Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04534

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04534

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 8 дугаар байрны 12 тоотод оршин суух, Дүгэр овогт Дүгэрийн Мөнхжаргал /РД-ЧП48070104/-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Байгалмаа нь 2015 оны 8 дугаар сараас миний Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 14 тоотыг хөлсөлж суусан. Мөнгөө хугацаандаа төлөхгүй цувуулж өгдөг боловч нөхөргүй, 2 хүүхэдтэй болохоор нь уучлаад өнгөрөөдөг байсан. М.Байгалмаа 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө утастаад байрны түлхүүр харуулд өгсөн гээд утсаа тасалсан. Би сар гаруй хайгаад олоогүй тул шүүхэд хандсан.

Байрны СӨХ, байр, цахилгааны төлбөр төлөөгүй байсныг банкны баримтаар баталгаажуулж өгсөн.

Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү. Архангай аймгийн хүн. Гурвалжингийн тэнд ноос угаах газарт ажилладаг гэж надад ярьж байсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхжаргал нь М.Байгалмааг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Байгалмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон орон сууц хөлслөх гэрээ, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-12, 19 дүгээр хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Д.Мөнхжаргалын хүсэлтийг хангаж, Мангалжавын Байгалмаа /РД-АЕ67031405/-г эрэн сурвалжилан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

М.Байгалмаа нь 94277883 дугаарын утас эзэмшдэг байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мангалжавын Байгалмаа /РД-АЕ67031405/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.М.Байгалмаа нь 94277883 дугаарын утас эзэмшдэг байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД