбал, хариуцагч нийт 370,978,595 төгрөгөөс 119,653,000 төгрөг төлсөн байгаа нь гэрээг цуцлах хангалттай үндэслэл болно. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл бий болсон гэж үзсэн.

Шүүх тайлбарлахдаа хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаар маргаж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т зааснаар татгалзаж болохгүй үндэслэлд хамаарна гэсэн. Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт шаардлага гаргасан гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж тайлбарлаад байгаа боловч Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.4 дэх хэсэгт заасан шаардлага гаргасан гэдэгт хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Шүүхийн шийдвэрийн 11-д 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн, мөн гэрээ цуцлахтай холбоотой хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Ийнхүү хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байхад 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан П.Чийг, түүнтэй хамт үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бэлнээр авч байсан З.Мгийн ээж Б.Э нарыг Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, П.Ч нь тухайн үед Б ХХК-д ажиллаж байсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр тооцоог хийдэг байсан нь тус компанийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13/11 дугаартай албан тоот, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн газрын төлбөрийн асуудлаархи байгуулсан хэлцэл, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Үүнээс гадна н.Өлзийбаяр гэх хүнд газрын төлбөрт 18,000,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээ байгуулахаас өмнө төлснийг Б ХХК, З.М нар хүлээн зөвшөөрсөн нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсныг нотолно. Түүнчлэн, П.Чийг Б ХХК-ийг төлөөлөх эрхтэй болохыг, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хэлцэл хийгдсэн болохыг Б ХХК, З.М нар үйлдлээрээ илэрхийлсэн буюу гэрээнд компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Мөн 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр шаардаж байгаагүй байдал, П.Ч, Б.Э, З.М нарын бэлэн мөнгө авч байсан баримтуудаар тогтоогдсон байсныг шүүх анхаарсангүй.

9.2. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Тодруулбал, гэрээний 2.5-д мөнгө тушаах бүрт гэрээний хавсралтанд тэмдэглэгээ хийж талын санхүүгийн тамгыг дарсанаар төлбөр хийгдсэнд тооцно гэх заалтыг шүүх үндэслэх хэсэгт эшлэхдээ бусад нотлох баримттай харьцуулан авч үзээгүй. Үүнд: 147,000,000 төгрөгийг бэлнээр төлж Б ХХК-ийн өмнөөс тамга дарж гэрээ байгуулсан П.Ч гарын үсэг зурсан нотлох баримт, Б ХХК төлбөрөө өөрийн компанийн дансаар бус бэлнээр авч байсан, П.Чийг Б ХХК-д ажиллаж байсан, Б ХХК нь 2013 оны 12 дугаар сараас хойш 2014 оны 11 дүгээр сард гэрээ байгуулах хүртэл, мөн 2016 онд сүүлийн үлдэгдэл төлбөрөө хийснээс хойш 2018 он хүртэл ямар ч төлбөр шаардаж байгаагүй, Л.Бгийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б ХХК-д гаргасан хүсэлт, түүний доорх З.Мгийн цохолт бүхий баримт харьцуулан дүгнээгүй.

9.3. Нэхэмжлэгч гэрээ цуцлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол гаргуулахыг, гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгохыг тус тус шаардсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан олон дүгнэлтийг үндэслэх хэсэгт хийхдээ талуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр, төлсөн төлөөгүй талаар хэн аль нь маргасан байхад зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар дүгнэлт хийжээ. Ингэхдээ шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.13-т нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний зүйл болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэсэн нь хариуцагч Л.Бгийн төлбөр төлсөн асуудлаараа нэхэмжлэл гаргах, маргах эрхийг нь хязгаарлаж, харин нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснээр талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, маргаантай асуудлаар мэтгэлцэх, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 10-т талуудын маргааны зүйл нь гэрээг цуцлах эсэх талаар байхыг дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх зарчмыг зөрчин Л.Бг төлбөр дутуу төлсөн, Б ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө жич шаардах боломжтой талаар дүгнэлт хийж байгаа нь дараа үүсэх хууль зүйн үр дагаврыг, маргаж болох асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шинжтэй болсон.

