Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                      

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч: Г.М

Хохирогч Г.Мий хууль ёсны төлөөлөгч: Б.Н

Иргэний хариуцагч: Ц.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Өлзийхишиг

Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох 1822002960007 тоот хэргийг 2019 оны 2 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт 1997.11.25-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Тоосгоны 2-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УП97112519/ Г.Мнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн уг гэмт хэргийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх буюу  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

              

           Шүүгдэгч Г.М нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 14 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойшоо 20 км-т байх хатуу хучилттай асфальтан зам дээр  09-03 УНЯ улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ 2018.09.06-ны өдрийн 15 цаг 35 минутанд иргэн Х.Түвшинбилэгээс аймгийн төвөөс хойш засмал зам дээр /22 км-т/ 09-03 УНЯ Альфард маркийн автомашин онхолдсон байна” гэжээ. /I х.х-5/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг осол нь Сайнцагаан сумын 3-р багийн нутаг, аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойшоо 20 км-т байх хатуу хучилттай асфалтан замын ертөнцийн зүгээр урд талд нь Дундговь аймгаас Улаанбаатар хот орох чиглэлд явсан 09-03 УНЯ улсын дугаартай Альфард маркийн цагаан өнгийн суудлын зориулалтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урагш харсан, байдалтай, дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай ойчсон байв. Тухайн тээврийн хэрэгслийн ойр орчимд машины эвдэрсэн эд анги, хагарсан шил, хар өнгийн цүнх, нүдний шил, эд зүйл газар хаягдсан байв. Мөн машин дотор сууж явсан гэх 7 хүнийг эмнэлгийн ажилтан, эмч нар аймаг руу тээвэрлэсэн болно. Тухайн асфальтан замаас урагш гарсан ухагдсан тээврийн хэрэгслийн мөр, мөн хөлбөрсөн гэх газар онхолдсон мөрнүүдийн зургийг нь авч бэхжүүлсэн. Хэмжилт хийхэд: үл хөдлөх цэгээр замын баруун талд байсан мал явж болзошгүй гэх тэмдэгтийг авч үзлэгийг явууллаа. Анх осол болсон цэгээс хөлбөрсөн цэг хүртэл 10,50 м, хөлбөрсөн цэгээс тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг хүртэл 11,90 м, үл хөдлөх цэгээс ертөнцийн зүгээр зүүн урагш 27,90 мх 58,20 м тээврийн хэрэгслийн хамар хүртэлх зай байв. Үл хөдлөх цэгээс ертөнцийн зүгээр баруун урд 2.90х1м замын хагархай байсныг тэмдэглэлд тусгаж хэмжихэд үл хөдлөх цэгээс 4,30х1,60 м байлаа. Тээврийн хэрэгслийн замаас гарсан шарвалтын мөр 19,40 м, 20,60 м байв. Үл хөдлөх цэгээс анх осол болсон цэг хүртэл 37,20м, осол болсон цэгээс ертөнцийн зүгээр баруун урагш замын хагархай хүртэл 10,10 мх 42,40 м, анхны хөлбаөрсөн цэгээс хойшоо зам хүртэл 13,20 м, дараагийн хөлбөрсөн цэгээс зам хүртэл 18,90 м, тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд дугуйнаас ертөнцийн зүгээр хойшоо зам хүртэл 27,60 м, зүн гар тийш арын хойд дугуйнаас ертөнцийн зүгээр хойшоо замын ирмэг хүртэл 25,60 м, тухайн асфальтан замын өргөн 7,10 м, хөвөө хэсэг өргөн 1,20 м байв. Тухайн зам дээр тоормосны мөр гараагүй, тээврийн хэрэгслийн зүүн гар талын хойд дугуйны хий гарсан байсан. Тээврийн хэрэгслийн урд хойд болон хаалганы бүх шил хагарсан, кабин цөмөрсөн, хонхойсон байлаа. Хэргийн газрын үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураасан эд зүйл байхгүй. 12 ширхэг кадр зураг бэхжүүлэн авав гэжээ. / I х.х-6-10/

