| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00050/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Г.Х
Хохирогч: Ч.Д
Хохирогчийн өмгөөлөгч Ч.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: Ж.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ст холбогдох 1922000480065 тоот хэргийг 2019 оны 5 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1982.06.17-нд төрсөн, эрэгтэй, монгол бичиг үсэг мэдэхгүй гэх, сургуульд суугаагүй гэх, төвд бичиг 9 настайгаасаа судалсан гэх, гэлэн цолтой гэх, малчин, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дундгвоь аймаг Дэрэн сум 2-р баг Цантын 4-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ82061713/ Ж.С нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар биечлэн оролцсон бөгөөд талуудын хүсэлтээр хэргийн 7-11, 12-14, 15-16, 21-22, 23-24, 27, 28-30, 32, 33, 46-48, 37 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг Цантын 6-4 тоотод амьдрах иргэн Ч.Дын гэрээс Доржзовд судар, Говийн лха зурмал бурхан, Ногоон дарь эх зурмал бурхан, Лундай ганзай зурмал бурхан зэрэг эд зүйл алдагдсан бөгөөд тухайн эд зүйлийг шүүгдэгч Ж.С хулгайлан авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ч.Дын: Би Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Цантын 06-07 тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг юм. 2018 оны 7 дугаар сарын дундуур манайх гэрээ буулгаж өвлийн бууриндаа буусан юм. Тэр үед гэрийн тавилгаа зөөж байгаад “Ногоон дарь эх”, “Говийн лха”, “Лундай ганзай" гэх нэртэй даавуун дээр зурсан зурмал бурхан алга болсон байсан юм. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Түүнээс хойш 2019 оны 2 дугаар сарын 3-нд цагаан сар болох гээд гэрээ цэвэрлэж байгаад бурхан хийдэг эрээн жижиг хайрцаг дотор байсан судраа гаргаж үзтэл тэр дотор байсан “Алтан Доржзовд” гэх нэртэй судар алга болчихсон байсан юм. Тухайн үед мөн цагдаад мэдэгдээгүй. Манай суманд байдаг Ж.С гэх хүнийг сэжиглэж байна. Манай гэрээр байнга орж гардаг хүн байгаа юм. Миний алдсан судар нь дээр үеийн Алтан Доржзовд гэдэг нэртэй судар байгаа юм. 20 см урттай 6 см зузаантай 60 ширхэг хуудастай шармал өнгийн зүйлээр бичсэн судар байсан. 3-н ширхэг зурмал бурхан нь даавуу мэт зүйл дээр бичсэн, Ногоон Дарь эх нь даавуу мэт зүйл дээр зурсан зурмал бурхан 80 см урт, 40 см өргөн, Говийн лха бурхан нь даавуу мэт зүйл дээр зурсан зурмал бурхан 80 см урт, ЗОсм өргөн, Лундай ганзай нь даавуу мэт зүйл дээр зурсан зурмал бурхан 1 метр урт, 50 см өргөн. Би алдсан Алтан Доржзовд гэх нэртэй 20 см урттай 6 см зузаантай 60 ширхэг хуудастай шармал өнгийн зүйлээр бичсэн судраа 10 сая төгрөг, Ногоон Дарь эхээ 5 сая төгрөгөөр, Говийн лхаг 5 сая төгрөгөөр, Лундай ганзайг 10 сая төгрөгөөр тус тус үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-7-9/
- Гэрч Д.Лхагвадоржийн: 2018 оны 8 дугаар сарын эхээр Дэлгэрцогт сумын наадам болж байх үеэр Дэрэн сумын харъяат Ж.С гэх хүн миний 9900**** дугаарын утас руу залгаад Дэлгэрцогт сумын наадам дээр байна. Надад Доржзовд нэртэй судар байна ирээд худалдаж авах уу, би аймаг орж чадахгүй байна” гэсэн. Би “очоод авъя” гэж зөвшөөрөөд Дэлгэрцогт суман дээр очоод Ж.Стай уулзаад Доржзовд судрыг нь 300000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайлсан, мөн хэдийн үеийн судар гэж мэдээгүй. Ж.С нь надад миний өөрийн судар байгаа юм гэж хэлж байсан. Ж.