| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2023/02415/И |
| Дугаар | 210/МА2024/01974 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/01974
2024 11 08 210/МА2024/01974
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Т ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.У, Г.Л, Б.Б, Ц.Д, Н.Снарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 545,401,687 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, О.Б, хариуцагч Н.У, Ц.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Н.С, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч Н.У, Г.Л нар Т ХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 340,000,000 төгрөгийг, автомашин борлуулах бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Н.Уын Төрийн банк дахь ************* тоот харилцах дансанд 340,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, *********************тоот хаягт байршилтай, 92,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *****************, Баянголын ам /18223/ 4 дүгээр хэсэг гудамж, 39 тоот хаягт байршилтай, 328 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, Сонгинонхайрхан дүүрэг, *****************, Найрамдлын зам /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот хаягт байршилтай, 168 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын 18628320147588 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *************, Зуслан /Баянголын аманд/ 4 дүгээр хэсэг, 39 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын *************** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, /Баянголын ам/ *****************, Зуслангийн зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.
1.3. Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг cap бүр төлөх үүрэгтэй боловч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх мэдэгдлийг өгсөн, биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлийг арилгах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 7,681,008 төгрөг, хүүнээс 36,377,570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 873,207 төгрөг, нийт 44,931,786 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 332,318,991.93 төгрөг, зээлийн хүү 120,896,769.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,950,981.61 төгрөг, нийт 459,166,742.98 төгрөгийн өр хуримтлагдсан. Мөн нотариатын зардал 22,000 төгрөг болсон.
1.4. Зээлдэгч Н.У нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн Олон улсын алтан кредит картыг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн хүү 28,8 хувь, жилийн бэлэн бус хүү 21,6 хувийн хүүтэй авч ашигласан. Кредит карт эзэмших гэрээний 2.8.2-т заасны дагуу банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш зээлдэгч 15-ны өдрийг хүртэл хамгийн багадаа ашигласан төлбөрийн 10 хувийг хүүтэй хамт төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь эхний төлөлт хийх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байх тул 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,819,307 төгрөг, үндсэн хүү 2,037,449.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,093 төгрөг, нийт 7,356,850 төгрөгийн өр хуримтлагдсан.
1.5. Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон зээлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүү 23,599,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,668,134 төгрөг, кредит картын зориулалтаар олгосон зээлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүү 385,016 төгрөг, нийт 27,652,351.15 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1.6. Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон зээлд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүү 49,121,299.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,284,309.68 төгрөг, нийт 58,945,609 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1.7. Хариуцагч Н.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад кредит картын зээлийн үлдэгдэл 7,356,850 төгрөгийг төлсөн тул уг шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 332,318,991 төгрөг, зээлийн хүү 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,443,426 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 545,401,687 төгрөгийг хариуцагч Н.У, Г.Л нараас гаргуулж, хариуцагч Н.У, Г.Л, Б.Б, Н.С, Ц.Д нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Зээлийн гэрээний дагуу 340,000,000 төгрөгийг дансаар хүлээн авч, зээлээс 44,931,686 төгрөгийг буцаан төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 295,068,214 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй үйлдсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Тодруулбал, зээлийн гэрээнд Т ХК-ийг төлөөлж Гэгээнтэн бизнес төвийн захирал Ц.Д, зээлийн ажилтан Б.Ц нар гарын үсэг зурж, тус төвийн тамга дарсан.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6, Компанийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.13 заасан зохицуулалтаас үзвэл зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан Гэгээнтэн бизнес төв гэрээ байгуулах үед Төрийн банкны салбараар Монгол банкнаас олгосон зөвшөөрөлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол тухайн салбар нь банкны ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх олгогдсон талаар тодорхойгүй байна. Хэргийн баримтаар гэрээ нь хуулийн хүрээнд зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу байгуулагдсан болох нь нотлогдохгүй байна. Банкыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ө.