- Осол гарсан замын нөхцөл байдал болон автомашины онхолдож унасан байдлыг харуулсан 12 кадр гэрэл зургууд /I х.х-7-9/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, Уг актын дүгнэлт хэсэгт бичилт хийгээгүй байна. /I х.х-11-14/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Тухайн тээврийн хэрэгсэл нь осолд орсноос болж урд талын хамар хэсэг цөмөрсөн, урд болон хойд гупер нь хагарсан дээд талын кузов хэсэг цөмөрсөн, зүүн гар талын хойд талын дугуйны хий гарсан, бусад 3-н дугуйны хий гараагүй. Хоёр талын толь хугарсан байв.” гэжээ / I хх-16/

- Техникийн шинжээчийн 2018.09.20-ны өдрийн дүгнэлтэд: 09-03 УНЯ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл нь 2018.09.14-нд Улаанбаатар хот Монгол терминалд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас урд буфер хагарсан, салхины шил хагарсан, урд их гэрлүүд нүүрний хамт хагарч ойчсон.  Баруун гар талын багана доош цөмөрч толь хугарсан, кабины орой цөмөрсөн, кабиний баганууд мурийсан, баруун гар талын хаалга цөмөрсөн, каракас гажиж шил хагарсан, баруун гар талын хойд хаалга, цөмөрч, гажсан, шил хагарсан, баруун хойд хэсгээрээ дотогш цөмөрч, заалны шил хагарсан, хойд багаж гажиж шил хагарсан, хойд буфер хагарсан, зүүн гар талын хоёр хаалга цөмөрч гажиж урагдсан шилнүүд нь хагарсан, толь хугарсан, зүүн гар талын крыло дотогш цөмөрч урагдсан, копут гажсан, салхины шил хагарсан, кабиний баганууд мурийж гажсан, салоны хэсэг салж бутарсан, кабиний дотор талын хэсгүүд салж бутарсан, кондешний радиатор цөмөрсөн зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. 09-03 УНЯ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй учраас тоормос ажилладаг эсэхийг шалгах боломжгүй. Осол болоход тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй болно. 09-03 УНЯ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл нь зүүн гар тал хэсгээрээ онхолдсон байх талтай. Хэдэн км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ / I х.х -93/

- Гэрч Ц.Н“2018.09.06-ны өдрийн 11 цагийн үед өөрийн эзэмшлийн Альфарт маркийн 09-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод сумын төвөөс 7 хүн аваад Улаанбаатар хот руу явсан. 14 цагийн үед Дундговь аймагт ирээд хоолонд ороод гарч ирээд Г.М гэх залууд ахын дүү машин бариад өгөөч ахын чинь нүд анилдаад үүрэглэх гээд байна гэж хэлээд тэр залуугаар аймгийн төвөөс машинаа бариулсан. Тэгээд аймгаас хойшоо 20 км-т явж байгаад осолд орсон. Тухайн үед би хажуу талын суудал дээр унтаж явсан. Нэг мэдэхэд л хүмүүс хашгираад машин нэг гуйваад л дээшээ хараад онхолдсон. Хэд хөлбөрснийг би мэдээгүй. Би өөрөө гуйж байгаад Г.Мд жолоогоо шилжүүлсэн“ гэх мэдүүлэг / I х.х-62-64/

- Хохирогч Б.М: 2018.09.06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар явах гээд 09-03 УНЯ машинд суусан. Нийт наймуулаа явсан. Би машины дунд талынх нь суудал дээр урагшаа хараад суусан. Тэр машины жолооч явсаар байгаад Дундговь аймаг орсон. Аймгийн төвд бид нар хоол идчихээд ойролцоогоор 15 цаг болж хөдлөхөөр болтол анхны жолооч ах хажууд нь суугаад өөр нэг Мягмарсүрэн гэх хүн тэр машиныг жолоодож аймгаас гараад 20 гаран км яваад осолд орсон. Би машин дотор хэсэг унтсан. Гэтэл тэнд байсан хүмүүс орилоод эхэлсэн. Тэр үед сэртэл машин онхолдсон. Би осолд орсоноос болж нурууны 11-р нугалам хугарсан, 9, 10 дугаар нугаламны сэртэн яс хугарсан, зүүн талын 4,5 дугаар хавирга хугаралтай, 2-р хавирганы төгсгөл хэсэг зөрүүтэй, 2 уушиг няцарсан зэрэг гэмтэл учирсан. Би эмчилгээний бүх зардал мөнгөө төлүүлмээр байна” гэх мэдүүлэг / I х.х -27-28/