Иймд хариуцагч Л.Бгийн нэхэмжлэлийн ... зоорийн давхрын 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримт тулгуурлан дүгнэж хэргийг шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч талаас нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Авто зогсоолыг урамшуулалд өгсөн гэдэг нь аман байдлаар ярьсан зүйл болохоос бодитоор хийсэн албан бичиг байдаггүй. Мөн П.Чийг төлөөлөх эрхтэй гэж маргаад байгаа ч төлөөлөх эрх олгосон, төлөөлөх эрхтэй гэдгийг нотлох тодорхой албан бичиг байхгүй. Авто зогсоолыг З.Мг өмчлөгч гэдгийн нотлох улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг тул давж заалдах гомдолдоо дурдсан авто зогсоолтой холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

Өмчлөгчийн асуудалд яагаад Л.Бгийн өмчлөлд үлдээснийг шүүх шийдвэртэй тусгаагүй, нөгөө талаар гэрээний орон сууцны үнэ болох 370,978,595 төгрөгөөс76,000,000 төгрөг, засварын 13,503,000 төгрөг, нийт 89,503,000 төгрөг төлсөн зөрүү нь 281,475,595 төгрөг төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б ХХК гэрээний зүйл болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн атлаа хариуцагч Л.Бг өмчлөгчөөр тогтоосон үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 514,645,983 төгрөг, алданги 264,074,509 төгрөг, автомашины зогсоолоос олох байсан орлого буюу хохиролд 18,000,000 төгрөг, нийт 796,720,492 төгрөгийг гаргуулах, ********, Дайчин хөшөө, 1 байрны зоорийн давхарт байрлах 7 тоот 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. /1-р хх1-4, 2-р хх19-21/

 

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ****************тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон зоорийн давхарт байрлах 7 тоот 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэгч Б ХХК болон гуравдагч этгээд З.М нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гарган маргасан. /1-р хх101-105/

 

Гуравдагч этгээд З.М нь ****************тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон зоорийн давхрын 7 тоот хаягт байрлах 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч Л.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг гаргасан байна. /2-р хх28/

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/17818 дугаар захирамжаар дээрх хэрэгт Л.Бгийн нэхэмжлэлтэй, Б ХХК, З.М нарт холбогдох, ****************тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон зоорийн давхрын 7 тоот хаягт байрлах 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэгтгэжээ. /3-р хх69/

 

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, гуравдагч этгээд нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргасан.

 

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

4.1. Б ХХК-ийг төлөөлж П.Ч нь Л.Бтай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь ********, 1 дүгээр байр, 2 тоот 131 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны түлхүүрийг захиалагчид 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв-ыг 1,500 ам.доллар буюу нийт 196,500 ам.доллараас гэрээ байгуулах үед үнийн дүнгийн 50 хувь болох 96,250 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 40 хувь, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. /2-р хх135-138/

 

4.2. Дээрх гэрээг байгуулснаас хойш Б ХХК-аас М ХХК-ийн захирал Ч.Чад хандан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13/11 тоот мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд ...тус компанид ажиллаж байсан П.Ч нь цаашид ажиллахаа больсон тул манай компанийг төлөөлж санхүүгийн тооцоо төлбөр, гэрээ гэх мэт зүйлээр компанитай холбоотой асуудал шийдэхгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна... гэжээ. /1-р хх152/

4.3. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор талууд өмнө байгуулсан гэрээг шинэчлэн Б ХХК-ийг төлөөлж З.М нь Л.Бтай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14/54 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь ********, 1 дүгээр байр, 2 тоот 131 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны түлхүүрийг захиалагчид 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв-ыг 1,500 ам.доллар буюу нийт 196,500 ам.доллараас гэрээ байгуулах үед үнийн дүнгийн 50 хувь болох 98,250 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 50 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх14-15/

 

4.4. Анхан шатны шүүх 2013 оны 12 дугаар сарын 23, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв боловч П.Ч нь Б ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж зөрчилтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх дараах байдлаар залруулан дүгнэв.

 

4.5. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд Б ХХК-ийг төлөөлж П.Ч гарын үсэг зурснаас гадна тус компанийн тамга дарагдсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс П.Чийн Л.Бтай байгуулсан энэ гэрээг Б ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан хүчин төгөлдөр бус гэж маргах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн Д.Чинзоригийг төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь буруу байгааг зөвтгөв.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны үнэд 370,958,595 төгрөг төлөхөөс 101,503,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны үнийг бүрэн төлсөн буюу 312,673,920 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж маргасан.

 

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүйгээс төлсөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосныг дараах байдлаар залруулан дүгнэв.