Г байх боловч Н.У, Г.Л нартай зээлийн гэрээ байгуулаагүй, салбарын захирал зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр бус байдлыг үүсгэсэн. Гэрээ байгуулах үед авагдсан баримтуудаар итгэмжлэл олгогдоогүй нь тогтоогдсон учраас үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр зээл олгосон тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн. Уг шаардлагад Н.У гарын үсэг зурсан тул итгэмжлэл хуулийн хүрээнд гарсан гэж үзэхгүй. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Г-с Л.Б, Ц.Д нарт итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийг үндэслэн Хан-Уул дүүргийн салбарын захирал болох Л.Б-оос Б.О гэх хүнд итгэмжлэл олгосон. Үндсэн салбарын захирлаас олгосон итгэмжлэл шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.3. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс 22 сарын хугацаа өнгөрсөн нь хариуцагч нарын буруутайгаас болоогүй. Учир нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө тухайн үед үүсч бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. Зээлдэгч эргэлтийн хөрөнгө, автомашин оруулж зардаг талаар баримт авагдсан. 2021 оны 6 сард зээл төлөлтийг хойшилсон гэж ойлгосон боловч Төрийн банкны зүгээс нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлж гэрээний хугацааг сунгаагүй, зээлдэгчид сануулалгүйгээр найдваргүй зээлийн ангилалд хамруулж, дахин өөр хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтэд хамрагдах боломжгүй болгосон. Энэ нөхцөл байдлыг Төрийн банкны ажилтнууд мэдсэн, зээл төлөлт саатаж байхад зээлдэгчид мэдэгдээгүй.
Банк гэрээний үүргийн зөрчил үүссэнийг мэдсэн атлаа их хэмжээний хүү авахаар хугацаа өнгөрөөж буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сар хүртэл 2 жилийн дараа гэрээ цуцлах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь эрх ашиг зөрчигдсөн тул шүүхэд хандах боломжтой байсан. Гэвч барьцаа хөрөнгө хангалттай байсан тул хугацаа санаатайгаар өнгөрөөж санаатайгаар их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү авах зорилготой байсан. Н.Уд 3 удаа үүрэг мэдэгдэл хүргүүлж, харин Г.Л энэ зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч боловч түүнд мэдэгдэл хүргүүлээгүй. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгах, хүчин төгөлдөр гэж үзвэл хугацаа хэтрүүлсэн, давагдашгүй хүчин зүйл байсан эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.
3.Хариуцагч Н.У, Ц.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нарт гэрээг цуцалсан талаар мэдэгдээгүй. Н.У, Г.Л нар гэр бүлийн хүмүүс боловч эднээсхамараахгүй нөхцөл байдлын улмаас зээл төлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлаас шалтгаалж эдийн засаг хүндэрсэн байдаг. Хариуцагч Н.У бусдад хууран мэхлэгдэж эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд хариуцагч нар зээл төлөхөд хүнд байдалтай байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
4. Хариуцагч Н.С, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Хариуцагч Н.С, Б.Б нар эгчийнхээ бизнесийг дэмжих зорилгоор өөрсдийн орон сууцыг банкны барьцаанд тавьсан. Н.У тухайн үед зээл аваад удаагүй байхад цар тахлын нөхцөлд шилжиж хил хаагдаж банкны хүүнээс болж хүнд байдалтай болсон. Мөн Н.У хүнд залилуулж эд хөрөнгөө олж авч чадаагүй тул эрүүгийн хэрэг үүссэн. Н.С, Б.Б нар өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байдаг. Тиймээс бусад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцож байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У, Г.Л нараас 387,017,809.93 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,383,877 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Н.Уд холбогдох кредит картын төлбөр 7,356,850.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У, Г.Л нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Уын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, *****************, баянголын ам /18223/, 4 дүгээр хэсэг гудамж, 39 тоот хаягт байрлах, 328 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, улсын эрхийн бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.Дын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, **************, стадион оргил /17012/, зайсангийн гудамж 58 байр, 14 тоот хаягт байрлах, 92,8 м.кв талбай бүхий улсын эрхийн бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц, хариуцагч Б.Б, Н.С нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *****************, Найрамдлын зам /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 168 м.кв талбай бүхий улсын эрхийн бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.Уын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, *************, зуслан /Баянголын аманд/ зориулалттай 700 м.кв газар, хариуцагч Б.Бийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ***************** /Баянголын ам/, зуслан зориулалттай, 700 м.кв газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,331,657.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У, Г.Л нараас улсын тэмдэгтийн хураамж 2,093,039 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.2-т Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэж, мөн тайлбарын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Т ХК болон зээлдэгч Н.У нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭХЗГ-******************* тоот зээлийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БГ-******************* тоот барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлээгүй. Иймээс дээрх хуулийн үндэслэлүүдийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлэх, зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь зээлдэгчид байгаа бөгөөд түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.2. Шүүхийн шийдвэрт ...хэдийгээр хариуцагч нар зээлийн төлбөрийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй нь цар тахлын нөхцөл байдлаас шууд шалтгаалсан гэж үзэх боломжгүй ч нэхэмжлэгч банкны хувьд энэ нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч зээлдэгчийн төлбөрийн чадвар бизнесийн үйл ажиллагаа, зээл ашиглалтын байдлыг шалгах зээлийн эргэн төлөлт хэвийн байдлаар үргэлжлэх боломжтой эсэх асуудлыг тодорхой болгох, гэрээний үүргийн зөрчлийг арилгахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байжээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 158,383,877 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэргийн баримтад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг нотолсон баримт байхгүй. Иргэн, аж ахуй нэгж нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл байгаа эсэхийн гэрчилгээг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлт өгч гаргуулан авах боломжтой байсан боловч хариуцагч нь мөн дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хожим дээрх баримтыг нэмж бүрдүүлсэн нь үндэслэлгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхээр зохицуулж байсан. Гэсэн хэдий ч зээлдэгч нар дээрх тогтоолд зааснаар банкинд зээлийн төлбөрийг хойшлуулах тухай хүсэлтийг өгч байгаагүй бөгөөд шүүхийн үндэслэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрлөлтийг шүүхийн шийдвэр оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан хууль зүйн үндэслэлүүд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд хүү тооцох хуулийн зохицуулалт учир анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн, шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан, үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл байхад хэрэгжүүлээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-т зээлийн гэрээнд зайлшгүй тусгах нөхцөлүүдийг хуульчилсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2.3, 6.2.8-д заасан нөхцөл байдал хариуцагчид үүссэн бөгөөд банкнаас шаардлагатай хяналтыг хэрэгжүүлж, зээлийн төлөлт, ашиглалтад үнэлэлт, дүгнэлтийг хийж гэрээний 6.2-т заасны дагуу банк хугацаа харгалзахгүй зээлийн гэрээг цуцлах боломжтой байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт эрх бүхий этгээдээс зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлыг зохицуулахдаа зээлийн гэрээг цуцлах хугацаа журмыг тусгайлан заагаагүй. Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болох нөхцөл, журмыг зохицуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хувийн хэргийг бүхэлд шалгахад банкны зүгээс зээлийн эргэн төлөлттэй холбоотой хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй. Зээлдэгчээс 2020 оны 05 дугаар сард хамгийн сүүлийн төлөлтийг хийсэн байхад 2022 оны 03 дугаар сард банкнаас мэдэгдэл хүргүүлэхдээ зөвхөн хариуцагч Н.Уд мэдэгдсэн бөгөөд бусад хариуцагчид мөн урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар гэрээний хугацаанд хүү тооцож авах эрхтэй боловч тодорхой хязгаар нөхцөлтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.У, Ц.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн тайлбарын агуулга:
Хариуцагч нар автомашин борлуулалтын бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар тухайн зээлийг авсан. Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсад 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хил хаагдсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийг гэрчилгээ, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг, Гадаадын иргэн харьяатын газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгүүдээр хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдсон, хүнд нөхцөлд байсан нь нотлогддог. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд Ковид-19 цар тахал үүссэнтэй холбоотой банкнаас зөрчил үүссэн, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа эсэхийг ердийн үеэс илүү хянах шаардлагатай байсан бөгөөд банк уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагч нар өндөр хүү төлөх эрсдэл үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.С, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын тайлбарын агуулга:
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хариуцагч Н.С, Б.Б нар эгчийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжиж амины орон сууцаа барьцаанд тавьсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Н.У, Г.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 332,318,991 төгрөг, зээлийн хүү 120,896,769 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,950,981 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, хариуцагч Н.Уд холбогдуулан кредит картын зориулалтаар олгосон зээл 7,356,850 төгрөг, нийт 466,545,593 төгрөг гаргуулах, хариуцагч Н.У, Б.Б, Н.С, Ц.Д нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 332,318,991 төгрөг, зээлийн хүү 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,443,426 төгрөг, нийт 545,401,687 төгрөг гаргуулахыг хүссэн. /1-р хх1-5, 148, 3-р хх176/
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндсэн зээлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Т ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Уд холбогдуулан кредит картын зээлийн үлдэгдэл 7,356,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч техникийн шинжтэй алдаа гаргаж 385,016 төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дүнг ороогүй байгааг 7,741,866 төгрөг болгон давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
4. Т ХК нь Н.У, Г.Л нартай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр Т ХК нь 340,000,000 төгрөгийг, сарын 1.6 хувь, жилийн 19.20 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, автомшин борлуулалтын бизнесийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар зээлдүүлэх, Н.У, Г.Л нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /1-р хх18-21/
4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т ХК нь Н.У, Б.Б, Н.С, Ц.Д нартай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч Н.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *****************, Баянголын ам /18223/, 4 дүгээр хэсэг гудамж, 39 тоот хаягт байршилтай, 328 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, **************, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 58 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92,8 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Б.Б, Н.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *****************, Найрамдлын зам /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот хаягт байршилтай, 168 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.Уын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, *************, Зуслан /Баянголын аманд/ зориулалттай, 700 м.кв талбайтай газар, хариуцагч Б.Бийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ***************** /Баянголын ам/, Зуслан зориулалттай, 700 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх22-32/
Анхан шатны шүүх Т ХК болон Н.У, Г.Л нарын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, Т ХК болон Н.У, Б.Б, Н.С, Ц.Д нарын хооронд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар зөв дүгнэсэн.
Тодруулбал, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, мөн хуулийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Гэгээнтэн бизнес төв-ийн захирал Ц.Д нь хариуцагч нартай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна зээл олгох гэрээ байгуулахад төлөөлж хүсэл зоригийг илэрхийлснийг төлөөлүүлэгч дэмжин зөвшөөрсөн, улмаар банкны эрх бүхий этгээд зээлийн гэрээний харилцааг дэмжиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Т ХК-ийг төлөөлж Гэгээнтэн бизнес төвийг төлөөлж захирал Ц.Д нь Н.У, Г.Л нартай зээлийн гэрээ байгуулсныг хуулийн этгээдийн эрхгүй тус банкны салбар гэрээ байгуулсан гэж үзэхгүйгээс гадна Т ХК нь төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж гэрээ байгуулсан, эрх ашиг хөндөгдсөн гэж маргаагүй нөхцөлд хариуцагчийн Т ХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй салбар гэрээ байгуулсан гэх татгалзал нь ач холбогдолгүй.
Иймд нэхэмжлэгч Т ХК нь Гэгээнтэн бизнес төв салбараар дамжуулж зээлийн гэрээг байгуулсан, гэрээнд салбарын захирал болон зээлийн ажилтан гарын үсэг зурж, банкны тэмдгээр баталгаажуулсан нь зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/701 тоот албан бичгээр Т ХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирал Л.Батболдод, мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/3818 тоот албан бичгээр Т ХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирал Х.Алтанзагас нарт ...шүүхэд нэхэмжлэл гаргах, хариу тайлбар гаргах, эрэн сурвалжлуулах, болон бусад хүсэлт гаргах, нотлох баримт цуглуулан өгөх, бүх шатны шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад бүх эрх, үүргийг эдлэх бүрэн эрхийг талаар итгэмжлэлийг олгосон байна. Энэ итгэмжлэлээр олгосон дээрх эрхийг салбарын шууд удирдлаган дахь ажилтанд шилжүүлэн олгож болно гэж тусгасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. /1-р хх-ийн 11, 208-209/
Дээрх итгэмжлэлийг үндэслэн Хан-Уул дүүргийн салбарын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23-23/280 тоот албан бичгээр Төрийн банкны Гэгээнтэн зээлийн төв-ийн захирал С.Э, харилцааны менежер Б.О нарт, Хан-Уул дүүргийн салбарын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23-23/794 тоот албан бичгээр Төрийн банкны Гэгээнтэн зээлийн төв-ийн харилцааны менежер Н.Ут тус тус итгэмжлэл олгож, Б.О нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд банкны төлөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагч нарын ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, зээлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан, нэмэгдүүлсэн шаардлагыг гаргах эрхгүй этгээд гаргасан гэх татгалзал үндэслэлгүй.
