| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00394/И |
| Дугаар | 210/МА2024/01949 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01949
2024 11 04 210/МА2024/01949
М.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дугаар шийдвэртэй, М.М-гийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох, 448,032,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би нөхөр Д.П-тай 2002 онд гэрлэлтээ батлуулж, тэрээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бгээс авах мөнгөн авлагын шаардах болон нэхэмжлэл гаргах эрхийн өвлөх эрхийн гэрчилгээ авсан.
1.2. Ч.Б нь 2012 оноос эхлэн барилгын ажилд, 2015 оноос лиценз авах шаардлагатай гээд Д.П-аас их хэмжээний мөнгө зээлж авсан. Мөн Ч.Б нь Д.П-г гуйж бусдаас нэг өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлж аваад зээлийн хүү болон банкнаас авсан зээлээ төлөөгүй тул түүний гуйлтаар Д.П нь зээлийг төлдөг байсан. Тиймээс Ч.Бгээс зээлсэн мөнгөө нэхэхэд удахгүй байрны захиалга авна, мөн үйлчилгээний талбайгаа зарна, бас лицензээ хятадуудад зараад бүх мөнгөө төлнө гэж хэлсэн. Улмаар зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул Д.П нь Говь-Алтай аймагт очиж Ч.Бтэй уулзахад хайгуул хийх тусгай зөвшөөрлийг үзүүлээд уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.Пд шилжүүлэн уг өрний асуудлыг шийднэ гэж өөрийн гараар бичиж өгсөн. Уг тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас тодруулахад тухайн зөвшөөрлийг 100,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаар олж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.
1.3. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Д.П нь дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ч дээд шатны прокурорууд хэргийг хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/576 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.
Дээрх хэргийг шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлтээр ...шинжилгээнд ирүүлсэн баримтаар Б.Бнь Д.П-аас нийт 547,041,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 7,500,000 төгрөг баримтаар хасагдаж, 1,350,000 төгрөг нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул хасч тооцоход нийт 538,191,000 төгрөгийн орлогыг хүлээн авсан байна. Мөн шинжилгээгээр Ч.Бгийн Д.П-д буцаан төлөлт хийсэн 323,064,000 төгрөгийг тулган шалгах явцад санхүүгийн баримттай 6,085,000 төгрөг төлснийг нэмж, 50,990,000 төгрөгийг хэн төлсөн эсэхийг эдийн засгийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Иймд шинжилгээгээр Ч.Б нь Б.П-аас нийт 538,191,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000 төгрөгийг төлж, үйлдэгдэл болох 260,032,000 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Уг шинжээчийн дүгнэлтэд Ч.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаартай тогтоолоор ...хэрэгт цугларсан баримтуудаар дүгнэхэд Д.П 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран ажиллаж ашиг олох нэрийдлээр Ч.Б-д нийт 538,191,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон харилцах дансаар шилжүүлэн өгснөөс Ч.Б нь 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрхээс дүгнэвэл Д.П болон Ч.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 3-т иргэн Д.П нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар буруутай этгээдийн оршин суугаа газрын шүүхэд хандаж шийдвэрлэх эрхтэй болохыг тайлбарласугай гэжээ. Иймд шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон 260,032,000 төгрөгийг хариуцагч Ч.Бгээс гаргуулна.
1.4. Д.П нь өөрийн унаж байсан машин, мөн өөрийн танил найз нөхдийн машиныг Ч.Б-д зарсан. Харин Ч.Б нь уг машины мөнгийг хэлэлцэн тохиролцсон хугацаанд төлөөгүй тул Д.П өөрөө машины төлбөрийг төлж барагдуулсан. Үүнд: Д.П нь өөрийн унаж байсан тоёота чейзер маркийн цагаан өнгийн автомашиныг 8,000,000 төгрөгөөр, гранд марк 2 маркийн цагаан өнгийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр, гаалийн бичигтэй тоёота кроун маркийн автомашиныг 21,000,000 төгрөгөөр тооцож Ч.Б-д өгсөн. Уг 3 машины нийлбэр дүн 41,000,000 төгрөг болсон.
