Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1592

 

“*** ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04708 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.**д холбогдох,

 

8 141 647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ууганзул

Хариуцагч: Д.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.**, Б.** нар нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ2014/04 гэрээ байгуулан 20 000 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2014/07/05 тоот зээлийн гэрээ байгуулан 5 500 ам.долларыг тус тус зээлсэн. Зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ааөч гудамж ** байр, ** 61.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2015 оны 04 дүгээр сард зээлдүүлэгч нь нэхэмжлэл гаргаж, талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамжаар батлуулсан. Эвлэрлийн гэрээгээр зээлдэгч Д.** нь 54 260 774 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын дансанд 51 009 559 төгрөгийн төлбөр орж ирснийг бид зээл, зээлийн хүүд суутгасан боловч үлдэгдэл бүрэн төлөгдөөгүй. Тиймээс бид зээлдэгчийг зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүйгээс зээлдүүлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, Зээлийн гэрээний 2.9, 2.18 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлийн өр барагдуулах гэрээний дагуу төлсөн 3 825 717 төгрөг болон сар бүрийн төлбөрт төлсөн 900 000 төгрөг, нийт 4 725 717төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 160 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээний хөлс     3 255 930 төгрөг, нийт 8 141 647 төгрөгийг Д.**оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.** шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүд нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/03159 дүгээр захирамжаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан үндэслэлээр дуусгавар болсон бөгөөд эдгээр гэрээний заалтууд болон эдгээр гэрээтэй холбоотой Иргэний хуулийн заалтуудыг барьж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчтэй урьд нь эвлэрлийн гэрээ байгуулж зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгосон бөгөөд эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон болно. Үүний дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, би эвлэрлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг тус байгууллагын дансанд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө барагдуулаагүй гэсэн үндэслэлээр надаас 17 722 859 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул би байрны гэрчилгээгээ хууль бус барьцаанаас суллуулах, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй давж заалдах шатны шүүхийн шатанд хянагдаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар мөнгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлд дурдсан зардал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.**оос 3 255 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх    4 725 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “***” ББСБ-тай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр хоёр талын хүсэл зорилгын дагуу байгуулж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/03159 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Д.**ыг буруутгаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь бид хугацаа тохирохын зэрэгцээ хэрэв энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр төлөхөөр давхар тохирч шүүгчийн захирамжид тусгуулсан учраас эвлэрлийн гэрээний /1.2.3/, /1.2.4/ заалтууд эрхзүйн хувьд хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр болно. Ийм байхад эвлэрлийн гэрээний зөвхөн 1.2.3 дахь заалтыг анхан шатны шүүх барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч Д.** нь үүргээ биелүүлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 тоот дансанд 54 445 489 төгрөгийг хийсэн ба уг төлбөрөөс суутгагдсан гэх 3 255 930 төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч талаас гаргуулахаар хуульчилсан төлбөр юм. Нэхэмжлэгч тал анхнаасаа эвлэрлийн гэрээг өөрсдийн хүсэл сонирхолын дагуу хийсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мөн өөрсдийн хүсэлтээр хандаж дээрх зардлыг зөвшөөрч гэрээ хийсэн байдаг. Энэ мөнгө нь нэхэмжлэгч талын үйл ажиллагааны зардал байхад хохирол учирсан гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй юм.

Мөн шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх зардал буюу хохирлыг нэхэмжлэгчийн өмнө төлөх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч тал нь өөрийн хүсэл зоригийн дагуу хийсэн үйлдлийг гэм хорын хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь Д.**д гэрээнээс учирсан хохиролд 8 141 647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 105/ШШ2015/03159 дүгээр захирамжаар Д.** 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 54 265 489 төгрөгийг “*** ББСБ” ХХК-д төлөх, уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцож эвлэрснийг баталж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02359 дүгээр шийдвэрээр дээрх захирамжид заасан 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хохирол шаардах эрхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 105/ШШ2015/03159 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15/5667 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулж, төлбөрийн үнийн дүн болох 54 265 489 төгрөгөөс 6 хувиар тооцон 3 255 930 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлэхээр тохиролцож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгчид Д.**ы төлбөрт 51 009 559 төгрөг шилжүүлснээр дээрх гэрээнд заасан 3 255 930 төгрөгийг суутган авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан үнийн дүнгээс тооцож гаргуулахаар заасантай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээ байгуулах эсэх асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагаа биш бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг төлбөр авагч өөрийн хүсэл зоригийг үндсэн дээр сайн дураар байгуулдаг тул уг гэрээний төлбөрийг хариуцагчийн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК бусадтай өр барагдуулах гэрээ байгуулан, ажлын хөлсөд 4 725 717 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарын үнэд 20 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 140 000 төгрөг, нийт 160 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс руу шилжүүлсэн байх боловч энэ нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 8 141 647 төгрөг гаргуулах тухай “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.**оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

           

                                                                                    Э.ЗОЛЗАЯА