- Хохирогч Э.Хы: Би 2018.09.02-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр очсон. Тэгээд тэнд 4 хоноод 9 сарын 6-ны өдөр 10 цагийн үед Альфарт маркийн 09-03 УНЯ маркийн автомашинд хөлсийг нь төлж суусан. Тэгээд тэр машиныг нэг танихгүй ах жолоодож яваад Дундговь аймагт 14 цагийн үед очсон. Миний сууж явсан машинд жолоочоос гадна 7 хүн сууж явсан. Дундговь аймагт хоол идчихээд хөдлөх болтол жолооч нь нэг хүнийг ахын дүү жолооны ангилалтай юу гээд жолоогоо шилжүүлсэн. Рулээ шилжүүлсэн хүн хажууд нь суугаад явсан. Тэр машин жолоодсон хүн осол гаргаж жолооч бол сүүлд нь мэдэхэд Г.М гэж хүн байсан. Харин рулээ шилжүүлсэн хүнийг Нямгомбо гэдэг байсан. Тэгээд тэр машиныг Мягмарсүрэн жолоодоод аймгаас зүүн тийш 20 км орчимд явж байхад миний хөл урд суудалд тулаад өвдөөд байхаар нь доошоо тонхойж байтал гэнэт л 2 удаа аймар хүчтэй мушгирч ирээд машин онхолдсон. Машинд сууж явсан хүмүүс орилолдоод осолд ороод би ухаан алдаад нэг сэртэл газар бутанд тулчихсан хэвтэж  байсан. Би машинаасаа толгойгоороо гарчихсан юм шиг байна лээ. Би осолд орсоноос болж сээрний 7,8 дугаар хугарал, зүүн хацар болон нурууны баруун талаас бөгс өгзөг хүртэл зулгарсан шархтай, хүзүү толгой баруун гарын бугуй хэсэг хөдлөхгүй, толгой их өвдөж дотор муухайрч байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлнэ” гэх мэдүүлэг / I х.х -35-37/

- Хохирогч Б.Б: 2018.09.06-ны өдөр 10 цагийн орчим  найз Төгөлдөрийн хамт 09-03 УНЯ  улсын дугаартай цагаан өнгийн машинд суугаад Улаанбаатар хот орохоор явсан юм. Би машины хамгийн ар талын суудалд голд нь сууж явсан. Миний хажууд Төгөлдөр, нэг махлаг гэмээр хүүхэн сууж явсан. Өдөр 14 цагийн орчим Дундговь аймагт ирсэн. Хоол идчихээд 15 цагт машиндаа суугаад хөдлөх гэтэл жолооч рулээ шилжүүлсэн. Өмнөговь аймгаас Дундговь ортол машиныг эзэн гэх Нямгомбо гэх хүн жолоодсон. Дундговь аймгаас Г.М гэх хүн жолоодож явсан. Би аймгаас гараад л машины ар талд унтсан юм. Нэг сэртэл би машинаас шидэгдсэн, газар хэвтэж байсан. Би осолд орсноо огт мэдээгүй, нам унтаж явсан. Гомдолтой байна. Гэмтлээс болж ажилгүй болоод байна. Би эмчилгээний төлбөрөө гаргуулна” гэх мэдүүлэг / I х.х -40-42/

- Хохирогч С.Одончимэгийн: 2018.09.06-ны өдөр 10 цагийн үед хот явна гэсэн альфарт машинд хөлсийг нь өгөөд суусан. Тухайн үед жолоочийн нэрийг мэдээгүй. Сүүлд нь сонсоход Нямгомбо гэдэг хүн байсан. Тэр хүн машин жолоодоод Дундговь аймгийн төвд ирсэн юм. Тухайн машинд жолоочтойгоо нилээд 8 хүн явсан. Бид нар хоолонд ороод хөдлөх болтол Нямгомбо гэх хүн жолоогоо өөр хүнд шилжүүлсэн. Тэр хүнийг Мягмарсүрэн гэдэг гэсэн. Дундговь аймгаас 15 цаг өнгөрч яваад аймгаас хойш 22 км-т яваад машин гэнэт л савлаад 2 тийшээ болоод хүмүүс орилоод явчихсан юм. Тэгээд л нэг мэдэхэд осолд орсон. Би эмнэлэгт очоод осолд орсноо мэдсэн. Би хотод гэмтлийн эмнэлэгт хүзүү нурууны тасаг, гар сарвууны тасагт нийт 70 хоног хэвтэж эмчлүүлсэн . Сээр нурууны хагалгаанд орсон. Мөн зүүн талын эгэм бэхлэх хагалгаанд орсон. Би одоо осолд орсноос хойш бэлхүүснээс доош мэдээ байхгүй болсон. Шөнө нойргүй болоод цээж нуруу байнга л өвддөг болсон. 2018.12.13-нд группийн хурлаар орж 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдаж группт ороод байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон бусад бүх зардлын баримтаа хавтаст хэрэгт хавсаргуулна” гэх мэдүүлэг / I х.х -46-48/  

