| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2014/09009/И |
| Дугаар | 102/ШШ2016/04533 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2016/04533
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04533 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу-73, 6 дугаар байрны 24 тоотод оршин суух, Жамъян овогт Дандарын Гэрэлгуа /РД-ЧИ63123001/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод оршин суух, Хороо овогт Амарбаянгийн Гансувд /РД-ИХ80073001/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /шүүхэд төлөөлөх эрх-1596/, хариуцагч А.Гансувд, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар /шүүхэд төлөөлөх эрх-0420/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, Б.Мандуул, Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.Гансувдтай байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах 700 м.кв газар, мөн хаяг дээр байрлах 224 м.кв талбай бүхий 8 өрөө байшин, 56 м.кв талбай бүхий дэлгүүрийн байшинг худалдах-худалдан авах гэрээг А.Гансувдтай байгуулсан. Яагаад энэ гэрээг байгуулсан бэ гэхээр би хариуцагчийн ах А.Ганбаттай 2008-2014 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд А.Гансувдыг хашаа, байшиндаа байлгадаг байсан.
Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь миний болон хүү Б.Мандуул, дүү Д.Энхбаярын нарын өмчлөлийнх бөгөөд тухайн үед хүү маань Малайзад суралцаж байсан.
А.Ганбат нэг өдөр өөрийн найз н.Энхтөрийн эхнэр Б.Байгалмаа гэх хүний нэр дээр байдаг газрыг надад шилжүүлж өгөөд, тус газар дээрээ зээл авч, 9 давхар байсан барьж өгье, хүү Б.Мандуул чинь сургууль төгсөж ирээд ажлын байр нь бэлэн байвал амар ш дээ гэж хэлсэн. Би тухайн үед тэр үгэнд нь итгээгүй.
Гэтэл 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Гансувд ирээд Гэрлээ эгчээ би газрыг чинь шилжүүлээд авъя, танд зээл аваад Б.Байгалмаагийн газар дээр байшин бариад өгье гэж хэлсэн. Тухайн үед А.Ганбат жижиг дунд үйлдвэрийн захирал байсан учраас надад зээл аваад өгөх юм байх гэж ойлгосон учир би дүү Д.Энхбаяраас итгэмжлэл аваад худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.
Би энэ гэрээ хэлцлийг хийх гэж зөндөө хөөцөлдөж олон нотариатч дээр очсон боловч бүтээгүй. А.Ганбат надад У.Өнөрцэцэг нотариатчийг зааж өгөөд итгэмжлэлийг гэрчлүүлж байсан.
А.Ганбат, А.Гансувд нар нь анхнаасаа намайг хууран мэхэлж байгаад надтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг би 2014 онд мэдсэн. Би А.Гансувдруу залгаж, Б.Байгалмаагийн газрын эзэмших хугацаа дууссан, барилга барих боломжгүй юм байна гэхэд хариуцагч өө тийм үү л гэж хэлсэн. Би 2012 оноос хойш А.Гансувдыг надад мөнгө өгөх байх гэж хүлээсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй.
Тиймээс 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна.
Дээрх гэрээнүүдийг миний хүү Б.Мандуулыг байхгүй байхад итгэмжлэл хийлгэж гэрээг байгуулсан учир гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Гансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа 2008 оноос 2014 он хүртэл миний ахтай хамтран амьдарч байхдаа намайг байшинд түр байж байгаач, дэлгүүр ажиллуулж өгөөч гэж гуйсан учраас бид тэнд амьдарсан юм. Би өмнө нь Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, 71 дүгээр гудамж, 11 тоотод амьдардаг байсан. Намайг дэлгүүрийг түрээсэлж ажиллуулаад байж байтал 2012 онд Д.Гэрэлгуа надад хашаа, байшингаа зарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2012 оны 3 дугаар сарын 20-ны үеэр нэхэмжлэгч ирээд хоёулаа хамтран зээлдэгчээр зээл авъя гэж хэлсэн. Түүнийг нь би зөвшөөрч Хадгаламж банкнаас зээл авах гээд бичиг баримтаа өгсөн. Гэтэл банкны эдийн засагч Д.Гэрэлгуа эгчээс энэ хашаа, байшин зээлтэй юу гэж асуухад нь нэрээ шилжүүл гэж ойлгосон байсан. Тэгээд таньдаг хүнээ гуйж байгаад нэрээ шилжүүлсний дараа Хадгаламж банк дээр очоод зээл авах гэсэн боловч нэр шилжүүлсэн учир зээл гаргах боломжгүй гэсэн.
