Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01947

 

 

 

 

 

 

 

 

2024 11 04 210/МА2024/01947

 

 

Б.Б-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/02944 дугаар шийдвэртэй,

Б.Б-ний нэхэмжлэлтэй, ДЭЭГФМХХК-д холбогдох,

ДЭЭГФМХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ДЭЭГФМХХК-д бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд ажилд орсон. Улмаар тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч ажил хэргийн өдөр тутмын үйл ажиллагаагаа ДЭЭГФМХХК-ийн менежмент /Эйшиа песифик/ ПТИ ЛТД суурин төлөөлөгчийн газрын удирдлагад ажилладаг байсан. Тодруулбал, миний ажлын байрыг Ди Эйч Эл глобал форвардинг менежмент /Эйшиа песифик/ ПТИ ЛТД-ийн суурин төлөөлөгчөөр 2018 онд томилогдсон ЧЖ нь шууд удирдлагаар хангаж ажилладаг.

1.2. Ажил хэргийн нийцгүй, үл ойлголцсон харилцаанаас болж шууд удирдлага ЧЖ надтай харилцахаа больсон. Энэ нөхцөл байдал нь надад ажлын байрны дарамтыг үүсгэж ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн учраас 2022 оны 09 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Харин би нэг удирдах ажилтны зүй бус харилцаанаас болж өөрийн олон жил ажилласан компаниас ажлаас гарахыг хүсээгүй тул 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр удирдлагадаа албаны мэйлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ цуцалж, цаашид үргэлжлүүлэн ажиллах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.

1.3. Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн компанийн дээд шатны удирдлагад ажлын байрны тодорхой дарамт шууд удирдлагын зохисгүй харилцааны тухай албан мэйлээр мэдэгдэхэд шууд удирдлага болох ЧЖ нь чамд би өмнө сануулсан, цаашид миний удирдлагад ажиллахад 2 шаардлагыг биелүүлж ажиллах ёстой байхад чи нэг шаардлагыг зөрчиж дээд шатны удирдлага руу шууд мэйл бичсэн тул чамтай хамтарч цаашид ажиллахгүй гэж хэлсэн. Би өөрийн ажлаас чөлөөлөх хүсэлтийг цуцалсан талаар удирдлага, хүний нөөцдөө мэдэгдсэнээс хойш 4 сарын дараа шууд удирдлагын тавьсан шаардлагыг зөрчсөн гэж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль бус юм.

1.4. Ажилтныг ажлаас хууль бусаар халах нь ажилтны хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль ёсоор ажлаас чөлөөлөгдөх эрхийг зөрчдөг. Эдгээр эрх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бусад эрхэд хамаарах тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Тиймээс ДЭЭГФМХХК-аас ажлаас чөлөөлөх тушаал гаргасантай холбогдуулсан сэтгэл санааны гэм хорын төлбөрт 18,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан.

Иймд ДЭЭГФМХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Б нь манай компанид 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд ажилд орсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сунгасан. Тэрээр ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтан болон хамт ажилладаг хүмүүстэйгээ үл ойлголцол үүсгэдэг, зүй бус харилцаа гаргадаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул компанийн зүгээс энэ талаар өөрт нь мэдэгдсэн. Б.Б нь манай компанид 7 жил ажилласан хугацаанд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байдлыг харгалзан компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй.