- Хохирогч Д.Төгөлдөрийн: Би 2018.09.06-ны өдөр 10 цагийн үед хот орох ажлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас цагаан өнгийн Альфард маркийн 09-03 УНЯ улсын дугаартай машинд хөлсийг нь өгөөд суусан юм. Тэгээд хөдлөөд явахад Ц.Н гэх хүн машин барьж байсан. Дундговь аймгийн төвд 14 цаг өнгөрөөгөөд нэг хоолны газар ирээд тэнд бид нар хоол идээд 15 цагт хөдлөхөөр болтол жолоогоо шилжүүлсэн. Яагаад шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. Машинд нийт жолоочоос гадна 7 хүн явсан. Харин тэр жолооч гэх хүн Дундговь аймгаас  гараад 20 гаран км-т явж байгаад нэг машины хажуугаар нь гүйцэж түрүүлээд гэнэт замаас гарч онхолдсон юм. Тэр машинд явсан хүмүүс хашгираад орилсон. Тэр жолооч нилээн хурдтай явсан. Ойролцоогоор 120 км цагийн хурдтай явсан байх. Тухайн замд ямар нэгэн саад гэхээр зүйл байгаагүй. Би машины голын суудалд сууж явсан. Тэр жолооч архи уугаагүй, эрүүл байсан. Би тухайн осолд ороод биедээ гэмтэл аваад эмнэлэгт хэвтэж байна. Миний зүүн, баруун хөл хугарсан гэсэн. Цаашид би дахин эмчлүүлнэ гэх мэдүүлэг / I х.х -31-32/

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн: Г.М бол миний хоёр дахь төрсөн хүү минь байгаа юм. Миний хүү Г.М нь 2018.09.06-ны өдөр зам тээврийн осолд орсоноос болж ой санамжаа алдаад болсон зүйлээ огт санахгүй мэдэхгүй байгаа учир миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний хүү Г.М нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас Улаанбаатар луу хувийн ажлаар зарлал тавьсан унаанд суугаад явж байгаад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагш Дундговь аймгаас зүүн тийш 22 км-т байх хатуу хучилттай засмал замын хажуу руу 2018.09.06-ны өдөр 14 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Тухайн осолд орох үедээ цагаан өнгийн 09-03 УНЯ улсын дугаартай альфард маркийн тээврийн хэрэгслийн ар талд нь сууж явсан юм билээ. Яаж яваад осолд орсон талаар нь мэдэхгүй байна. Учир нь би хараагүй. Би тухайн өдөр осолд орсоныг нь мэдээд 2018.09.06-ны орой 21 цагийн үед аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт ирсэн юм. Тэрнээс хойш одоог болтол хүүгээ сахиж асарч байна. Миний хүү Г.М нь осолд орсоноос болж ой санамжаа алдсан. Мөн биедээ хүнд гэмтэл авсан юм. Нийт 3 удаа хагалгаанд орсон. Миний хүү биедээ элэг нь цуурч 2 язралт өгсөн эрүү хугарсан, тархиндаа гэмтэл авсан цус харвасан хацар, хамар, нүдний ухархай, баруун гарын бугуй хэсэг гээд бүх л эрхтэнгүүд нь хугарсан юм. Хөл, зүүн гар нь зүгээр байна. Миний хүү одоо осолд орсоноос болоод ой санамжаа алдаад хүний асуусан асуултанд зөв хариулна. Гэхдээ осол болсон талаар огт мэдэхгүй, өөрт хамааралтай хийсэн зүйлээ мэдэхгүй зөв буруу хольж ярьдаг, орон зай цаг хугацааны баримжаа байхгүй хольж зөрж ярьдаг болоод хэцүү л байна.  Миний зүгээс маш их гомдолтой байна. Эмчилгээнд гарсан болон гарах бүх зардал мөнгөө буруутай хүнээр нь бүрэн төлүүлнэ гэх мэдүүлэг / I х.х-22/

