Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                      

 

                                            

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Г.Х

Хохирогч: М.Х

Шинжээч М.Б

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1922000770049 тоот хэргийг 2019 оны 4 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Баянгол дүүрэгт 1972.03.19-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг Хөх толгойн 5-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ72031918/ Б.Мнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

              

           Шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-21 ДУЭ улсын дугаартай “УАЗ-39620” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ 2019.03.20-ны өдрийн 12 цаг 43 минутанд иргэн Л.Отгонбаатараас Дэлгэрцогт сумын төвд 21-21 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон байна” гэжээ. /х.х-5/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр байлаа. Уг газарт баруун урдаас зүүн хойш чиглэлтэй өгсүүр зам засмал байв. Засмал зам дээр цастай, цасан хайлсан нойтон байв. Засмал замын баруун талд 4 дугуй нь дээшээ харсан зүүн урагш харсан 21-21 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. 21-21 ДУЭ улсын дугаартай машины урд  талын салхины шил хагарсан, урд буферын зүүн хэсэг муруйсан, хойд талын 2 хаалга нээлттэй, баруун талын кабиний хэсэг зурагдсан хонхойсон байв. Баруун талын хойд талын хаалганы арын цонх хагарсан. Засмал замын баруун талд шороон дээр замын түмп байлаа. /хугарсан/ Засмал замын түмпний суурьтай хэсгийг А үсгээр тэмдэглэв. Үл хөдлөх цэгээр Алтан загас-3 гэж тэмдэглэсэн хашааны зүүн урд талын өнцгийг авав. Үл хөдлөх цэгээс ертөнцийн зүгээр урагш 14.80м, түүнээс зүүн тийш 26.90метрт “А” цэг гэж байлаа. “А1” цэгээс засмал замын баруун талын ирмэг хүртэл 1.30 м байв. “А2” цэгээс 21-21 ДУЭ машины урд талын буфер хүртэл 5.60м байв. 21-21 ДУЭ дугаартай машины баруун урд талын дугуйн тэнхлэгээс засмал замын баруун талын ирмэг хүртэл 10м, баруун хойд талын дугуйнаас засмал замын баруун ирмэг 11.50м байлаа” гэжээ /хх-3-6/

- Осол гарсан замын нөхцөл байдал болон автомашины онхолдож унасан байдлыг харуулсан 10 кадр гэрэл зургууд /х.х-4-5/

- Ашид билгүүн ХХК-ийн 2019.03.27-ны өдрийн 1429 тоот дүгнэлтэд “21-21 ДУЭ дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээ 9400000 төгрөг” гэжээ /хх-38-39/

- Гэрч Г.Нямдуламын “Би 2019 оны 03 сарын 20-ны өдөр 12 цагийн үед эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байхад “сумаас хойш 30 км-т машин унасан, аваар гарсан байна гэсэн дуудлага ирсэн” тэгээд жолооч Б.М ах намайг эмнэлэг дээрээс аваад М.Х эмчийг гэрээс нь аваад засмал зам руу орох гэж байхад засмал зам дээр жаахан халтираад тэгээд бид хэд зам халтиргаатай байгаа болохоор зөөлөн явъя гэж хоорондоо яриад, өгсүүр газарт өгсөж явахад зам халтиргаатай байсан учраас гэнэт халтираад засмал замын баруун тал руу унаад дээшээ дөрвөн дугуйгаараа хараад ойчихсон. Машиныг Б.М ах бариад хажуу талын суудал дээр би, арын суудал дээр М.Х эмч сууж явсан. Б.М ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Өгсүүр газар явж байсан болохоор их удаан явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-19-20/

Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр багийн эмчээр ажиллаж байсан ба үндсэн цалингаас гадна Монгол Улсын Засгийн газрын 382 дугаар тогтоолын дагуу орон нутгийн нэмэгдэл 20 хувь, Эрүүл мэндийн сайдын А/548 дугаар тушаалын дагуу ажлын өдөр хоол унааны зардал 1000 төгрөг тогтмол авдаг байсан. Миний бие ажил төрлөө хэвийн явуулж байсан бол эдгээр мөнгийг заавал авах ёстой гэж үзэж байна. 1 сарын үндсэн цалингийн хэмжээ 677’193 төгрөг, үүний 20 хувь нь 135’438 төгрөг, 6 сард нийт 812’640 төгрөг болж байгаа. Хоол, унааны зардал 6 сарын хугацаанд ажлын 131 өдрөөр тооцоод 131’000 төгрөг болж байгаа. Улаанбаатар хот руу явж үзүүлсэнтэй холбоотой шатахууны зардал 534’800 төгрөг гарсан байгаа. Засгийн газрын 05 дугаартай тогтоолыг үндэслэн ажлын үйл ажиллагаанаас хамааран улирлын нэмэгдэл авдаг. 45 хувийн нэмэгдэл тооцохоор улиралд 304’736 төгрөг, хоёр улиралд 609’472 төгрөг, нийт 2’087’900 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэж мэдүүлэв.

