| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04707/И |
| Дугаар | 102/ШШ2016/04471 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/04471
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/04471 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 5 дугаар байны 32 тоотод оршин суух, эрэгтэй, Боржгин овогт Алтанхуягын Янтайсүрэн /РД-ХЖ78021814/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29-216 тоотод /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 22-37 тоотод түр/ оршин суух, эрэгтэй, Содном овогт Мэндбаярын Пүрэвжав /РД-ЧД85013078/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч М.Пүрэвжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Янтайсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Пүрэвжав нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан ба үндсэн зээлд 1,100,000 төгрөг, зээлийн хүүд 400,000 төгрөг төлсөн.
Одоо үндсэн зээлийн 3,900,000 төгрөг төлөөгүй байх тул уг мөнгийг алданги 1,100,000 төгрөг, нийт 5 сая төгрөгийг М.Пүрэвжаваас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Гэрээгээр А.Янтайсүрэнгийн нэхэмжилсэн 5 сая төгрөгийн 3,500,000 төгрөгийг хариуцагч М.Пүрэвжав нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгөөс татгалзсан.
Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй эвлэрч, гэрээ байгуулсан тул шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Янтайсүрэн нь М.Пүрэвжаваас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 /таван сая/ төгрөгийн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг А.Янтайсүрэнд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Шүүх, зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Пүрэвжаваас 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
А.Янтайсүрэн нь Н.Батбаярт шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдлэхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Янтайсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Пүрэвжавт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 /таван сая/ төгрөгийн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг А.Янтайсүрэнд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Пүрэвжаваас 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД