| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01014/И |
| Дугаар | 210/МА2024/02015 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02015
2024 11 22 210/МА2024/02015
ДГАБСЗД
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03290 дугаар шийдвэртэй,
ДГАБСЗД нэхэмжлэлтэй, Б.Ө-д холбогдох
Гэрээний үүрэгт 4,487,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн доторх тохижилтыг 5,609,200 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр Ивээлт шийр хайрхан бүлгийн ахлагч Б.Ө-той гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Б.Ө-ынданс руу 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрт 4,487,360 төгрөгийг Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс шилжүүлсэн. Улмаар Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажлыг шалгахад ажлыг хангалтгүй хийсэн, техникийн тодорхойлолтод тусгагдсан ажил дутуу гүйцэтгэлтэй байсан тул ажлыг хүлээж аваагүй.
1.2. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагаар Б.Ө-ын гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй байхад мөнгө шилжүүлсэн нь буруу гэх үндэслэлээр авлага үүсгэсэн. Аудитын байгууллагаас Б.Ө-оос дээрх мөнгийг буцаан гаргуулж төсөвт оруул гэсэн шаардлагыг тавьсан. Уг шаардлагын дагуу Б.Ө ажлаа хүлээлгэж өгөөгүй тул төсвийн хөрөнгийг буцаан өгөх шаардлагыг тавихад хүлээж аваагүй.
Иймд хариуцагч Б.Ө-оос 4,487,360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тухайн жил би нэхэмжлэгч байгууллагатай 18,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлаа 100 хувь хийсэн. Харин тус сумын Засаг дарга н.Туяа, Засаг даргын орлогч н.Болдоо сумын ерөнхий нягтлан н.Ууганбаатар нар үгсэн хуйвилдаж надаас авилга өгөхийг шаардаж миний нэрээр хуурамч гэрээ байгуулж мөнгө идэх үйлдэл гаргасан. Харин ажлаа актаар хүлээлгэн өгч чадаагүй боловч ажил чанартай сайн болж нутгийн олон одоо болтол ашиглаж байна. Уг хэргийг холбогдох байгууллагаас тухайн онд шалгаж байсан.
Иймд нэхэмжлэгчтэй 5,609,200 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул нэхэмжилсэн 4,487,360 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар Б.Ө-оос 1,306,528 төгрөг гаргуулж ДГАЗД-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,180,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 35,854 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,306,528 төгрөгийг хангаж, үлдэх 3,180,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүхийн шийдвэрт Баянжаргалан сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хүлээж авах сумын комиссын хурлын тэмдэглэл, ажлын төсөв зэргийг үндэслэсэн боловч хариуцагч талын дутуу хийсэн ажлыг бүхэлд нь тусгаж үнэлээгүй.
Үүнд: Сүүдрэвч 1 ширхэг бүхэлдээ дутуу /9,135-20,626+44,760-260,400+237,150-592,280=/631,361:2/315,680.5+54,458-370,138 төгрөг, хашаа будаг дутуу 168,369 цалин будагийн өртөг 358,000 төгрөг, нийт 526,369 төгрөг, блакон өрлөгийг хийгээгүй будаагүй, шохойдоогүй 1,187,948 төгрөг /шүүхээс шийдсэнийг зөвшөөрч байгаа/, хашааны хаалт, бэхэлгээ хийгдээгүй 250,000 төгрөг, нийт 2,334,455 төгрөг байхад шүүхээс 1 сүүдрэвчний үнийг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч Өнөболдоос нийт 2,334,455 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой танилцахад шүүхийн шийдвэрийн аль зүйл, заалт, хэсэгт гомдол гаргасан нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд давж заалдах гомдол гаргахад дээрх хуульд заасан журмыг баримтлаагүй тул шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана гэж заасан.
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд учир нь...ажлыг бүхэлд нь тусгаагүй, үнэлээгүй байна. Үүнд нийт хийгдээгүй ажилд... гээд 1-5 хүртэл дугаарлаж агуулгыг заасан байх хэдий ч дээрх үйл баримтыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар үйл баримтын талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд Д.Нарантуяа гомдлын 4 дэх заалтын үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн.
Мөн дээрх агуулгыг шүүх бүрэлдэхүүн дүгнэхдээ үндэслэх нь хэсгийн 6.2-т зарим ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тэмдэглэлд тусгагдсан тул төлсөн ажлын хөлсийг бүхэлд нь буцаан шаардах үндэслэлгүй. Түүнчлэн, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, өртгийн талаар дэмжих баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй,...хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгчийн хийвэл зохих ажлын тоо хэмжээ, чанарын талаар тухайлан заасан зохицуулалтгүй байна. Бусад дутуу гүйцэтгэсэн гэх ажлын тухайд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй. Мөн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой тухай тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар дэмжих баримт ирүүлээгүй болно гэх дүгнэлтийг хийсэн.
5.3. Хэрэгт Засаг дарга Г.Т болон Б.Ө нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд ажлыг захиалагч, гүйцэтгэгчээр гүйдэтгүүлэхээр ажлыг 5,609,200 төгрөгөөр төсөвлөж, тухайн үнийн дүнгээс 80 хувь тооцон санхүүжүүлсэн буюу 4,487,360 төгрөгийн санхүүжилтаас 1,306,528 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдолтой байна.