Мөн Ч.Б нь Т.Балжиннямаас тоёота ланд крузер 100 маркийн автомашиныг 27,000,000 төгрөгөөр тооцож авахад Ч.Бн өмнөөс Т.Балжиннямд 27,000,000 төгрөг, Б.Наранбаатараас улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй хар өнгийн лексус ар экс 400 маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож аваад урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг Ч.Б өөрөө төлж, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг Б.Наранбаатарт, н.Ганбатаас лексус 570 маркийн автомашиныг 95,000,000 төгрөгөөр тооцож худалдаж аваад төлбөрийг төлж барагдуулаагүй тул Д.П нь Гачууртад байрлах зуслангийн хашаа байшинг 65,000,000 төгрөгөөр тооцож н.Ганбатад өгөөд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Д.П нь Ч.Бгийн өмнөөс тус тус төлж барагдуулсан. Тиймээс 6 тээврийн хэрэгслийн үнэ 188,000,000 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон 260,032,000 төгрөг, тээврийн хэрэгслийг үнэд 188,000,000 төгрөг, нийт 448,032,000 төгрөгийг хариуцагч Ч.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Д.П-тай уулзаж машин аваад орон сууцны захиалга авахаар мөнгийг чинь өгье гэдэг зүйл ярьж байгаагүй. Мөн Д.П-аас өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлж байсан зүйл байхгүй. Харин бидний хооронд төлбөр тооцооны асуудал байсан бөгөөд Д.П цагдаагийн байгууллагад хандаж 5 жил мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг хэрэгт Д.П-аас дээд шатны байгууллагад гомдол гаргасан ч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдсан 260,032,000 төгрөгийн өглөгтэй гэж шинжээч дүгнэсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй.
Учир нь шинжилгээг Д.П болон Ч.Б нарын харилцах дансны гүйлгээний дүнд үндэслэж хийсэн бөгөөд нэхэмжлэлд бичсэн дээрх үнийн дүнг банкны дансаар бус ******************* тоотод байршилтай 864 м.кв агуулахын зориулалтын обьект, *************************тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг тус тус шилжүүлэн төлж барагдуулсан. Энэ талаар ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан 260,032,000 төгрөгөөс илүү эд хөрөнгийг Д.П-гийн өр төлбөрт тооцуулан бусдад шилжүүлсэнийг тухайн эд хөрөнгийг хүлээж авсан иргэд нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч нотолсон.
2.2. Д.П-аас Ч.Б-д тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэх баримт байхгүй. Тоёота ланд cruiser 100 маркийн авто машиныг 27,000,000 төгрөгөөр тооцож шаардсан боловч н.Балжинням нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ 3 залуу ирж аваад тэрний нэг болох н.Батбаяр гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэж мэдүүлснээс үзэхэд Ч.Б уг машиныг аваагүй болох нь тогтоогдож байна. Харин лексус ар экс 400 маркийн авто машиныг 30,000,000 төгрөгөөр худалдан авч Ч.Б-д шилжүүлж өгсөн гэх баримт, гэрээ байдаггүй. Мөн н.Ганбатаас лексус 570 маркийн авто машиныг 95,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авчихаад төлөөгүй гэх боловч эрүүгийн хэрэгт мэдүүлэхдээ 75,000,000 төгрөг төлсөн гэж байдаг. Тээврийн хэрэгслүүдийн мөнгийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэх баримт байхгүй, тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгөөгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Бгээс 260,032,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,556,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,458,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 260,032,000 төгрөгийг Ч.Бгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаартай тогтоолд ...үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэжээ. Мөн Ч.Б нь Д.Пд ********************** тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектийг, гэрч Х.Х-д өөрийн дүү Ч.