Дээрх зам тээврийн осолд орсны  улмаас  уг авто машинд зорчиж явсан Э.Х, Б.Мягмар, Б.Б нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, мөн уг ослын улмаас Д.Төгөлдөр, С.Одончимэг, Г.М нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан нь дараахь шүүх эмнэлгийн  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Үүнд:

- Шинжээчийн 2018.09.11-ний өдрийн 11054 тоот дүгнэлтэд: Э.Хы биед сээрний долоо, наймдугаар нугалмын шахагдсан хугарал, зүүн хацар, цээж, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ / I х.х -74/

- Шинжээчийн 2018.09.14-ний өдрийн 11012 тоот дүгнэлтэд: Б.М биед сээрний 9,10,11,12-р нугалмын их биеийн хугарал, баруун эгэм ясны хугарал, цээжний зүүн талын 4,5-р хавирга, баруун талын 2-р хавирганы хугарал, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ / I х.х -80/

- Шинжээчийн 2018.09.20-ны өдрийн 11247 тоот дүгнэлтэд: Б.Б биед сүүжний зүүн дэлбэнгийн бага зэргийн зөрүүтэй далд хугарал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ / I х.х -83/

- Шинжээчийн 2018.09.16-ны өдрийн 11097 тоот дүгнэлтэд: Д.Төгөлдөрийн биед баруун шаант ясны ил хугарал, зүүн шаант ясны далд хугарал, баруун шилбэний хугарлын түвшин дэх шарх, зулгаралт, баруун шилбэний ар хэсгийн цус хуралт, зүүн шилбэний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ / I х.х -71/

 - Шинжээчийн 2018.09.14-ний өдрийн 10911 тоот дүгнэлтэд: Г.Мий биед зүүн чамархайн хөхлөг сэртэн, суурь яс, баруун нүдний ухархайн дотор хана, дээд хана, хоёр гайморын хөндийн урд, арын ханын үргэлжилсэн шугаман хугарал, зүүн ховдлын цус хуралт, хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн няцрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун хацрын нумын хугарал, хамар яс, эрүүний хугарал, сээрний 1-р нугалмын хугарал, зүүн чих, баруун нүдний дээд, доод зовхи, уруулын  зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т тус тус зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ / I х.х-85/

 

- Шинжээчийн 2018.09.14-ний өдрийн 10976 тоот дүгнэлтэд: С.Одончимэгийн биед сээрний 11-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугасны няцрал, доод мөчдийн саажилт,  бүсэлхийн 1,3,4-р нугалам, баруун эгэм, зүүн талын 1,2,6,7,11,12-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, сээрний 8,9-р их биеийн, сээрний 10-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр гарын сарвуу, хэвлийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ / I х.х -77/

Мөрдөгч 2018 оны 9 сарын 28-ны өдрийн 50 дугаар тогтоолоор /Iх.х-90/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойшоо 20 км-т байх хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 14 цагийн орчимд  гарсан зам тээврийн ослын хэрэгт жолооч Г.М буруутай эсэхийг тогтоолгохоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын тасгийг шинжээчээр  томилсон байх бөгөөд шинжээч дараахь дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

- Шинжээчийн 2018.10.01-ний өдрийн дүгнэлтэд: Alphard маркийн 09-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Жолооч Г.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Г.М нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна. Зам тээврийн осол гарахад жолооч Г.Мгийн буруутай үйлдэл байна” гэжээ / I х.х -91/