Ингээд нэгэнт Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах 700 м.кв газар, 224 м.кв, 56 м.кв талбай бүхий байшингууд миний нэр дээр шилжсэн учраас Д.Гэрэлгуа эгчид мөнгийг нь гаргаж өгөхийн тулд 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус хашаа, байшинг барьцаанд тавьж Хас банкнаас 25 сая төгрөгийн зээл авсан. Түүнээс 20 сая төгрөгийг нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байдаг гэрт нь аваачиж өгсөн. Үлдэгдэл 20 сая төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 71 дүгээр гудамжны 11 тоотод байрлах хашаа, байшингаа М.Дамбадаржаад 20 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэр үед М.Дамбадаржаад бэлэн 8 сая төгрөг байсан учраас энэ хашаа, байшингаа барьцаанд тавиад зээл аваад үлдэгдэл мөнгийг өгье гэсэн. Ингээд бид Хас банкнаас зээл хүсэхэд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээл бүтэж, надад 20 сая төгрөг өгсөн. М.Дамбадаржаа бид хоёр хамт явж үлдэгдэл 20 сая төгрөгийг аваачиж өгсөн.
Тухайн үед Д.Гэрэлгуа эгч манай бэр эгч байсан учраас мөнгө өгөхдөө гарын үсэг зуралцаагүй, итгэлцлийн үндсэн дээр мөнгийг өгсөн.
Д.Гэрэлгуа эгч манай ахтай таарамж муу болоод салснаас хойш 2014 оны 4 дүгээр сард энэ хэрэг маргаан үүссэн. Хэрвээ би 2014 он хүртэл мөнгөө төлөөгүй байсан бол тухайн үед нь яагаад надаас нэхэж болоогүй юм бэ. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь Ү-2205027324, Ү-2205027325 улсын бүртгэлийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Алтан гарьд цээл гал ХХК-тай ЗГ 1805101770 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 100,000,000 төгрөгийн зээл авсан ба одоо 75,388,798 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх тус банк маргаж буй үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг үндэслэж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мэдээлэлд маргасан зүйл байгаагүй.
Хэрвээ шүүхийн шийдвэрээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол Голомт банк барьцаа хөрөнгөгүй болох учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг маргаанд хариуцагчийг дэмжин оролцож байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мандуул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2012 онд Малайз Улсад суралцахаар явсан. Намайг байхгүй байхад дээрх хэлцлүүдийг хийчихсэн байсан. Би энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Учир нь энд миний эрх, ашиг хөндөгдөж байна. Хэдийгээр худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн боловч манай талаас эрхийг шилжүүлэх хүсэлтээ улсын бүртгэлийн газарт гаргаагүй байгаа. Хариуцагч тал яаж газрын эрхийг шилжүүлснийг би мэдэхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү ярихдаа эгч зээл хөөцөлдөнө, итгэмжлэл хэрэгтэй байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Түүнээс зарж, үрнэ гэсэн юм байхгүй. Сүүлдээ А.Гансувдад залилуулчихлаа, цагдаагаар явж байна гэж хэлж байсан. Анхнаасаа А.Гансувд өөрийнхөө өрийг даруулахын тулд хашаа, байшин, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж бодож байна. Гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь хариуцагч А.Гансувдад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... хашаа, байшин, газрыг худалдаж авсан, ... 40 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, ... итгэмжлэл хууль бус гэдгийг мэдээгүй ... гэж тайлбарлан маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Учир нь нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нэхэмжлэлийн шаардлагаа ... А.Ганбат, А.Гансувд нар анхнаасаа намайг хууран мэхэлж надтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг 2014 онд мэдсэн, ... миний хүүгийн эрх ашиг хөндөгдөж байна, би хүүдээ хэлээгүй, ... А.Ганбатын зааж өгсөн нотариатч дээр очиж итгэмжлэлийг гэрчлүүлсэн, ... худалдах-худалдах авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарладаг бөгөөд түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 128 дугаар зүйлийн 128.3-т заасан үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулна, ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу дээрх худалдах-худалдан авах 3 гэрээ хүчингүй болно гэж хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэж үзлээ. /хх-392-393/
Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Гэрэлгуа нь анх өөрийн хашаа, байшингаа зарж, Д.Байгалмаагийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, түүн дээр барилга барих зорилгоор А.Гансувдтай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах 3 гэрээ байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-392, 398/
Д.Гэрэлгуа нь дээрх 3 гэрээг байгуулахдаа тус үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох хүү Б.Мандуул, дүү Д.Энхбаяр нараас олгосон гэх итгэмжлэлийг үндэслэн тэдгээрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан байдаг. /хх-7, 11, 17, 237-239 дүгээр тал/
Гуравдагч этгээд Б.Мандуул уг итгэмжлэлийг эс зөвшөөрч, ... 2012 онд Малайзад сурч байсан, надад мэдэгдээгүй гэх үндэслэлээр 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ү-2205027324 бүртгэлийн дугаартай 224 м.кв талбайтай, 2 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 114 дугаартай итгэмжлэл, мөн өдрийн Ү-2205027325 бүртгэлийн дугаартай 56 м.кв талбайтай 1 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 115 дугаартай итгэмжлэл, мөн өдрийн Г-2205000990 бүртгэлийн дугаартай 700 м.кв газрыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах тухай 116 дугаартай итгэмжлэлийг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэрээр/-д нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-250-251/
Ингэснээр дээрх итгэмжлэлүүд хүчингүй болж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан үр дагавар бий болсон байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй гэж үзэх тул түүний хариуцагч А.Гансувдтай байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот 700 м.кв газар худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 224 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө хувийн сууцыг худалдах-худалдах авах, мөн хаягт байрлах 56 м.кв хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлгуа, хариуцагч А.Гансувд нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах 3 гэрээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Учир нь талуудын хэн аль нь хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаагүйн гадна хариуцагч А.Гансувд нь уг хашаа, байшинг 40 сая төгрөгөөр худалдан авсан гэж мэтгэлцэн, уг 40 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг нь 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн гэрт аваачиж өгсөн, үлдэгдэл 20 сая төгрөгийг мөн оны 5 дугаар сарын 18-ны өдөр М.Дамбадаржаагаас авч, түүнтэй хамт нэхэмжлэгчид оруулж өгсөн гэж тайлбарладаг. /хх-394-395/
Гэтэл түүний хүсэлтээр шүүхэд мэдүүлэг өгсөн түүний нөхөр гэрч М.Нийдэндагва нь ... 30 сая төгрөг нэхэмжлэгчид эхнэр А.Гансувдын хамт оруулж өгсөн ... гэж, гэрч М.Дамбадаржаа нь ... 28 сая төгрөгийг А.Гансувдын хамт оруулж өгсөн ... гэсэн мэдүүлэг өгдөг ба эдгээр гэрчүүдийн мэдүүлэг хариуцагчийн өөрийнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй дээрх тайлбараас зөрж байна. /хх-137-138, 394/
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь уг мөнгийг түүнтэй хамтран амьдарч байсан А.Ганбат авсан гэж маргадаг тул хашаа, байшингийн мөнгө өгсөн, авсан эсэх асуудлаа талууд тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэгт 2 өөр хэлбэрээр бичсэн итгэмжлэл байна гэж маргах боловч уг итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дугаар нь ижил байхаас гадна Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэрээр/-ийн шүүгчийн захирамжаар 114-116 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэл хүчингүй болсон учир тэдгээр нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй юм. /хх-7, 11, 17, 237-239/
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гансувдаас 175,000 төгрөг гаргуулан Д.Гэрэлгуад олгохоор шийдвэрлэв.
Хэргийн 241-242 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар нотариатч У.Өнөрцэцэгийг татан оролцуулж, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардлага авагдсан байдаг боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ийм шаардлага гаргаагүй гэсэн тайлбар гаргадаг тул шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй гэж үзэн түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. /хх-217 дугаар тал/
Гуравдагч этгээд Б.Мандуул нь шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт анх гаргаж байсан хэдий ч шүүхэд шаардлага гаргаагүйн гадна шүүх хуралдааны үеэр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцоно гэж тайлбарласан болохыг дурдав. /хх-216, 391 дүгээр хуудасны ар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлгуа, хариуцагч А.Гансувд нарын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот 700 м.кв газар худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 224 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө хувийн сууцыг худалдах-худалдах авах, мөн хаягт байрлах 56 м.кв хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гансувдаас 175,000 төгрөг гаргуулан, мөн нэхэмжлэгчээс илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлгуад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||
| |