 

5.2. Тодруулбал, хэргийн 1 дүгээр хавтасны 114-116 дугаар тал дахь бэлэн мөнгөний баримтаар Өсөх зоос ХХК-аас П.Чт 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000 ам.доллар буюу 16,541,000 төгрөг /2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,654.10 ам.доллар /2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 8,700,000 төгрөг буюу 5,243.05 ам.доллар /2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,659.34 ам.доллар/, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөг буюу 17,423.12 ам.доллар /2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,721.85 ам.доллар/, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зайсангийн байрны төлбөрт гэх агуулгаар 16,000,000 төгрөг буюу 9,045 ам.доллар /2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,768.81 ам.доллар/, 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зайсангийн байрны төлбөрт гэх агуулгаар 30,000,000 төрөг буюу 16,893 ам.доллар, /2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,775.80 ам.доллар/, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 23,000,000 төгрөг буюу 12,906.77 ам.доллар /2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,782.01 ам.доллар/, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг буюу 9,539.79 ам.доллар /2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,782.01 ам.доллар/,

2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг буюу 1,122.73 ам.доллар, /2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,781.38 ам.доллар/, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг буюу 2,234.04 ам.доллар /2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,790.48 ам.доллар/, нийт 84,405 ам.доллар буюу 147,241,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

 

5.3. Хэргийн 1 дүгээр хавтасны 119-120 дугаар тал дахь бэлэн мөнгөний зарлагын баримтаар Өсөх зоос ХХК-аас Л.Бгийн байрны төлбөрт гэх агуулгаар З.Мд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг буюу 10,579 ам.доллар /2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,890.43 ам.доллар/, Б ХХК Б.Эт байрны төлбөрт гэх агуулгаар 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг буюу 10,582 ам.доллар /2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,889.95 ам.доллар/, М ХХК-аас Б.Эт байрны төлбөрт гэх агуулгаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг буюу 3,162 ам.доллар, /2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,897.10 ам.доллар/, Б ХХК Б.Эт байрны төлбөрт гэх агуулгаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11,000,000 төгрөг буюу 5,643 ам.доллар /2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,949.09 ам.доллар/, захиалагч Л.Бгаас гэх агуулгаар 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16,000,000 төгрөг буюу 8,229 ам.доллар, З.Мд байрны үлдэгдэл төлбөрт гэх агуулгаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг буюу 1,490 ам.доллар /2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,012.16 ам.доллар/, нийт 39,685 ам.доллар буюу нийт 76,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн.

 

5.4. Хэргийн 1 дүгээр хавтасны 117-118 дугаар тал дахь бэлэн мөнгөний зарлагын баримтаар Өсөх зоос ХХК-аас нэхэмжлэгч Б ХХК-ийн өмнөөс Л.Ө газрын гэрчилгээ шилжүүлэх гэх агуулгаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг буюу 2,175 ам.доллар /2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,838.75 ам.доллар/, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг буюу 1,087 ам.доллар /2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,839.30 ам.доллар/, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг буюу 1,120 ам.доллар /2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,785.37 ам.доллар/, М ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 5,613 ам.доллар, /2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,781.38 ам.доллар/, нийт 9,995 ам.доллар буюу 18,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримтууд тус тус тогтоогджээ.

 

5.5. Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтасны 121-122,154-155 тал дахь баримтаар хариуцагч Л.Бгаас маргаж буй орон сууцны дотоод засалд 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг буюу 4,025 ам.доллар /2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,987.43 ам.доллар/, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг буюу 1,003 ам.доллар /2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,993.92 ам.доллар/, 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг болон 150,000 төгрөг буюу 1,082.5 ам.доллар, /2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,985.10 ам.доллар/, тодорхой он, сар өдөргүй 1,353,000 төгрөг, 6,791 ам.доллар буюу 13,503,000 төгрөг зарцуулахаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байна.

 

5.6. Мөн гэрч Ч.Ч шүүхэд Л.Б манай жолооч хотод байргүй... Б.Э би компанийн эзэн, П.Чийг компанийн захирал гэж танилцуулсан... дутуу барьсан байрыг үзээд гэрээ хийсэн. Б.Э П.Чийг чи зурчих гээд Л.Б П.Чтой гэрээ хийж, Б.Эрдэнчимэг тамгаа дарсан. Газрын төлбөрийг Л.Өлзийбаярыг дагуулж ирээд гарын үсэг зуруулаад аваад явсан. П.Ч дандаа Б.Этэй ирдэг байсан. Хэдэн төгрөг гаргаад өгөхөөр гэрээн дээр гарын үсэг зурснаараа чи зурчих гээд П.Чийг гарын үсэг зуруулдаг, мөнгийг Б.Э цүнхэлдэг байсан. Тухайн байр 300 орчим сая төгрөг болсон, тооцоо нийлэхэд 320,000,000 төгрөг болж, үүнээс 317,000,000 төгрөг төлсөн байсан. Сүүлд Б.Э З.Мг дагуулж орж ирээд 20,000,000 төгрөг авах үед Б ХХК-ийнзахирал гэж мэдсэн гэх агуулга бүхий мэдүүлгийг, /1-р хх-225-226, 234-236/

Гэрч П.Ч шүүхэд Б.Э мөнгө байхгүй гээд захиалагч хайж байсан. Би М ХХК-ийн захирал Ч.Ч дээр очоод байр аваач гэхэд мөнгийг би өгнө Л.Бд байр авч өгье гэсэн. Л.Бтай Б.Э бид 2 гэрээ хийсэн. Б.Э Ч.Ч найз чинь юм чинь гэрээнд чи гарын үсэг зурчих гэсэн. Буурал Алтай ХХК охиных нь компани байсан. Мөнгийг Ч.Ч төлж байсан. Мөнгийг Б.Э авдаг байсан. 2014 оны 2 дугаар сард Ч.Чын оффист З.М, Б.Э, би, Л.Б, Ч.Ч бид 5 сууж тооцоогоо бодсон. Дансыг хаасан учир мөнгийг бэлнээр авдаг байсан. Гарын үсэг зурсан 147,000,000 төгрөгийн тооцоог нийлсэн, Б.Э компанийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг байсан гэх агуулга бүхий мэдүүлгийг, /1-р хх-226-227, 237-239/

 

Гэрч Ж.Буурч шүүхэд төлбөртэй холбоотой баримтыг жагсаахад 317,000,000 төгрөгийн төлбөр тогтоогдсон. Б.Э, П.Ч, Л.Б, хажуу талын өрөөнд Ч.Ч захирал байсан, тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн акт үйлдэхэд төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг дутуу гэж тогтоогдсон тул З.Мд шилжүүлсэн. Би акт үйлдээд хүлээлгэн өгснийг З.М гарын үсэг зурах ёстой гээд зурагдаагүй гэж сонссон гэх агуулга бүхий мэдүүлгийг, /1-р хх-225-226, 232-233/

 

Гэрч Ж.Алтанзул шүүхэд П.Ч нь Б.Э захиралтай хөрөнгө оруулалт хариуцана гэж байсан байх, манай компанийн ажилтан байгаагүй, М гэх нэртэй компаниас Л.Бгийн байртай холбоотой 70 гаруй сая төгрөг 2013, 2014 оны аль нэгэнд бэлнээр кассын орлогоор орж ирсэн, дансаар гүйлгээ хийдэггүй байсан гэх агуулга бүхий мэдүүлэгийг, /1-р хх-226, 230-231/

 

Гэрч Я.Эрдэнэ-Очир шүүхэд Б.Э захирлын ээж, манай ажил дээр Чинзориг 2013 онд ирж байсан, ажилтан байгаагүй, хөрөнгө оруулалт хийж байгаа хүн гэсэн, Л.Б 2014 онд байрны засал дуусаагүй байхад гүүж ирсэн, З.М захирал руу ярьсан эхэнэр нь хүнд байгаа юм гэсэн, надтай хамт явж барилгын матераил авч байсан гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгсөн байна. /1-р хх-226, 228-229/

 

5.6. Нэхэмжлэгч Б ХХК-аас хариуцагч Л.Бд орон сууц захиалгын гэрээгээр тохирсон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 онд хүлээлгэн өгснөөр тэрээр өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

 

5.7. Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл, хариуцагч гэрээний үнийн дүн болох 196,500 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөс 140,876 ам.доллар буюу 254,744,000 төгрөг төлсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг хариуцагч биелүүлсэн нөхцөлд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу энэ хэмжээгээр гүйцэтгэсэн ажлыг цуцлах үндэслэлгүй.

 

5.8. Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь урт хугацааны гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргийн 70 орчим хувийн хөлсийг төлсөн, үлдэх 30 орчим хувийг төлөөгүй нөхцөлд гэрээний дагуу нэгэнт хэрэгжсэн хэсгээр буюу орон сууц баригдсан хэсгээр гэрээг цуцалж дуусгавар болох боломжгүй, өөрөөр хэлбэл өгсөн авсан зүйл нь буцаагдах боломжгүй тул төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн хэмжээнд нэхэмжлэгч ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцлахаар хариуцагчид мэдэгдэх шаардлагагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзахдаа хариуцагчид мэдэгдээгүй гэсэн дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6. Нэхэмжлэгч Б ХХК-аас хариуцагч Л.Бд холбогдуулан маргаан бүхий орон сууцны байрны зоорийн давхарт байрлах 7 тоот 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

6.1. Хэргийн 1-р хавтасны 34 дүгээр тал дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргааны зүйл болох орон сууцны байрны зоорийн давхарт байрлах 7 тоот 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч З.М болох нь тогтоогдсон байна.