Дээр дурьдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Г.М нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 14 цагийн орчимд  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн хойшоо 20 км-т байх хатуу хучилттай асфальтан зам дээр  09-03 УНЯ улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан Э.Х, Б.Мягмар, Б.Б нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, мөн Д.Төгөлдөр, С.Одончимэг, Г.М нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч Д.Төгөлдөр, С.Одончимэг, Г.М, Э.Х, Б.Мягмар, Б.Б нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 7 сарын 19-ний өдөр “В”, “С” ангиллын жолоодох эрхтэй болсон нь жолоочийн 1167657 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарсан цэгийн ойролцоо 2.90мх1м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн хагархай хэсэг /асфальтгүй болсон/ байсан болох нь хэргийн газрын үзлэгээр /Iх.х-6-10/ тогтоогдсон болно. Жолооч Г.М нь тухайн тохиолдолд  хурдаа тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Г.Мгийн энэхүү үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул шүүгдэгч Г.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

               2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

               Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Г.М нь хариуцан арилгах үүрэгтэй, мөн тээврийн хэрэгслийг Г.Мд өөрөө шилжүүлэн өгсөн Toyota Alphard маркийн 09-03 УНЯ улсын дугаартай автомашины шудрага эзэмшигч Ц.Н бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  болох нь; хохирогч Д.Төгөлдөр, С.Одончимэг, Г.М, Э.Х, Б.Мягмар, Б.Б нар өөрсдийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.М, Д.Нямгомбо нараас шаардах эрхтэй болох нь тус тус тогтоогдож байна.

           Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Төгөлдөр, С.Одончимэг, Г.М, Э.Х, Б.Мягмар, Б.Б нараас эрүүл мэнд учирсан хохирлын баримт гаргаж өгснийг судалж үзээд иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Тухайлбал:

  1. Хохирогч нар нь эмчилгээ, шинжилгээ, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд ирсэн зардлын баримтыг үндэслэн хохирогч Э.Хд 844593 төгрөгийг, хохирогч Б.Мягмарт 600987 төгрөгийг, хохирогч Б.Бд 888107 төгрөгийг, хохирогч Д.Төгөлдөрт 4656710 төгрөгийг, хохирогч С.Одончимэгт 7704174 төгрөгийг, хохирогч Б.Чингүнд 9414433 төгрөгийг шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Ц.Н нараар хариуцуулан төлүүлэх үндэслэлтэй байна.
  2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн зарим баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон нотлох баримтын шаардлагыг хангаагүй /огноогүй, тамга тэмдэггүй, гаргацгүй, гарын үсэггүй, бүдэг, давхардсан, хувийн ариун цэврийн хэрэгсэл, архи, захиалгын болон хүргэлтийн хоол худалдаж авсан, байр түрээсэлсэн зардал г.м/, зайлшгүй гарах зардал мөн эсэх нь тодорхойгүй баримтууд байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Үүнд: 2-р хавтаст хэргийн 31, 159, 206, 208, 233, 234, 3 дугаар хавтаст хэргийн 6-10, 12, 13, 16, 42, 43, 49, 45, 49, 50, 76, 78, 87, 88, 90, 93, 97, 98, 99, 105, 112, 113, 114, 124, 129, 137, 147, 148, 151, 153, 158, 166, 169, 167, 189, 190, 192, 195, 198, 199, 202, 205, 207, 208, 210, 211, 212, 242, 243, 246, 4 дүгээр хавтаст хэргийн 46, 82, 83, 85, 5 дугаар хавтаст хэргийн 4, 6, 24, 43, 45, 47, 54, 55, 56, 57, 60, 61, 63, 64, 65, 66, 73, 76, 78, 79, 85, 91, 92, 94, 95, 97, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 110, 111, 118, 127, 128, 129, 130, 131, 132, 133, 135, 136  хуудсан дахь баримтууд хамаарч байна.
  3. Хохирогч Д.Төгөлдөр болон түүний ээж Б.Дэлгэрмаа нарын цалин хөлс, хохирогч Г.М болон Б.Н нарын цалин хөлс, хохирогч Б.М цалин хөлс, хохирогч С.Одончимэг болон ээж, ахынхаа олох ёстой байсан орлого буюу цалин нэхэмжилсэн ба эдгээр хүмүүс тухайн үед цалин хөлсөөрөө хохирсон гэж нэхэмжилснийг шалгаж үзэхэд нотлох баримт хангалтгүй цуглуулж өгсөн, өнөөдрийн шүүх хуралдаанаар тодорхой тооцоог гаргах боломжгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс … зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Хохирогч нарын баримтыг судалж үзэхэд өөрсдийн үндсэн цалинг бүтнээр нь нэхэмжилсэн байх тул дутуу авсан цалин хөлсийг тооцоолон гаргах боломжгүй байна. Мөн хохирогч нарыг сахиж асрмжилсан гэх хүмүүсийн цалин хөлс орлогыг тодорхойлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. Хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй боловч нөгөө талаас нэхэмжлэлийг нотлох баримтаа цуглуулж өгөх үүрэгтэй гэдгийг хохирогч нар анхаарах нь зүйтэй. Хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэг бүртгэлтийн эхэнд мэдүүлэг авахдаа тайлбарлаж өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 22-24, 27-28, 31-32, 35-37, 40-42, 46-48 талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Иймд нотлох баримт хангалтгүй шалтгаанаар холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.     

