Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч М.Ч  нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн М.Ч-т холбогдох эрүүгийн 1922000060057 тоот хэргийг 2019 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч  хэлэлцэв. 

 

           

Шүүгдэгч М.Ч  нь 2018 оны 12 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” зоогийн газрын гадаа Б.Б-тэй маргалдан  түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

Шүүгдэгч М.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бүрд зоогийн газар арга хэмжээнд ороод тарахаар нь гараад машиныхаа хаалгыг онгойлгох гээд зогсож байхад Б ааваас тамхи нэхсэн. Тэгээд аав сонсоогүй, ээж тамхи нэхээд байна хөөе гэхэд аав ухаад зогсож байсан чинь ээж рүү нөгөө хүн нь хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгох гээд үзэж байсан чинь Э-ыг Б-ийн эхнэр нь аваад явсан. Тэгтэл Е  та нар яах гээд байна гээд эргээд наашаа явсан. Би өөдөөс нь яах гэсэн юм гээд цээжинд нь түлхсэн чинь ойчоод өгсөн. Түлхсэнээс болж гэмтэл учирсан учраас хохирлыг нь төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх эмчлүүлээд явсан зардлуудыг авсан. Тэр нь 5’374’000 болоод шүүгдэгчээс төлсөн. Анх гэмтэл дээр очоод хэвтсэн байхад бид нарыг баримт өгөөгүй байхад 500’000 төгрөгийг өгч байсан. Энийгээ төлбөр төлсөн дүндээ оруулаад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд 615’000 төгрөгийн хохирлын баримт өгсөн байгаа. Энэ хэргээс болоод өмгөөлөгч авсан зардал, эхнэр бид хоёр ажлаасаа чөлөө аваад явсан зардал нийлээд 1’700’000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашид эмчилгээ хийлгээд зардал гарна. Тархины зураг авхуулах байсан. Саяхан чихний зурагт орсон болохоор ойр ойрхон зураг авхуулаад хэрэггүй гэсэн шаардлага эмч нар тавьсан болохоор 2-3 сарын дараа авхуулна. Нарийвчилсан зураг авхуулж чадаагүй байгаа. Чихний хэнгэрэг хагарсан сонсгол муу байгаа. 1 сарын өмнө үзүүлэхэд сарын дараа ир, ясны хугарал их байна гэсэн. Дахиад чихээ үзүүлнэ. Хагалгаа хийх эсэх нь тодорхойгүй байгаа. Ер нь гомдолтой байна. Мэдрэлтэй холбоотой цаашид учрах хохирол их байгаа. 40 гараад ирэхээр татаж унаад байвал амь настай холбоотой зүйл болно. Гомдолтой байна гэв.

Гэрч Ц.Т-ын: “...Би Луус сумын нутагт жоншны үйл ажиллагаа явуулдаг “Наран цагаан  тээг” нөхөрлөлд хамт ажилладаг хүмүүстэйгээ “Бүрд” зоогийн газарт шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Манай арга хэмжээ 20:00-23:30 цагийн хооронд болсон. Тэгээд би арга хэмжээнийхээ үеэр Э  гэдэг дуулдаг найзыгаа авч ирсэн байсан юм. Би Э-т хандаж арга хэмжээ тараад уулзъя гэж хэлээд  явуулсан. Тэгээд манай арга хэмжээ дуусаад байж байтал манай найз Б.Э  мөн найз болох Б-ийг дагуулаад ирсэн. Тэгээд манай арга хэмжээнд оролцсон хүмүүс “Бүрд зоогийн газраас гараад би дотор нь сууж байтал зөөгч нараас байсан болов уу нэг үл таних хүн гаднаас орж ирээд надад хандаж танай найз чинь уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би “Бүрд зоогийн газраас гараад очиход манай найз Б “Бүрд” зоогийн газрын үүдний баруун урд хэсэгт засмал зам дээр толгой нь ертөнцийн зүгээр урагш хараад Е-ийн  эхнэр Б  толгойг нь түшээд сууж байсан. Тэгээд би эхнэртэй нь өөрийнх нь машинд суулгаад эмнэлэг дээр авч ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед Б-ийн  хамраас нь цус гарсан байсан. Дараа нь эмнэлэг дээр ирэхэд баруун чихнээс нь бас цус гарч байсан. Өөр ил харагдах ямар нэгэн  гэмтэл анзаарагдаагүй байсан....” гэх мэдүүлэг  /хх-ийн 8-9/