С лам болохоор өөрийнх нь юм байх гэж бодсон учир гарал үүслийг нь тодруулалгүйгээр судрыг худалдан авсан. Би бурхан шашны эд зүйлс худалдан авахдаа бүртгэл хөтөлдөг. Ж.Саас Доржзовд судрыг 2018 оны 7 дугаар сард авсан гээд бүртгэлийн дэвтэр дээр бүртгэсэн байгаа. Ж.Саас худалдаж авсан гэх Доржзовд судар одоо надад байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын орчим намайг БНХАУ-руу явсан хойгуур манай эхнэр Цэндсүрэн нь цагаан машинтай хотоос явж байсан хүмүүст 350000 төгрөгөөр зарсан гэсэн гэх мэдүүлэг /хх-12-14/
- Гэрч Д.Лхагвадоржийн гар тэмдэглэлд “Лам Сансараас 2018-7 сард Доржзовд судар авав” гэжээ. /хх-33/
- Гэрч С.Цэндсүрэнгийн “2018 оны 8 дугаар сарын эхээр Дэлгэрцогт сумын наадам болж байхад Дэлгэрцогт суманд нөхөр Д.Лхагвадоржийн хамт очиж Ж.Сансарбаатэр гэж хүнээс Доржзовд нэртэй 60 гаруй хуудастай, боронзоор бичсэн судрыг 300000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш 2018 оны 11 сарын үеэр манай нөхөр Лхагвадож нь БНХАУ- руу явсан хойгуур Өмнөговь-Улаанбаатар хотын хооронд явж байгаа бололтой хэдэн хүн хуучны бурхан шашны зарах эд зүйлс байна уу гэхээр нь 350000 төгрөгөөр зарсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Ж.Саас гарал үүслийн талаар асуухад миний өөрийн судар байгаа юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/
- Гэрч П.Доржпагмын “Би Батсуурь, Долгор гэх хүмүүсийг танина. Долгор манай нагац эгчийн хүүхэд бөгөөд Батсуурийн гэр манай их гэрийн голомт гэж явдаг юм. Батсуурь манай хүргэн байгаа юм. Оюун ухааны хомсдолтой хүн байгаа юм. Манай ах дүү нар цагаан сар болохоор л байнга очиж золгоход Батсуурийн гэрийн хойд талаараа дээр үеийн зурмал бурхан зүүсэн байдаг байсан 'Говийн лха”, “Ногоон дарь эх”, нөгөө бурхан нь нилээн урт 1 метр гаран урт бурхан байдаг байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мөн хатуу цаасан дээр шармал зүйлээр бичсэн 20-см урттай "Доржзовд” гэх нэртэй судар байдаг байсан. 2017 оны 11 дүгээр сард Долгор надад 3 ширхэг зурмал бурхан байхгүй байна гэж хэлсэн . Хэзээ алга болсон талаараа сайн мэдэхгүй байгаа болохоороо тухайн үед цагдаагаар шалгуулаагүй юм. Харин ”Алтан Доржзовд” нэртэй судар нь 2019 оны 2 дугаар сарын 3-нд үзсэн гэсэн, тэгэхэд нь байхгүй байсан гэсэн, мөн тухайн үед цагдаад мэдэгдээгүй, хэзээ алга болсон талаараа мэдэхгүй болохоор гэж байсан” гэх мэдүүлэг /хх-21-22/
- Гэрч Б.Доржбишийн “Би Дэрэн сумын төв Цантын 6-7 тоотод байх Батсуурь гэх хүнийг танина. Тэр хүнтэй би найз нөхдийн холбоотой. Манай найз Батсуурь сэтгэцийн өвчтэй хүн байгаа юм. Би сумын төвд байхдаа Батсуурийн гэрээр өдөртөө 2-3 удаа байнга орж гарч байдаг. Би 2018 оны 7 дугаар сард хэдний өдрийг нь санахгүй байна. Батсуурийн гэрээр ороход Батсуурь болон Сансарбаатар лам 2 тэдний гэрт архи уугаад сууж байсан юм. Тэгээд би Батсуурийн гэрт тэр хоёртой хамт архи ууж байгаад гараад явсан. Тэгэхэд гэрт Батсуурь, Сансар лам хоёр үлдсэн. Намайг гэрээс гарахад Батсуурь нилээд согтсон байдалтай Сансар лам гайгүй байсан. Би Сансар ламыг гэрээс бурхан авсан талаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй байна гэрээс гарахад л тэр 2 үлдсэн” гэх мэдүүлэг /хх-23-24/
- Шинжээчийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад “ Доржзовд судар – 8 сая төгрөг, Говийн лха зурмал-3 сая төгрөг, Ногоон дарь эх – 3 сая төгрөг, Лундай ганзай -6 сая төгрөг” гэжээ /хх-26-27/ зэрэг баримтууд хамаарч байна.