2.2. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтантайгаа харилцааны хувьд доголдолтой, зөрчилдөөнтэй байсан учраас маргаан үүсгэн цаашид ажиллахгүй болохоо илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Тухайн үед ажил олгогчоос олон жил ажилласан туршлагатай ажилтнаа шууд ажлаас чөлөөлөхгүйгээр ажлаа үргэлжлүүлэх талаас нь хандсан. Гэвч нэхэмжлэгч хамтран ажиллахад асуудалтай байна гэж удаа дараа хандсан тул түүний хүсэлтийг үндэслэн ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23/004 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ДЭЭГФМХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-нийг ДЭЭГФМХХК-ийн компанийн бизнес хөгжлийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 73,405,580 төгрөгийг хариуцагч ДЭЭГФМХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 73,405,580 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Б.Б-ний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ДЭЭГФМХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг баримтлан хариуцагч ДЭЭГФМХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол болон өмгөөллийн хөлс нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Б-ний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн тал хувь болох 128,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 524,977 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ажил олгогчоос шийдвэрлээгүй байх үед ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгаа буцааж цаашид хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж, уг хүсэлт гаргаснаасаа хойш 3 сарын хугацаанд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн гэжээ. Гэтэл Б.Б ажлаас гарах хүсэлтээ эргүүлэн татахдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр өөрийн имэйлээс ...одоогийн албан тушаал дээр ажиллаж жилийн эцэс хүртэлх борлуулалтын гүйцэтгэлийн тайлангаа эцэслэх хүсэлтэй байна, та бүхнээс дахин хүлцэл өчье, зөвшөөрсөн хугацааны туршид хамтран ажиллагч нарыг дэмжин ажиллах болно, та бүхнээс эерэг таатай хариулт авна гэж найдаж байна гэх имэйлийг илгээсэн. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч ЧЖгээс уг хугацаанд ажиллуулахыг зөвшөөрсөн боловч 2 нөхцөл тавьсан имэйлийг буцаан илгээсэн. Дээрх имэйлүүдээс дүгнэвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцсон Б.Б-ний гаргасан хүсэлтийн дагуу он дуустал ажиллуулаад түүнийг ажлаас халж байгаа нь хууль бус биш юм.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Бээс ажил олгогчид 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...09 дүгээр сарын 23-ны өдөр илгээсэн бизнес хөгжлийн менежерийн албан тушаалаас чөлөөлөх өргөдлөө цуцлах хүсэлтээ энэхүү захиагаар дамжуулж байна гэжээ. Гэтэл уг захианд би жилийн эцэс хүртэл борлуулалтаа дуусгахыг хүсч байна, зөвшөөрсөн хугацаанд хамтран ажиллагсдаа дэмжин ажиллана гэдгээ амлаж байна гэж бичсэн төгсгөлийн хэсгийн агуулгаас үзэхэд 2022 оныг дуустал ажиллаад гарна гэсэн нь Б.Б-ний хүсэл зориг байсан. Мөн нэхэмжлэгч нь ...хуулийн дагуу миний ажиллах сүүлийн өдрийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болгож хойшлуулна уу, харамсалтай нь ажлын нөхцөл гүйцэтгэлийн үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл аваагүй, мөн хүлээлт, үр дүнг өөр өөр болгосон бололтой, бүх үл ойлголцолд уучлалт хүсье, таныг миний ажиллах сүүлийн өдрийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болгох талаар бодолцож үзнэ гэж найдаж байна гэжээ.

Уг захианаас үзэхэд хүлээлт үр дүнг өөр өөр болгосон бололтой гэдэг нь он дуустал ажиллахаа мэдэж байсан нь тодорхой харагдаж байна. Ажиллах сүүлийн өдрөө ахин сунгаж 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болгохоор хүсэл зоригоо илэрхийлж байгаагаас үзэхэд өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болсон. Тиймээс 2023 оны 01 сарын 20-ны өдрийн ЧЖнээс бичсэн имэйлд хүндэт Б.Б доорх мэдээллийг хүлээн авна уу, би хурлын үр дүнг нэмж цахим шуудангаар дахин нэг удаа илгээж байна. Компани нь зөвхөн гарах өргөдлөө өгсөн тохиолдолд л хүлээн зөвшөөрч байгааг анхаарна уу, үүний дараа таны оныг дуустал үргэлжлүүлэн гэсэн хүсэлтийг үндэслэн компани хүлээж авсан. Иймд Б.Б-ний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хуулийн дагуу байсан.