Гэрч Б.Э-ын: “... 2018 оны 12 сарын 29-ний өдөр  би аймгийн ЦТСС-ын шинэ жилийн арга хэмжээнд урилгаар оролцсон. Энэ арга хэмжээ “Нитро” бааранд 17:00-00 цаг хүртэл үргэлжилсэн. Өдөр нь “Бүрд” зоогийн газарт Луус сумын нутаг дэвсгэрт жоншны үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлд манай найз Т  хамт ажилладаг хүмүүстэйгээ шинэ жилийн баярын арга хэмжээ зохионо, хүрээд ирээрэй гэж  байсан  болохоор би ЦТСС-ын арга хэмжээг тараад тэнд ажилладаг өөрийн найз Б-ийг эхнэртэй  нь аваад “Бүрд” зоогийн газарт хүрч очсон. Биднийг очиход “Бүрд” зоогийн газарт болж байгаа арга хэмжээ мөн тарж байсан. Тэгсэн тэнд манай найз Т  сууж байхаар нь нэг нэг  хундага архи тулгаж татчихаад сууж байтал Б.Б гар утсаа “ Нитро”-д мартсан байна, хамт явчихаад ирье гэхээр нь Б -ийн эхнэр Б  бид 3 хамтдаа “Бүрд” зоогийн газраас гарсан. Тэгээд би түрүүлж гараад гадаа байсан настайвтар хүнээс тамхи байна уу гэж сурсан. Гэтэл хажуунаас согтуу эмэгтэй ирж намайг загнахад Б намайг тэр хүнээс холдуулаад аваад явсан. Тэгээд Б-гтэй юм яриад 3-4 орчим минутын дараа эргээд очиход манай найз Б засмал зам, зогсоол 2-ын зааг хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр урагш харсан, биеэрээ халз дээшээ харсан хэвтэж байсан. Б.Б-ийг газар унасан байхад нь хажууд нь хэн нэгэн хүн байгаагүй.  Тэр орчинд байсан гадны танихгүй хүмүүс нь явцгаасан байсан. Б.Б бид нар тухайн үед бага зэрэг халамцсан байсан. Тэр орчинд орилоон хашхираан зодоон болох чимээ сонсогдоогүй. Б.Б-ийн чихнээс цус гарсан, уруул нь хавдаж цус гарсан, өөрөө ухаангүй байсан. Тухайн үед Б.Б-ийг ямар шалтгааны улмаас хэн зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Б.Б , Б бид нар “Бүрд” зоогийн газарт хүрч очиход Б-ийн эрүүл мэндэд ямар нэгэн  хохирол учраагүй байсан ....” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19/

Гэрч А.Б-ийн: “...Энэ өдөр би байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд нөхөр Б.Б-ийн хамт оролцсон.  Энэ арга хэмжээ нь “Нитро” бааранд 17:00 -00:00 цаг хүртэл үргэлжилсэн ба арга хэмжээнд манай найз Б.Э  урилгаар оролцож байсан....  Биднийг очиход “Бүрд” зоогийн газарт болж байсан арга хэмжээ нь тарж байсан.  Бид нар машинаа гадна зогсоолынх нь урд хэсэгт байрлуулаад жолооч нь машин дотор ганцаараа үлдээд бид нар дотогшоо орсон. Тэгээд тэнд манай найз Ц.Т  сууж байхаар нь уулзаад нэг нэг  хундага архи тулгаад сууж байтал манай нөхөр Б.Б гар утсаа бааранд мартсан байна  гээд Б.Э-тай хамт явчихаад ирье гэхээр нь би хамт явах гээд араас нь гарсан. Намайг “Бүрд” зоогийн газрын барилгын хаалга нээхэд Б.Б, Б.Э  нар 4,5 орчим метр зайд байх хашаанынх нь хаалгаар гарч байсан. Тэгээд Б.Б , Б.Э-т хандаж машин чинь яасан юм бэ? гээд ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байсан. Б.Э  нь “Бүрдийн гадна байсан хүнээс тамхи байна уу гэж сурсан, хажууд нь байсан 2 эмэгтэй хүн настай хүнээс тамхи гуйлаа гээд маргалдаж байхад нь би Б.Э-ыг тэр хүмүүсээс холдуулаад “Бүрд” зоогийн газрын урд талд байх контейнерийн урд буланд авч очих гээд явж байхад араас хэн юм бүү мэд миний толгойд цохичихоод цааш  яваад өгсөн. Тэр цохиулсны улмаас миний эрүүл мэндэд хохирол учраагүй. Би согтуу хүмүүстэй маргалдаж болохгүй гэж Б.Э-т хэлээд эргэтэл энэ хүн  чинь үхчихлээ гэж хэн нэгэн эрэгтэй хүн хашхирсан.  Тэгээд би буцаад Б.Б дээр очих гээд явж байхад засмал зам дээр хүн хэвтэж байхаар нь хажууд нь очоод утасныхаа гэрлийг тусгаж харахад манай нөхөр Б.Б “Бүрд” зоогийн газраас баруун талд хойш  урагш чиглэлтэй явдаг  засмал замын хойш чиглэлтэй явдаг замын зорчих хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан биеэрээ халз дээшээ харсан хэвтэж байсан. Б-ийг газар унасан байхад нь хажууд нь ахимаг насны гэмээр үл таних нэг ах энэ хүн чинь үхчихлээ шүү дээ гээд сууж байсан. Хажуугаас нь хамт байсан бололтой 2 эмэгтэй энэ хүн чинь үхчихлээ шүү дээ гэж байсан хүнд хандаж наадах чинь үхнэ гэж юу байсан юм. Тасраад унтаж байгаа биз өмдөндөө шээчихсэн байгаа биздээ гэж хэлж байсан. Б.Б бид нар тухайн үед бага зэрэг халамцуу  байсан. Б.Б-ийн баруун чих,  хамар амнаас нь цус гарсан, уруул нь хавдаж цус гарсан,  өөрөө ухаангүй, унтаж байгаа юм шиг хурхирсан байдалтай байж байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн орон дээр хэвтүүлэхэд зүүн нүд нь ягаараад хөхөрч байсан. Тухайн үед Б.Б-ийг ямар шалтгааны улмаас хэн зодсон гэдгийг мэдэхгүй байна. Анх Б.Б , Б.Э , бид нар “Бүрд” зоогийн газарт хүрч очиход Б.Б-ийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 20-21/

 

Гэрч Н.Б-ийн: “...Бүрд зоогийн газрын ажилтан эмэгтэй гаднаас орж ирээд гадаа хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд дотроо манайханд зодолдоод байх хүн байхгүй дээ гэж бодоод сууж байсан. Дараа нь гарахад Б.Б-ийг машинд өргөөд оруулж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/

 

Гэрч Б.Б-ны: “... У  танаас нэг юм асууя гэсэн. Тэгэхээр нь яасан гэхэд Г.У надад хандаж Б.Б танай ямар хамаатан билээ гэж асуусан...У   надад хандаж өчигдөр орой шинэ жилийн арга хэмжээний дараа Ч , Б-тэй маргалдаж байгаад түлхсэн чинь Б.Б-тэй холбоотой асуудалтай болчихлоо гэсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.01.02-ны өдрийн №190200028 тоот дүгнэлтэд: “...Б. Б-ийн биед баруун талын зулай, яснаас доош баруун чамархай яс, хөхлөг сэртэн, гаднах чихний суваг болон баруун талын суурийн гадна-ар хануудыг хамарсан үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2018.12.29- ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Баруун талын зулай, яснаас доош баруун чамархай яс, хөхлөг сэртэн, гаднах чихний суваг болон баруун талын суурийн гадна-ар хануудыг хамарсан үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал нь гэмтлийн хүнд зэрэг. Тархи доргилт, нүдний эвэрлэгийн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэг. Чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт, чамархайд зулгарсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

 

Хохирлын баримтууд, тооцоо, жагсаалт /хх-ийн 48-76/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч М.Ч  нь 2018 оны 12 сарын 29-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” зоогийн газрын гадаа Б.Б-тэй маргалдан түлхсэн, үүний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ч-ын хохирогч Б.Б-ийг түлхэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Ч  нь хохирогчид 5.374.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан  хохирол гэж  нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Ч  нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 3 сарын 07-ны  өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар  хорих  ялаар  шийтгүүлсэн ба түүнд оногдуулсан  хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь хэргийн 101-104-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

М.Ч-т холбогдох эрүүгийн 1922000060057 тоот хэргийн мөрдөн  байцаалтыг ердийн журмаар  явуулсан ба прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан  журмаар  шийдвэрлэх тогтоол гаргаж  хэргийг  шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс  хохирол бүрэн төлөгдөөгүй учраас хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн  хүсэлтийг, улсын яллагч болон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас баримтаар нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн, 5.374.000 төгрөг төлсөн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Хохирогч нь шүүгдэгчээс  нийт 7.074.526 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгч 5.374.000 төгрөгийг төлсөн, одоо 1.700.526 төгрөгийг нэхэмжилнэ гэх бөгөөд хохирогч нь нийт 4.338.755 төгрөгийн баримтыг хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

Үүнээс хэргийн 71-рт авагдсан  2.165000 төгрөгийн зардал, болон олох ёстой орлого гэх нэхэмжлэлээс 2.025.000 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар нотлогдоогүй, энэ талаархи баримт хэрэгт  авагдаагүй байна.

Мөн хохирогч нь өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ. Хохирогч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд мөн хуулийн  5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд хамаарахгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч талаас гаргаж өгсөн дээрхи хохирлын баримтуудыг судалж үзээд хохирогч Б.Б-ийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 900.526 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй  орхихоор шийдвэрлэв. 

Мөн хохирогч Б.Б нь намайг баримт гаргаж өгөөгүй байхад шүүгдэгчээс  өгсөн 500.000 төгрөгийг төлсөн хохиролд оруулан тооцохгүй гэж байгаа боловч бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нэхэмжлээгүй байхад сайн дураараа төлсөн хохирлыг нийт  төлсөн хохиролд оруулан тооцохгүй байх үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлоос илүү буюу 5.374.000 төгрөг хохиролд төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул хохирол нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд цаашид эмчилгээ, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн гэх тул хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ч-аас нэхэмжлэх эрхтэй болно. 

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Ч-д  10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нь мал маллахын зэрэгцээ “Наран цагаан тээг” нөхөрлөлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байх тул түүний орлого олох  боломжийг нь харгалзан оногдуулсан торгох  ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Эмт овгийн М-ын Ч-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-т 10.000 /арван мянган/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-т оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай. 
  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 5.374.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 800.000 /найман зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 900.526 /есөн зуун мянга таван зуун хорин зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг  хэлэлцэхгүй орхисугай. 
  7. Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гаргах  эмчилгээний зардлын талаарх  баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ч-аас нэхэмжлэх эрхтэйг  заасугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь амйгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