| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 103/2024/00417/И |
| Дугаар | 210/МА2024/01948 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01948
2024 11 04 210/МА2024/01948
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Б.Б-ийн нэхэмжлэлтэй, ШШГХ-тхолбогдох,
Багануур дүүрэг, **************тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 154,504,350 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрээр Б.Бэс 33,289,463 төгрөгийг гаргуулан Аз өсөх билэг ХХК-д олгож шийдвэрлэсэн.
1.2. Би өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Багануур дүүргийн **************тоот орон сууцыг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад шинжээч 154,504,350 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.
1.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж, мөн хуулийн 8.3.10-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэж заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна мөн хуулийн 10.1.2-т Хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах гэж, 10.1.3-т Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах гэж заасан байхад нэхэмжлэгчийн энэ эрхийг хангаагүй.
Иймд ****************** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 154,504,350 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрээр Б.Бэс 32,966,680 төгрөгийг гаргуулж Аз өсөх билэг ХХК-д олгож шийдвэрлэсэн. Улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн Багануур дүүрэг, 01 дүгээр хороо, 22 дугаар байр, 15 тоот хаягт байрлах, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, талуудаас үнийн саналыг авахад зөрүүтэй санал гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлтэй, ШШГХ-тхолбогдох, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, улсын эрхийн бүртгэлийн ********** дугаартай үл хөдлөх орон сууцыг 154,504,350 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 205 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шинжээч нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т Хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах, мөн хуулийн 10.1.3-т Хөрөнгийн үнэлгээчний үйл ажиллагааны тайлангийн талаар 30 хоногийн хугацаанд гомдол гаргах гэж заасан үйлчлүүлэгчийн эрхийг хангаагүй.
4.2. Шүүхийн шийдвэрт ...шинжээчийн дүгнэлттэй холбоотой хийвэл зохих хуульд заасан бүх ажиллагаа хийгдсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүх шийдвэрийг уншиж танилцуулахдаа энэ дүгнэлтийг хэлээгүй бөгөөд шийдвэрийн үндэслэлийг өөрөөр тайлбарласан.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3 дахь хэсгүүдэд заасан хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцуулна гэх заалт нь шүүхийн шийдвэрээр бус бусад шалтгааны улмаас хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа иргэн, хуулийн этгээдэд эрх олгосон заалт юм. Шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлж дуудлага худалдаанд оруулахын тулд хийлгэсэн шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулахаас өмнө төлбөр төлөгч талд танилцуулах нь төлбөр төлөгч талд давуу байдал олгохоос гадна шинжээчид нөлөөлөх эрсдэлтэй.
Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулна гэж заасан. Уг заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч талуудад танилцуулан сайн дураар худалдан борлуулах үнийн саналыг хүлээн авч тэмдэглэлд тусган хувийн хэрэгт хавсаргасан.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулна гэж заасан бөгөөд үндэслэх хэсгийг бүхэлд нь уншиж танилцуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ШШГХ-тхолбогдуулан Багануур дүүрэг, **************тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 154,504,350 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
4. Багануур дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-эс 33,560,016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2280 дугаартай магадлалаар хариуцагч Б.Б-эс 39,560,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00299 дугаар тогтоолоор хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Бэс 32,966,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 44-54/
4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх-ийн 43/
4.2. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн, ****************** хаягт байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22320349/04 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22320349/05 дугаартай тогтоолоор хураан авах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх56-58, 61-62/
4.3. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр, төлбөр авагч нь 140,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус өгсөн. /хх-ийн 65-66, 68/
4.4. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд үнийн зөрүүтэй санал өгч тохиролцож чадаагүй тул Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22320349/07 дугаартай тогтоолоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ын мэргэшсэн үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /хх69-72/
4.5. Шинжээч нь ****************** хаягт байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 154,504,350 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-94/
4.6. Шинжээч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ын үнэлгээчин Г.О нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 35/
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шинжээч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж, мөн зүйлийн 8.3.10-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 10.1.2-т Хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах гэж, мөн хуулийн 10.1.3-т Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах гэж заасан байхад нэхэмжлэгчийн энэ эрхийг хангаагүй... гэж тодорхойлжээ.
5.1. Шинжээч дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцны зориулалттай байх тул орлогын хандлагаар тооцоолоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн шинээр барьж байгуулах өртөгийн хандлагаар тооцоолол хийхэд 109,429,244 төгрөгийн үнэлгээ, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар 154,504,350 төгрөгийн зах зээлийн үнэлгээ тус тус хийсэн байна. Мөн шинжээч нь шүүх хуралдаанд оролцож, ... өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагаар тайланг гаргасан, харин орлогын хандлагыг хэрэглэх шаардлагагүй ... гэж дүгнэлтээ тайлбарлажээ.
Иймээс шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлээд үнэлгээнээс зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэлгээг илүү ач холбогдолтой гэж үзээд барьцааны зүйлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 154,504,350 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж үзнэ.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал гаргах эрхтэй боловч харилцан үнийг тохиролцоогүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах, уг тайланг зөвшөөрөхгүй бол талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд шинжээчийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах журам, хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нарийвчилсан зохицуулсан.
5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
5.4. Мөн шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар бичигдсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхээмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна нэхэмжлэгчид үнэлгээний тайланг танилцуулаагүй, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах эрхийг хязгаарласан, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар бичигдсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд мэдэгдсэн байх тул энэ өдрөөс 7 хоногийн дотор буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргах байжээ. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацааг 4 хоног хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв байна.
7. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00494 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