Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01982

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 13 210/МА2024/01982

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04150 дугаар шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй Б.Ц-т холбогдох, 54,103,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би өөрийн дүү Д.У-аар дамжуулан Б.Ц-т мөнгө зээлдүүлсэн бөгөөд уг мөнгөөр *********** 2-4 тоотын 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр хийсэн. Гэвч хариуцагч нь зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нь Д.У-ын дансанд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.доллар шилжүүлэн зээлийн үлдэгдэл төлбөр 16,000 ам.доллар болсон.

Гэрээний 2.9-д зааснаар зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.У-д олгосон. Үүнийг үндэслэн Д.У-аас хариуцагчтай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ***************** дугаартай захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсныг үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

1.2. Хариуцагч 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 146 дугаар тойргийн нотариатч С.Н-т холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, Д.У-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *************дугаар тогтоолоор шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд гэрээний үүрэгт 16,000 ам.доллар буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 54,103,200 төгрөгийг хариуцагч Б.Ц-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.У-аас 9.700 ам.доллартой тэнцэх 15,000,000 төгрөг зээлсэн. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх гэрээг боловсруулан ирэхдээ 2,500 ам долларыг М.Э-д нэмж зээлсэн тул 8 хувьтай тэнцэх хүү авахаар бичгээр гэрээ хийсэн гэж хүү тооцож тухайн гэрээ байгуулахаас өмнө төлсөн төлбөрүүдийг хүүгээс хасаж тооцон гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулах үед би М.Э-тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж ойлгосон боловч бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй байсан.

2.2. Бид 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6,000 ам.доллар төлсөн бөгөөд Д.У нь тухайн үед Д.М-ын зээлийн хүүг банкнаас нөхөр П.М сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж төлсөн гээд уг зээлийг намайг төлөхөөр тооцсон байсан. Ийнхүү П.М-ийн авсан 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт сар бүр төлбөр төлөх замаар төлж барагдуулсан. Уг 10,000,000 төгрөг тухайн үеийн ханшаар 5,437 ам.доллар болж тооцоо нийлэх үед нийт 16,437 ам.доллар төлсөн. Мөн Д.М нь дахин хүү төлөхийг шаардсан бөгөөд би 4,008 ам долларыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Д.У-ын данс руу шилжүүлэн нийт 20,445 ам.доллар төлсөн.

2.3. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулахад бичгээр гэрээ хийгээгүй байхад хүү тооцсон нь сүүлд нотлогдсон бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс гэрээний дагуу хүү шаардах эрхгүй этгээд байсан тул 16,000 ам.долларыг нэхэмжлэх эрхгүй. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулсан төлбөр барагдуулах гэрээг ямар нэгэн үр дагавар үүсгэхээр бус Д.У-ын хэлснээр гэр бүлийнхэндээ харуулах гэрээ хэрэгтэй байна гэсэн гуйлтаар хариуцагчийг хуурч хийсэн. Тиймээс уг гэрээг баталсан нотариатын үйлдэл болон мэдэгдэх хуудас шүүхээр хүчингүйд тооцогдсон. Уг гэрээгээр тооцсон үнийн дүн бодит бус улмаар өмнө байгуулсан гэрээг бичгээр гэрээ байгуулаагүй атлаа хүү тооцож байгуулсан учраас төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-ээс 54,103,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 428,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн *************дугаартай тогтоолд ...төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үзсэн нь уг гэрээний дагуу шаардах үүргийн хэмжээ, тооцооллын хувьд талуудын маргах эрх нээлттэй буюу энэ асуудлаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй, мөн гэрээний агуулга, мөнгөн дүн, төлсөн төлбөр, шаардах эрхийн талаар талууд маргаж мэтгэлцэх боломж нээлттэй тул төлөөлөх эрхтэй гэсэн үндэслэлээр төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл мэдэгдэх хуудасны хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн. Өөрөө хэлбэл, талууд төлөх хэмжээний үнийн дүн, шаардах эрх, гэрээний агуулгын талаар маргах эрхийг нээлттэй үлдээсэн. Гэтэл шүүх уг гэрээний үнийн дүнгийн маргааны асуудлаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний үнийн дүн болон бусад шаардах эрхийн талаар маргах эрхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Талууд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 2013 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 5,000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6,000 ам.доллар төлсөн. Мөн Д.У нь тухайн үед Д.М-ын зээлийн хүүг банкнаас нөхөр П.М сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж төлсөн гэсэн тул уг зээлийг надаар төлүүлэхээр тооцсон байсан. Тиймээс П.М-ийн авсан 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Үүнийг тухайн үеийн ханшаар тооцоход 5,437 ам.доллар болсон. Улмаар Д.М утсаар ярьж дахин хүү төлөхийг шаардахад 4,008 ам.долларыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.У-ын данс руу шилжүүлэн нийт 20,445 ам.доллар төлсөн.

