Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч:  Л.Гийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

    “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Г миний бие 1989 онд төрсөн, 27 настай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би 2012 онд Боловсролын Их Сургуулийн “Эдийн засаг, Математик загварчлалын анги төгссөн. Би Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №620 тоот тушаалаар  “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр анх ажилд орсноос хойш 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан билээ. Би тус албан тушаалд ажиллах хугацаанд Төрийн албан хааагчийн Тангараг өргөн, ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн билээ. Мөн ажиллах хугацаандаа Ерөнхий газраас зохион байгуулсан судалгааны чиглэлээр “Чадваржуулах” сургалтанд 7-8 удаа хамрагдан, 2014 онд чадваржуулах” Сертификат авч байсан. Миний хувьд 4 жил гаруй ажиллахдаа тус ажилдаа дадлагажин, ажилдаа суралцсан гэж үзэж байна. Миний урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний зөвхөн нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн болохоос миний орон тоо цомхотголд орсон юм бишээ. Харин тус байгууллагад “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байгаа. Намайг жирэмсэн байхад хөдөлмөрийн тухай хууль зөрчин, илт үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/70 тоот “Тэтгэлэг олгох тухай” тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй уг тушаалыг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан билээ. Тэгтэл Төрийн албаны зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт: а/ Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаалаар Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан гэж ирсэн байна гэжээ. Мөн таныг аймгийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэжээ. Мөн өөрийн  мэргэжил, мэдлэг ур чадварт тохирсон ажилд эгүүлэн томилогдон ажиллах нь зүйтэй гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. Үндэслэл нь:

     а/ Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаалаар шинэ бүтцээр миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдөн ирсэн юм. Тэгээд миний ажлын байрны зөвхөн нэр нь өөрчлөгдсөн ба орон тоо нь хэвээр байгаа бөгөөд өөр хүн томилогдон ажиллаж байгаа, ажлын байрны тодорхойлолт, зорилго, зорилт үндсэн чиг үүрэг нь хэвээр байгаа үүнийг хамт ажиллаж байсан хүмүүст гэрчлэх байх. Төрийн албаны зөвлөлийн албан бичигт дурдсан “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний” орон тоо нь миний ажын байр биш бөгөөд тусдаа өөр орон тоо байгаа ба ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг нь минийхээс өөр байдаг юм. Ерөнхий газрын даргын тушаалаар бүтцэд өөрчлөлт орж миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдөн ирсэн юм.

     б/ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 19-нд ХТДТХС-ийн Мэргэжилтэн Л.Гт өгсөн мэдэгдэл нь ажлаас чөлөөлөх эрх зүйн акт биш байна.

      в/ Мөн өөрийн мэргэжил, мэдлэг ур чадварт тохирсон ажилд томилогдон ажиллах нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мэргэжлийнхээ дагуу тус албан тушаалд томилогдон, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан тул өөр ажилд орох ямар ч үндэслэл байхгүй. Хууль бус ажлаас чөлөөлөгдсөний хувьд өөрийнхөө эрхэлж байсан ажил албан тушаалд орох ёстой. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Г нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна.

      1.Л.Г нь намайг ХХҮГ-ын даргаар томилогдон ирэхээс өмнө Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. /Тушаалын хуулбарыг хавсаргав/

       2.Л.Гийн нэхэмжлэлд дурдсанаар ажлаас чөлөөлсөн гэх ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаал нь Л.Гийг ажлаас чөлөөлсөн тушаал биш, бүтцийн өөрчлөлтөөр байгууллага нь татан буугдаад ажлаас чөлөөлөгдсөн байсан тул тэтгэлэг олгох тухай тушаал болно. /Тушаалын хуулбарыг хавсаргав/

      3.Аймгийн ХХҮГ-ын “бүтэц, орон тоо батлах тухай” ХХҮЕГ-ын даргын Б/21 тоот тушаалын хавсралтад зааснаар Л.Гийн эрхэлж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн гэсэн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан. Л.Г эрхэлж байсан ажлын байрны гол зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнгээр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй, дахин түвшнээ тодорхойлуулах хүсэлт гаргасан өрх, иргэний хүсэлтийн дагуу дахин судалгаанд хамруулах зэрэг ажлыг зөвхөн хүнс тэжээлийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан гүйцэтгэж байсан. Энэ утгаараа ажлын байрны нэр нь ч гэсэн хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцааны судалгааны мэргэжилтэн гэсэн ажлын байрны тодорхойлолттой байсан. /Тушаалын хуулбарыг хавсаргав/