4.2. Зээлдүүлэгч Т ХК нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Н.Уын эзэмшлийн Төрийн банк дахь ******************* тоот данс руу 340,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь зээлийн мемориалын баримт, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй. /1-р хх17, 41-43/
4.3. Хариуцагч нараас зээлийн төлбөрт 7,681,008.07 төгрөг, зээлийн хүү 36,377,570.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 873,207.28 төгрөг, нийт 44,931,786.29 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон зээл, хүүний тооцооны хүснэгт, дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хх67-68/
5. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1. Хэргийн 44 дүгээр талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн хүүг тус тус төлөөгүйгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн буруутай байна.
5.2. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул Т ХК-аас хариуцагч Н.Уд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 22/01 тоот, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22/02 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 22/03 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23/01 тоот мэдэгдлийг хүргүүлж, хариуцагч Н.С, Ц.Д нарт 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 23/02, 23/03 тоот мэдэгдлийг утсаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. /1-р хх35-40/
Дээрх мэдэгдэлд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул зээлийг төлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан агуулгатай байна. Харин дээрх мэдэгдлүүдэд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах агуулга илэрхийлэгдээгүй учраас анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.3. Түүнчлэн, хариуцагч нарын зээл төлсөн төлбөр тооцооны талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй байдлаар дүгнэснийг харьцуулж үзвэл зээлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цуцлагдсан гэж дүгнэсэн боловч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч нараас тодорхой хэмжээний төлбөр төлсөн байх тул зээлийн гэрээ хэрэгжиж байсан гэж үзнэ.
5.4. Нөгөөтэйгүүр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.
Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.
5.5. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалсан ч зээлдэгч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж заасан. Иймээс нэхэмжлэгч Т ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Н.У, Г.Л нараас шаардах эрхтэй.
5.6. Харин хариуцагч талын ...цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, үүрэг зөрчигдсөн талаар бусад хариуцагч нарт мэдэгдээгүй, зээлийг хойшлуулаагүй нь банкны ажилтны буруутай үйл ажиллагаа байсан... гэх үндэслэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй байхаас гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.7. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч Н.У, Г.Л нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 332,318,991 төгрөг, зээлийн хүү 193,617,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,443,426 төгрөг, нийт 545,401,687 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
5.8. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
6. Анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Н.У, Г.Л нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Н.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *****************, Баянголын ам /18223/, 4 дүгээр хэсэг гудамж, 39 тоот хаягт байршилтай, 328 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, **************, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 58 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92,8 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Б.Б, Н.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************** дугаартай бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *****************, Найрамдлын зам /18223/ 4 дүгээр хэсгийн 47 тоот хаягт байршилтай, 168 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.Уын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, *************, Зуслан /Баянголын аманд/ зориулалттай, 700 м.кв талбайтай газар, хариуцагч Б.Бийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ***************** /Баянголын ам/, Зуслан зориулалттай, 700 м.кв газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах тусгайлсан зохицуулалтыг баримталсан тохиолдолд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан хэсгийг давхар баримтлах шаардлагагүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг хуулийн заалтыг хассан өөрлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулна.
7. Мөн анхан шатны шүүх хариуцагч Н.У, Г.Л нараас нотариатын хөлс 22,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн заалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04209 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.У, Г.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 545,401,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7356,850.57 гэснийг ...7,741,866 гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...159 дүгээр зүйлийн 159.1 гэснийг хасч,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...2,093,039 гэснийг ...2,884,958 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 924,869 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