Энх-Ирээдүйгийн өмчлөлийн *************************тоот хаягт байрлах, 123.4 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж дүгнэсэн. Дээрх үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Х мэдүүлэг өгөхдөө давхар нотолдог. Мөн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 4 айлын газрын хамт шижлүүлсэн, агуулахаас гадна ...27 м.кв улаан тоосгон дотроо худагтай байшин байсан талаар гэрчилдэг.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үл хөдлөхөөс гадна улсын эрхийн бүртгэлийн ****************** дугаарт бүртгэлтэй, 27,5 м.кв талбай бүхий хувийн сууц улаан тоосгон байшин, улсын эрхийн бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, 698 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, улсын эрхийн бүртгэлийн Г-2201026304 дугаарт бүртгэлтэй, 690 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, улсын эрхийн бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, улсын эрхийн бүртгэлийн ******************** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг бүхэлд нь Д.Пд 600,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн талаар тайлбарласан байхад уг тайлбарыг хэрхэн үгүйсгэсэнээ шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.2. Д.П-гийн гомдлоор үүссэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, үл хөдлөх шилжүүлсэн баримт, лавлагаа, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Д.Пд ********************** тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектийг Х.Х-д шилжүүлж буй бичлэг, гэрч н.Эрдэнэбилэгийн бичлэг зэргээр Д.Пд өглөггүй болох нь нотлогдсон. Мөн Ч.Энх-Ирээдүйн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Нархан хотхон 216 байр, 4 тоот хаягт байрлах, 123.4 м.кв талбай бүхий орон сууцыг Х.Хын эзэмшилд шилжүүлэхдээ 250,000,000 төгрөгт тооцсон.
Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Д.Пд мөрдөн шалгах ажиллагааны явцад шилжүүлж өгснөөр Ч.Б нь түүнд өглөггүй, харин авлагатай байсан нь харагдаж байгаа бөгөөд прокурорын тогтоолд Ч.Б мэдүүлэхдээ ...миний зүгээс хохирогч Д.П-аас мөнгө авсан нь үнэн гэхдээ буцааж бэлнээр болон дансаар бартер хэлбэрээр буцааж өгсөн ба ойролцоогоор 200,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн гэж маргадаг... гэжээ. Мэдүүлэгт дурьдсанчлан Ч.Б нь Д.П-аас авлагатай байсан бөгөөд авлагаа авах гэхээр цагдаа прокурорт худал гомдол гаргаад 5, 6 жил болсон. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болоод нэхэмжлэл гаргах гэхэд тэрээр нас барсан тул Ч.Б нь дээрх авлагаа нэхэмжилж чадаагүй.
4.3. Д.П, Ч.Б нарын дундын хамтран ажиллах явцад үүссэн иргэд хоорондын ажил гүйцэтгэх явцад гарсан эд хөрөнгийн холбоотой маргаан гэж дүгнэн, хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа уг тогтоолд ...Ч:Бат-Ирээдүй нь Д.Пд ********************** тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектыг шилжүүлсэн. Мөн дүү Ч.Энх-Ирээдүйн өмчлөлийн *******************тоот хаягт байрлах 123.4 м.кв талбай бүхий орон сууцыг Х.Хын эзэмшилд шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон... гэж прокурорын тогтоолд дурьдсаныг зориуд орхигдуулан энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн уг прокурорын тогтоол, гэрч Х.Хын давхар гэрчилсэн тайлбарыг ямар үндэслэлээр няцааж, үгүйсгэсэн талаараа үндэслэл бүхий тайлбарыг шийдвэртээ тусгаагүй. Мөн шүүхийн шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Бгээс ...2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний бие уг лицензнээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.Пд шилжүүлэн уг өрны асуудлыг шийднэ гэх бичгийг бичсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх баримтыг бичиж өгсөн үйл баримтад маргаагүй, харин Д.П-гийн гуйлтаар бичиж өгсөн гэж тайлбарласан тайлбараа баримтаар нотлоогүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бичиж өгсөн цаасан дээрх өр төлбөр бодит байдал дээр байхгүй, Д.П-гийн гуйлтаар бичиг хийж өгсөн нь Д.