    4.ХХҮЕГ-ын даргын Б/21 тоот тушаалын хавсралтаар өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэсэн тусгайлсан мэргэжил, ур чадвар шаардах шинэ ажлын байр бий болсон. Энэ ажлын байранд тавигдах гол шаардлага нь нийгмийн ажлын буюу судлаач мэргэжилтэй хүн байх шаардлагатайгаас гадна социологич мэргэжилтэй хүн байж болохоор ажлын байрны тодорхойлолтод заасан. /Тушаалын хавсралтын хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбарыг хавсаргав/

       Энэ ажлын байрны зорилго нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны үр дүнд өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэсэн салбар дундын мэдээллийн сан үүссэн. Энэ санг ашиглаж хөдөлмөрийн зах зээлийн болон ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний гэх мэт нийгэм, эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэдэг судалгаануудыг гаргаж, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийх, мэдээллүүдийг үнэлэх, эрэмбэлэх, холбогдох газруудад илгээх, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хамтарч ажиллаж, үр дүнг тооцох зэрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай албан тушаал болно. Иймд ажлын онцлог шаардлагыг харгалзан тус салбарт 10 гаруй жил, сүүлийн 4 жилд нийгмийн халамжийн албаны даргаар ажиллаж байсан судлаач мэргэжилтэй Ц.Бг ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, мэргэжил зэргийг харгалзан сонгож авч ажиллуулсан.

     5.Л.Гийн мэргэжилд тохирох ажлын байр байхгүй ба ажлын байр нь өөрчлөгдсөн, хөдөлмөрийн хэлтэстэй давхцсан зэрэг 3-4 жирэмсэн эмэгтэйчүүд байсан. Эдгээр хүмүүсийн мэргэжил нь ажлын байрны шаардлага хангаж байгаа учир дотор нь сэлгэж ажиллуулсан.

        6.Л.Г нь НХҮХэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тоот тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр томилогдохдоо төрийн үйлчилгээний ангиллаар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж ТҮ-6 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжиж байсан /Тушаалын хуулбарыг хавсаргав/ Энэ тушаалаас харахад Л.Гийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаал биш болно. Хэрвээ Л.Гийн ажлын байр нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын хүрээн дэх ажлын байр байсан бол НХҮХ-ээс сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг аймгийн салбар зөвлөлд хүргүүлэх ёстой. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд захиалга хүргүүлээгүй байна.

       7.НХҮХ-ээс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 261 тоот албан бичгээр ТАЗ-ийн аймгийн салбар зөвлөлд Л.Гийг төрийн жинхэнэ албанд удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн тухай албан тоот явуулсан хэдий ч хариу ирээгүй байна. /Албан тоотын хуулбар, архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Гийн тодорхойлолтыг хавсаргав/ Төрийн албаны аймгийн салбар зөвлөлөөс уг албан тоотын хариу албан бичгээр тус хэлтэст ирээгүй байгаа юм. Л.Г нь Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн НХҮХ-ийн захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нь төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны 86 дугаар тогтоолоор баталсан /төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам/-ын 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг зөрчсөн байна. Л.Гийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоол, НХҮХ-ийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт байхгүй байгаагийн дээр Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас харахад бас байхгүй байна. /Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Гийн тодорхойлолтыг хавсаргав/ Нөгөө талаар Л.Г нь тухайн шалгалт өгсөн нутаг дэвсгэртээ нөөцөд бүртгэгдэн тухайн нутаг дэвсгэрт орших төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд дэвших эрхтэй. Гэтэл энэ журмыг зөрчсөн байна.

       8.Л.Гийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон НХҮХ-ийн даргын тушаал гараагүй. Зөвхөн тушаалд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 тоот тушаалаар цалингийн ангилал, зэрэглэлийг өөрчилсөн нь төрийн жинхэнэ албан тушаалд орсныг гэрчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. /Тушаалын хуулбарыг хавсаргав/ Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-д зааснаар НХҮХ татан буугдсан, орон тоо нь хасагдаж, цөөрсөн тул Л.Гтэй байгуулсан хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ 40.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. Дээр дурдсан шалтгаан нөхцлүүдээс харахад Л.Гийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.” гэжээ.

     Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Б миний бие 1977 оны 9-р сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн аав ээжээсээ 4-үүлээ би өөрөө айлын том хүүхэд. 1995 онд 10 жилийн 4-р сургууль төгссөн. 1996-2000 онд Улаанбаатар хотод Гурван-Эрдэнэ БДС-ийг түүх уран зохиолын багш, судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн. 2000 онд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургуульд анхны нийгмийн ажилтнаар 2000-2003 онд ажиллаж байсан. 2003 онд Увс аймгийн Улаангом коллежид багшаар ажиллаж байгаад 2 дахь хүүхдээ төрүүлээд ажил завсардсан. 2007 онд Увс аймгийн ХХҮХ-т ресевшнээр ажилд орсон. 2008 онд халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2009 онд хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2013 онд НХҮХ-ийн нийгмийн халамж гэр бүлийн хөгжлийн албаны даргаар тус тус ажиллаж байсан. Миний бие энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2011 онд Увс аймагт зарласан Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтад орж тэнцэн 2011 оны 6 сарын 03-ны өдөр Улаангом хотод тангараг өргөсөн. 2016 оны 10 сарын 27-ны ХХҮГ-ын даргын Б/23 тоот тушаалаар Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Энэ ажлын байранд заасаг чиг үүргийг гүйцэтгэхэд миний эзэмшсэн мэргэжил, мэдлэг ур чадвар дадлага туршлага ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тус байгууллагад ажиллаж байх хуагцаандаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сургалтанд хамрагдаж байсан. Цаашид нийгмийн халамжийн байгууллагад ажиллах сонирхолтой 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж дипломын ажлаа халамжийн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтэнд хийсэн дүн шинжилгээ сэдвээр хамгаалж байсан. Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны нэр, зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг ХЭБҮйлчилгээний судалгааны ажилтны ажлын байрны нэр, зорилго, зорилт, үндсэн чиг үүргээс өөр гэж үзэж байна.” гэжээ.

