Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 54

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Л

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох 1922000670046 тоот хэргийг 2019 оны 5 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1961.04.29-нд төрсөн, 58 настай, эрэгтэй, 4 дүгээр анги төгссөн, бичиг үсэг дунд зэрэг мэднэ гэх, сантехникч, слесарь мэргэжилтэй, туслах малчин, ам бүл-2, эцгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Аривжихын 6-6 тоотод оршин суух, тархи толгой өвддөг, даралт ихэсдэг гэх, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ61042936/ О.Бнь мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 3 дугаар сарын эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Баянбулаг” гэх газраас иргэн Г.Бийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Бийн: 2019.03.03-ны өдөр Гурвансайхан сумын 2-р баг “Төгрөгийн ус” гэх газарт нутаглах Ж.Түмэнбаяр гэх хүн надруу 13 цагийн үед утсаар яриад манай адуунд байсан Сартай зүсмийн гүүг чинь О.Б гэгч нь бэлчээр дээрээс хулгайлж аваад нядалж хүнд борлуулсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийн биеэр Ж.Түмэнбаяртай очиж уулзаад О.Б та хоёр 3 хоногийн дотор ирж уулзаарай гэж хэлсэн юм. Тэгсэн чинь ирж уулзаагүй алга болсон. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад хандахаар болсон юм. Би анх 2018 оны 11 сарын үед Ж.Түмэнбаярын адуунд миний эзэмшлийн сартай гүү өөрөө очиод нийлчихсэн байхаар нь би Ж.Түмэнбаярт хандаж за би “Сартай хээр” гүүгээ хавар унагалуулаад авъя гэж хэлээд орхисон Ж.Түмэнбаяр зөвшөөрсөн юм. О.Баясаглан гэх хүн нь манай гэрээр орж гардаг зүгээр л таньдаг манай сумынх, ямар нэг хамаатан, садангийн холбоо байхгүй. Миний “Сартай хээр” зүсмийн гүүг Ж.Түмэнбаярын адуунд байгааг О.Б мэдэж байсан. О.Б нь Ж.Түмэнбаярын ээж болох Жаргал гэх хүнтэй гэр бүл болж хамт амьдардаг юм. Би гомдолтой байна. Өөрийн “Сартай хээр” гүүг унагалуулж гарсан унагыг уяж хурдлуулая гэж бодож байсан юм. Би “Сартай хээр” гүүгээ нэхэмжилж гаргуулж авмаар байна. “Сартай хээр” гүү хээлтэй байсан. Би 2 сая төгрөгөөр хохироод байна энэ мөнгийг нэхэмжилж авна” гэх мэдүүлэг  /хх-9/

- Гэрч Ж.Түмэнбаярын “Би 2019 оны 2 сарын 20-ны үеэр Улаанбаатар хотруу эхнэрийнхээ хамт эхнэрээ эмчлүүлэхээр яваад 3 сарын 4-нд гэртээ ирсэн. Ирээд адуугаа усалж байсан чинь манай адуунд байдаг Г.Б гэж хүний хээр зүсмийн байдас ганцаараа дутуу байсан. Тэгээд би 2-3 хоногийн дараа манай айлын хүн буюу манай ээжийн хамтран амьдрагч О.Бгаас хээр зүсмийн байдсаа сурж асуусан чинь мөнгөний хэрэг гараад би зарж борлуулчихсан гэсэн. Тэгээд би Г.Бт хэлсэн. Тэгсэн чинь Г.Б цагдаад хэлчихсэн байсан“ гэх мэдүүлэг /хх-13/

- Гэрч Х.Мөнхжаргалын “Би 2019 оны 2, 3 дугаар сард Дундговь аймгийн төвд байсан, манай хөдөө гэрт О.Б байсан. Намайг аймагт байх хугацаанд манай хүүхдүүд Улаанбаатар хот явсан юм. Манай хүү Ж.Түмэнбаяр хэлэхдээ манай малыг О.Б ах хараад үлдсэн гэж байсан. Би аймгийн төвд байж байгаад хөдөө гэртээ очиход О.Б нэг адуу хийж зарсан гэсэн сураг дуулдсан. О.Б өөрөө надад ямар нэгэн юм хэлээгүй. О.Бгийн нэр дээр ямар нэгэн мал байхгүй. О.Б нь манай малнаас зарж, борлуулах эрхгүй“ гэх мэдүүлэг /хх-15/

- 2019.03.25-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад “Сартай хээр зүсмийн хурдан удмын хээлтэй гүү- 1500000 төгрөг” гэжээ /хх-17-18/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч О.Б нь бэлчээрлэж байсан 1 тооны адууг хулгайлж бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Б нь дараахь байдлаар шүүхээр 6 удаа ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх-31, 33-36, 37-38, 39-45, 46-49, 50-54, 56-57/ тогтоогдож байна. Үүнд:

  1. Дундговь аймгийн шүүхийн 1986.01.24-ний өдрийн а/10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдэлсэн;
  2. Дундговь аймгийн шүүхийн 1997.10.20-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдэлсэн;
  3. Дундговь аймгийн шүүхийн 1998.03.12-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдэлсэн;
  4. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001.09.10-ны өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дүгээр зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж биечлэн эдэлж байгаад 2002.11.07-ны өдөр хугацаанаас 1 жил 1 сар 23 хоногийн өмнө тэнсэн суллагдсан;
  5. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004.04.01-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар О.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001.09.10-ны өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын эдлээгүй  үлдсэн ялын зарим хэсэг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний жинхэнэ эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож биечлэн эдэлсэн;
  6. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.01.31-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж байгаад 2015 оны 11 сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хугацаанаас 5 сар 11 хоногийн өмнө тэнсэн суллагдсан байна.

 

Шүүгдэгч О.Б нь 2004 оны 4 сарын 11-ний өдөр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүлж 2006 оны 9 сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж заасан хугацааг түрүүчийн гэмт хэрэгтээ  ялгүй болох хугацаа хамтатган эхэлж тоолоход 2011 оны 9 сарын 24-ний өдөр ялгүй болсон байна.

Шүүгдэгч О.Б нь ялгүй болсноос хойш  2013 оны 1 сарын 31-ний өдөр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийгүүлж биечлэн эдэлж байгаад  2015 оны 11 сарын 9-ний өдөр өршөөлд хамрагдаж хугацаанаас 5 сар 11 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,  тэнсэн суллагдсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн  /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацааг 2016 оны 4 сарын 20-ноос эхлэн тоолно. Иймд шүүгдэгч О.Бг ялтайд тооцох үндэслэлтэй байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тухайн хуульд “ялтай байдал” гэх ойлголт хасагдаж хуульчлагдсан, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул шүүгдэгчийн О.Бгийн ялтай байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгөө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч О.Б хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Г.Б шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч О.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой эсэх нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Түүний өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны Далай 7 гудамж 42 тоот хаягт байршилтай 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй гэх лавлагаа гарч ирсэн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байна. Иймд түүний “хохирлоо нөхөн төлнө” гэж хүсэлт гаргасныг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцох үндэслэлгүй байна.

           Шүүх шүүгдэгч О.Бгаас хохирогчид учирсан бодит  хохирлыг хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнэлгээний дагуу 1500000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч О.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа болон түүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн хөнгөн төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Б /Нэргүй/ бусдын 1 /нэг/ тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Б 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч О.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж биечлэн эдлүүлэх журамтайг шүүгдэгч О.Бд анхааруулсугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Бгаас 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт олгосугай. 

      6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, түүний өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны Далай 7 гудамж 42 тоот хаягт байршилтай 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                  С.С