Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.А

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Ат холбогдох 1922000900069 тоот хэргийг 2019 оны 5 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1989.05.20-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, Дашваанжил ХХК-ийн авто болон хийгээр цэнэглэх станцад түгээгч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 10-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:КЮ89052016/ А.Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Яллагдагч А.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

           - Хохирогч Б.Өын “Би 2019.03.26-ны өдөр найзтайгаа архи уугаад нилээд согтсон байсан. Тэгээд орой Сайнцагаан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн найз Б.Баярболдтой маргалдаж байгаад би Б.Баярболдоос уучлал гуйгаад салцгаасан юм. Тэгээд би дэлгүүрийн үүдэнд Б.Баярболдын хамт зогсож байтал Приус маркийн машин зогсоол дээр ирж зогсоод дотроос нь үл таних сүүлд А.А гэж мэдсэн залуу гарч ирээд надад хандаж чи яагаад ах дээрэлхээд байгаа юм гээд эхлээд гэдэс рүү хөлөөрөө тийрсэн. Дараа нь гараараа миний нүүрэнд нэг удаа алгадсан. Тухайн үед би нэлээд халамцсан, харин А.А эрүүл, согтуу байсныг мэдээгүй. Тухайн үед намайг зодуулах үед бидний хажууд Б.Баярболд байсан. А.Ат зодуулсны улмаас миний дээд үүдэн нэг ширхэг ясан шүд унасан. Тухайн үед бас хамар муруйсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-6-7/

 

           - Гэрч Б.Баярболдын “Би 2019.03.26-ны өдөр Сайнцагаан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна өөрийн найз Б.Өтай үл ялих зүйлээр маргалдсан. Тухайн үед Б.Ө бид 2 согтуу байсан. Тэгээд дэлгүүрийн гадна Б.Өтай зогсож байтал дэлгүүрээс Амраа гэж манай найз гарч ирээд намайг Б.Өтай муудалцсаныг мэдээд Б.Өын цээж хэсэгт нь нэг удаа өшиглөөд нэг удаа алгадсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед Б.Ө шүд уначихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-9/

           - Шинжээчийн 2019.04.03-ны өдрийн 190200092 тоот дүгнэлтэд:Б.Өын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд 1-р шүдний уналт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Өын биед үүссэн хамр ясны хугарал, хамарын таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд нэгдүгээр шүдний уналт, доод уруулд зулгаралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Б.Өын биед үүссэн нэг шүдний уналт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-12/

           - Шинжээч эмч Д.Дунгаамаагийн “Б.Өын амбулаторын картанд: 2019.04.03-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: Зовиур: хамар битүүрнэ, хамар мурийсан. Асуумж: 2019.03.26-нд хүнд зодуулсан хамар мурийсан, өмнө нь бага зэрэг мурий байсан. Үзлэгт : биеийн байдал дунд ухаан санаа саруул орчиндоо харьцаатай, хамар яс баруун тийш мурий, баруун талд эмзэглэлгүй зүүн талд эмзэглэлтэй бага зэрэг, хамрын дурангаар хамрын таславч ... зүүн тийш эрс мурийсан. Онош: Хамар ясны хуучин хугарал, таславчийн муруйлт. Эмч Цэрэндэлгэр гэсэн байсан. Энэ нарийн мэргэжлийн эмчийн оношийг үндэслэж дүгнэлт гаргасан. Б.Өын хамранд үүссэн гэмтэл нь сүүлд үүссэн гэмтлээс өөр цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Өын биед сүүлд үүссэн зүүн дээд нэгдүгээр шүдний уналт доод уруулд шарх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүд унасан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, доод уруул шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-25/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч А.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баярболд гэгчийг өмөөрч ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Өыг өшиглөх, нүүрэн тус газар нь цохих зэргээр бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн болох нь хохирогч Б.Ө, гэрч Б.Баярболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-6-7, 9, 25/

Шүүгдэгч А.Аын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч А.А хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.Ө шаардах эрхтэй байна.

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Улаанбаатар хотод саяхан ажилд орчихсон, очих боломжгүй” гэж хариу мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Хохирогч Б.Өаас “үүдэн 1 шүд хийлгэх эмчилгээний төлбөр 2500000 төгрөг” гэсэн Халиун толгой ХХК-ийн 2019.05.23-ны өдрийн албан бичгийг ирүүлсэн /хх34/ ба зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх өөр нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч Б.Өын шүд хийлгэх төлбөрт 2500000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж хуульд заасан этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

 Харин хохирогчийн ээж гэх Ш.Оюунчимэгт 2019 оны 5 сарын 30-ны өдөр шүдний эмчилгээний урьдчилгаа гэж 600000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтыг шүүгдэгч А.А гаргаж өгсөн байна.

Иймд шүүгдэгч А.Аыг гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцлоо.

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 34 дүгээр бүлэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Буурал овогт Амартүвшингийн Амгаланбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буурал овогт Амартүвшингийн Амгаланбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч А.Ат анхааруулсугай.

4. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид эх Ш.Оюунчимэгт 600000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Өын шүд хийлгэх төлбөрт 2500000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ө нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч А.Аын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.С