Учир нь төсөвлөсөн ажлын үнэлгээ 5,609,200 тегрөгөөс урьдчилгаанд өгсөн 4,487,360 төгрөгийн зөрүү болох 1,121,840 төгрөгийг хариуцагчид ажлын хөлсөнд захиалагч тал төлөх ёстой байсан гэж үзэж байна. Захиалагч тал хариуцагчийг дангаар буруутгаж хийсэн ажлын хүлээн авах үүргээ биелүүлээгүй, хүлээн авсан тохиолдолд ажил хүлээлцэх актаар аль ажил дутуу эсэх талаар хоёр талаас акт үйлдэх, дутуу гэж үзэж байгаа ажил дээрээ хугацаа тогтоон ажлыг нөхөн гүйцэтгүүлэх боломжтой байсан. Хэрэгт энэ талаар мэдэгдэл өгсөн баримт байхгүй. Нэхэмжлэгч дээрх өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хариуцагчийг буруутган төлөх байсан 1,121,840 төгрөгийг төлөөгүй.
5.4 Шүүхийн шийдвэрт ...гэрээнд ажлыг хүлээлгэж өгөх хугацаа 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байхаар ажлыг актаар хүлээн авснаас хойш баталгаат хугацаа 1 жил байхаар тусгажээ. Ажлыг талууд актаар хүлээлцээгүй тул баталгаат хугацааны нэг жил дууссанаас хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа үйлчилнэ гэж үндэслэх хэсэгт заасан нь утга агуулгын хувьд зөрүүтэй байдлаар хэрэглэсэн гэж үзэж байгаа ба хуульд зааснаас харахад Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч ...гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор... гомдлын шаардлага гаргаж бллно гэж заасан.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байна. Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал шүүх хуралдааныг шууд явуулах шүүн тарлах ажиллагааны үндсэн зарчмын нэг зөрчигдсөнд тооцно. Хууль болон Дээд шүүхийн тогтоолоос дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацааг хэтрүүлсэн зэрэг нь шүүхэд хандаж гомдлын шаардлага гаргах эрхгүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна.
Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг хэвээр үлдээх эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ДГАЗДнь хариуцагч Б.Ө-д холбогдуулан 4,4487,360 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ДГДБсумын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 5,609,200 төгрөг төлөхөөс эхний ээлжинд 80 хувь, ажлыг бүрэн хүлээлгэн өгсний дараа 20 хувийг олгохоор харилцан тохиролцжээ. /хх59-60/
Анхан шатын шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
3.1. Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 80 хувийн төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4,487,360 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт хэргийн 4 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон. /хх-4/
3.2. ДГДБсумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хүлээж авах сумын комиссын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...Элсэн волейболын талбай стандарт шаардлагад нийцээгүй, сүүдрэвч модоор 2 ширхэг хийхээс төмрөөр нэгийг хийсэн, гадна хашааг дахин будах ажил дутуу, блокон өрлөгийг будаж шохойдох ажил хийгдээгүй талаар тусгажээ. /хх 71-72/
3.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээх ба дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд хариуцагчаас зарим ажлыг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4. Анхан шатны шүүх блокон хашааг шавардахад гарах цалингийн зардлыг төсвийн задаргаанд тусгасан 410,886 төгрөг дээр хийгдээгүй нэг сүүдрэвчийн зардал 118,580 төгрөгийг нэмэхэд үндсэн цалингийн 51 хувь гэж, үүнийг нийт ажиллах хүчний зардал 2,329,310 төгрөгийн 51 хувиар /2,329,310*51/ тооцож хариуцагчаас блокон хашааны өрлөгийг будаж шохойдох ажил хийгдээгүй зардалд 1,187,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шүүх хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлаас модон сүүдрэвч барих материалын зардлыг 237,160 төгрөгөөр тооцож хийгдээгүй нэг сүүдрэвчний зардлыг 118,580 төгрөгөөр тогтоосон нь буруу байна.
4.1. Учир нь хэргийн 61-67 дугаар тал дахь төсвийн задаргаанд хар цаас 9,135 төгрөг, хадаас 20,696 төгрөг, барилгын бүх төрлийн боолт, гайк, шайба 44,760 төгрөг, дүнзэнцэр 2 дугаар зэрэг 260,400 төгрөг, захлаагүй банз 59,280 төгрөг зэргээс тооцохгүйгээр 1 дүгээр зэрэглэлийн материалаас тооцсон нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв. Тодруулбал, нэг ширхэг модон сүүдрэвч барих материалын зардлыг 315,680 төгрөгөөр тооцон, үүнд цалингийн зардал 54,458 төгрөгийг нэмэхэд нийт 370,138 төгрөг болох ба үүнээс нэг сүүдрэвчний зардлыг тооцсон 118,580 төгрөгийг хасахад зөрүү 251,558 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хашааны будаг дутуу 168,369 төгрөг, цалин, будгийн өртөг 358,000 төгрөг, хашааны хаалт, бэхэлгээ хийгдээгүй 250,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэмж гаргуулна... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
5.1. Нэхэмжлэгч нь хашааны будаг дутуу 168,369 төгрөг, цалин будгийн өртөг 358,000 төгрөг, нийт 526,369 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байхаас гадна хариуцагчийн дутуу орхисон ажлын хэмжээ тодорхой бус, анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Мөн хашааны хаалт бэхэлгээ хийгдэх талаар сумын комиссын тэмдэглэл болон ажлын төсөвд тусгагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ө-оос нэг ширхэг модон сүүдрэвч барих материалын болон цалингийн зардалд 370,138 төгрөг, блокон хашааны өрлөгийг будаж шохойдох ажил хийгдээгүй зардалд 1,187,948 төгрөг, нийт 1,558,086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДГАЗД-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,929,274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03290 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...1,306,528 гэснийг ...1,558,086 гэж, ...3,180,832 гэснийг ...2,929,274 гэж,
2 дахь заалтын ...35,854 гэснийг ...39,879 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