 

6.2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардахад тухайн хөрөнгийн өмчлөгч байх, бусдын эзэмшилд шилжсэн байх, эзэмшил нь хууль бус байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх учиртай.

 

6.3. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь маргаж буй автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь биш байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6.4. Мөн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн бол олох байсан орлого буюу хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэнэ гэж авсан, түрээсийн төлбөрөө төлөөгүй, хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан.

 

6.5. Хариуцагч 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид түрээсийн төлбөр гэж нэхээд байхаар нь төлсөн гэж тайлбарладаг боловч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, тэдгээрийн хүсэл зориг нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн бол олох байсан орлого буюу хохиролд 18,000,000 төгрөг шаардах эрхгүй тул хариуцагч Л.Бд холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаруулах болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдэл зөв. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасна давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтыг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Талуудын байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14//54 тоот гэрээний 2.2-т захиалагч нь гэрээ байгуулах үед орон сууцны нийт үнийн дүнгийн 50 хувь, 2.3-т 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50 хувийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

 

7.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч хөлс төлөх үүргийг хүлээх ба хариуцагч нь гэрээний үүргээс 70 орчим хувийн хөлсийг төлсөн, үлдэх 30 орчим хувийг төлөөгүй буюу үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.

 

7.3. Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсээгүй байхад түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б ХХК-д холбогдох, ****************тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Л.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, хариуцагчийн шүүхэд маргах эрхийг нь хязгаарласан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.4. Хариуцагч нь маргаан бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч өмчллөгч болсон гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7.5. Анхан шатны шүүх хариуцагчийг урамшуулалд автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авсан гэх байдлаа нотлоогүй, улмаар маргаж буй автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б ХХК-ийг биш гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хассан өөрчлөлтийг оруулна.

 

8. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

 

8.1. Хэргийн хоёрдугаар хавтасны 135-138 талд талуудын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13/09 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний ард хэсэгт Ерөнхий захирал Б.Э-тэй тохиролцсоны үндсэн дээр Л.Бд орон сууц худалдаж авсаны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоол үнэгүй дагалдах болно гэх П.Чийн гараар бичигдсэн хэлцэл гэх баримт авагдсан боловч уг хэлцлээр Б ХХК нь орон сууц худалдаж авсаны урамшуулалд 1 ширхэг автомашины зогсоолыг үнэгүй өгөхөөр хэлцлээр Л.Бтай тохиролцсон гэж үзэхгүй. Учир нь энэ бичгийн баримтад нөгөө тал гарын үсэг зурагдаагүйгээс гадна өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр урамшуулалд автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өгч байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

8.2. Түүнчлэн, талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-нд орон сууц авсан тохиолдолд автозогсоолыг урамшуулалд олгох талаар тусгаагүй байна.

 

8.3. Мөн ********, Зайсан /17020/ Дүнжингаравын зам гудамж, 19/2 байрны зоорийн давхрын 7 тоот, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр З.М бүртгэгдсэн. Уг бүртгэлийн үнэн зөв эсэх талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй тул энэ хуулийн 183.1-т зааснаар уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

8.4. Гуравдагч этгээд З.М маргааны зүйл болох автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, харин хариуцагч Л.Б нь маргааны зүйл болох автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшилдээ шилжүүлэн авсан гэх байдлаа нотолж чадаагүй тул Л.Б-гийн эзэмшил нь хууль бус болно. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8.5. Гуравдагч этгээд З.М хариуцагч Л.Б-гийн хууль бус эзэмшлээс орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон. Учир нь З.М маргаж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгаар үл хөдлөх эд хөрөнгө бариулах гэрээний үндсэн дээр хариуцагч Л.Бгийн эзэмшилд шилжиж ирсэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...225 дугаар зүйлийн 225.1, 225.4.4... гэснийг хасаж, ...106 дугаар зүйлийн 106.1, 343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа ...355 дугаар зүйлийн 355.1, 493 дугаар зүйлийн 493.1 гэснийг тус тус нэмж,

2 дахь заалтыг ...343.3 гэснийг хасаж, ...хариуцагч Л.Бг ***************, Зайсан, Дүнжингаравын гудамж, 19/2 байрны 2 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож... гэснийг хэрэгсэхгүй болгож... гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,141,553 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Мгийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,577,690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Л.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Мд олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д-ийн төлсөн нийт 2,452,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-ийн төлсөн нийт 3,620,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