4.2. Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд Б.Б-ний үндсэн цалин 2,375,000 төгрөгөөр тогтсон бөгөөд дээрх хугацаагаар тооцож үзэхэд 42,750,000 төгрөг болсон. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 cap болох 2022 оны 12 cap, 2023 оны 1, 2 дугаар сараар тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 3,825,698 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 179,329 төгрөг бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 73,405,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Б.Б-нийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны хүсэлтээр гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2022 оны 09 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эргүүлэн татан аваад 4 сарын хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхдээ ДЭЭГФМХХК-ийн имэйлд биш Ди Эйч Эл глобал форвардинг эйшиа песификийн суурин төлөөлөгч ЧЖтэй харилцсан имэйлд үзлэг хийлгэсэн. Тус мэйлд хийсэн үзлэгээр Б.Б сайн дураар ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий имэйл явуулаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Б.Б-ний дундаж цалин хөлсийг анхан шатны шүүх үндэслэл бүхий тогтоосон. Учир нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын баталсан дундаж цалин хөлс тогтоох журмын дагуу хэрэгт авагдсан нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын лавлагааны үнийн дүнгээр дундаж цалин хөлс тодорхойлсон. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн цалингийн хэмжээгээр дундаж цалинг тодорхойлно гэх гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Цалин хөлсөнд зөвхөн үндсэн цалин биш цалин хөлсний нэмэгдэл цалин, ээлжийн амралт болон  шагнал урамшууллаас бүрдэнэ гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Б.Б-ний дундаж цалин, хөлсийг тогтоосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ДЭЭГФМХХК-д холбогдуулан ДЭЭГФМХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ДЭЭГФМХХК-д холбогдуулан сэтгэл санааны хохиролд 18,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсаныг анхан шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ДЭЭГФМХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ДЭЭГФМХХК-ийн бизнес хөгжлийн менежерийн ажил албан тушаалд ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 6-12, 100/

 

4.2. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр гаргасан талаар талууд маргахгүй байна.

 

4.3. ДЭЭГФМХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 тоот тушаалаар Б.Бтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон, тус компанийн бизнес хөгжлийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. /хх-4/

 

4.4. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 тоот тушаалд ажилтныг ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгч Б.Б-ний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт-ийг үндэслэсэн гэж заасан.

 

5. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хариуцагчид гаргаснаас татгалзаж цуцалсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ хойшлуулж 2022 оны 02 дугаар сар хүртэл болгосон гэж талууд маргасан.

 

5.1. Талуудын хэн аль нь 2022 оны 10 дугаар сарын 13, 2022 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хоорондоо харилцсан цахим захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж илэрсэн нөхцөл байдлыг бэхжүүлсэн байна.

 

5.2. Дээрх үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь өөрийн Belguun Bolormaa (DHL MN) имэйл хаягнаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр [email protected] имэйл хаяг руу ... 10 дугаар сарын 25-ны өдөр бол ... ажиллах сүүлийн өдөр юм... Энд дурьдсан шалтгаануудын улмаас миний бие компаниас явах цаг болсон гэдгийг ойлгосон... гэх агуулгатай цахим захидлыг, мөн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр илгээсэн хүсэлтдээ ...09 дүгээр сарын 23-ны өдөр илгээсэн бизнес хөгжлийн менежерийн албан тушаалаас чөлөөлөх өргөдлөө цуцлах хүсэлтээ энэхүү захиагаар дамжуулж байна. Та бүхнийг зөвшөөрвөл одоогийн албан тушаал дээрээ ажиллаж жилийн эцэс хүртэлх борлуулалтын гүйцэтгэлийн тайлангаа эцэслэх хүсэлтэй байна. Өөрийн тодорхой бус байдлыг би сайтар ойлгож байгаа хэдий ч намайг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн тохиолдолд илүү их ачаа нийлүүлж, амжилтаа ахиулах, эерэг хандлагаар ажиллана гэдгээ амлаж байна... гэх агуулгатай цахим захидлыг тус тус явуулсан. /хх92-98/

 

