| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/04714/И |
| Дугаар | 210/МА2024/01981 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01981
2024 11 13 210/МА2024/01981
Н.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Н.Ц-гийн нэхэмжлэлтэй, БТБГазартхолбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ************дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ************** дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, миний хашаа байшинг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хураан авч, битүүмжилсэн. Тэтгэврээс өөр орлогогүй хүний хувьд зээлийг хүний өмнөөс төлж барагдуулж чадахгүй бас насаараа ажиллаж байж үлдсэн хашаа, байшингаа өрөнд хураалгасан.
1.2. Болор үнэлгээ ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шинжилгээний обьектын газар дээрх үнэлгээг хийсэн гэх боловч надад мэдэгдээгүй, хэзээ ирээд ямар хэмжилт хийгээд юуг үзэж хараад үнэлсэн талаар мэдээлэл байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн эрхээр хангаагүй. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажихаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах эрхтэй байтал эзгүй хашаанд ирж зураг аваад явсан үнэлгээчний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн Болор үнэлгээ ХХК нь зах зээлийн үнэ цэнийг Үнэгүй.mn зарын мэдээлэлд харьцуулалт хийж нэгтгэн үнийг бодсон талаар тайланд тусгагдсан. Үнэлгээний тайланд хашаа, байшинд 380 вольтын хүчдэлийг татаж оруулсныг тусгаагүй байдаг. Энэ үнэлээд байгаа хашаа, байшинд гэр бүлийн зориулалтаас илүүтэйгээр үйлдвэр, аж ахуйн чиглэлээр, модны үйлдвэр, тоосгоны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Энэ нь зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх бодит хүчин зүйлсэд хамаарч байхад үнэлээгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Төлбөр төлөгч Н.Ц-гийн өмчлөлийн ********************хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Болор үнэлгээ ХХК-г томилсон. Шинжээч үл хөдлөх хөрөнгийг 48,300,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан учраас төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БТБГазартхолбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шинжээч үнэлгээ хийхдээ хууль зөрчиж дүгнэлт гаргасан. Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-т заасан дүрэм журам норматив зөрчсөн. Мөн төлбөр төлөгч Н.Ц-д мэдэгдээгүй, хэзээ яаж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, ижил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, үнэлгээг 48,300,000 төгрөг гэж гаргасан нь тодорхой бус, газарт үнэлгээ хийгдээгүй, сайт дээр байгаа зарыг харж үнэлгээ гаргасан нь эд хөрөнгийг үнэгүйтүүлж төлбөр төлөгчийн эрх ашиг сохирлыг хохироосон. Ийм нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Шинжээч Болор үнэлгээ ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 48,300,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч БТБГазартхолбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэгдсэн, *****************, Хамба 7 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******************* дугаарт бүртгэгдсэн, 306 м.кв талбайтай газрыг нийт 48,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1994 дугаар шийдвэрээр Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй бол хариуцагч Н.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэгдсэн, *****************, Хамба 7 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******************* дугаарт бүртгэгдсэн, 306 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнийн дүнгээс зээлийн үүргийг гүйцэтгэхийг Шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1510 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-13/
4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2059 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2023 12 дугаар сарын 25-ны өдрийн 24360243 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /хх-ийн 40, 46/
4.2. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэгдсэн, *****************, Хамба 7 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******************* дугаарт бүртгэгдсэн, 306 м.кв талбайтай газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24360243/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24360243/03 дугаартай тогтоолоор хураан авах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх47-55/
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/1673 дугаартай мэдэгдлээр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс хувийн сууцыг 50,000,000 төгрөгөөр, газрыг 306,000,000 төгрөгөөр, харин төлбөр авагч нь хувийн сууц болон газрыг 36,789,000 төгрөгөөр үнийн саналыг тус тус өгсөн. /хх58-59/
4.4. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд үнийн зөрүүтэй санал өгч тохиролцож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/28 дугаартай тогтоолоор Болор үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /хх60-61/
4.5. Шинжээч нь *****************, Хамба 7 дугаар гудамж, 23 тоот хаягт байрлах, 63 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай газрын зах зээлийн үнийг 48,300,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/2124 тоот мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хариуцагч байгууллагын шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд давж заалдах гомдол гаргаагүй. Харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
5.1. Тодруулбал, шинжээч дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагын арилжааны нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээ хийснийг буруутгах үндэслэлгүй. Мөн шинжээч зах зээлийн хандлагаар аргаар үнэлгээ хийх нь илүү ач холбогдолтой гэж үзээд барьцааны зүйлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 48,300,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-т заасан дүрэм журам норматив зөрчсөн, ижил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, үнэлгээг 48,300,000 төгрөг гэж гаргасан нь тодорхой бус, сайт дээр байршуулсан зарыг харж үнэлгээ гаргасан нь эд хөрөнгийг үнэгүйдүүлж төлбөр төлөгчийн эрх ашиг сонирхлыг хохироосон... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний обьектэд үзлэг хийсэн нь тайланд хавсаргасан үзлэгийн акт, гэрэл зургийн хуулбараар тогтоогдсон. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлгээчин хөрөнгө үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг оролцуулах талаар зохицуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээчийн дүгнэлт гарсан талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй, хэзээ хэрхэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, газар дээр очиж үнэлгээ хийгээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан нь оновчгүй байгаа боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/04642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