Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                                      Д.Буянжаргал

Оролцогчид:

                                 Прокурор                              Т.Дэлгэрсайхан

                               Өмгөөлөгч                         Д.Даваахүү

                                                                          Д.Пүрэвдорж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын       27-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Болдын Мөнхтайван, Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518010139 дугаартай, 150/2016/0018/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, оёдлын засварчин мэргэжилтэй, “Авто зүтгүүр” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр болон хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Төмөр замын 16 дугаар байрны 100 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Гунгаагийн Түмэндалай /РД:ТЕ-66100275/,

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр болон хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 60-31а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэгт хариуцах чадвартай гэх Боржигон овогт Болдын Мөнхтайван /РД:НЭ-84112917/.

2.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 31-32-р километрт жолооч Н.Түмэндалай нь Т.Буянхишигийн эзэмшлийн 02-48 ДАХ улсын дугаартай “соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9,3, 10.5 дахь хэсэгт заасныг,

Б.Мөнхтайван нь Д.Мөнхсарнайгийн эзэмшлийн 55-84 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин хоорондоо шүргэлцсэний улмаас онхолдож зам тээврийн осол гарган Н.Ганчимэгийн амь насыг хохироож, Ж.Балжинням, О.Цэнгэл нарын биед хүнд гэмтэл, Д.Дарханбаатар, Я.Азжаргал нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн Д.Мөнхсарнайгийн биед хөнгөн гэмтэл 5.817.000 төгрөгийн хохирол, иргэн Т.Буянхишигт 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Мөнхтайван, Г.Түмэндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1.Энэ хэрэгт замын цагдаагийн байцаагч нараас нийт 3 удаа зам тээврийн ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Үүнд:

-Замын цагдаагийн байцаагч, дэслэгч Т.Үнэнбаатарын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,

-Сэлэнгэ аймгийн ЗЦТ-ийн шинжээч нарын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Замын цагдаагийн албаны болон Хууль сахиулахын их сургуулийн багш нар оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №577 дугаартай шинжээч нарын дүгнэлтүүдээр... тээврийн хэрэгслийн жолооч нар болох яллагдагч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, 9.3 дахь заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг...суурин газрын гаднах замд цаг 80км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Энэ нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо  зөрүүгүй, бие биенээ үгүйсгэсэн заалтууд байхгүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн байна. Харин тээврийн хэрэгслүүд нь осол гаргахаас өмнө бүрэн бүтэн байсан эсэх болон эвдрэлийн талаар дүгнэлт гаргуулах мөрдөн байцаагчийн тогтоолоор, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш нарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №10/18 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Шүүх нь тээврийн хэрэгслийн жолооч нарыг ЗХД-ийн заалт зөрчсөн эсэх талаар гаргасан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийг, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэлийн талаар гаргасан техникийн шинжээчийн дүгнэлттэй харьцуулан илтэд зөрүүтэй гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/18 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн “...Хариулт 10. Дээрх 2 тээврийн хэрэгслийн мөргөлтөөс үүсэн гэмтэл хавтаст хэрэгт авагдсан материал зэргээс харахад 02-48 ДАХ улсын

3.

 

дугаартай Соната-6 маркийн машин урд хэсгээрээ УНЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин хойд хэсгээрээ тус тус хоорондоо мөргөлдсөн байна...” гэх хариултыг гаргасныг, шүүгч 10/18 тоот дүгнэлтэд осол зам дээр гарсан, мөргөлдсөн байдлаар гарсан гэж ойлгосон байна. Дээрх техникийн шинжээчийн дүгнэлтэд осол зам дээр гарсан гэж бичигдээгүй, байхгүй ба мөн 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн шүүх хуралдаанд Техникийн шинжээч дүгнэлт гаргасан шинжээч И.Базаррагчаа оролцсон бөгөөд гаргасан дүгнэлтийн талаар өмгөөлөгчийн асуултад хариулахдаа:

“...техникийн шинжээч нь зөвхөн техникт учирсан эвдрэлийн талаар болон юунаас уг эвдрэл үүссэн талаас нь дүгнэлт гаргадаг ба тээврийн хэрэгслийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар дүгнэлтийг гаргахгүй...”гэж мэдүүлсэн зэргийг анхаарч үзээгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн.