П-гийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийн 11 дэх талд ...хүмүүст харуулах зорилгоор 600,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн баримтыг хийж өгсөн... гэж мэдүүлсэн байдаг гэж хэлснийг гуйвуулан өр төлбөрөө баталгаажуулж бичиг хийж өгсөнөө хүлээн зөвшөөрсөн мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь хариуцагчийг үндэслэлгүйгээр гүтгэсэн. Нэхэмжлэгч талаас 600,000,000 төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө авсан гэж нэг ч удаа тайлбарлаагүй, 600,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө 260,000,000 төгрөгт тооцон өгнө гэдэг үндэслэлгүй гэж тайлбарласан. Д.П нь Ч.Бгээс авах 600,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцон түүний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Х.Х-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын маргааны үйл баримтаас буюу шаардлага татгалзлаас хальж, 600,000,000 төгрөгийг өр төлбөр хэзээ үүссэн, хүүний төлбөр эсхүл зээлийн гэрээний үндсэн төлбөр, мөн шинжээчийн дүгнэлт дээрх төлбөр, өөр бусад төлбөр болохыг талуудаас асууж тодруулалгүйгээр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 3 дугаар гудамж 126/а тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектын төлбөрт төлсөн 600,000,000 төгрөг биш, лицензтэй холбоотой төлбөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Ч.Бгээс 260,032,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэтэл Ч.Б нь Д.Пд *********************** хаягт байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектыг шилжүүлсэн. Дүү Ч.Энх-Ирээдүйгийн өмчлөлийн *******************мкв орон сууцыг Х.Хын эзэмшилд шилжүүлсэн өгсөн гэжээ. ЗНЦ аудит ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн дүнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 дугаар дүгнэлтээр Ч.Б нь Д.П-аас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд өр төлбөр нийт 538,191,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 260,032,000 төгрөгийн өглөгтэй байна гэж тогтоогдсон. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд Ч.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гомдол, санал гаргаагүй. Ч.Б нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Пд үндсэн зээлд 601,5000,000 төгрөг, зээлийн хүүнд 369,000,000 төгрөг, нийт 970,600,000 төгрөгийн төлбөртэйгээр лиценз зараад эхний ээлжинд 600,000,000 төгрөгийн өрний асуудлыг шийднэ гэж баталгаа гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Б нь Д.Пд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 260,032,000.00 төгрөгөөс нэг ч төгрөг эргэж төлөөгүй болохоо илэрхийлсэн.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолд ...Ч.Б нь Д.Пд *********************** хаягт байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектыг шилжүүлсэн. Дүү Ч.Энх-Ирээдүйгийн өмчлөлийн *******************м.кв талбай бүхий орон сууцыг Х.Хын эзэмшилд шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон дүгнэсэн гэжээ. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаар тогтоолоор ...Ч.Б нь 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ. Гэтэл Ч.Б нь Д.Пд *********************** хаягт байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьектыг шилжүүлсэн. Дүү Ч.Энх-Ирээдүйгийн өмчлөлийн *******************м.кв талбай бүхий орон сууцыг Х.Хын эзэмшилд шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Тэдгээр нь аман хэлбэрээр ажил гүйцэтгэхээр тохиролцож хамтран ажилласан байна гэсэн. Энэ залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, иргэний журмаар шийдвэрлэх маргаан байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, аман хэлбэрээр ажил гүйцэтгэхээр тохиролцож хамтран ажилласан гэх шалтгаанаар хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн болохоос биш Д.П-гхохиролгүй болсон гэх шалтгаанаар хэрэг бүртгэлийг хаагаагүй.