                 4. Тоёота Альфард маркийн 09-03 УНЯ улсын дугаартай автомашин Улаанбаатар хотод байрлах Тайкун ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь №01929433 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /I х.х-124/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг /Iх.х-54-56/, иргэний хариуцагч Ц.Нмэдүүлэг /Iх.х-60-61/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Ц.Н зээлээр худалдаж авсан бөгөөд энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 9-11 хуудсанд авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Иймд бодит байдал дээр уг тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар иргэн Ц.Н мөн байна. Иргэн Ц.Н, Тайкун ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үндэслэлээр тухайн компанийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан нь буруу байна. Учир нь өнөөдрийн шүүх хуралдаанаар Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж байгаа бөгөөд уг асуудалд Тайкун ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал: Ц.Н, Тайкун ХХК-ийн хооронд зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул тухайн асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Зээлдүүлэгч байгууллага нь уг гэрээтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.     

          Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд баримтаар нотлогдож байгаа төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Д.Нямгомбо нараас хувь тэнцүүлэн буюу 50, 50 хувиар гаргуулан хохирогч нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Г.М болон иргэний хариуцагч Ц.Н нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

 

                 3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргалаа.

Шүүгдэгч Г.Мд сэтгэцийн байдалд нь шүүхээс шинжээч томилоход Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 665 тоот дүгнэлтэд “оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй” гэсэн болох нь, мөн шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 058817 тоот шийдвэрээр “А-15.0 өвчний жагсаалтын 1-1а заалтаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоосон” болох нь /1-р хх-248/, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар /1-р х.х-120/  тус тус тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний сэтгэцийн болон  биеийн эрүүл мэндийн /сүрьеэ өвчтэй/ байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулж, нэмэгдэл ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.12, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

       1. Шүүгдэгч Г.Мавтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Э.Х, Б.Мягмар, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг, мөн энэ гэмт хэргийг Д.Төгөлдөр, С.Одончимэг, Т.Чингүн нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Боржигон овогт Гомбосүрэнгийн Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндсэн ял оногдуулахгүйгээр  3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар  шүүхээс тэнссэн хугацаанд Г.Мд үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Г.Мд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Боржигон овогт Гомбосүрэнгийн Мягмарсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гомбосүрэнгийн Мягмарсүрэн, иргэний хариуцагч Ц.Н нараас 24109067 /хорин дөрвөн сая нэг зуун есөн мянга жаран долоон/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 50, 50 хувиар гаргуулан хохирогч Э.Хд 844593 /найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн гурван/ төгрөгийг, хохирогч Б.Мягмарт 600987 /зургаан зуун мянга есөн зуун наян долоон/ төгрөгийг, хохирогч Б.Бд  888107 /найман зуун наян найман мянга нэг зуун долоон/ төгрөгийг, хохирогч Д.Төгөлдөрт 4656710 /дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун арван/ төгрөгийг, хохирогч С.Одончимэгт 7704174 /долоон сая долоон зуун дөрвөн мянга нэг зуун далан дөрвөн/ төгрөгийг,  хохирогч Б.Чингүнд 9414433 /есөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасныг баримтлан хохирогч нарын иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг буюу авах ёстой цалин, эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг болон иргэний нэхэмжлэлийн төлөх зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Ц.Н нарын оршин суугаа газрын болон өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг дурьдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Энэ хэрэгт хураагдаж ирсэн дискийг шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал эрүүгийн 1822002960007 тоот хэрэгт үлдээсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.С