Энэ хэргийн хохирогч Ч.Д зурмал бурхануудаа алдагдсаныг 2018 оны 8 сард мэдсэн боловч тухайн үед цагдаад мэдэгдээгүй, 2019 оны 2 сарын 3-нд “Алтан Доржзовд” судраа алдсанаа мэдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан гэж мэдүүлсэн ба тухайн мэдүүлгийг хохирогч Ч.Дын үеэл П.Доржпагмын гэрчээр өгсөн мэдүүлэг нотолж байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д нь өвчний улмаас групптэй байж байгаад хасуулсан, түүний нөхөр Н.Батсуурь нь оюуны хөнгөн хомсдол өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон хүн болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 9 сарын 13-ны өдрийн 0082395 дугаар шийдвэр /хх-32/ , гэрч П.Доржпагма, гэрч Б.Доржбиш нарын мэдүүлгээр /хх-21-22, 23-24/ тогтоогдож байна
Шүүгдэгч Ж.С нь хохирогч нарын эрүүл мэндийн энэхүү онцлог байдлыг далимдуулан 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 2 сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг Цантын 6-4 тоотод байрлах иргэн Ч.Дын гэрээс Доржзовд судар, Говийн лха зурмал бурхан, Ногоон дарь эх зурмал бурхан, Лундай ганзай зурмал бурхныг давтан хулгайлсан болох нь хохирогч Ч.Д, гэрч Д.Лхагвадорж, Г.Доржбиш нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-6-7, 12-14, 23-24/
Шүүгдэгч Ж.С нь бусдын хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад 19 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгөө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “ гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар хохирогч Ч.Д нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шүүгдэгч Ж.Саас шаардах эрхтэй ба шүүгдэгч Ж.С нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ч.Дын гэрээс алдагдсан эд зүйлсийн гэрэл зураг байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй алдагдсан тул шинжээч эд зүйлд үнэлгээ хийхдээ зах зээлийн үнэ ханш болон Гандантэгчилэн хийдийн лам Лхагвасүрэн, Ламрин хийдийн лам С.Чинболд нараас асууж зөвлөлдөн “Доржзовд судар–8 сая төгрөг, Говийн лха зурмал-3 сая төгрөг, Ногоон дарь эх–3 сая төгрөг, Лундай ганзай -6 сая төгрөг” гэх үнэлгээ тогтоожээ. /хх-26-27/
Тухайн үнэлгээг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа болно.
Шүүгдэгч Ж.С нь шүүх хуралдааны дүгнэлт танилцуулахаас өмнө завсарлага авч өмгөөлөгчтэйгээ зөвлөлдсөн бөгөөд хохирогч Ч.Дт учруулсан 19 сая төгрөгийн хохирлыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргалаа.
Шүүгдэгч Ж.Сын эд хөрөнгий талаар лавлагаа авахад түүний өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 17 дугаар гудамжны 18 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөгдсөн гэх бүртгэлтэй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 4 сарын 11-ний өдрийн лавлагаагаар тогтоогдсон болно. Ж.С нь өөр эд хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй, эрхэлсэн тодохой ажилгүй болох нь түүний харъяа багийн Засаг даргын тодорхойлолтоор мөн тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь өмчлөлийн 150-иад бага мал ахынх нь нэр дээр тоологдож явдаг, мөн эртний хөөрөгтэй гэж мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцох үндэслэлтэй байна.
3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.С нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж айсан эсэхийг шалгах хуудсаар /хх-42/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.С нь эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах үеэс эхлэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс /түүх соёлын ховор үнэт өв хадгалж байгаа талаараа зохих газарт бүртгүүлээгүй, хэзээ алдсанаа ч тодорхой хэлж мэдэхгүй г.м/ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдал болно.
Нэг хүнээс хэд хэдэн удаагийн үйлдлээр эд зүйл хулгайлсан нь үргэлжилсэн үйлдэл тул Ж.Сын бусдын эд хөрөнггийг удаа дараа хугайлсан үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Ж.Сын үйлдсэн гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацагаар хорих ял оногдуулах гэмт хэрэг тул Ж.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэг, мөн тохиролцсон хугацаанд хохирлыг нөхөн төлж арилгахыг даалгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.С