Хэргийн баримтаар *********************** хаягт байршилтай 864 м.кв талбайтай, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалт бүхий объект нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Бгээс Х.Х-д шилжсэн. Х.Х нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ц.Г гэх хүнд худалдах, худалдан авах гэрээгээр зарсан. Харин одоо Г.М гэх хүний өмчлөлд байгаа болох нь нотлогддог. Х.Х нь дээрх объектыг Хас банкинд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 133,243,783.33 төгрөгийг төлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан болох нь хавтас хэргийн 229 дүгээр талд авагдсан мөнгө тушаасан болон баримт болон өөрийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн *******************талбай бүхий орон сууц Х.Хын нэр дээр бүртгэгдэж байгаагүй нь нотлогддог. Сонгинохайрхан дүүргийн обьектыг Ч.Б нь аль хэдийн буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х.Х-д зарсан атлаа Д.Пд өгсөн гэж байнга худал мэдүүлж байсан бөгөөд үүнийг Д.П болон түүний өмгөөлөгч нар олон удаагийн мэдүүлгээр аваагүй болохоо илэрхийлсэн.
5.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд ...агуулахын зориулалттай 4 айлын газрын хамт шилжүүлсэн, агуулахаас гадна 27 м.кв улаан тоосгон дотроо худагтай байшин байсан талаар гэрчилдэг бөгөөд 27.5 м.кв хувийн сууц, 698 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 690 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг бүхэлд нь Пүрэвдаваад 600,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн талаар тайлбарласан... гэжээ. Х.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон боловч ийм мэдүүлэг өгөөгүй. Хариуцагчийн зүгээс дээрх байшин, газруудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дурьдаагүй бөгөөд татгалзлын үндэслэл болгож тайлбарлаагүй, ор үндэсгүй зүйлийг гомдолд бичсэн. Нэхэмжлэгчийн хувьд анх удаагаа гомдлоос харж байгаа бөгөөд дээрх газар, худгийг Д.П өөрийн өмчлөлдөө аваагүй. Мөн Ч.Б нь Д.П-аас авлагатай байсан бөгөөд авлагаа авах гэхээр цагдаа, прокурорт худал гомдол гаргаад 5, 6 жил болсон. Хэргийг хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэл гаргах гэхэд тэрээр нас барсан тул Ч.Б нь дээрх авлагаа нэхэмжилж чадаагүй гэжээ. Д.П цагдаагийн байгууллагад 2016 оны 08 дугаар сард Ч.Б 1,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж гомдол гаргасан. Д.П-аас Ч.Б-д зөвхөн дансаар хийсэн орлого нь 538,191,000.00 төгрөг бөгөөд үүнээс гадна машин тэрэг, бэлнээр өгсөн зээл, өглөг авлагыг шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй. Д.П нь Ч.Б гэдэг хүнээс болж эд хөрөнгө, сэтгэл санаагаар олон жил хохирч хохирлын мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чадаагүй сүүлдээ элэгний хатуурал болж хүнд өвчний улмаас нас барсан. Ч.Б-д өгөх нэг ч төгрөгийн өр байхгүй.
5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолд ...600,000,000 төгрөгийн өр төлбөр хэзээ үүссэн, хүүний төлбөр эсхүл зээлийн гэрээний үндсэн төлбөр, эсхүл шинжээчийн дүгнэлтэд дээрх төлбөр, эсхүл өөр бусад төлбөр болохыг нэхэмжлэгч хариуцагч нараас асууж тодруулалгүйгээр *********************** хаягт байршилтай, 864 м.кв агуулахын зориулалттай обьектын төлбөрт төлсөн 600,000,000 төгрөг биш, лицензтэй холбоотой төлбөр гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй... гэжээ. Ч.Б эхлээд Сонгинохайрхан дүүргийн агуулахын барилгыг дуусгахад мөнгө хэрэгтэй байна гэж зээлж байсан бол 2015 оноос лиценз авах шаардлагатай байна гэж мөнгө үргэлжлүүлэн мөнгө зээлсэн. Лицензтэй ордоо зараад зээлсэн мөнгөө төлнө гэж хэлсэн бөгөөд Д.П мөнгө өгөхгүй байхаар нь өөрөө очиж уулзахад тэрээр өөрийн гараараа ...Ч.Б миний бие уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.Пд шилжүүлж уг өрний асуудлыг шийднэ гэж бичиж өгсөн.
Дээрх Ч.Бгийн бичиж өгсөн өрийн бичигт үндсэн зээлд 601,500,000 төгрөг, хүүнд 369,000,000 төгрөг, нийт 970,600,000 төгрөгийн төлбөртэй болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Улмаар уг лиценз нь н.Баяр гэх хүний 100,000,000 төгрөгийн барьцаанд байгааг олж мэдээд гомдол гарган шалгуулж эхэлсэн. Д.П-г хүнд өвчтэй байхад нь хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, авлагаа авч чадахгүй байсаар хүнд өвчнөөр шаналан нас эцэслэсэн бөгөөд өнөөдөр Д.Пд мөнгө зээлүүлсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрүүд гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтэлийн албанд таван шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Уг мөнгийг Ч.Б-д дамжуулан зээлүүлж байсан юм. Д.П байхгүй болсон эхнэр, ар гэр, үр хүүхүүдэд өрөнд унаж дээрх төлбөрүүдийг төлөх өр өнөөдөр үлдсэн байна. Нэхэмжлэгч зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Ч.Бгийн өөрөө зөвшөөрсөн дүнг буюу 260,023,000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин хариуцагчийн дурьдаад байгаа шиг агуулга, орон сууцыг өрөндөө авсан бол өнөөдөр нэхэмжлэл гаргахгүй байх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 260,032,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 6 автомашины үнэ 188,000,000 төгрөг нийт 448,032,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч М.М Д.П-тай гэр бүл бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.П нас барсан, талийгаач Д.П-гийн Ч.Бгээс авах мөнгөн авлагын шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрхийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр М.М нь шилжүүлэн авсан байна. /1-р хх7/
3.2. Д.П Ч.Бг 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалт бүхий обьектыг засахад мөнгө хүрэхгүй байна гэж, Говь-Алтай аймагт алтны уурхай байгуулж байгаа гэж итгүүлэн 1,128,500,000 төгрөгийг залилсан гэх агуулга бүхий гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1071 дугаартай тогтоолоор ...Ч.Б нь Д.П-г залилж 1,128,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. /1-р хх100-102/
3.3. Дээрх прокурорын тогтоолд хохирогчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1071 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /1-р хх134-135/
3.4. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3731 дугаартай тогтоолоор ...Ч.Б Д.П нарын хооронд хамтран ажиллах, ажил гүйцэтгэх явцад гарсан эд хөрөнгийн маргаан нь залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. /1-р хх18-20/
3.5. Уг прокурорын тогтоолд Д.П болон түүний өмгөөлөгч нараас гомдол гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/576 дугаартай тогтоолоор хэргийг хянаад дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх-ийн 21/
3.6. Энэ эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлт гаргасан уг дүгнэлтээр ...Ч.Б нь Б.П-аас нийт 538,191,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 260,032,000 төгрөгийн өглөгтэй... гэж дүгнэсэн. /1-р хх9-17/
3.7.Талийгаач Д.П-аас 1,128,500,000 төгрөгийг Ч.Б-д залилуулсан гэж эрүүгийн журмаар шалгуулсан боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Б нь Б.П-аас 538,191,000 төгрөгийг бэлнээр болон харилцах дансаар шилжүүлэн авснаас 260,032,000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэснийг зохигчдын хэн аль нь баримтаар няцааж маргаагүй байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймээс нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч.Бгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
5. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 260,032,000 төгрөгт ******************* тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьект болон Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 21б байр, 4 тоотод байрлах 123,4 м.кв талбай бүхий орон сууцыг 600,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн өгсөн тул төлөх төлбөргүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч 260,032,000 төгрөгийн зээлийн өр төлбөрт 600,000,000 төгрөгний үл хөдлөх эд хөрөнгө аваагүй гэж маргасан.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