     Нэхэмжлэгч Л.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2016 оны 4 дүгээр сард захиргааны мэргэжилтэн гээд орон тоо анх нээгдэж тэр орон тоонд мэргэжилтнээр орж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа энэ чиглэлээр 7-8 удаа Улаанбаатар хотод очиж сургалтанд сууж чадваржиж байсан. Мөн миний бие нь төрийн албаны шалгалтад 2014 оны 6 дугаар сард орж тэнцээд 2014 оны 11 дүгээр сарын 25-нд Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа албан ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн бол 2016 оны 1 дүгээр сараас эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэсэн чиглэлээр явж эхэлсэн бөгөөд миний тайлан мэдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн гэдгээр гарч явж байсан. Албан ёсоор тушаалд өөрчлөлт орж дэмжлэг туслалцаа үзүүлэх сангийн мэргэжилтэн гэдэг өөрчлөлт ороогүй боловч тайлан мэдээ бүх зүйл бол өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршлээр явж байсан. Намайг жирэмсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин илт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний ажлын орон тоо цомхотголд ороогүй хэвээр байгаа. Харин хасагдсан гээд байгаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн гэдэг нэршил нь өөрчлөгдснийг орон тоо хасагдсан гэж үзэж байгаа юм байна. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул намайг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний хийж байсан ажлыг хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн гээд нэршил нь өөрчлөгдөж өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөлт орж арай илүү ур чадвартай хүн авах шаардлага гарсан гэж байна. Тэгэхээр манай 21 аймаг 9 дүүрэгт нийт 30 судалгааны мэргэжилтэн ажилладаг. Би уг ажлыг хийж байхдаа Увс аймгийн хэмжээнд 19.000 өрхийн мэдээллийг хариуцаж програм дээр ажиллаж байсан. Миний хувьд өмнөх программ хэвээр ажиллаж байгаа, миний хийж байсан ажил хэвээр үргэлжилж байгаа гэж бодож байна. Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр 2013 онд анх ажилд орсноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7-8 удаа  сургалтад хамрагдаж өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэсэн ажилд ажиллах бүрэн боломжтой болсон. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэргэжилтнээс 3 хүн ажлаас халагдаж, 27 хүн  хэвээр ажиллаж байгаа. Иймд миний ажлын нэршил нь өөрчлөгдсөн болохоос биш программ нь хэвээр ажиллаад явж байгаа” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаалыг илт хууль бус болох гэж үзсэн эхний шаардлага байгаа. Захиргааны Ерөнхий хуулинд илт хууль бус тооцох актын үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан, аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлаг нутгийн  захиргааны байгууллага. Энэ байгууллагыг удирдаж байгаа эрх бүхий албан тушаалтнаас гарсан эрх зүйн акт бол Захиргааны Ерөнхий хуулиар захиргааны акт болж хуульчлагдаж гарч байгаа. Захиргааны актыг илт хууль бус тооцдог үндэслэлүүдтэй дээрх Б/70 тоот тушаал огт нийцэхгүй байна гэж байгууллагын итгэмжлэгдсэн төлөлөөгчийн хувьд тайлбараа хэлж байна. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл нь агуулгын хувьд алдаатай. Нэгд гэтэл Б/70 дугаар тушаалын товч утга нь Л.Гт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг олгох тухай. Тушаалын үндэслэх хэсэгт яагаад тэтгэлэг олгосныг заасан эрх зүйн актуудыг дурдаж өгсөн. Хоёрт бичгээр гаргасан актыг баталсан эзэн нь тодорхойгүй байгаа нөхцөлд илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаал гэсэн бланк, тамга тэмдэгтэй, баталсан эзэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогдсон Д.Ц гэсэн гарын үсэгтэй. Гуравт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан бол илт хууль бусад тооцогдох ёстой. Нийгмийн халамжийн хэлтэс татан буугдаад ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээ цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн. Энэ утгаар нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын эрх мэдлийн асуудал гэдэг утгаараа өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудал гэж үзэж үзэж байна. Нөгөө талаар захиргааны актыг гүйцэтгэх эзэн нь тодорхойгүй бол илт хууль бусад тооцох ёстой учраас илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэдэг нь үндэслэлгүй байна. Л.Гээр ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг хийхээр шаардсан агуулга нь захиргааны акт дотор байхгүй. Иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд илт хууль бус гэж тооцох ёстой. Гэтэл Л.Гийн ажиллаж байсан газар нь татан буугдаж, орон тоо цөөрсөн хасагдсан үндэслэл байсан. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нийлээд 85 орон тоотой байсан бол 52 орон тоо болж цөөрсөн. Уг үндэслэл нь хуульд заасан үндэслэл байсан. Дээрх байдлаас үзэхэд тэтгэлэг олгох тушаалыг захиргааны илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус акт гарсан цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Гэтэл уг тушаал нь эрх зүйн үйлчлэлтэй, үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгч 1.529.844 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг гэж авсан. Уг актыг үндэслээд Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авснаар эрх зүйн үйлчлэлтэй акт гэж үзнэ. Хуульд заасан үндэслэлээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлагын тухайд анх Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс байгуулагдаад 2013 онд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 09 дүгээр тушаалаар Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа гэдэг шинэ 4 албан тушаалууд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтцэд орж ирсэн. Хэлтсийн даргын тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр Л.Г томилогдсон. Л.Гийн мэргэжил математик загварчлал, эдийн засагч билээ. Тухайн үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажлын байрны тодорхойлолтыг яаж боловсруулж байсан бэ гэхээр нийт хүмүүсээ ажлын байранд томилсны дараа ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан. Ажлын байрны тодорхойлолт дээр нийгмийн ажлын чиглэлийн социологич, судлаач гэсэн мэргэжлээр боловсруулсан. Удирдлагын саналаар гурав дахь мэргэжил болох Л.Гийн мэргэжлийн чиглэлээр тус тус ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан.  Л.Гийн эрхэлж байсан ажил нь ТҮ6 –аар цалинжиж байсан. Гэтэл 2014 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс хотод ажлын байр зарлагдаад Оюунчимэг дарга нэг хэсэг хүмүүсийг аваачиж төрийн албаны шалгалтад оруулж тэнцүүлж ирсэн. Хэрэгт авагдсан материалаас харахад Л.Г гачигдлаар явж Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын зөвшөөрснөөр Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон. Гэтэл тухайн тэнцэж ирсэн хүмүүсийн төрийн албаны зөвлөлийн тогтоол, шалгалтын дүнгийн хуудас зэрэг тэнцсэн гурван хүний мэдээлэл байдаггүй. Тэгээд нягтлаад үзвэл Оюунчимэг дарга аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад орсон тул тангараг өргүүлж өгнө үү гэсэн бичиг хүргүүлсэн байсан. Шинэ байгууллагын удирдлага ирээд ажилчдын хувийн хэрэгтэй танилцахад Л.Г нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн мэдээлэл нь байхгүй байсан. Манай байгууллагын ажилчдын хувийн хэрэгт төрийн албаны шалгалтад орж тэнцсэн талаарх бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэдэг нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд бий болсон салбар дундын мэдээллийн сан байгаа. Уг мэдээллийн сангийн гол зорилго нь аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг илтгэх гол судалгаануудыг бэлтгэх, холбогдох газарт илгээх, хамтарч ажиллах зорилготой. Ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлага, мэдлэг ур чадварыг нь харгалзан үзэж томилох эрх бүхий албан тушаалтнаас Батсүрэн илүү ажлын байрны шаардлага хангаж байна гээд сонгон авч ажиллуулсан. Хүнс тэжээлийн судалгаа гэдэг ажил бол өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажил анх 2009 онд байгуулагдсан байгаа. 2009 онд яг гардан гүйцэтгэж байсан хүн нь Батсүрэн. Үүнээс хойш 2013 он буюу 4 жил энэ ажлыг ганцаараа хийж байсан. Тухайн ажлын байрны зорилго, зорилт чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Л.Гийг төрийн албан хаагч гэж үзэх үндсэн мэдээллүүд нь байхгүй учраас Л.Г нь төрийн жинэхэн албан тушаалтан биш гэж үзсэн, хоёрт мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа” гэжээ.

      Гуравдагч этгээд Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2007 онд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Recepion албан тушаал дээр анх ажилд орсон. Өмнө нь 10 жилийн сургуульд нийгмийн ажилтан, Улаангом коллежид багшаар ажиллаж байсан. 2007 онд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Recepion буюу иргэдийг тосч хүлээж авч халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл өгдөг, иргэдийг ажилд зуучилдаг зэрэг ажил анх гүйцэтгэж байсан. 2008 онд нийгмийн халамжийн мэргэжилтэн гээд нийгмийн халамжийн үйлчилгээний хүн амд чиглэсэн бүхий л ажлыг хийж байсан. 2009 онд хүн ам, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн гээд нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн хүн ам өрхийн хөгжлийг дэмжих ажил үйлчилгээнүүдийг нийгмийн халамжийн болон бусад байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажил үйлчилгээтэй холбон зуучлах ажил хийж байсан. 2008, 2009 онд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн биелэлт, орон нутаг дахь жендерийн тэгш харилцаан асуудлаар өнөөгийн байдал гэсэн сэдвүүдээр төсөл бичиж яамнаас зохих хэмжээний дэмжлэг авч орон нутаг дахь сургалт, сурталчилгааны ажлуудыг өөрөө зохион байгуулж байсан. Үүний дараа 2013 онд хүн ам хөгжлийн албаны даргаар томилогдон ажилласан. Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэсэн албан тушаалд 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраас шинээр бүтэц бий болоход Нийгмийн хамгааллын, хөдөлмөрийн яам нэгдсэний үндсэн дээр орон нутагт Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар байгуулагдахад өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилогдоод ажиллаж байна. Би 10 жилйин хугацаанд Увс аймгийн эмзэг бүлгийн болон орлого багатай өрхөд чиглэсэн олон үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж байсан. Олон жилийн ажлын дадлага, мэдлэг, ур чадвар туршлагыг маань харгалзан үзэж байгууллагын удирдлагууд томилсон тушаал, шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ  2013 оноос эхлэн албан ёсоор шинээр ажлын байр бий болсонтой холбогдуулж 4 ажлын байр нэмэгдсэн. Одоо өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн нь өргөн цар хүрээтэй албан тушаал гэж ойлгож байгаа. Хүнсний цаасан талоны үйлчилгээ нь нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Өмнө нь бид айл өрхийг өөрсдөө сонгож ажилладаг байсан. Жишээ нь Улаангом гэхэд багийн дарга нарыг дагаад айл өрх болгоноор орж судалгаа авдаг. 2013 онд үүсэн бий болсон 4 албан тушаалтны ажлыг хавсарч хариуцаж гүйцэтгэж байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байхад бусад сумуудад малжуулах төсөл хөтөлбөрийг өөрөө удирдаж хийж байсан. Мөн зудад нэрвэгдсэн залуучуудад туслах Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй төсөлд хандаж аймгийн хэмжээнд Наранбулаг, Өмнөговь суманд тодорхой хэмжээний өрхүүдэд ажлын байртай болоход зориулж тоног төхөөрөмж авч өгч байсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг Л.Г, Ц, Т, Б зэрэг хүмүүс надаас уг ажлыг заалгаж байсан. Л.Гийн сая тайлбартаа 7-8 удаа суусан сургалтад би бас хамт явж сууж байсан. Тэгэхээр би өөрийгөө мэдлэг, туршлага дутуу муу, программ дээр ажиллах чадваргүй гэж үзэхгүй байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.Гмаань 2013 оны 11 дүгээр сард тус байгууллагад анх ажилд ороод 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Тэрээр Ерөнхий газраас зохион байгуулсан чадваржуулах сургалтанд 7-8 удаа сууж чадваржуулах сертификат авч байсан байдаг. Түүнчлэн ажиллах хугацаандаа Л.Г нь өргөмжлөл болон бусад үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаал бол ажлаас чөлөөлөх тушаал биш бүтцийн өөрчлөлтөөр байгууллага татан буугдаж байгаа гэдэг тайлбарыг хариуцагч тал гаргасан. Л.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажил хийгээгүй, цалин хөлс гараагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас шууд ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Л.Гийн эрхэлж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо бол бүтцийн өөрчлөлтөөр хасагдаагүй. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй, худал зүйл гэж үзэж байна. Зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн, 2016 оны 1 дүгээр сард өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Үүнийг тухайн үеийн албан тушаалтнууд нэршлийг нь өөрчилж эрх зүйн акт гаргах ёстой. Түүнийг Л.Г өөрчлөх хүн бол биш бөгөөд тэр ажлаа хийгээд явж байсан. Нэр нь бол хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн гэдэг нь өөрчлөгдөөд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэдэг болсон. Энэ бол нэг чиглэлтэй гэдгээр нь бол ажиллуулж байсан. Л.Гийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн Хууль зэргийг зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд эмэгтэй хүний хөдөлмөр гээд заасан байдаг. Ажил олгогч жирэмсэн эмэгтэй буюу 3 хүртлэх насны хүүхэдтэй, эсхүл давтан зөрчил гаргасан буюу ажиллах боломжгүй зэргээс бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл энэ заалт шууд зөрчигдсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим байгаа. Төрийн албан хаагч нь мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэдэг зарчим байгаа. Гэтэл энэ зарчим бол шууд алдагдсан. Монгол Улсын Үндсэн Хуульд иргэн хүн бол чөлөөтэй хөдөлмөрлөх, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Энэ заалтыг мөн шууд зөрчсөн гэж үзэж байна. Эрхийг нь бол хязгаарласан. Залуу хүн цаашид ажиллах эрхийг хязгаарласан. Олон удаа Ерөнхий газрын сургалтанд мэргэжил, албан тушаалаараа олон удаа явж сургаж байгаа нь түүнийг мэргэшүүлье гэж сургалтанд хамруулсан байх гэж үзэж байна. Тийм учраас хууль хэрэгжээгүй байна. Төрийн албаны шалгалтанд ороогүй гэсэн тайлбар хариуцагч ирүүлсэн. Шалгалтанд ороогүй хүн өнөөдөр тангараг өргөнө гэж байх уу. Төрийн албаны шалгалтад хаана ч орох боломжтой, эрхтэй. Л.Гийн хувьд Ерөнхий газар очиж шалгалт өгсөн байдаг. Шалгалт өгсөн талаар баримт нь байгууллагад ирсэн тул Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байх гэж үзэж байна. Шалгалтад ороогүй байхад тангараг өргөдөг хууль мэдэхгүй. Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны шалгалтанд ороогүй гэдэг албан тоот ирүүлсэн гэтэл Л.Г Улаанбаатар хотод Ерөнхий газар очиж өгсөн тул гарахгүй байх. Л.Гийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал бол ажлаас чөлөөлсөн тушаал биш юм гэж хариуцагч тал тайлбар гаргадаг. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан мэдэгдэл бол Хөдөлмөрийн хэлтэс, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс хоёр нэгдсэн. Хуулийн заалтаараа ажилчдад мэдэгдэл өгч байж нэгддэг. Аж ахуй нэгж татан буугдвал ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Тухайн үед даргаас аваад үйлчлэгч хүртэл автоматаар мэдэгдэл хүлээж аваад буцаад томилогдохдоо автоматаар томилогддог. Гэтэл энэ бол Л.Гийг ажлаас чөлөөлсөн тушаал гэж буруу яриад байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсэгт зааснаар Л.Гийг ажлаас чөлөөлсөн. Аж ахуй нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан гэдэг үндэслэл байгаа. Тэгтэл Л.Гийг ажиллаж байсан орон тоо хасагдаагүй. Л.Г Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллаж байхдаа нөхөрт гарсан. Нөхөр нь хамт ажиллаж байсан Чинзориг гэх мэргэжилтэн хийж байсан залуу байгаа. Түүнийг мөн ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ байгууллага залуу гэр бүлийг Монгол Улсад нэгэн шинэ гэр бүл болж байхад түүнийг бас дэмжин ажиллах боломж яагаад байгаагүй юм бэ сэтгэгдэл надад төрж байгаа. Түүнчлэн Л.Г 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө 8 сартай жирэмсэн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал авчихаад сэтгэл санаа нь тогтворгүй болж, хүүхэд дутуу төрөх өвдөлт өгөөд 3 хоногийн дараа эмнэлэгт хэвтээд 1 сар гаруй хугацааны дараа төрсөн. Энэ бол тухайн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлсөн. Иймд түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү? Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байранд судлаач мэргэжилтэй хүн байх шаардлагатайгаас гадна социологч мэргэжилтэй хүн байхаар ажлын байрны тодорхойлолтод заасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Энэ нь шууд утгаараа ажилд авсан хүний мэргэжилд тохируулж ажлын байрны тодорхойлолт боловсруулсан гэж ойлгож байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн хоёрын ажлын байрны тодорхойлолт ойролцоо байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний  газрын даргын тушаалыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, Л.Гийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Л.Гийн хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа судалгааны мэргэжилтэн гэх орон тоо хасагдаагүй. Харин нэр нь өөрчлөгдсөн. Юугаар нотолж байна вэ гэвэл 21 аймаг, 9 дүүрэгт уг орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүс бүгд ажиллаж байгаа. Л.Г төрийн албаны шалгалт Улаанбаатар хотод очиж өгсөн болох нь өмнөх дарга болох гэрч И.Оюунчимэгийн мэдүүлгээр нотлогддог. Тус байгууллагаас нийт 12 хүн төрийн албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болсон гэсэн. Л.Гийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтаар ажлаас чөлөөлсөн. Гуравдагч этгээд Батсүрэнгийн орон тоо  хасагдсан учраас Л.Гийн орон тоон дээр томилсон байдаг. Гэтэл сонгон шалгаруулалт явуулаагүй зарчим хэрэгжээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрхийг хязгаарласан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаал илт хууль бус. Учир нь хүнийг ажлаас чөлөөлсөн тушаал биш. Л.Г 11 сараас хойш ажил хийсэнгүй. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учраас хуулинд заасны дагуу тэтгэмжээ авсан. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.Гийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд томилох шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Л.Г нь тус шүүхэд  “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөл Л.Гийн гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 25 тоот албан бичгээр өгсөн байгаа ба тэрээр хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн тул нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

    Нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Намайг жирэмсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин илт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний ажлын орон тоо цомхотголд ороогүй хэвээр байгаа. Харин хасагдсан гээд байгаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн гэдэг нэршил нь өөрчлөгдснийг орон тоо хасагдсан гэж үзэж байгаа юм” гэж тодорхойлсон байна.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Гийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн Хууль зэргийг зөрчиж ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсжээ.

     Хариуцагч Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Л.Гийн ажиллаж байсан газар нь татан буугдаж, орон тоо цөөрсөн хасагдсан үндэслэл байсан. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нийлээд 85 орон тоотой байсан бол 52 орон тоо болж цөөрсөн. Тухайн ажлын байрны зорилго, зорилт чиг үүрэг нь өөрчлөгдсөн Ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлага, мэдлэг ур чадварыг нь харгалзан үзэж томилох эрх бүхий албан тушаалтнаас Батсүрэнг илүү ажлын байрны шаардлага хангаж байна гээд сонгон авч ажиллуулсан. Л.Гийг төрийн албан хаагч гэж үзэх үндсэн мэдээллүүд нь байхгүй учраас Л.Г нь төрийн жинэхэнэ албан тушаалтан биш юм байна гэж үзсэн, хоёрт мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа” гэж татгалзалаа илэрхийлсэн байна.

     Гуравдагч этгээдийн хувьд “Олон жилийн ажлын дадлага, мэдлэг, ур чадвар туршлагыг маань харгалзан үзэж байгууллагын удирдлагууд томилсон тушаал, шийдвэр гаргасан гэж ойлгож байна” гэжээ.

      2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/70 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 27.2.3, 27.2.4 дэх заалт, аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 319 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын 3.2 дахь хэсэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн Л.Гт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

       Уг тушаалыг гаргахад баримтласан хуулийн зүйл заалт бусад эрх зүйн актууд болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд утга агуулгаараа Л.Гийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал болжээ.

      2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр  тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар”-ыг ажиллуулахаар тогтоосон байна. Энэхүү тогтоолыг үндэслэн аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар тус хэлтсийн  ажилтнуудыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт шилжүүлжээ.

       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь тухайн ажилтнуудыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр ажил, албан тушаалд нь буцаан томилох ёстой байсан боловч уг тушаалыг гаргаагүй нь ажилтнуудыг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч Л.Гийг 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн “Л.Гт тэтгэлэг олгох тухай тушаал нь Л.Гийг ажлаас чөлөөлсөн тушаал биш, бүтцийн өөрчлөлтөөр байгууллага нь татан буугдаад ажлаас чөлөөлөгдсөн байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

       Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр тушаалын хавсралтаар Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог баталсан байх бөгөөд тус хэлтэс нь дотроо захиргаа, хяналтын алба, нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан алба гэсэн 2 албанд хуваагдан нийт 62 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байжээ. 

        Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А/17 дугаар тушаалын хавсралтаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 26 байхаар тогтоон батлаж өгсөн байна.

      Үүнээс үзэхэд урьд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр нийлээд 88 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бол 2 байгууллага нэгдсэнээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/21 тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэчлэсэн бүтцээр нийт  52 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон байна. Энэхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/21 тушаалын хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Гийн эрхэлж байсан ажил албан тушаалын нэр нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн байх ба харин гуравдагч этгээдийн ажлын байр  буюу нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын орон тоо хасагдсан байна.

      Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн 2 байгууллага нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, орон тоо цөөрсөн нөхцөл байдлууд бий болсон нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус шинжийг агуулаагүй байгаа ба Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

      Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/20 тоот тушаалаар Л.Гийг хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр томилон ажиллуулж, ТҮ-6 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар уг тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-5 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжуулахаар 2014 оны 12 дугаар 30-ны өдөр өөрчлөлт оруулжээ. Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг 2015 оны 05 дугаар сарын 24-ны өдөр баталсан байх ба тус ажлын байр нь тухайн байгууллагын 2013 оны бүтцийн өөрчлөлтөөр шинээр нэмэгджээ.

     Нэхэмжлэгч Л.Гээс шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн гэх баримтыг ирүүлсэн байна. Тэрээр шүүх хуралдаан дээр “Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн НХҮХ-ийн захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, надад төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудсыг өгөөгүй, чи явжээ араас чинь байгууллага руу чинь албан бичиг явуулна гэж хэлсэн. Төрийн албаны зөвлөлийн нөөцөд бүртгэх тухай тогтоолыг олж үзээгүй ” гэх тайлбарыг гаргажээ.

     Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 8.5-д “Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар мэргэшлийн шалгалтын дүнг хэлэлцэж, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч, /www.csc.gov.mn/ цахим хуудасны “Нөөцөд бүртгэлтэй иргэдийн жагсаалт”-д байрлуулсны дараа тухайн иргэнийг мэргэшлийн шалгалтанд “Тэнцсэнд” тооцно гэж заажээ. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Л.Гийн үндсэн мэдээлэл нь /мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас, Төрийн албаны зөвлөлийн “нөөцөд бүртгэх тухай” тогтоол/  хувийн хэрэгт нь байхгүй. Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ цахим хуудас харахад бас байхгүй байна” гэсэн байна.

       Хэрвээ нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн НХҮХ-ийн  сул орон тоонд шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд мөн журмын 6.3-д зааснаар зөвхөн тухайн орон нутагт орших төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд нэр дэвших эрхтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ. 

      Мөн түүнчлэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 264 тоот албан бичиг, Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар 27-ны өдрийн 37 тоот албан бичиг, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, гэрч И.Оюунчимэгийн мэдүүлэг, дээр дурдсан ажилд томилох тухай тушаал зэргээс үзэхэд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаЛ.Гийг төрийн жинхэнэ албан тушаалд ажилд анх авахдаа /сул орон тоог нөхөхдөө/ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч Л.Г нь төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “.....орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага,туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан сонгон шалгаруулж авна” гэж заасны дагуу хариуцагч гуравдагч этгээд Ц.Бг ажлын байрны шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзээд түүнийг сонгон шалгаруулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтнээр томилон ажиллуулсныг сонгон шалгаруулалт явуулах комисс томилоогүй гэж буруутгах,  нэхэмжлэгчийг  ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна гэж үзлээ.

      Иймээс нэхэмжлэгч Л.Гийн “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Харин маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн хуулийн 100.1 дэх заалтыг зөрчиж гарсан байх тул хариуцагч уг актыг /тушаалыг/ хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гийг мэргэжил, мэдлэг, ур чадварт нь тохирсон ажлаар хангах нь зүйтэй юм.  

     Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч  Л.Гийн “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