 Дээрх зам тээврийн осолд орсны  улмаас  уг авто машинд зорчиж явсан М.Хн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь дараахь шүүх эмнэлгийн  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Үүнд:

Шинжээчийн 2019.04.01-ний өдрийн №3727 тоот дүгнэлтэд “М.Хн биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-25/

Мөрдөгч 2019 оны 3 сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор /х.х-25/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 3 сарын 20-ны өдөр 21-21 ДУЭ дугаартай тээврийн хэрэгсэл засмал замын хажуу руу онхолдсон зам тээврийн ослын хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын тасгийг шинжээчээр  томилсон байх бөгөөд шинжээч дараахь дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

Замын цагдаагийн тасгийн 2019.03.25-ны өдрийн 13 тоот дүгнэлтэд “уг тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тзэврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт зөрчсөн байна. Уг осол нь Б.Мгийн буруутай үйлдлээс үүдэн гарсан байна” гэжээ /хх-26-27/

Дээр дурьдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-21 ДУЭ улсын дугаартай “УАЗ-39620” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан М.Хн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч М.Х, гэрч Г.Нямдулам нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-19-20, 24-25, 26-27/

Шүүгдэгч Б.М нь 2000 оны 7 сарын 10-ны өдөр “В”, “С” ангиллын жолоодох эрхтэй болсон нь жолоочийн 155233 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байсан болох нь хэргийн газрын үзлэгээр /х.х-3-6/ тогтоогдсон болно.

Жолооч Б.М нь тухайн тохиолдолд замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж чадаагүй зам тээврийн осол гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар болгоомжгүй гэмт хэрэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

               2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.М нь 2010 оны 6 сарын 1-нээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт жолоочийн албан тушаалд, ТҮ-3-ын 1-ээр үндсэн цалин тогтоогдож хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь хүн-эмнэлгийн эрхлэгчийн 2010 оны 22 дугаартай тушаал, хөдөлмөрийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 04/18 тоот тодорхойлолт зэрэг баримтаар /хх72-76/, зам тээврийн осол гаргах үедээ дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч М.Хн мэдүүлэг, гэрч Г.Нямдуламын мэдүүлгээр /хх7-11, 18-20/, Б.Мн жолоодож явсан УАЗ-39620 маркийн 2121 ДУЭ улсын дугаартай автомашин нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлгийн өмчлөлийн автомашин болох нь тээврийн хэрэгслийн 01905536 дугаартай гэрчилгээгээр тус тус  тогтоогдож байна.

Зүй нь дээр дурьдсан Иргэний хуулийн заалтаар энэ хэрэгт иргэний хариуцагчаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн эмнэлэг буюу эрүүл мэндийн төвийг татан оролцуулж, жолооч Б.Мн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээлгэж, хариуцан арилгуулах учиртай байжээ.

Мөрдөн байцаалтын шатанд дээрх ажиллагааг хийж гүйцэтгээгүй, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хохирогч М.Хн 6 сарын цалин хөлс, эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хохирогч М.Х нь 1 сарын үндсэн цалингийн хэмжээ 677’193 төгрөг, үүний 20 хувь нь 135’438 төгрөг, 6 сард нийт 812’640 төгрөг, хоол, унааны зардал 6 сарын хугацаанд ажлын 131 өдрөөр тооцоод 131’000 төгрөг, Улаанбаатар хот руу явж үзүүлсэнтэй холбоотой шатахууны зардал 534’800 төгрөг, улирлын 45 хувийн нэмэгдэл тооцохоор улиралд 304736 төгрөг, хоёр улиралд 609’472 төгрөг, нийт 2’087’900 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэж мэдүүлэв.

               Шүүгдэгч Б.М нь бусдад учирсан гэм хорыг шууд хариуцан арилгах үүрэггүй боловч өөрийн санаачилгаар хохирогч М.Хд 1100000  төгрөг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн хуудас болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-114-116/

               “УАЗ-39620” маркийн 21-21 ДУЭ улсын дугаартай автомашин нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгийн нэр дээр бүртгэлтэй болох нь №01905536 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ / х.х-6/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг /х.х-14-15/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

               Иргэний нэхэмжлэгч байгууллага нь шүүгдэгч Б.Мтэй автомашины засвар гүйцэтгэх гэрээ байгуулж, иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байх бөгөөд энэ нь иргэний нэхэмжлэгчийн эрх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж хуульд заасан этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

 

                 3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргалаа.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

       1. Шүүгдэгч Б.М Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч М.Хд 1100000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Хн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөр нэхэмжилсэн 3537289 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг, мөн иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн төвөөс машинд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвөөс, иргэний нэхэмжлэгч байгууллага нь шүүгдэгч Б.Мгээс тус тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.С