6.1. Учир нь эрүүгийн хэрэгт Ч.Бгээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...би 2014 оноос хойш Д.П-аас 370 сая орчим төгрөгийг зээлж авсан нь миний дансны хуулгаар харагдана. Үүнээс нийтдээ 238 сая төгрөгийг төлсөн. Зээлж авсан үлдэгдэл мөнгө, тухайн мөнгөний хүүнд 600 сая төгрөгийг өгөхөөр тохирсон байсан. Тэгээд би тэр 600 сая төгрөгийн оронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 400 сая төгрөгийн үнэтэй ******************* тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьект болон 220 сая төгрөгийн үнэтэй Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 21б байр, 4 тоотод байрлах 123,4 м.кв талбай бүхий орон сууцыг өгсөн. Д.П нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг Х.Х, н.Эрдэнэбилэг гэдэг хоёр хүн рүү шилжүүлсэн... гэж мэдүүлсэн. /1-р хх88-90/
6.2. Мөн эрүүгийн хэрэгт Ч.Бгээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...Д.П бидний хооронд 1,128,500,000 төгрөгийн өр авлагын асуудал байхгүй. Эдийн засгийн шинжилгээний дүгнэлтэнд тусгагдсан 278,159,000 төгрөг төлөгдсөн, төлөгдөөгүй байгаа 260,032,000 төгрөгийн өглөг гарсан нь баримтаар тогтоогдож байгаа. Бид хоёрын хооронд 223,500,000 төгрөгийн автомшины өр авлага байдаг. Үүнээс бэлнээр миний төлсөн 369,029,000 төгрөгийг, мөн автомшин, үл хөдлөх хөрөнгө, газар, лиценз 440,365,000 төгрөг төлсөн байгаа. Ингээд бодоход бид хоёрын хооронд ямар нэгэн өглөг, авлага үлдээгүй, ...миний өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 6 дугаар гудамж, 126А тоот хаягт барйшилтай агуулах, үйлдвэрийн зориулалттай 864 м.кв талбайтай обьект, 2800 м.кв талбайтай 4 айлын газрын хамт 229,130,000 төгрөгт бодон өгсөн. Д.П нь өөрийн найз Х.Х гэх залууг дагуулан ирж худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Наран хотхон, Чингисийн өргөн чөлөө, 21 дүгээр байр, 4 тоот хаягт байршилтай, 123,4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 104,000,000 төгрөгийн өрөнд өгсөн. Мөн Д.П нь өөрийн найз Х.Хыг дагуулж ирээд худалдах, худалдан авах гэрээ хийж авсан... гэж мэдүүлсэн. /2-р хх41-43/
6.3. Харин гэрч Х.Х шүүхэд ....Б.П-аас 2018 онд ******************* тоотод байршилтай 864 м.кв талбайтай агуулахын зориулалттай обьектыг 600,000,000 төгрөгөөр худалдан аваад төлбөрт нь 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн цар, Мерседес бенз маркийн автомашин тооцож өгсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө яагаад Ч.Бгийн нэр дээр байгааг асуухад Д.П нь би худалдаж авсан тул асуудалгүй гэж хэлсэн. Мөн ************************* талбай бүхий орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Харин би эрүүгийн хэрэгт Д.П-гийн гуйлтаар орон сууцыг 67,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэж бичсэн. Ч.Бгээс Д.Пд хэдэн төгрөгөөр худалдсан талаар мэдэхгүй, би нийт 850,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан гэж мэдүүлсэн. /1-р хх155-157/
6.4. Түүнчлэн, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Б.П нь ******************* тоотод байршилтай 864 м.кв талбайтай агуулахын зориулалттай обьектыг гэрч Х.Х-д худалдан борлуулж, төлбөрт нь цагаан өнгийн хөөрөг 170,000,000 төгрөг, 2 дахь цагаан өнгийн хөөргийг 70,000,000 төгрөг, саарал өнгийн хөөргийг 70,000,000 төгрөг, 3 ширхэг хөөрөг, автомашиныг 100,000,000 төгрөгт тооцож, мөн банкны зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон талаарх нөхцөл байдал тогтоогдсон байна. /1-р хх95/
6.5. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3731 дугаартай тогтоолд ...Ч.Б нь Д.Пд ******************* тоотод байршилтай, 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалтын обьект, Ч.Энх-Ирээдүйн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Наран хотхон 21б байр, 4 тоотод байрлах, 123,4 м.кв талбай бүхий орон сууцыг Х.Хын эзэмшилд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж дүгнэсэн.