5.3. Мөн нэхэмжлэгч нь өөрийн Belguun.В[email protected] имэйл хаягнаас [email protected], [email protected], [email protected] имэйл хаяг руу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр илгээсэн хүсэлтдээ ...10 дугаар сарын 24-ний өдөр огцрох өргөдлөө эргүүлэн татсан цахим шуудан ирсэн бөгөөд бүтэн жилийн үр дүнг харахаас өмнө явж байгаа нь ямар их гунигтай байгаагаа илэрхийлсэн. Энэ бол арван хоёрдугаар сарын 31-ний тухай ярих шалтгаан байсан..., би ямар ч мэдэгдэл хүлээж аваагүй тул гарах өргөдлөө бүрэн эргүүлэн татсан гэж бодсон. Үүнээс болоод би цаашдын төлөвлөгөөгөө гаргаагүй. Иймд учраас монголын хуулийн дагуу миний ажиллах сүүлийн өдрийг 2023 оны 02 дугаар сарын 11 болгож хойшлуулна уу..., таныг миний ажиллах сүүлийн 2 дугаар сарын 11 нь болгох талаар бодолцож үзнэ гэж найдаж байна гэжээ, [email protected] имэйл хаягнаас [email protected], Belguun.В[email protected], [email protected] имэйл хаяг руу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр илгээсэн цахим захидалд ... компани нь зөвхөн гарах өргөдлөө өгсөн тохиолдолд л хүлээн зөвшөөрч байгааг анхаарна уу. Үүний дараа таныг оныг дуустал үргэлжлүүлэн гэсэн хүсэлтийг үндэслэн компани хүлээж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Болормаа миний сүүлийн ажлын өдрийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болгон хойшлуулсан гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ нь аль аль талдаа ашигтай байх нь утгагүй гэх агуулгатай цахим захидал явуулсан болох нь тус тус тогтоогдсон.

 

5.4. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус бичсэн цахим захидалдаа 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас татгалзаж цуцалсан талаар хүсэл зоригоо илэрхийлэхдээ цуцалж байгаа шалтгаанаа бүтэн жилийн ажлын үр дүнгийн тайлангаа гаргаж эцэслэх хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн байна. Энэ хүсэлтийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оныг дуусах хүртэлх хугацаанд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр санал гаргасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гаргаснаас татгалзсан гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч нь 2022 оны эцсийн ажлын үр дүнг үзэхээр ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээс татгалзаж цуцалсныг ажлаас чөлөөлөгдөх хугацааг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болгон хойшлуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг дахин гаргасан болон цуцлагдах хугацааг ажил олгогчтой тохиролцсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Мөн нэхэмжлэгч нь ажил олгогчид хандан уг асуудлыг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэнийг ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөх болсонтой холбоотой хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргасан гэж үзэхээр байна. Иймд талууд хөдөлмөр эрхлэлтиийн харилцааг дуусгавар болох хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

6.2. Иймд анхан шатны шүүх ДЭЭГФМХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/004 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б-нийг урьд эрхэлж байсан бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байх тул хариуцагч талын ...нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацааг тохиролцсон, ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул уг тушаал хууль бус биш... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2 дугаар сарын цалингийн нийлбэрээр тооцож нэг сарын дундаж цалинг 3,825,698 төгрөг, нэг өдрийн цалинг 179,329 төгрөгөөр тогтоож олгосон нь учир дутагдалтай болсон. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол авч буй цалингаас төлсөн тогтвортой 3 сарыг харгалзан үзээд 2022 оны 9, 10, 11 дүгээр сараар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

7.1. Дээрх хугацаагаар тооцоход нэхэмжлэгч Б.Б-ний нэг сарын дундаж цалинг 2,745,054 төгрөг, нэг өдрийн цалинг 130,716 төгрөг байх бөгөөд нийт 18 сарын хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 49,410,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрлөлтийг шүүхийн шийдвэрт оруулан, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.

 

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/02944 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын ...73,405,580 гэснийг ...49,410,972 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ДЭЭГФМХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 454,777 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