2.Мөрдөн байцаалтын явцад зам тээврийн улмаас нас барсан талийгаач Н.Ганчимэгийн нөхөр Д.Эрдэнэ-Отгоныг хохирогчоор тогтоосон бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтуудыг гаргаж өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 71-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар хуудсанд хавсаргасан байдаг. Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Д.Эрдэнэ-Отгон нь эрүүл мэндийн байдлын улмаас өөрийн төрсөн дүү Д.Эрдэнэтуяаг хохирогчоор оролцуулах мөн талийгаачийн төрсөн эгч Н.Намжилмаагаас талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч тус бүрийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.Намжилмаа нь яллагдагч Б.Мөнхтайваны авга эгч бөгөөд шүүх хуралдаанд Д.Эрдэнэтуяагаас эсрэг байр суурьтай оролцож “...дүүгийн оршуулганы мөнгөний зардлыг Ч.Цэрэндолгор барьсан мөн ийм хэмжээний мөнгөний зардал гаргаагүй...” гэх мэдүүлснийг үндэслэн хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж түүний хэмжээний тухай асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэх заалтын дагуу хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

3.Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд дурдсан гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэх хэмжилтийн гэрэл зургаа хэрэгт хавсаргаагүй мөн зарим хэмжилтийн тоог бичилгүй дутуу орхисон байна. /3-р хав 138-рт/ гэсэн боловч шинжээчийн техник хэрэгслийн байдлаас болж зураг гараагүй байх тул нөхөж хэрэгт хавсаргах боломжгүй болсон ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд шинжээч нар 3 удаагийн дүгнэлтүүдийг гаргасныг үнэлж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн хэргийн газрын нөхөн үзлэгийн бүдүүвч зургийг шинээр үйлдээгүй тул А цэгийг хэрхэн тодорхойлон зааж шинжээчийн дахин дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай гэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд/ хоёр машин нь хоорондоо мөргөлдсөн гэх ул мөр ослын газарт байхгүй, тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх цэгийг тогтоох боломжгүй харин 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн газарт асфальтан замын хажуу талын цалга бүхий хэсэгт газрын хөрс ухагдаж мөр үүссэн байсныг ЦБҮАЖ-ын №207.72, №207.71-т “А цэг явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн, үл хөдлөх зүйл

4.

 

мөргөсөн, зам гарч онхолдсон зэрэг осол анх болсон газрыг тэмдэглэнэ” гэсний дагуу А цэгээр тэмдэглэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна...” гэжээ.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн Б.Мөнхтайваны өмгөөлөгчөөр ажилласан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Замын цагдаагийн байцаагч Т.Үнэнбаатарын дүгнэлт, 3 болон 5 хүний бүрэлдэхүүнтэй гарсан гэх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд дээр тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн “А” цэгийг замын хажуу талын жалга гэж тодорхойлсон.  Өмгөөлөгчийн зүгээс “А” цэгийг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Техникийн шинжээчийн үзлэгээр приус маркийн машиныг эгц араас нь мөргөсөн байна гэж гарсан. Үүнээс үзэхэд осол зам дээр гарсан байх боломжтой. Анхнаасаа хэргийн газрын үзлэгийг зөв хийгээгүй, “А” цэгийг зөв тодорхойлоогүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Эрдэнэтуяагийн гаргаж өгсөн хохирлын талаарх нотлох баримт нь бодит байдлаас хэт зөрүүтэй, өндөр үнэтэй байсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоогдсон н.Намжилмаа нь анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн бүх оролцогчид оролцсон.

Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэг дээр гарсан шинжээч нарын дүгнэлтүүд бүгд бие биенийхээ дүгнэлтийг үгүйсгэсэн байдаг. Энэ зөрүүг арилгах шаардлагатай. Мөн зам тээврийн осол болсон “А” цэгийг зөв тогтоогоогүй, хохирогчийн зардлыг ч зөв тогтоогоогүй. Эхлээд 38 сая, дараа нь 16 сая гэх мэт үнийн дүн нь зөрүүтэй баримтууд гаргаж өгсөн. Үүнийг мөрдөн байцаалтад буцааж тогтоох шаардлагатай.

Хэргийн газарт үзлэг хийсэн хэмжилт, бүдүүвч зураг гээд бүгд дутуу байдаг. Эдгээр байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Тэгж байж хүнийг яллах хэрэгтэй, яллахад хэзээ ч оройтохгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 31-32-р километрт жолооч Н.Түмэндалай нь Т.Буянхишигийн эзэмшлийн 02-48 ДАХ улсын дугаартай “соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9,3, 10.5 дахь хэсэгт заасныг,

Б.Мөнхтайван нь Д.Мөнхсарнайгийн эзэмшлийн 55-84 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин хоорондоо шүргэлцсэний улмаас онхолдож зам тээврийн осол гарган Н.Ганчимэгийн амь насыг хохироож, Ж.Балжинням, О.Цэнгэл нарын биед хүнд гэмтэл, Д.Дарханбаатар, Я.Азжаргал нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн Д.Мөнхсарнайгийн биед хөнгөн гэмтэл 5.817.000 төгрөгийн хохирол, иргэн Т.Буянхишигт 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн

5.

 

Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх Б.Мөнхтайван, Г.Түмэндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 25 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/02 тоот эсэргүүцлийн дагуу Ж.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 25 дугаартай шүүгчийн захирамжинд дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн дараах зөрчлүүд тогтоогдож байна.Үүнд:

 1. Хэдийгээр Замын Цагдаагийн албаны болон Хууль Сахиулахын Их Сургуулийн багш нар оролцсон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 218-р ху/, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик Тээврийн Сургуулийн багш нарын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 01 дүгээр сарын     20-ны өдрийн 10/18 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 154-156-р ху/ нь  замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам, техникийн бүрэн бүтэн байдлын талаар тус тусдаа гарч байгаа дүгнэлтүүд боловч эдгээр шинжээчид тухайн зам тээврийн осол анх болсон газар, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцлийн талаар  хоорондоо илт зөрүүтэй  үнэлэмж өгч,  дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтооход хүндрэл учруулж байх тул мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дээрхи зөрүүг арилгах нь зүйтэй байна.

 2. Энэ хэрэгт  нас барсан хохирогч Н.Ганганчимэгийн хууль ёсны төлөөлөгч нар  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардлын тооцооны асуудлаар харилцан эсрэг сонирхолтой оролцож, хоорондоо зөрүүтэй баримт гаргаж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэмжээг тогтооход иргэн Ч.Цэрэндолгорыг гэрчээр байцаах, тооцоотой холбоотой баримтуудыг нарийвчлан шалгах  ажиллагааг явуулах шаардлагатай байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан ба уг захирамжинд заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг  /3-р хх-ийн 137-138-р ху/ хийсэн боловч үзлэгийн тэмдэглэлд зарим хэмжилтийг “ ...А цэгээс      07-93 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүртэл   метр   см байв...” гэж дутуу тусгасан, “...гэрэл зургаар бэхжүүлэн, нөхөн үзлэгийн явц байдлыг кадр фото зургаар бэхжүүлж авснаар...гэж дурдсан боловч гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргаагүй, нөхөн үзлэгийн схем зураг үйлдээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт ...Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...гэж заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ            Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                           Д.БУЯНЖАРГАЛ