6.6. Мөн Ч.Б болон Х.Х нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агуулахын зориулалттай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******************* тоот хаягт байршилтай, 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Х.Х 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 165-166, 168/
6.7. Дээрх баримтуудаар Ч.Бн өмчлөлийн ******************* тоотод байршилтай 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай обьект болон Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 21б байр, 4 тоотод байрлах 123,4 м.кв талбай бүхий орон сууцыг Д.П нь түүнээс авах өр төлбөртөө тооцож авсныг Х.Х-д шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн 260,032,000 төгрөгийн зээлийн өр төлбөрт хариуцагчаас 600,000,000 төгрөгний үл хөдлөх эд хөрөнгө аваагүй гэх татгалзсан тайлбар үгүйсгэгдсэн.
7. Хэргийн 1 дүгээр хавтасны 22 дугаар талд Ч.Бн 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...миний бие уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.Пд шилжүүлэн уг өрний асуудлыг шийднэ гэж бичсэн бичгийн баримт авагдсан байна. /1-р хх22/
7.1. Энэ баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ч.Б нь Д.П-гийн гуйлтаар 600,000,000 төгрөгийг шилжүүлэх талаар бичсэн зохиомол дүн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...2015 оноос лиценз авах шаардлагатай байна гэж мөнгө үргэлжлүүлэн мөнгө зээлээд лицензтэй ордоо зараад зээлсэн мөнгөө төлнө гэж өөрийн гараар 600,000,000 төгрөгийг Д.Пд шилжүүлж уг өрний асуудлыг шийднэ гэж бичсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 260,032,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохоос 600,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй... гэж шүүх хуралдаанд тус тус тайлбарлажээ.
7.2. Дээрх баримтын талаар эрүүгийн хэрэгт Д.П хохирогчоор 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...би 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт очиж Ч.Бтэй уулзахад өнөө маргаашгүй хятадаас мөнгөө авах гээд байна, авангуутаа чамд эхний ээлжинд 600 сая төгрөгийг шилжүүлнэ, өөрт үлдэх 10 хувь дээрээ үлдэх төлбөрийг бага багаар төлнө гээд хүмүүст харуулах зорилгоор 600 сая төгрөгийг шилжүүлнэ гэсэн баримтыг хийж өгсөн... гэж мэдүүлсэн.
7.3. Уг бичвэрийн агуулгыг анхан шатны шүүх хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд лицензээс орж ирэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь хэргийн баримтаар талуудыг эргэлзээгүйгээр хамтран ажиллаж байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээрх бичвэрт Ч.Б нь лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг өөрийн өр төлбөрт Д.Пд өгөх агуулгатай байна.
8. Иймд хэрэгт авагдсан прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл, хариуцагч Ч.Б нь Д.П-аас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт зээлсэн 538,191,000 төгрөгөөс 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 260,032,000 төгрөгт ******************* тоотод байршилтай, 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалтын обьект, ************************* талбай бүхий 4 өрөө орон сууцыг тооцон 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн зээлийн өр төлбөрийг хаасан гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6 тээврийн хэрэгслийн үнэд 188,000,0000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дэлгэрүүлж дүгнэхгүй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ч.Б-д холбогдох 448,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч.Б-д холбогдох, 448,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 1,458,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