Тиймээс дахин 16,000 ам.долларыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулахад бичгээр гэрээ хийгээгүй байхад хүү тооцсон болох нь сүүлд нотлогдсон бөгөөд уг гэрээний хувьд төлсөн төлбөрөөс тооцогдох ёсгүй хүүг тооцож байсан нь үндэслэлгүй. Гэтэл шүүх уг нэхэмжлэлийн үнийн дүн болох 16,000 ам.доллар үндэслэлтэй эсэх, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүү баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээгээр тооцсон хүү, төлбөр тооцсон үндэслэл зэрэг бодитой хуулийн дагуу эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасныг шүүх хэрэглээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн *************дугаартай тогтоолоор 2020 онд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон боловч хариуцагч талаас 16,000 ам.доллар төлөх ёстой эсэх асуудлаар маргадаг. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээл, зээлийн гэрээнд төлбөр эргүүлэн төлөх харилцаа үүссэн. Гэрээнд Д.М зээлдүүлэгч, Б.Ц зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурж, тооцоо нийсэн. Хавтаст хэргийн 44-46 дугаар талд 16,000 ам.долларыг хэрхэн тооцож гаргасан талаарх гар бичмэл баримт авагдсан. Хариуцагч нь зээлээ төлөөгүй тул 2015 оны гэрээний 2.9-д Д.У 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 16,000 ам.долларын төлбөрийг барагдуулахаар 2020 онд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Б.Цээс гэрээний үүрэг шаардсан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд дүр үзүүлсэн хэлцлийн хууль зүйн үр дагаврыг талууд ойлгож байсан. Гэтэл төлбөр барагдуулах гэрээнд ямар нэгэн зээлтэй холбоотой зохицуулалт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 1.1-д энэ гэрээгээр ямар харилцааг зохицуулах, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр болох 16,000 ам.долларыг төлөх харилцааг зохицуулж байгаа талаар тодорхой заасан.

5.2. Талуудын хооронд дүр үзүүлсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан шаардлага хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, дүр үзүүлсэн хэлцэл нь ямар нэгэн үүрэг хүлээх эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй. Гэтэл Б.Ц гэрээний үр дагаврыг ойлгож Д.Мтай гэрээ байгуулсан бөгөөд гэрээг байгуулж байгаа Д.У нь нотариатч юм. Үүнээс үзвэл талуудын хэн аль нь иргэний эрх зүйн мэдлэгтэй, гэрээ байгуулснаас үүсэх үр дагаврыг ойлгоогүй эсхүл хожим илрэхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт шүүхээс төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул дүр үзүүлсэн хэлцэл, 16,000 ам.доллар төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч энэ талаар няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Мөн хэрэгт дүр үзүүлсэн хэлцэлтэй холбоотой баримт өгөөгүй.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан 54,103,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Д.М нь Д.У-аар дамжуулан 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9,700 ам.долларыг Б.Ц-т, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2,500 ам.долларыг түүний эхнэр М.Э-д нарт сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр амаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон. /1-р хх44-46/

 

Иймээс талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон.

 

4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан нь хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан агуулгатай болохоос зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн зээлдэгчийн эрхэд хамаарахгүй. Тодруулбал, хариуцагч нь зээл, зээлийн хүүнд 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5,000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6,000 ам.доллар, цалингийн зээл 10,000,000 төгрөг буюу 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ханшаар тооцож 5,437 ам.доллар, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.доллар, нийт 20,445 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигчид маргахгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн хүүг зөвшөөрч төлсөн нь хууль зөрчихгүй. Иймд хариуцагчийн ...шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг хэрэглээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Дээрх зээлийн гэрээг баталгаажуулан талууд тооцоо нийлж, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.5-д зээлдэгч нь зээл, зээлийн хүүг 20,000 ам.доллар болгон, нийт 6 сарын дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлдүүлэгч болон түүний төрсөн дүү Д.У-ын дундын эзэмшлийн ...дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг гэрээг байгуулснаас хойш хариуцагч Б.Ц нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.долларыг зээлийн төлбөр гэсэн гүйлгээний утгаар Д.У-ын дансанд шилжүүлсэн. /хх 44, 67/

 

4.4. Энэ 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийг төлөөлж Д.У, хариуцагч Б.Ц нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, гэрээгээр төлбөр төлөгч нь 16,000 ам.долларыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөр авагчид төлж барагдуулах, гэрээний 5.2-т төлбөр төлөгч гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээг төлбөр авагчийн санаачлагаар цуцлагдсан тооцож, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн зохих шатны шүүхийн шийдвэрт гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 7/

 

4.5. Нэхэмжлэгчээс нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэх хүсэлт гаргасан тул 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн **************** дугаартай захирамжаар дээрх мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 545 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх-ийн 8-12/

 

4.6. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *******************дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч С.Н-т холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, хариуцагч Д.У-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 199 дугаартай магадлалаар Д.У, Б.Ц нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцсон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан.

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *************дугаар тогтоолоор Д.У, Б.Ц нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 13-28/

 

5. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *************дугаар тогтоолд ...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр, нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийг төлөөлөгч Д.У болон хариуцагч Б.Ц нарын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5.1. Нөгөөтэйгүүр, хэргийн баримтаас үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээгээр төлбөрийн үлдэгдлийг 20,000 ам.доллар гэж тооцож, үүнээс хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.долларыг төлсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийн үлдэгдлийг 16,000 ам.доллар болохыг баталгаажуулан хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Иймд хариуцагчийн ... дүр үзүүлэн хийсэн хэлцэл... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Дээрхээс дүгнэвэл, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний зүйл, зорилго, шинж, талуудын хүлээсэн эрх үүрэг зэргээс дүгнэвэл зээлийн гэрээний үндсэн дээр үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр нэхэмжлэгчид мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

5.3. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Б.Цээс 54,103,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн ...гэрээний үнийн дүнгийн маргааны асуудлаар дүгнэлт хийгээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 428,466 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